Олон нийтийн боловсрол танин мэдэхүйн булан
Улсын валютын нөөц гэж юу вэ?
Улсын валютын нөөц нь төрийн эрх бүхий байгууллага болон арилжааны
банкны эзэмшилд байгаа гадаадын банк, санхүүгийн байгууллагад хадгалж
байгаа мөнгөжсөн алт, чөлөөтэй хөрвөдөг гадаад валют, гадаадын үнэт
цаасны зах дээр чөлөөтэй борлогдох үнэт цаас болон бусад олон улсын
хэмжээнд валютын нөөцөд тооцогдох үнэт зүйлээс бүрдэнэ. Монголбанк
Монгол улсын валютын гадаад нөөцийг удирдаж нэмэгдүүлэх арга хэмжээ авах
үүрэгтэй. Гадаад валютын нөөц ямар бүтэцтэй байх нь төрийн мөнгөний
бодлого, төгрөгийн ханшны тогтвортой байдал, гадаад өрийн төлбөр,
гадаадын банк, санхүүгийн байгууллагын амлаж буй хадгаламжийн хүү,
валютын захын цаашдын чиг хандлага зэрэг олон хүчин зүйлээс хамаарана.
Ханш гэж юу вэ?
Валютын ханш гэж тухайн улсын валютыг өөр нэгэн улсын валютаар
илэрхийлсэн дүнг хэлнэ. Өөрөөр хэлбэл, энэ нь тухайн улсын валютын үнэ
цэнийг харуулсан үзүүлэлт юм. Валютын ханш нь шууд болон шууд бус гэж
хоёр хуваагдана. Шууд ханшийн үед тухайн улсын валютын нэг нэгжийг өөр
улсын валютын хэдэн нэгжтэй тэнцэхийг харуулах /Жишээ нь: АНУ-ын хувьд 1
ам.доллар = 1164 төгрөг/ бөгөөд энэ хэлбэр хамгийн нийтлэг хэрэглэгддэг
хэлбэр. Харин шууд бус ханшийн үед өөр улсын валютын нэг нэгжийг тухайн
улсын валютын хэдэн нэгжтэй тэнцэхийг харуулдаг байна / АНУ-ын хувьд 1
евро = 1.3380 ам.доллар/. Энэ хэлбэрийг евро, фунт стерлинг, австрали
доллар гэх мэтийн цөөн тооны валют дээр хэрэглэдэг. Монгол улсын хувьд
шууд бус валютын ханшийг ашигладаг.
Гадаад худалдааны нөхцөл гэж юу вэ?
Гадаад худалдааны нөхцөл гэдэг нь манай улсын экспортолж буй барааны
дэлхийн зах дээрх үнийг манай улсад импортолж байгаа барааны дэлхийн зах
зээл дэхь үнэтэй харьцуулсан үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт нь тухайн улсын
валютын бодит ханшийг харуулдаг ч гэж хэлж болно. Манай улсын гадаад
худалдааны нөхцөл муудаж байна гэвэл манай импортын барааны үнэ
экспортын барааны үнээс илүү хурдацтай өссөн юмуу манай улсын валют
суларлаа гэсэн үг. Эсрэгээрээ, манай улсын гадаад худалдааны нөхцөл
сайжирсан гэдэг нь манай экспортын барааны дэлхийн зах дээрх үнийн өсөлт
импортын барааны үнийн өсөлтөөс илүү хурдан байна гэсэн ойлголт.
Инфляци гэж юу вэ?
Инфляцийн тухай ойлголт нь юун түрүүнд таны хэтэвчинд эсвэл дансанд буй
мөнгө өөрийн худалдан авах чадвараа хадгалж чадах уу? үгүй юү? гэсэн
асуудалтай холбогдоно. Энэ нь инфляцийг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн
үнийн ерөнхий түвшний өсөлт гэж тодорхойлдогтой холбоотой. Бүтээгдэхүүн,
үйлчилгээнүүдийн үнийн түвшний өсөлт нь хэрэглэгчдийн бүтээгдэхүүн,
үйлчилгээ худалдан авах сонирхол нэмэгдэх, тэдгээрийг үйлдвэрлэхэд
оролцож буй түүхий эд материалын үнийн өсөлт, хүмүүсийн гар дээрх
мөнгөний хэмжээ нэмэгдэх зэрэг хүчин зүйлүүдээр нөхцөлддөг. Инфляцийг
эдийн засгийн янз бүрийн хувьсагчуудаар хэмждэг боловч хамгийн түгээмэл
хэрэглэгддэг нь хэрэглэгчдийн өргөн хэрэглээний барааны үнийн индекс
(хэрэглээний үний индекс гэж нэрлэдэг) болон тухайн эдийн засагт
үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн индекс (дотоодын нийт
бүтээгдэхүүний дефлятор гэж нэрлэдэг) юм.
Төрийн мөнгөний бодлогын тухайн оны үндсэн чиглэл гэж ямар баримт вэ?
Мөнгөний бодлогын хэрэгжилтийн үр дүнд төв банкны бодлого, үйл
ажиллагааны нээлттэй байдал чухал нөлөөтэй байдаг. Монголбанкны
дараагийн жилд баримтлах төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, жил
бүрийн 1О дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн бариад нийтэд
мэдээлдэг нь Монголбанкны үйл ажиллагаа нийтэд ил тод байгаагийн нэг
илрэл юм. Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд дараах зүйлүүд
тусгагдсан байдаг. Үүнд:
-
Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт, санхүүгийн зах зээлийн
байдал, түүнд нөлөөлсөн хүчин зүйл, шалтгааныг тайлбарласан дүгнэлт
-
Монголбанкнаас дараагийн жилд баримтлах мөнгөний нийлүүлэлт,
дотоодын үнэ болон харьцангуй тогтвортой гадаад валютын нэгжээр
илэрхийлэгдэх төгрөгийн ханшийн үзүүлэлтийн өөрчлөлтийн хязгаар,
түүнийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл зэргийг тусгадаг.
Төлбөрийн тэнцэл гэж юу вэ?
Төлбөрийн тэнцэл гэж тодорхой хугацаанд тухайн улсаас бусад улстай
хийсэн эдийн засгийн харилцааг нэгтгэн харуулдаг статистик тайланг
хэлнэ. Өөрөөр хэлбэл төлбөрийн тэнцэл нь тодорхой хугацаанд оршин суугч
болон оршин суугч бус-ын хооронд хийгдсэн худалдаа, үйлчилгээ, орлого,
урсгал шилжүүлэг, санхүүгийн болон хөрөнгийн урсгалыг харуулдаг. Оршин
суугч уу, оршин суугч бус уу гэдэг нь иргэний хувьд Монгол улсын нутаг
дэвсгэр дээр оршин сууж байгаа хугацаанаас, аж ахуйн нэгжийн хувьд
Монгол улсад оршин байрладаг эсэхээс хамааран тодорхойлогдоно. Төлбөрийн
тэнцэл нь Урсгал тэнцэл, Хөрөнгө ба Санхүүгийн тэнцэл, Залруулга, Нийт
төлбөрийн тэнцэл болон Цэвэр нөөцийн өөрчлөлт гэсэн үндсэн хэсгүүдээс
бүрдэнэ. Монголбанкны Төлбөрийн тэнцэл, судалгааны алба Монгол Улсын
Төлбөрийн тэнцлийг улирал тутам гаргадаг.