Монголбанк бодлогын хүүгээ 11 % хэвээр үлдээх шийдвэр гаргалаа

 

Монголбанкны Захирлуудын зөвлөлийн 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас бодлогын хүүг 11% хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Улаанбаатар хотын инфляци энэ оны 6 дугаар сарын байдлаар жилийн 12.5% байна.

Хүний хөгжлийн сангийн мөнгөн тэтгэмжтэй холбоотойгоор бий болсон инфляцийн дарамт, инфляцийн хүлээлтийг бууруулж, нийлүүлэлтийн хүчин зүйлсээс үүдэлтэй хоёрдахь үеийн үнийн нөлөөллөөс сэргийлэх зорилгоор Төв банк мөнгөний бодлогыг чангааруулах арга хэмжээг энэ оны 5 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ оны 7 сард УИХ-аар батлагдсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр төсвийн зардлын өсөлтийг 2011 онд 5%, 2012 онд 11%, 2013 онд 5% байхаар хязгаарлаж, инфляцид үзүүлэх эрэлтийн хүчин зүйлсийн дарамтыг дунд хугацаанд зөөлрүүлж, макро эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх тул мөнгөний бодлогыг нэмж чангаруулахгүй байх бололцоог бүрдүүлж байна. Мөн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь үр дүнгээ өгч, 2010 оны 1-р улирлаас хурдацтай нэмэгдсэн инфляцийн өсөлтийн хурдац саармагжиж байна.

2010 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 13.4%-иар, оны эхнээс 9.6%-иар өсч, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өнгөрсөн оны эхний хагас жилийн түвшнээс 12.4%-иар өндөр байгаа нь хувийн сектор сэргэж, идэвхжиж байгааг илэрхийлж байна. Гэвч энэхүү идэвхижилтэй холбоотойгоор инфляцид үзүүлэх эрэлтийн хүчин зүйлсийн дарамт нэмэгдэх хандлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй.

2011 оны эцэст инфляци 1 оронтой тоонд гарахаар таамаглагдаж байгаа боловч эдийн засгийн дунд хугацаанд идэвхжих хандлага, энэ оны инфляцийн өндөр түвшин зэрэг нь мөнгөний бодлогыг сулруулахгүй байх үндэслэл болж байна.

Цаашид Засгийн газраас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулж, тогтворжуулах гол нөхцөл юм. Үүний сацуу дунд хугацаанд хүлээгдэж буй бизнесийн идэвхжилийг инфляцийн дарамтгүй байлгах үндсэн нөхцөл нь эдийн засгийн дэд бүтэц, нийлүүлэлтийн чадавхийг нэмэгдүүлэх явдал болж байгааг Төв банк анхааруулж байна.

Бага, тогтвортой инфляци нь хүн амын бодит орлогыг хамгаалж, улмаар дунд, урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийн үндэс суурийг бүрдүүлдэг тул Төв банк инфляцийг хязгаарлах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Засгийн газрын зүгээс махны болон бусад барааны нийлүүлэлтийн дэд бүтцийг сайжруулан хангамжийг нэмэгдүүлэх талаар авч буй арга хэмжээний үр дүн, дунд, урт хугацааны эдийн засгийн идэвхжил, эдийн засгийн халалтын шинж тэмдгийг анхааралтай ажиглан дараа дараагийн арга хэмжээг авах болно.

                                                                 МОНГОЛБАНК