Олон улсын санхүүгийн зах зээлийн 27 дахь долоо хоногийн тойм

Санхүүгийн зах зээлийн долоо хоногийн тойм

 

АНУ

 

Тайлант долоо хоногт шинэ орон сууцны эрэлт буурснаас болж орон сууцны зээлийн хүү буурлаа. 30 жилийн хугацаатай орон сууцны зээлийн хүү 2 долоо хоног дараалан унасан ба хүү нь энэ долоо хоногт өмнөх долоо хоногоос 0.11 хувиар буурч 4.58 хувь боллоо гэж  Freddie Mac орон сууцны зээлийн байгууллага мэдэгдэлдээ дурьджээ. Мөн 15 жилийн хугацаатай орон сууцны зээлийн хүүгийн түвшин 4.04 хувь болж буурчээ. Орон сууцны зээлийн хүү буурч буй хэдий ч орон сууц худалдан авалтад зориулж байсан татварын хөнгөлөлт 4 дүгээр сарын 30-наар дуусгавар болсон тул борлуулалт унаж байна. Орон сууцны худалдан авалт нь орон сууцны зээлийн хүүгээс илүүтэйгээр хэрэглэгчийн эрэлт ба ажил эрхлэлтээс хамааралтай гэж зарим эдийн засагчид үзэж байна. 6 дугаар сарын 29-ний байдлаар Conference Board хэрэглэгчийн итгэлийн индекс нь өнгөрсөн сард 9.8 нэгжээр буурч 52.9 хүрчээ.

 

Тав дугаар сард АНУ-ын тээвэрлэлт, барилга байгууламж ба аж үйлдвэрийн үйл ажиллагаа удааширснаас тус улсын барилгын салбарын үйлдвэрлэлийн зардал 0.2 хувиар буурч 841.9 тэрбум ам. доллар болсон нь таамаглаж байснаас бага уналт болжээ. Эдийн засагчид энэхүү бууралтыг 0.8 хувь гэж таамаглаж байв. Засгийн газрын татварын хөнгөлөлт нь барилгын компаниудын итгэлийг нэмэгдүүлснээр өнгөрсөн 4 дүгээр сар сүүлийн 1 жилийн хамгийн их барилгажилттай үе байсан юм.

 

Харин 7 дугаар сард бизнесийн хөрөнгө оруулалт болон экспорт өссөнөөр АНУ-ын үйлдвэрлэл өссөн дүнтэй гарах байх гэж эдийн засагчид үзэж байна. Үйлдвэрлэл нэмэгдсэнээр үйлдвэрүүд шинээр ажиллах хүч хөлсөлж байгаагаас үзэхэд аж үйлдвэрийн салбар нь Европын өрийн хямрал АНУ-ын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг сааруулахаар байна.

 

Өнгөрсөн 7 хоногт АНУ-д ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдагчид огцом нэмэгдэж хөдөлмөрийн зах зээлийн сэргэлт удааширсан. Тайлант долоо хоногт АНУ-ын ажилгүйчүүдийн тоо 13,000-аар нэмэгдэж 472,000 болсныг Хөдөлмөрийн яам мэдэгдлээ. Ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байгаа нь Европын санхүүгийн хямралаас үүдэн АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд нэмэлт цомхотгол хийгдэх эрсдэлийг өсгөж байна.

 

Европын Холбоо

 

Герман, Их Британи улсууд төсвийн таналт хийж эхэлсэнээр Европын эдийн засаг дахин хямралд орох эрсдэл өсч, хөрөнгө оруулагчид өөрийн багцдаа эзлэх евро болон паундын хөрөнгө оруулалтыг бэнчмарк хувиас буулгахад хүргэж байна хэмээн бондын дэлхийн хамгийн том хэмжээний санг удирддаг Pacific Investment Management компанийн олон улсын хөрөнгө оруулалтын газрын захирал С.Матер ярьжээ. Грек улсад 110 тэрбум еврогийн тусламжийн зээл олгож, санхүүгийн хүндрэлд орсон гишүүн оронд туслах 750 тэрбум еврогийн сан байгуулаад буй Европын холбооны нэн тэргүүний зорилго бол гишүүн орнууд төлбөрийн чадваргүй болохоос сэргийлэх, нэгдсэн мөнгөн тэмдэгт еврог хамгаалах болон гишүүн орнуудын төсвийн алдагдлыг ДНБ-ий 3 хувиас хэтрүүлэхгүй байх явдал юм. “Үүний тулд Европын холбооны улсууд төсвийн цомхотгол хийхээр болсон ч Герман, Их Британи улсуудыг ийнхүү яаралтай арга хэмжээ авна хэмээн хөрөнгө оруулагчид таамаглаагүй юм. Төсвийн цомхотгол таамагласнаас илүү явагдсанаар урт байтугай ойрын хугацааны эдийн засгийн өсөлтийн төлөвт итгэхэд бэрх болж байна ” гэж С.Матер тайлбарлав. “Тэрбээр цааш нь тус компани евро болон паундын хөрөнгө оруулалтдаа сүүлийн үед бариад буй underweight позицоо үргэлжлүүлэх болно. Улс төр, эдийн засгийн байдал цаашид хүндэрвэл еврогийн ирээдүй ч бүрхэг болох юм” гэв. Underweight позици нь нийт багцад эзлэх тухайн хөрөнгийн хэмжээ жишиг (бэнчмарк) үзүүлэлтээсээ бага байхыг хэлдэг.

 

Европын төв банкнаас хямралын эсрэг арга хэмжээний хүрээнд банкуудад олгосон 12 сарын хугацаатай зээлийн хугацаа дуусч буй бөгөөд банкууд нийт 442 тэрбум еврог 7 дугаар сарын 1-ний өдөр тус банкинд төлөх байлаа. Уг зээл төлөлтөд дэмжлэг болох үүднээс Европын төв банк 78 арилжааны банкинд нийт 111.2 тэрбум еврогийн 6 хоногийн хугацаатай зээлийг бодлогын хүүгээр буюу 1 хувийн хүүгээр олгохоор болов. Түүнчлэн банкууд эдийн засагчдын таамгаас бага буюу 131.9 тэрбум еврогийн 3 сарын хугацаатай зээлийг тус банкнаас хүссэн билээ. Европын өрийн хямрал нь санхүүгийн байгууллагууд бие биендээ зээл олгохоос болгоомжлоход хүргээд байгаа юм. Иймээс Европын төв банк 12 сарын хугацаатай зээлээ үргэлжлүүлэхгүй ч 3 болон 6 сарын хугацаатай репо арилжаа хийж, гишүүн орнуудын засгийн газрын бондыг худалдан авах арга хэмжээ авч байна.

 

Их Британи

 

Тус улсын шинэ засгийн газар 6 дугаар сарын 22-нд танилцуулагдсан төсвийн таналтын төлөвлөгөөний дагуу ажиллаж чадвал зээлжих зэрэглэл нь хамгийн дээд буюу Ааа зэрэглэл хэвээр үлдэх болно хэмээн Мүүдиз агентлаг мэдэгдлээ. “Сангийн сайд Ж.Осборны танилцуулсан уг төлөвлөгөө биелэгдвэл 2013-2014 оны санхүүгийн жилд тус улсын өр ДНБ-ий 90 хувиас бага гарах бөгөөд цаашид ч үргэлжлүүлэн буурах болно. Ажилгүйдлийн үзүүлэлт болон зарим түүвэр судалгааны дүнгээс үзэхэд Их Британийн эдийн засгийн сэргэлт сүүлийн үеийн ДНБ-ий үзүүлэлт харуулж байгаагаас илүү сайн байгаа” гэж тус агентлаг үзэж байна. Нэг дүгээр улиралд тус улсын ДНБ 0.3 хувиар өссөн билээ. Засгийн газар зардлаа хэмнэж татварыг өсгөснөөр ДНБ-д харьцах төсвийн алдагдлыг 11 хувиар бууруулах төлөвлөгөөтэй байгаа юм. Дээрх төлөвлөгөө нь засгийн газрын зардлыг 85 тэрбум паунд буюу ДНБ-ий 5.7 хувьтай тэнцэх дүнгээр бууруулах төлөвтэй байна. Төсвийн таналтын хүрээнд Их Британийн яамдуудыг төсөвөө ирэх дөрвөн жилд 40 хүртэлх хувиар бууруулах даалгаварыг авсан талаар Тээврийн Яамны сайд Ф.Хаммонд мэдэгдлээ.

 

Япон

 

Тайлант долоо хоногт Японы 10 жилийн хугацаатай бондын хүү сүүлийн 7 жилийн доод түвшиндээ буюу 1.055 хувьд хүрсэн ч эдийн засгийн сэргэлт батжиж байгаа тул энэ жилийн сүүлээр 1.75 хувь болж өсч магадгүй гэж Nikko Cordial Securities компаний захирал Номүра ярилаа. Тус бондын хүү нь энэ оны 2 дугаар улиралд нийт 31 суурь нэгжээр унасан юм.

 

Японы төв банкнаас гаргадаг бизнесийн итгэлийн үзүүлэлт болох Танкан индексийн 6 дугаар сарын дүнгээс үзвэл бизнесийн нөхцөл байдал сүүлийн 2 жилд байгаагүйгээр сайжирч байна. Японы засгийн газрын хүсэлтийн дагуу Японы төв банк 12 дугаар сараас 3 дугаар сарыг хүртэл нийт 20 их наяд иений зээлийг гаргахаар төлөвлөсөн бол бизнесийг дэмжих зорилгоор өнгөрсөн сард 3 их наяд иений зээлийн нэмэлт төлөвлөгөө боловсруулан танилцуулсан билээ.

 

Тайлант долоо хоногт ам. долларын эсрэг иений ханш 1.64 хувиар чангарч 87.77-д хүрч хаагдлаа. Энэ нь иений ханш сүүлийн 8 жилийн хамгийн өндөр цэгтээ хүрээд байгааг харуулна. Өнгөрсөн 3 сарын хугацаанд иенийг евротой харьцуулахад 18 хувиар, доллартой харьцуулахад 6 хувиар чангарч байгаа нь Японы эдийн засгийн сэргэлтийн гол хүчин зүйл болох экспортын орлого нь их хэмжээгээр буурах аюулыг дагуулаад байгаа юм. “Япон улсын эдийн засагт гадаад  зах зээлийн эрэлт чухал нөлөөтэй. Учир нь манай орны эдийн засаг экспортоос маш их хамааралтай тул иений ханш сул байх нь Япон улсад илүү ашигтай” гэж Японы сангийн яамны дэд сайд Motohisa Ikeda Токиод хотод өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Энэ жилийн сүүл гэхэд иен 90.18 болно гэж эдийн засагчид таамаглаж байна.

 

БНХАУ

 

Дэлхий гуравдагч том эдийн засаг болох Хятад улсын ерөнхий сайд В.Жибоа ажлын нөхцлийг сайжруулахыг шаардсан ажилчдын суулт жагсаалыг зогсоох арга хэмжээ авсны хүрээнд Хятадын 9 муж сарын цалингийн доод хэмжээгээ өсгөөд байна. Тухайлбал Бээжин хотын нийт ажил эрхлэгчдийн цалингийн доод хэмжээг 800 юаниас 960 юань (142$) болгож өсгөжээ. Түүнчлэн Хятадын хамгийн их буюу 100 сая хүн амтай Хенан муж энэ хэмжээг 33 хувиар өсгөж 600 юань болголоо гэж хотын захиргаанаас мэдээлсэн. Мөн Шанхай хот цалингийн доод хэмжээгээ 17 хувиар өсгөж 1120 юань болгосон бол Хятадын экспортын хамгийн том бүс нутаг болох Гуандуу муж нь дунджаар 21 хувиар, хамгийн ихдээ 1030 юань болгож өсгөлөө. Энэ жил Хятадын 20 муж цалингийн доод хэмжээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна гэж 4 дүгээр сард болсон Хятадын нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны хэвлэл мэдээллийн хурал дээр сайд Yin Chengji хэлжээ.

 

Энэ жил Хятадад Honda motor, Toyota зэрэг компаниуд үйлдвэрлэлээ өсгөж байгаа нь ажиллах хүчний эрэлтийг нэмэгдүүлж улмаар ажилчид ажиллах нөхцлөө сайжруулахыг шаардсан суулт хийсэн. Дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хурд буурсан нь Хятадын хувьд экспортыг болон үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтыг бууруулж, засгийн газраас зээлийг бууруулах арга хэмжээ авч байгаа нь өсөлтөд сөргөөр нөлөөлөх хэдий ч Хятадын 468 сая үйлдвэрлэл үйлчилгээний ажилчидын цалингийн өсөлт нь дотоодын эрэлтийг дэмжихэд нөлөөлөх юм гэж эдийн засагчид үзэж байна. Гадаад худалдаа болон хөрөнгө оруулалтад тулгуурласан эдийн засагт дотоодын эрэлтийн хувийг нэмэгдүүлэх бүтцийн өөрчлөлтийг хурдасгах хэрэгтэй гэж Хятадын төв банк хэллээ.

 

Худалдан авалтын менежерийн үзүүлэлтээр 6 дугаар сард Хятадын аж үйлдвэрийн өсөлт нилээд бага гарчээ. “Үйлдвэрлэлийн өсөлт удаашралттай байгаа ч цалингийн өсөлтөөс үүдэн хөдөлмөрийн зах зээлийн төлөв цаашид сайжрана” гэж Хон-конгод байрладаг HSBC компаний эдийн засагч Qu Hongbin хэлэв. Нөгөө талаас цалингийн доод хэмжээг ихэсгэж байгаа нь сайн хэрэг ч хөдөлмөрийн зах зээлийн ажлын нөхцлийн талаарх асуудал бүрэн шийдэгдэж чадахгүй юм. Учир нь инфляци өндөр, амьжиргааны өртөг өсч буй энэ үед дээр дурьдсан цалингийн өсөлт нь иргэдийн амьжиргааны өртөгийг хангахад хүрэлцэхгүй юм. Энэ нь ажилчдын амьдралд тийм их дэмжлэг болж чадахгүй юм гэж Нийгмийн тандалтын институтын (Institute of Contemporary Observation) захирал Liu Kaiming мэдэгджээ. Нийгмийн тандалтын институт нь хөдөлмөрийн зах зээл дээр судалгаа хийдэг төрийн бус байгууллага юм.