Олон улсын санхүүгийн зах зээлийн 29 дэх долоо хоногийн тойм
АНУ
АНУ-ын санхүүгийн тогтолцооны зохицуулалт, хяналт шалгалтыг шинэчлэх хуулийн төслийг тус улсын парламентын дээд танхим 6 дугаар сарын 15-ны өдөр батлан гаргалаа. Өмнөх долоо хоногт парламентын доод танхимаар батлагдсан уг хуулийн төсөл хууль болоход ийнхүү тун ойртлоо. 6 дугаар сарын 21-ны өдөр ерөнхийлөгч Б.Обама гарын үсэг зурснаар тус хууль хүчин төгөлдөр болох юм. 2008-2009 оны санхүүгийн хямрал дахин давтагдахаас сэргийлэх зорилготой уг хууль нь сүүлийн 70 жилийн хамгийн хатуу зохицуулалт бүхий хувилбар болсон гэж хууль санаачлагчид нь үзэж байна. Шинэ хуулиар банкуудын үйл ажиллагааны журмыг тогтоож, хэрэгжилтийг хянах эрх бүхий хэрэглэгчдийн санхүүгийн эрх ашгийг хамгаалах агентлаг болон компаниудын үйл ажиллагааг хянан шалгах хороог шинээр байгуулж, зах зээлд нөлөө бүхий томоохон компаниудыг татан буулгах аргачлалыг бий болгосон байна. Санхүүгийн хямралын үеэр Citigroup Inc, Bank of America, AIG гэх мэт томоохон банк санхүүгийн байгууллагуудыг дампууралаас сэргийлэх үүднээс АНУ-ын татвар төлөгчид нийт 700 тэрбум ам. долларын татаасыг тэдэнд өгсөн юм.
Хөрөнгө оруулагчдыг хууран мэхэлж ашиг олсон хэргээр шүүхэд дуудагдаад байсан Goldman Sachs компани нэхэмжлэгч болох АНУ-ын Үнэт цаас, биржийн хороотой (ҮЦБХ; Securities and Exchange Commission) зөвшилцөж 550 сая ам. долларын торгууль төлөх болсноор энэ хэрэг шүүхээс гадуур шийдвэрлэгдлээ. ҮЦБХ-ы заргыг үндэслэлгүй хэмээн мэдэгдэж байсан Goldman Sachs компани 2007 онд орон сууцны зээлээр баталгаажсан өрийн бичгийг хөрөнгө оруулагчдад зарахдаа “дутуу мэдээлэл” өгсөн гэдгээ зөвшөөрсөн байна. Түүнчлэн зөвшилцөлийн хүрээнд Goldman Sachs компани орон сууцны зээлтэй холбоотой санхүүгийн бүтээгдэхүүн хариуцагч ажилчиддаа сургалт явуулах, ийм төрлийн бүтээгдэхүүнийг шинээр бий болгох үе шат дахь шалгалтыг сайжруулах зэрэг үйл ажиллагааг явуулахаар болсон. Эдгээр өөрчлөлтүүд нь үнэт цаасны зах зээлд мэдээллийн хангамжийн талаархи шинэ стандартыг эхлүүлж магадгүй юм.
Европын Холбоо
Тайлант долоо хоногт еврогийн ам. долларын эсрэг ханш 2.29 хувиар өсч 1.2930 хүрсэн нь 2009 оны 5 дугаар сараас хойших хамгийн өндөр өсөлт байв. Сарын өмнө BNP Paribas, UBS AG зэрэг банкууд еврогийн ханш 1 ам. долларт хүрнэ хэмээн таамаглаж, өрийн хямралаас үүдэн Европын холбоо задарч болзошгүй хэмээн таамаглаж байв. Харин одоогийн байдлаар “Евро бүсийн бондын зах зээлд хүндрэл их буй хэдий ч евро бүсийн задралд хүргэх дарамт үгүй болоод байна” хэмээн Сингапур дахь UBS банкны Валютын бодлогын газрын захирал M.Мохуддин ярилаа.
Еврод итгэх итгэл ийнхүү өсч буй нь энэ оны эхний 5 сард еврогийн ханш 14 хувиар суларсанаас тус бүсийн үнээр өрсөлдөх чадвар сайжирч буйтай холбоотой байна. Тус бүсийн хамгийн том эдийн засаг болох Герман улсын экспорт 5 дугаар сард 39 хувиар өсч бусад гишүүн орнуудаа тэргүүлжээ. 5 дугаар сард тус улсын үйлдвэрлэл эдийн засагчдын таамаглалаас 2 дахин илүү буюу 2.6 хувиар өссөн байна. Тухайлбал Германы томоохон экспортлогч болох BMW компанийн автомашины экспорт 5 дугаар сард 11 хувиар өсчээ. Борлуулалт өсч байгаагаас BMW, Daimler AG, Audi зэрэг компаниуд ажлын байраа нэмэгдүүлж байна. 6 дугаар сард Герман улсын ажилгүйдэл дахин буурч 7.7 хувь болсон бол АНУ-ынх 9.5 хувьд байгаа билээ. Deutche Bank-ны тайлангаас үзвэл 2009 онд 13.2 хувиар унасан Евро бүсийн экспорт 2010 онд 9 хувь, 2011 онд 7.6 хувиар өсөх төлөвтэй байна.
Гэсэн хэдий ч эдийн засагчид еврогийн ханш сул хэвээр байна хэмээн таамаглаж байгаа нь Грек, Испани зэрэг улсуудын өрийн хямрал нь Герман, Франц улсуудад нөлөөлж болзошгүй байгаатай холбоотой байна. Блумбергийн хийсэн түүвэр судалгаанаас үзвэл еврогийн ханш энэ оны эцэст 1.19 ам доллар байх төлөвтэй байна. Харин RBS Securities компаний мэдээнээс үзвэл Европын холбооны 750 тэрбум еврогийн тусламжийн сан, тусламжийн зээл зэрэг нь хямралыг хойшлуулахаас бус үндсийг нь шийдэж чадахгүй байгаа гэдгээс шалтгаалан еврогийн ханш энэ оны эцэст хамгийн чангадаа 1.10 ам. долларт хүрэх төлөвтэй байгаа юм. Үүний дээр томоохон хэмжээний төсвийн цомхотголууд нь өсөлтөд нөлөөлснөөр Европын төв банк бодлогын хүүгээ бага түвшинд хэвээр барихад хүрэх бөгөөд үүнээс үүдэн еврогийн эрэлт сул байх өндөр магадлалтай тул ам. долларын эсрэг еврогийн ханш чангарах нөхцөл бага байна.
Их Британи
Их Британий ажилгүйдэл багасаж, ажилгүйдлийн тэтгэмжинд хамрагдагчдын тоо 6 дугаар сард 20800-аар буурсан нь энэ жилийн хамгийн их бууралт бөгөөд энэ нь эдийн засаг сэргэж байгаагийн дохио юм. Харин 5 дугаар сард ажилгүйдлийн тэтгэмжинд хамрагдагчдын тоо 1.46 сая болж буурсан гэж статистикийн хорооноос мэдэгджээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллага (International Labor Organization - ILO)-ын үнэлэлтээр 3-5 дугаар сард ажилгүйдлийн хэмжээ 2.47 сая болж буурсан нь 1 дүгээр сараас хойшхи анхны бууралт байлаа гэж Лондонгийн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. ILO-н гаргасан ажилгүйдлийн түвшин 3-5 дугаар сард таамаглаж байсан 7.9 хувиас бага буюу 7.8 хувьтай гарчээ. Их Британийн төв банкны судалгаагаар хөдөлмөрийн зах зээл тогтворжиж байгаа бөгөөд хувийн салбар дахь эрэлт өсч магадгүй байна гэж төв банкны бодлогын зөвлөлийн гишүүн А.Сентанси хэлжээ. Тэрээр инфляцийг бууруулах зорилгоор зээлийн хүүг өсгөх гэсэн саналыг өнгөрсөн сарын бодлогын зөвлөлын хурлаар тавьсан боловч төсвийн цомхотгол явагдаж буй энэ үед эдийн засгийг дэмжих гэсэн олонхийн саналаар зөвшөөрөгдөөгүй билээ.
Япон
Сүүлийн 8 жилд анх удаа Японы тэтгэврийн сангийн зарсан засгийн газрын бонд худалдаж авсан бондоосоо илүү гарлаа. Энэ оны 3 дугаар сарын 31-нээр хаагдсан санхүүгийн жилд тус тэтгэврийн сангийн зарсан болон худалдан авсан засгийн газрын бондын зөрүү 443.2 тэрбум иен (5 тэрбум ам. доллар) болсон тухай Японы төв банк мэдээлсэн байна. Энэ нь Японы хүн амын хөгшрөлт нэмэгдэж байгаагаас дотоодын хөрөнгө оруулагчдын төрийг санхүүжүүлэх чадвар нь буурч болзошгүй байгааг илтгэнэ. Өнгөрсөн санхүүгийн жилийн эцэс гэхэд Японы тэтгэврийн сан нь Японы засгийн газрын нийт бондын 11.6 хувь буюу 79.5 их наяд иений бондыг эзэмшиж байв. “Засгийн газрын бондыг худалдан авахад зориулагддаг дотоодын хадгаламжийн томоохон нөөц багасаж байна. Энэ нь богино хугацаанд бондын хүүд нөлөөлөхгүй боловч урт хугацаанд нэлээдгүй хүндрэл учруулна” гэж Никкэй сонины эдийн засагч Ж.Нишиока үзэж байна. Арван жилийн хугацаатай бондын хүү энэ жил ихэнхдээ 1.4 хувиас доошоо байсан ба 7 дугаар сарын 13-ны байдлаар 1.125 хувьтай байлаа. Одоогоор Японы засгийн газрын өрийг гол төлөв дотоодын өрхүүд санхүүжүүлж байгаа нь тэдний 1400 их наяд иенийн санхүүгийн хөрөнгийн дийлэнхи нь арилжааны банк, тэтгэврийн сан, даатгалын компаниудын худалдаж авсан засгийн газрын бонд болон ашиглагдаж байгаагаас харагдана. Хүн амын хөгшрөлтөөс үүдэн Японы засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчид руу хандахаас өөр аргагүй болж болзошгүй хэмээн Японы Сангийн яамны мэргэжилтэн М.Каизүка ярив.
Хэрвээ Япон улс дэлхийн хамгийн томд орох өрийн түвшингээ бууруулахгүй бол Японы санхүүгийн байдал уналтанд орж болзошгүй гэж Японы ерөнхий сайд Н.Кан сэрэмжлүүлээд байна. Таван хувийн худалдааны татварыг нэмэгдүүлснээр нийгмийн халамжийн зардлыг нөхөх гэсэн түүний санаа сонгуульд оролцогчдод таалагдаагүйн улмаас түүний нам 7 дугаар сарын 11-нд болсон сонгуулиар парламентийн дээд танхим дахь олонхийн суудлаа алдсан билээ.
БНХАУ
2010 оны нэгдүгээр хагаст Хятадын эдийн засгийн өсөлт жилийн 10.3 хувь болж суларсан ба үйлдвэрлэл таамаглаж байснаас бага буюу 13.7 хувь гарсан тул хоёрдугаар хагаст дээрх үзүүлэлтүүд дахин буурч дэлхийн эдийн засагт эрсдэл учруулж болзошгүй юм гэж эдийн засагчид үзэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны 1 дүгээр улиралд жилийн 11.9 хувьд хүрсэн билээ. Харин 6 дугаар сард инфляци жилийн 2.9 хувь болж буурсан гэж статистикийн товчооноос мэдээллээ. Эдийн засгийн өсөлт удааширч байгаа тул “хятад улс мөнгө зээлийн хатуу бодлогоо нэмж явуулахгүй байна” гэж Шанхай дах Standard Chartered банкны судалгааны газрын захирал С.Грийн хэлжээ. Хятадын эрх баригчид 4 дүгээр улиралд үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх хязгаарлалтуудын сулруулж, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төслийг дэмжиж магадгүй юм гэж тэрээр ярилаа. 5 дугаар сард Conference Board компаний Эдийн засгийн гол индекс (Leading Economic Index - LEI) 0.8 хувиар өсч 145.8 болсон гэж Conference Board байгууллагаас хэлэв. Энэ үзүүлэлт нь Хятадын өсөлт хүчтэй биш ч тогтвортой байгааг харуулж байна гэж тус байгууллагын эдийн засагч Bill Adams хэлсэн байна.
Тайлант долоо хоногт Хятадын төв банк 3 жилийн хугацаатай үнэт цаасны хүүгээ 0.03 суурь нэгжээр бууруулж 2.65 хувийн хүүгээр худалдсан нь эдийн засгийн өсөлт удааширч буй тухай дээрх мэдээллийн дараагаар тэд эдийн засгийг сайжруулах бодлогыг дэмжиж буйн илрэл юм. Төв банкны санал болгосон 160 тэрбум юань, 2.65 хувийн хүүтэй үнэт цаас нь 2 долоо хоногийн өмнө 2.68 хувийн хүүтэй байсан бөгөөд энэхүү 2.68 хувийн хүү нь 6 дугаар сарын 3-наас эхлэсэн юм.
ОХУ
Энэ жил оросын засгийн газар 1.2 их наяд рублийн санхүүжилт бий болгох төлөвлөгөөндөө хүрээгүй байгаагаас анх удаа рублиэр илэрхийлэгдэх евробонд гаргаж магадгүй байна. Төв банкны мэдээлснээр энэ оны 1 дүгээр хагаст Оросын засгийн газар 212.5 тэрбум рублийн бондыг гаргасан нь дээрх зорилтын 18 хувь болж буй тул цаашид олон улсын худалдан авагчдад хандаж магадгүй юм. Орос 1998 оноос хойш анх удаа 4 дүгээр сард гадаад валютын бонд гаргасан бөгөөд дахин гаргах төлөвлөгөөгүй байна” гэж Оросын сангийн дэд сайд Д.Панкин хэлжээ. ОХУ-ын засгийн газар энэ жилийн зорилтоо биелүүлж чадаагүй байгаа нь Грек, Португал, Испани зэрэг улсын өрийн хямрал нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн уналтад оруулж болзошгүй гэсэн хүлээлтээс шалтгаалан бондын хүү өссөнтэй холбоотой. Оросын засгийн газрын 2014 оны 9 дүгээр сард дуусах бондын нэрлэсэн хүү нь 11.2 хувь байна. Харин зах зээлийн хүү нь 7 дугаар сарын 9-ны байдлаар 6.76 байсан. 9 дүгээр сараас хойшхи хамгийн бага түвшин нь 4 дүгээр сард 6.46 болсон бол 5 дугаар сард 7.67 болжээ. “Ийнхүү хүүгийн хэлбэлзэл өндөр байгаагаас урт хугацааны төлөвлөгөө гаргахад хүндрэлтэй байна” гэж Панкин ярьжээ.