Мэдэгдэл

 Монголбанкны Хяналт шалгалтын газар нь Банкны тухай хууль тогтоомжид заасны дагуу Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй нийт банкуудын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж, банкуудаас сар бүр ирүүлдэг тайлан мэдээнд үндэслэн банкуудын зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тооцож, санхүүгийн байдалд газар дээр нь очин дүгнэлт өгч, шаардлагатай тохиолдолд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Энэ дагуу банкуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг өдөр тутмын хэвлэл болон банкны өөрийн цахим хуудсанд байршуулахыг 2010 оны 06 дугаар сарын тайлангийн хариугаар, Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан:

 

-          банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх удирдлагын гарын үсгээр баталгаажуулсан ажлын тайлан;

-          хуулийн этгээдийн зохион байгуулалт-эрхзүйн хэлбэр, хувь нийлүүлэгчдийн бүтэц бүрэлдэхүүн;

-          санхүү, бүртгэлийн тогтолцоо, дотоод хяналт;

-          нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, түүний орлогч, ерөнхий нягтлан бодогч, банкны нэгжийн удирдлага, хяналтын зөвлөлийн гишүүдийн нэр;

-          банкийг өөрчлөн байгуулах хэлбэр, хугацаа, хэрэгжүүлэх арга, шинээр үүсэх хуулийн этгээдийн зохион байгуулалт-эрхзүйн хэлбэр, байршил, банкны эрхлэх үйл ажиллагааны төрөл, санхүүгийн үйл ажиллагааны үндсэн баримтын тухай;

-          банкны холбогдох этгээдэд олгосон зээл, гаргасан аккредитив, бусад үүрэг, ажил, үйлчилгээ;

-          банкны эрсдлийг тодорхойлоход шаардлагатай гэж Монголбанкнаас үзсэн бусад мэдээлэл

 

дээрх мэдээллүүдийг олон нийтэд ил тод байлгах үүднээс тухайн банкны цахим хуудсанд байршуулахыг банкуудад зөвлөсөн. 2010 оны 06 дугаар сард банкуудын удирдлагуудтай газар дээр нь уулзалт зохион байгуулж, энэ талаар анхааруулан 2010 оны 07 дугаар сард багтаан мэдээллээ цахим хуудсанд байршуулахыг мэдэгдэн хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна.

 

            Монголбанк нь банкуудад өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж, үүрэг даалгавар биелэгдээгүй тохиолдолд Монголбанкинд хуулиар олгогдсон эрх, үүргийн дагуу хууль тогтоомжид заасан шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлдэг болно. 

 

 

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗАР

МОНГОЛБАНК