Олон улсын санхүүгийн зах зээлийн 25 дахь долоо хоногийн тойм
Санхүүгийн зах зээлийн долоо хоногийн тойм
АНУ
Тус улсын Хөдөлмөрийн яамнаас гаргасан мэдээгээр 5 дугаар сард Хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.2 хувиар буурсан нь хоёр дахь дараалсан уналт болж байгаа бөгөөд АНУ-ын эдийн засаг үнийн өсөлт бий болголгүйгээр сэргэж байгааг харуулна. Энэ нь ажилгүйдлийн түвшин 10 гаруй хувьтай байгаа энэ үед Wal-Mart мэтийн томоохон жижиглэнгийн борлуулагчид үнээ бууруулж хэрэглэгчдийг татаж байгаатай холбоотой байна. Жилийн өмнөхтэй харьцуулахад 5 дугаар сарын инфляци 2 хувьтай байгаа нь өмнөх сараас 0.2 нэгжээр бага байна. Инфляци ийнхүү бага байгаа нь Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бага түвшинд үргэлжлүүлэн барих боломжийг нээж өгч байгаа юм. Грек улсын өрийн хямрал нь еврогийн ханшийг унагаж байгаагаас ойрын ирээдүйд АНУ-ын Европ руу гаргах экспорт буурахаас гадна, импортын үнэ ч буурч АНУ-ын инфляци нэг хэсэгтээ бага түвшинд байх төлөвтэй байна.
Тус долоо хоногт АНУ-ын хууль боловсруулагчид тус улсын санхүүгийн тогтолцооны эрх зүйн шинэчлэлттэй холбоотойгоор Холбооны нөөцийн банкны хараат бус байдлын талаар хэлэлцжээ. Үүнийг дүнд Холбооны нөөцийн банкны удирдлагын арилжааны банкуудаас хамаарах байдлыг багасгаж, зарим үйл ажиллагааг нийтэд ил тод болгох буюу нээлттэй байдлыг нэмэгдүүлэх алхам хийсэн байна. Энэ нь хямралын үеэд Холбооны нөөцийн банкнаас олгосон зээлүүдэд нэг удаагийн аудит оруулах шийдвэр дээр нэмэгдэх юм. Одоогоор Холбооны нөөцийн банкны 12 салбарын удирдлагыг 9 гишүүн бүхий захирлуудын зөвлөл томилдог. Уг 9 гишүүний 3 нь арилжааны банкуудаас томилсон арилжааны банкинд ажиллаж байсан мэргэжилтнүүд, 3 нь арилжааны банкуудаас томилсон санхүүгийн бус салбарын мэргэжилтнүүд, үлдсэн 3 нь бодлогын зөвлөлөөс томилсон санхүүгийн бус салбарын мэргэжилтнүүд байдаг байна. Шинэ хуулиар захирлуудын зөвлөлийн 6 санхүүгийн бус салбарын гишүүд л 12 салбарын удирдлагыг томилох болов. Түүнчлэн тус 12 ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд АНУ-ын Төрийн Хариуцлагын Байгууллагаас (Government Accountability Office) жил тутам аудит оруулж, ашиг сонирхлын зөрчил буй эсэхийг шалгах юм. Мөн Холбооны нөөцийн банкны хямдралтай зээл болон бусад хөрөнгийн арилжаанд оролцсон компанийн нэрсийг тодорхой хугацааны дараагаар нийтэд зарлах заалттай болов. Хууль боловсруулагчид Холбооны нөөцийн банкны хянан шалгах үйл ажиллагаа сул байсан нь санхүүгийн хямралд хүргэсэн томоохон шалтгаан болсон гэж үзэж буйгаас ийнхүү тус банкны үйл ажиллагааг илүү нээлттэй болгожээ.
Европын Холбоо
Европын банкны системд учраад буй эрсдлийг үнэлэн нийтэд нээлттэй болгосноор хөрөнгө оруулагчдын санхүүгийн салбарт болон еврод итгэх итгэлийг нэмэгдүүлнэ, Грекийн санхүүгийн хямрал бусад улсад халдахаас сэргийлнэ хэмээн Европын холбооны удирдагчид шийдвэрлэн энэ оны 7 дугаар сарын 2 дугаар хагасаас томоохон 25 банкуудад хийсэн стресс тестийн дүнг нийтэд зарлахаар боллоо. Хэдий банк тус бүр стресс тестийн дүнг зарлах эсэхээ тухайлан шийдэх боловч хөрөнгө оруулагчдын хүлээлтээс үүдэн нээлттэй байх дарамт тун өндөр байх юм. Өнгөрсөн долоо хоног хүртэл Европын томоохон банкууд үүнийг эсэргүүцэж, засгийн газар хэцүүдсэн банкуудыг дэмжихээ амлахгүйгээр ийм алхам хийх нь банкны системд маш аюултай хэмээж байв. Өнгөрсөн жил АНУ өөрийн 19 томоохон банкуудад хийсэн стресс тестийн үнэлгээг нийтэд зарласнаар оны сүүлийн хагаст Стандарт энд Пүүрс Санхүүгийн индекс 36 хувиар өссөн билээ.
Аливаа банк төлбөрийн чадваргүй болоход түүнийг дампуурахаас сэргийлж зээл олгох, худалдан авах зэрэг үйл ажиллагааг ирээдүйд төр татвар төлөгчдийн мөнгөөр бус банкууд өөрсдийн хөрөнгөөр хийх боломжтой болгох банкны татварыг бий болгох талаар Европын Холбооны удирдагчид тайлант долоо хоногт хийсэн уулзалтын үеэр санал нэгдлээ. Түүнчлэн гишүүн улсуудын төсвийн хяналт болон засгийн газрын өртэй холбоотой дүрэм журмыг чангатгах шийдвэр гаргажээ.
Ажилгүйдлийн түвшин нь 20 орчим хувьд хүрээд байгаа Испани улсын засгийн газар өнгөрсөн долоо хоногт хөдөлмөрийн хуулинд өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа. Уг шийдвэр хууль болж батлагдвал эдийн засаг муу байгаа үед ажлаас халагдсаны тэтгэмжийг тал хувь хүртэл багасгаснаар компаниуд шинээр ажилчин авах, халах болон хөдөлмөрийн аливаа гэрээ байгуулахад илүү амар болох юм.
Тайлант долоо хоногт Испани улсын засгийн газар 3 тэрбум еврогийн 10 жилийн хугацаатай бондын 4.864 хувийн хүүтэйгээр борлуулжээ. Уг бондын эрэлт нийлүүлэлтээсээ 1.89 дахин их байсан нь тус улс өрийн төлбөр гүйцэтгэх чадварт итгэх зах зээлийн итгэл өндөр байгааг харуулж байна. Дээр дурдсан шийдвэр болон ийнхүү хөрөнгө оруулагчдын итгэл өсч байгаагаас шалтгаалан еврогийн ам. доллартай харьцах ханш 2.28 хувиар өсч 1.2388-д хүрч хаагдлаа.
Их Британи
Тус улсын Үндэсний статистикийн газраас мэдэгдсэнээр 5 дугаар сард жижиглэнгийн борлуулалт өмнөх сараас 0.6 хувиар өссөн нь эдийн засагчдын хүлээлтээс 0.5 нэгжээр илүү байв. Төсвийн алдагдал ч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4 тэрбум паундаар хорогдож 16 тэрбум паундад хүрсэн байлаа. Түүнчлэн 6 томоохон банкны судалгаанаас үзвэл орон сууцны зээлийн тоо өнгөрсөн сараас 3000-аар нэмэгдэж 51000-д хүрсэн байгаа зэрэг мэдээллүүд нь эдийн засаг сайжирч буй дохиог зах зээлд өгч, Их Британийн шинээр сонгогдсон засгийн газар нь тус улсын төсвийн алдагдалтай ширүүхэн тэмцэх хүлээлтийг зах зээлд бий болгосноор ам. доллартай харьцах паундын ханш тайлант долоо хоногт 1.87 хувиар өсчээ. Их-7 улсуудаас хамгийн өндөрт тооцогдох төсвийн алдагдлаа бууруулж чадахгүй байх гэсэн болгоомжлол паундын ханш энэ жилийн эхнээс 8.5 хувиар унахад нөлөөлөөд байсан юм.
Япон
Эрх баригч нам нь (Японы Ардчилсан Нам) тус улсын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, дефляцийг арилгаж, өрийн дарамт болон төсвийн алдагдлаа бууруулах төлөвлөгөөгөө зарласнаар ам. долларын эсрэг иений ханш тайлант долоо хоногт 1.03 хувиар чангарч 90.71-ээр хаагджээ.
“Бид өөрөө өөрсдийн хүчээр санхүүгээ сайжруулах арга хэмжээ авахгүй л бол ОУВС гэх мэт олон улсын байгууллага манай санхүүгийн удирдлагыг гартаа авахад тулаад байна” хэмээн шинэ ерөнхий сайд Н.Кан мэдэгдлээ. Дээрх төлөвлөгөөний хүрээнд Каны засгийн газар сөрөг хүчний намын дэвшүүлсэн санал буюу хэрэглээний татварыг 5 хувиас 10 хувь болгож өсгөх талаар хэлэлцээ хийхэд бэлэн байна гэв. Мөн аж ахуйн нэгжийн албан татварыг 40.7 хувиас бусад орнуудын дундаж түвшин буюу 25 хувь орчим хүртэл буулгаж, байгаль орчин болон эрүүл мэндийн салбарын өсөлтийг тухайлан дэмжсэнээр уг салбарууд дахь зогсонги байдал болон дефляцийг арилгахаа мэдэгдэв.
БНХАУ
“Хятадын эдийн засаг тогтворжиж, сэргэлт нь батжиж байна. Иймээс юаний ханшийн тогтолцоог шинэчилж уян хатан байдлыг нэмэгдүүлэх нь зөв юм” хэмээн Хятадын төв банк Бямба гаригт мэдэгдлээ. Ийнхүү хэзээ хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй боловч өнгөрсөн 2 жил ноёлсон юаний тогтмол ханшийн систем эцэс болж байгаа нь тодорхой болж байна. Юаний өдөр тутмын хэлбэлзлийг 0.5 хувьд барих бөгөөд юаний ханшийг их хэмжээгээр чангаруулах үндэслэл байхгүй хэмээн уг мэдэгдэлд дурджээ. 2005 оноос 2008 оны хооронд юаний ханшийг евро, иен, ам. доллар болон бусад гол валютыг оролцуулсан багцтай харьцуулж тодорхой хязгаарын дотор уян хатан барих үеэр юаний ханш нийт 21 хувиар чангарсан юм.
Дээрх мэдээг Их 20-ийн уулзалтын өмнө зарлаж байгаа нь тус уулзалтын гол асуудлыг хөгжингүй улс орнуудын төсвийн алдагдалд шилжүүлэхээс гадна АНУ-ын хууль боловсруулагчдын төлөвлөж буй юаний тогтмол ханшийн эсрэг хариу арга хэмжээнээс сэргийлж байна. “Эдийн засгийн сэргэлт хүчтэй байгаагаас гадна инфляцийн дарамт өсч буйгаас Хятад улс хямралын үеийн ханшийг бодлогоо дуусгавар болголоо. Ирээдүйд юаний ханш евро болон бусад гол мөнгөн тэмдэгтүүдийн ханшаас шалтгаалах болно” хэмээн Хятадын төв банкны бодлогын зөвлөлийн гишүүн Ли Даокуи ярижээ. Ханш уян хатан байх нь мөнгөний бодлого хэрэгжүүлж, импортын зардлыг бууруулснаар инфляцийн дарамтыг багасгахаар ач холбогдолтой. Түүнчлэн хөрөнгийн үнийн хэт хөөрөгдөл болон экспортоос хараат байдалд орохоос сэргийлэх юм хэмээн Хятадын төв банк үзжээ.