Санхүүгийн мэдээллийн
албаны тухай

    Санхүүгийн мэдээллийн алба нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу Монголбанкны бүтцэд 2006 оны 11 сард байгуулагдсан тусгай нэгж юм.

    Санхүүгийн мэдээллийн алба нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу мэдээлэх үүрэг бүхий банк, санхүүгийн бусад байгууллагуудаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх сэжиг бүхий этгээд, гүйлгээний тухай мэдээллийг хүлээн авч, түүнд дүн шинжилгээ хийн сэжигтэй гэх үндэслэл бүхий гүйлгээ, этгээдийг эрх бүхий төрийн байгууллагад мэдээлэх үндсэн чиг үүрэгтэй. Мөн тус алба нь сэжигтэй гүйлгээг илрүүлэх аргачлал боловсруулж холбогдох мэдээлэх үүрэгтэй этгээдэд мэдэгдэж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн дунд мэдээлэл, сурталчилгаа явуулдаг.

    Монгол Улс нь Нэгдсэн Үндэсний Байгууллагаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой “Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай конвенц”, “Мансууруулах бодисын тухай конвенц”, “Авилгалын эсрэг конвенци”, “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенци”-ийг тус тус соёрхон баталсан. Ингэснээр, Монгол Улс дэлхийн улс орнууд болон олон улсын байгууллагуудын өмнө мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дээрх нэгдэн орсон конвенцуудын дагуу өөрийн оронд зохион байгуулах үүргийг хүлээсэн.

    Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт, бодлогыг “Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага” (The Financial Action Task Force буюу ФАТФ) боловсруулан гаргаж гишүүн орнууд болон дэлхийн бусад улс орнуудаас мөрдөхийг шаарддаг. ФАТФ нь 1990 онд байгуулагдсанаас хойш мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбогдуулж хэд хэдэн зөвлөмж гар бөгөөд 2003 онд ФАТФ-ын 40+9 зөвлөмжийг гаргасан. ФАТФ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол, конвенцид үндэслэн дээрх зөвлөмжүүдийг гаргасан. ФАТФ нь өөрийн гишүүн улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тэмцлийг үнэлэх, шинэ арга барил, туршлагаас нь хуваалцах Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк зэрэг бусад олон улсын байгууллагууд хамтран олон улсын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх тал дээр ажилладаг.

    ФАТФ-ын зөвлөмжийг Ази, номхон далайн бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг энэ бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэх чиг үүрэг бүхий Ази номхон далайн мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх (The Asia/Pacific Group on Money Laundering буюу APG)-д Монгол улс 2004 онд гишүүнээр элсэн орж үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож байна. Монгол Улс APG-гийн гишүүн орон болсноор ФАТФ-ын 40+9 зөвлөмжийг хэрэгжүүлэх үүргийг хүлээж байгаа юм. ФАТФ, APG , 40+9 зөвлөмж болон холбогдох бусад байгууллагуудын талаар дараах холбоосуудаар орж үзнэ үү. Үүнд:
ФАТФ-ын зөвлөмжийн орчуулга


ФАТФ-ын Дөчин зөвлөмж

ФАТФ-ын Тусгай 9 зөвлөмж

Хаяг:

    СМА
    Монголбанк
    Бага тойруу-9
    Улаанбаатар-46

    Tel: (976)-11-327510, 328298
    Fax: (976)-11-311471,  328298
    E-mail: fiu@mongolbank.mn

МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

Олон улсын валютын сангийн 1996 онд хийсэн судалгаанаас үзвэл дэлхийн хэмжээнд нэг жилд 590 тэрбумаас 1.5 их наяд америк долларын хэмжээний бохир мөнгө угаагдаж байна. Энэ нь хамгийн багадаа Испанийн ДНБ-тэй тэнцүү хэмжээний мөнгө юм. Мөнгө угаасан бүх тохиолдлыг илрүүлээгүй учир энэ бол угаагдаж буй мөнгөний бодит хэмжээ биш, бодит байдал үүнээс ч их байж болох юм. Нэгдсэн Үндэсний Байгууллага үүнтэй холбогдуулж хэд хэдэн конвенц, тогтоолыг гаргасан. 1988 оны Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар наймаалахын эсрэг Венийн конвенц, 2000 оны Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Палермогийн конвенц нь мөнгө угаахын эсрэг цогц арга хэмжээ авахыг гишүүн орнуудад уриалсан байдаг. Харин терроризм, түүнийг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбогдуулж 1999 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагаас Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх конвенц, 1267, 1373 гэх мэт тогтоолыг гаргасан. Эдгээр тогтоол нь террорист байгууллага, этгээдийн хөрөнгийг хураах, тэдгээрийн нэр дээр хийгдэх гүйлгээг түдгэлзүүлэх гэх мэт арга хэмжээ авахыг НҮБ-ийн гишүүн орнуудад үүрэг болгосон. Манай улс эдгээр конвенц, тогтоолд нэгдэн орсон бөгөөд олон улсын өмнө мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүрэг хүлээж байгаа юм.

дэлгэрэнгүй...