Өмнө ашиглагдаж байсан мөнгөн тэмдэгтүүд

| 1925 оны мөнгөн тэмдэгт |
| Энэ оны мөнгөн тэмдэгт 1924 онд батлагдсан манай улсын анхны үндсэн хуулийн дагуу "соёмбо" сүлдтэй монгол үсгээр бичигдэн хэвлэгдсэн байна.
Эдгээр оны мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. Энэ оны мөнгөн тэмдэгтийг 1966 онд гүйлгээнээс албан ёсоор хассан боловч үнэн хэрэгтээ 1940-өөд оноос гүйлгээнээс бараг хасагдсан байна. |

| 1939 оны мөнгөн тэмдэгт |
| Энэ оны мөнгөн тэмдэгт нь "соёмбо" сүлдтэй мөн нүүрэн талдаа 1921 оны Ардын хувьсгалын удирдагч, жанжин Дамдины Сүхбаатарын хөрөг зурагтай хэвлэгдсэн байна.
Эдгээр мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. Энэ оны мөнгөн тэмдэгтийг 1966 онд албан ёсоор гүйлгээнээс хассан боловч үнэн хэрэгтээ 1955 оноос гүйлгээнээс гарчээ. |

| 1955 оны мөнгөн тэмдэгт |
| Энэ оны мөнгөн тэмдэгтийг зураач Ши-бу, Д.Амгалан нарын зургаар 1940 онд батлагдсан сүлд, Д.Сүхбаатарын хөрөгтэй гаргасан байна. Улсын албан ёсны бичиг өөрчлөгдсөнтэй холбогдон мөнгөн тэмдэгт дээрхи бүх үг үсгийг кирилл үсгээр бичжээ.
Эдгээр мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ. Энэ оны мөнгөн тэмдэгтийг 1966 онд гүйлгээнээс хасчээ. |

| 1966, 1981, 1983 онуудын мөнгөн тэмдэгт |
| 1966 онд 1, 3, 5, 10, 25, 50, 100 төгрөг, 1981 онд 3, 5, 10, 50, 100 төгрөг, 1983 онд 1, 3 төгрөгийн дэвсгэртүүд тус тус гарсан байна. Эдгээр оны мөнгөн тэмдэгтүүдийг зураач Ц.Минжүүр, Д,Цэрэнпил нарын зургаар 1966 онд батлагдсан шинэ сүлдтэйгээр хийжээ. Эдгээр мөнгөн тэмдэгтийг ЗХУ-д үйлдвэрлэжээ.
1981 онд 20 төгрөгийн мөнгөн тэмдэгтийг анх удаа зураач Р.Алтанхуягийн зургаар ЗХУ-д үйлдвэрлэн гаргасан байна. 20 төгрөгийн дэвсгэрт гарсантай холбогдон 1966 онд үйлдвэрлэгдсэн 25 төгрөг нь албан ёсоор гүйлгээнээс хасагдаагүй боловч 1981 оноос гүйлгээнээс татагдаж эхэлсэн байна. |