Монголбанк, Зүүн Өмнөд Азийн Төв Банкуудын Холбоо (ЗӨАТБХ), Японы Төв Банк хамтран зохион байгуулж буй сургалт,семинар

 Монголбанк, Зүүн Өмнөд  Азийн Төв Банкуудын Холбоо (ЗӨАТБХ), Японы Төв Банк:

       Хөрөнгийн үнийн өсөлт: Мөнгөний бодлогод үзүүлэх нөлөө ба сорилт

 

Монголбанк ЗӨАТБХ-той хамтран тус семинарыг 2010 оны 7 дугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

          Тус сургалтад ЗӨАТБХ, Тайланд, Япон, Солонгосын төв банкны мэргэжилтнүүд дараах сэдвээр лекц уншина. Үүнд:

 

1.      Хөрөнгийн үнийн хөөсрөлтийг тодорхойлох, хэмжих арга зүй,

2.      Хөрөнгийн үнийн инфляци ба үнийн хөөрөгдөлт: олон улсын туршлага,

3.      Хөрөнгийн үнийн инфляцийг хэмжих, хөрөнгийн үнийн хөөсрөлтийг тодорхойлох нь: хөгжиж буй улс орнуудын жишээ,

4.      Хөрөнгийн үнийн хөөсрөлт ба макро эдийн засаг: хямралаас авсан сургамж,

5.      Макро эдийн засгийн хувьсагдахуунууд, хөрөнгийн үнийн хөдөлгөөн ба бодлогын үр дагавар: ЗӨАТБХ-ны гишүүн орнуудын туршлага,

6.      Хөрөнгийн үнийн хөөсрөлт, алдагдсан 10 жил: Японы жишээн дээр,

7.      Хөрөнгийн үнийн инфляцид бодлогын хариу үйлдэл үзүүлэх нь,

8.      Хөгжиж буй орнуудын хэрэгжүүлсэн мөнгө,  ханшийн бодлого,

9.      Макро, микро зохистой харьцаанууд.

 

Семинар “Чингис Хаан” зочид буудалд болох бөгөөд нийт 12 орны 28 зочид төлөөлөгчид, Монголбанкны 10 оролцогч, холбогдох албан тушаалтнууд оролцоно.

 

Монголбанк 1990-ээд оны сүүлээр ЗӨАТБХ-ны гишүүнээр элссэн...

 

Санхүүгийн зах зээлийн даяарчлал бодит биелэлээ олоод зөвхөн хөрөнгийн эх үүсвэр ч биш, санхүүгийн хямралууд улс орны хилийг даван халих болсон 90-ээд оны сүүлээр Монголбанк бүс нутгийн төв банкуудыг багтаадаг холбоодоос ЗӨАТБХ-г сонгон гишүүнээр элссэн.

 

Монголбанк ийнхүү элссэн нь нэг талаас дэлхий нийтийн санхүүгийн хуримтлалын дийлэнхийг бий болгодог бүс нутгийн төв банкуудын хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдээс суралцах, санаа авах, нэгдмэл сонирхолтой гарч буй шийдвэрүүдийг мэдэж санхүүгийн бодлогоо нийцүүлэх зэргээр хамтран ажиллах олон давуу талыг бий болгосон юм.

 

Тухайлбал ЗӨАТБХ-ны Ерөнхийлөгч нарын 37 дугаар бага хурлыг зохион байгуулж “ даяарчлалын орчны санхүү, эдийн засгийн хөгжлийг дэмжих” сэдвээр хэлэлцүүлэг явуулсан.

Үүнээс гадна Монголбанк нь өөрийн ажилтнуудын чадавхыг орчин үеийн банк санхүүгийн шаардлагад нийцсэн өндөр түвшинд хүргэх зорилтын хүрээнд нэр хүнд бүхий байгууллагуудтай холбоо тогтоож хамтран ажиллах боломжоор хангагдсан. Үүний нэг хэлбэр нь зарим ач холбогдол бүхий сургалт уулзалтыг өөрийн оронд  хамтран зохион байгуулах, ажилтнуудаа өргөнөөр оролцуулах боломжтой болсон явдал юм.

 Монголбанк, ЗӨАТБХ-ны судалгаа, сургалтын төвтэй хамтран дөрвөн удаагийн уулзалт, сургалт семинарыг зохион байгуулсан. Энэ удаагийн “Хөрөнгийн үнийн өсөлт: Мөнгөний бодлогод үзүүлэх нөлөө ба сорилт” сэдэвт семинар ч үүний үргэжлэл билээ.

 Азийн хямралын дараа бүс нутгийн санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж  хөрөнгийн урсгалыг зохицуулах зорилгоор 2000 онд ЗӨАТБХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөлийн шийдвэрээр хөрөнгийн урсгалын талаарх мэдээллийг түргэн шуурхай солилцох үндэс суурийг бүрдүүлж, орон тус бүрийн  онцлогт тохирсон болон хамтран хэрэгжүүлэх боломжтой эрсдэлийн удирдлагын талаарх санал, зөвлөмжийг боловсруулж, улмаар хямралаас урьдчилан сэргийлэх системийг хөгжүүлэн бүрдүүлэх үүрэг бүхий хөрөнгийн урсгалын экспертүүдийн группийг байгуулахад оролцсон нь хамтын ажиллагааны бас нэгэн чиглэл болсон.

 ЗӨАТБХ-ны төвийн үйл ажиллагааны өөр нэг хэлбэр нь гишүүн орнуудыг хамруулсан мэдээлэл байдаг.