Банкны тухай
Монгол улсын Төв банк болох Монголбанкны бүрэн эрх, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс болон төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Улсын их хурлаас Төв банкны хуулиар баталж өгсөн байдаг.
Монголбанк нь Монгол улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий багууллага бөгөөд үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах ба энэ зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэхэд оршино.
Монголбанк нь өөрийн энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд дараах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлнэ. Үүнд:
-Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах
-Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах замаар мөнгөний бодлого боловсруулж, хэрэгжүүлэх
-Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх
-Банкны үйл ажиллагаанд хяналт тавих
-Банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах
-Гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж, зохицуулах
Монголбанк нь жил бүр Төрөөс мөнгөний бодлогын талаар дараа онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барьж батлуулж, хэрэгжилт үйл ажиллагааныхаа үр дүнг эргэн тайлагнадаг. УИХ-аас баталсан төрөөс 2007 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн дагуу Төв банк өөрийн үйл ажиллагааг илүү тод болгох , олон нийттэй харилцах стратеги, Монголбанк, Засгийн газар хоорондын харилцааг нийтэд ил тод мэдээлдэг байх эрх үүргийг тодорхой болгох, банк хоорондын захын богино хугацаатай илүүдэл нөөцийг татах шинэ хэрэгслийг нэвтрүүлэх, банкуудын заавал байлгах нөөцийн хувийг уян хатан тогтоох, ТБҮЦ-ийг гаргах хэмжээ, хугацаа хүүг мөнгөний болон банк хоорондын захын нөхцөл байдалтай зохицуулан өөрчлөх, банкуудаас шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, хөрөнгийн зах зээлд оновчтой байдлаар оролцох эрх зүйн орчныг сайжруулах, эрсдэлийн удирдлагад чиглэсэн хяналт шалгалтын шинэ үзэл баримтлалд шилжих, хадгаламжийн даатгалын тогтолцоог бий болгох, банкны ажилтны ёс зүйн хэм хэмжээг сайжруулах зэрэгт анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөөд байна.
Монголбанк “Fitch”, “Мoody’s”, “Standart & Poors” зэрэг зээлжих зэрэглэл тогтоогч компаниудаар Монгол улсын зээлжих зэрэглэлийг тогтоолгох ажлыг хариуцан ажилладаг. Хамгийн сүүлийн байдлаар Монгол улсын зээлжих зэрэглэлийг Standart & Poors компани 2006 оны 12 дугаар сард “Б+ эерэг” болгон ахиулан тогтоолоо.
Төв банк нь одоогоор удирдлага, 6 газар, 11 хэлтэс, 11 алба, 1 тусгай тасаг, 1 төлбөр тооцооны төв, орон нутаг дахь 17 салбар, Лондон дахь төлөөлөгчийн газар гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.