жилийн тайлан

Монголбанк нь хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, үйл ажиллагааны үр дүнгээ жил бүр нэгтгэж тайлагнадаг. Жилийн тайланг цахим хуудаснаас электрон хувилбараар татан авч танилцах боломжтой.

¤ Гарчиг ¤ Жил ¤ Унших ¤ Татах
Жилийн тайлан1999

Жилийн тайлан (1999)

Эрхэмсэг ноёд, хадагтай нар аа,

Та бүхэнд Монголбанк /Төв банк/-ны 1999 онд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх талаар явуулсан үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан, мөнгөний статистик үзүүлэлтүүдийг багтаасан жилийн тайланг танилцуулж байна.

Төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтыг хэрэгжүүлэх талаар авч явуулсан бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд тайлант онд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын өсөлтийн түвшин харьцангуй тогтвортой байсан нь эдийн засгийн бодит өсөлтийг нэмэгдүүлэх нөхцөл нь болж, Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 3.5 хувиар өслөө. Гэвч экспортын гол бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн бууралт, бензин шатахуун зэрэг импортын зарим барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан гадаад зах зээлийн тааламжгүй нөлөөлөл байсныг дурдах нь зүйтэй.

Мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийг банкны болон бусад хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгож, уян хатан хэрэглэснээр Төв банкны хүүгийн түвшин буурч, валютын ханш тогтворжин, гадаад валютын цэвэр нөөц өмнөх оноос 36.7 сая ам. доллараар нэмэгдлээ.

Банкны үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинг сайжруулах, хариуцлага, хяналтыг дээшлүүлэхэд чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулан, төлбөрийн чадваргүй болсон банкуудад хуулийн дагуу албадлагын арга хэмжээнүүдийг авлаа. Банкны системийн нийт дүнгээр санхүү төлбөрийн чадварын тогтоосон шалгуур үзүүлэлтүүд хангагдаж байгаа хэдий ч банкны салбарыг эрүүлжүүлэх, олон түмний банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх шаардлага хэвээр байгааг тэмдэглэж байна.

Цаашид төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ, санхүүгийн салбарын хөгжлийн урт, дунд, богино хугацааны стратеги зорилтод нийцүүлэн эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхүйц үр ашигтай санхүүгийн зуучлалын тогтолцоог бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх болно.

Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхныг хүссэн,

Ж. Үнэнбат
Ерөнхийлөгч

Жилийн тайлан2000

Жилийн тайлан (2000)

Эрхэмсэг ноёд хатагтай нараа,

Та бүхэнд Монголбанк (Төв банк )-наас мөнгөний бодлогын хэрэгжүүлэх талаар 2000 онд явуулсан үйл ажиллагаа болон мөнгөний статистик үзүүлэлтүүдийг тусгасан жилийн тайланг танилцуулж байна.

Дэлхийн бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамарсан санхүүгийн хямрал намжиж, 1999 оноос эхэлсэн эдийн засгийн сэргэлт 2000 онд үргэлжлэн, дэлхийн ихэнхи бүс нутгийн орнуудад эдийн засаг болоод санхүүгийн байдал сайжран жигд тогтвортой өсөлттэй, зарим газруудад өсөлт хурдсаж байна.

Тайлант онд байгаль цаг уурын тааламжгүй байдалтай байсан хэдий ч Монгол улсын эдийн засгийн шилжилт тогтворжих нааштай хандлага тодорч эхэлснийг дурьдхад таатай байна. Тухайлбал, хэрэглээний барааны үнийн өсөлт (инфляцийн түвшин) жилийн 8,1 хувь болсон, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш оны туршид тогтвортой байж, төсвийн алдагдал өмнөх жилийнхээс 36,3 хувиар буурсан, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 7,5 хувиар өссөн, бүртгэгдсэн ажилгүйчүүдийн тоо 3,0 хувиар буурсан зэргээр тогтворжих хандлагын илрэл бодитойгоор үзэгдэж эхэллээ.

Мөнгөний бодолгын хувьд мөнгөний бодлогын шууд болон шууд бус арга хэрэгслийг оновчтой хослуулан хэрэглэх, валютын ханшийн бодлогыг зөв гольдрол чиглүүлэн удирдах зэргээр мөнгөний бодлогын цогц арга хэмжээ болгон хэрэгжүүлсэн нь үнийн өсөлтийг бууруулах гол хүчин зүйл болсон юм.

Сүүлийн жилүүдэд мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь хэрэглээний барааны үнийн өсөлтөөс түрүүлэх болсон нь нэг талаас мөнгөний бодлогын үр дүнд санхүүгийн зуучлал гүнзгийрэн банк санхүүгийн секторт эдийн засагт бодитой дэмжлэг үзүүлж эхэлсэнээр тайлбарлагдаж байна. Нөгөө талаас мөнгөний эрэлт хэрэгцээ эдийн засагт бодитойгоор гарч ирж байгаа нь бодит хүү тогтвортой хэмжээнд хадгалагдаж байгаагаар илрэн сүүлийн жилүүдэд барьж ирсэн мөнгөний хатуу бодлогыг зөөлрүүлэх шаардлага, түүнчлэн бололцоо байгааг харуулж байна.

Тайлант оны нэг онцлог Монгол улсын Засгийн газар зах зээлд чөлөөтэй арилжаалагдах богино хугацааны үнэт цаасыг гаргаж нийтэд арилжаалсан явдал юм.

Санхүүгийн системд хийх бүтцийн өөрчлөлтийг түргэтгэх, банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуудын санхүүгийн чадавхийг дээшлүүлэх бүртгэл тооцоог олон улсын жишигт хүргэх зэрэг олон тулгамдсан асуудлуудыг шийдэхэд бүхий л боломж хүчээ төвлөрүүлэн ажиллах явдал шинэ мянган, шинэ зууны эхний жилүүдэд бидний өмнө тавигдаж байгаа нийгмийн гол шаардлага болж байна.

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн,

Очирбатын Чулуунбат

Жилийн тайлан2001

Жилийн тайлан (2001)

Эрхэмсэг хатагтай ноёд нараа,

Та бүхэнд Монголбанкнаас мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх талаар 2001 онд явуулсан үйл ажиллагаа болон банк санхүүгийн мөнгөний статистик үзүүлэлтүүдийг тусгасан Монгол улсын Төв банкны жилийн тайланг толилуулахад таатай байна.

Өнгөрсөн онд хөгжингүй гол хэдэн орны эдийн засгийн хөгжил саарснаас шалтгаалан дэлхийн эдийн засгийн өсөлт ерөнхийдөө удааширсан нь дэлхийн зах зээл дэх бараа бүтээгдэхүүний үнэ, экспортын гүйцэтгэл зэрэгт сөргөөр нөлөөлөв.

2001 онд Монголд байгаль цаг агаарын тааламжгүй нөхцөл үргэлжилснээс хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл ахин нэг жил агшсан хэдий ч боловсруулах салбар, уул уурхайн салбар хурдацтай хөгжиж, банк санхүүгийн салбарт илт сэргэсэн жил байлаа. Төсвийн алдагдал урьдчилсан байдлаар ДНБ-ий 2 хувь болж өмнөх оныхоос 34,7 нэгжээр буурсан, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 11,8 хувиар өссөн зэрэг нь эдийн засгийн өсөлтийг хангах цаашид тогтвортой болгох гол суурь болж өглөө.

Үнэ, ханш тогтворжин санхүүгийн зуучлал 2001 онд мэдэгдэхүйц гүнзгийрсэн нь санхүү банкны салбараас улс орны эдийн засгийн хөгжилд оруулах гол нэмэр байлаа. Иргэд, байгууллагуудын банкинд итгэх итгэл дээшлэн, банкны системийн зээл хадгаламжийн хэмжээ 1990 оноос хойшхи хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрчээ. Банкны системийн харилцах өмнөх оныхоос 22,1 тэрбум төгрөг буюу 33,8 хувиар, хадгаламж 41,9 тэр бум төгрөг буюу 45,2 хувиар өсч, нийт зээлийн хэмжээ ДНБ-ий 11,9 хувь, мөнгөний нийлүүлэлт 29,3 хувийг эзэлж байна.

Тайлант онд Төв банкны үнэт цаасны хүү, хэмжээгээ бууруулах эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг уян хатан зохицуулах зэргээр Монголбанкны сүүлийн 10 гаруй жилийн турш явуулж ирсэн хатуу бодлогоо сулруулсан нь энэ жилийн мөнгөний бодлогын онцлог байв. Банкуудын нөөц хангагдахын хирээр Төв банкны үнэт цаас, Засгийн газрын өрийн бичгийн анхдагч болон хоёрдахь зах идэвхжих хандлагууд ажиглагдаж эхэллээ.

Хөдөөд гарцтай өргөн сүлжээ бүхий Хөдөө аж ахуй банкны ажиллагаа 2001 онд илт сэргэсэн, Худалдаа хөгжил болон Голомт банкуудын үйл ажиллагаа улам тэлсэн, бусад хувийн арилжааны банкны ажиллагаа эрс идэвхжсэн нь 2001 онд банкны салбар сэргэхийн үндсэн нь болж өгсөн юм. Банкуудын ажиллагаа сэргэснээс гадна банк бус санхүүгийн байгууллагууд олноороо байгуулагдан ажлын байр бий болгох, мөнгөний эх үүсвэрийн нийлүүлэлтийг эхэсгэх, нийгмийн доод давхаргад санхүүгийн үйлчилгээг үзүүлэх чиглэлээр өөрийн ажиллагааны орон зайг эзэлж эхэллээ. Мөн онд банк санүүгийн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт их хэмжээгээр хийгдсэн жил байв.

2002 онд макро эдийн засаг болон банк санхүүгийн салбарт гарсан дээрх зарчмын тогтворжилтыг үргэлжилүүлэн бататгах чиглэлээр Монголбанк ажиллах болно.

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн,

Очирбатын Чулуунбат
Ерөнхийлөгч
Улаанбаатар хот, 2002 он

Жилийн тайлан2002

Жилийн тайлан (2002)

Эрхэмсэг ноёд хатагтай нараа,

Монголбанкны үйл ажиллагааны 2002 оны жилийн тайланг эрхэм уншигч танд толилуулахад таатай байна. Мөнгө санхүүгийн бодлогын хэрэгжилтийн хувьд 2002 он нь томоохон алхам хийсэн үр дүнтэй жил байлаа. Инфляци анх удаагаа жилийн 1.6 хувьтай гарсан нь Монгол улс шилжилтээ эхэлсэн 1991 оноос хойшхи хамгийн бага түвшинд хүрсэн үзүүлэлт юм. Төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байж Монгол Улсын гадаад валютын нөөц 284.5 сая ам.доллар буюу импортын 22.4 долоо хоногийн хэрэгцээг хангах түвшинд хүрсэн нь урьд өмнө байгаагүй өндөр хэмжээ юм.

Иргэд, бизнес эрхлэгчдээс үндэсний мөнгөн тэмдэгт Монгол төгрөг, Монголын банк санхүүгийн салбарт өндөр итгэл найдвар хүлээлгэсэн нь нийт хадгаламж, харилцахын хэмжээ эрс өсөхөд, банкнаас гадуурхи мөнгөний нийт мөнгөнд эзлэх хувь хэмжээ багасахад нөлөөлөв. Банкууд зээлийн чанараа сайжруулах, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, зах зээлийн өрсөлдөөнд амжилт олох замаар энэ итгэлийг бататгах боллоо. Банк бус санхүүгийн байгууллагуудын хувьд ч санхүүгийн зуучлалын гүнзгийрэлд өөрийн гэсэн байр сууриа эзэлж дорвитой хувь нэмрийг оруулж байна.

Актив болон зээлийн хэмжээгээр улсдаа хамгийн томд орох Худалдаа Хөгжлийн банк гадаадын стратегийн хөрөнгө оруулагчдад амжилттай хувьчлагдсан нь Монголын банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн 2002 оны хамгийн том үйл явдал болсон гэж Монголбанк үзэж байна. Хөдөө орон нутаг дахь банкны салбарын тоо нэмэгдэж, хамрах хүрээгээ өргөжүүлсэн бөгөөд гол ачааллыг үүрч байгаа ХААН банкны үйл ажиллагаа улам тогтворжин сайжирч байна. Хадгаламжийн банкны ажилд ч мэдэгдэхүйц ахиц дэвшил гарлаа.

Банк санхүүгийн салбарын хувьд ахиц дэвшил их байгаа хэдий ч бодлогын болон бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж шийдэх олон асуудал биднийг хүлээж байна. Эдийн засгийн тогтворжилтыг гүнзгийрүүлэн баталгаажуулах, зээлийн хүртээмжийг өргөжүүлэн санхүүгийн зуучлалд иргэд, бизнес эрхлэгчдийг өргөнөөр татан оролцуулах, хүүгийн өндөр түвшинг аажмаар буулгах, хөдөөд санхүү банкны үйлчилгээг ойртуулах, урт болон дунд хугацааны зээл олгох, банкуудаас санхүүгийн шинэ бүтээгдэхүүний үйлчилгээ нэвтрүүлэх ажиллагааг эрх зүйн зохицуулалтын үүднээс дэмжих зэрэг асуудлуудыг шийдэхэд Монголбанк өөрийн хүчин чармайлтыг гарган ажиллах болно.

Гүнээ хүндэтгэсэн,

Очирбатын Чулуунбат

Монголбанкны Ерөнхийлөгч

Жилийн тайлан2003

Жилийн тайлан (2003)

Эрхэмсэг ноёд хатагтай нараа,

Монгол улсад банкны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиосон энэ тэмдэглэлт онд Монголбанкны 2003 оны үйл ажиллагааг тусгасан жилийн тайланг та бүхэнд толилуулж байгаадаа туйлын их баяртай байна.

Сүүлийн жилүүдэд Монголбанкнаас явуулж буй мөнгөний бодлогын үр дүнд Төв банкны ажлын гол үзүүлэлт болох инфляцийн түвшин тогтвортой буурч бага түвшинд хүрсэн нь 2001 онд жилийн 8.0 хувь, 2002 онд 1.6 хувь, 2003 онд 4.7 хувь болсноор тайлбарлагдаж байна. Түүний зэрэгцээ улсын валютын нөөц жилээс жилд нэмэгдэж байна. Үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн гадаад валюттай харьцах ханш манай улсын гадаад худалдааны нөхцөл байдалтай уялдан харьцангуй тогтвортой байгаа нь бидний явуулсан бодлогын нэг амжилт юм.

2000 оноос эхлэн санхүүгийн салбар өргөжин тэлж, зуучлагчийнхаа үүргээ сайн биелүүлж байгаа нь дараахь хэдэн тоог харахад хангалттай. 2003 онд иргэдийн төгрөгийн хадгаламж 1.7 дахин, валютын харилцах болон хадгаламж бараг 2.0 дахин нэмэгдэхийн зэрэгцээ эдийн засагт орж буй нийт зээлийн хэмжээ 1.9 дахин өссөн байна. Зээлийн хүүний дундаж түвшин өнгөрсөн оныхоос 1.9 нэгжээр буурсан хэдий ч өндөр хэвээр байна. Үүнийг нэг талаас түүний эрэлттэй холбон үзэж болох боловч эдийн засагт орж буй хөрөнгө оруулалтын бодит зардлыг багасгах арга хэмжээ авахыг бид зорьж байна. Үүнийгээ ч Төрөөс 2004 онд баримтлах үндсэн чиглэлдээ тусгаж өгсөн.

Өнөөгийн манай улсад явагдаж буй санхүүгийн салбарын цэцэглэлт нь улс орны хөгжилд зохих хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна. Үүний нэг илрэл бол ДНБ-ий өсөлт сүүлийн жилүүдэд 1.1 хувиас 5.5 хувь хүртэл өссөн явдал юм. 2003 оны эцсийн байдлаар 17 банк, 88 банк бус санхүүгийн байгууллага, 300 орчим хадгаламж зээлийн хоршооүйл ажиллагаа явуулж байгаа нь санхүүгийн салбарын тэлэлтийг харуулахын зэрэгцээ, шударга өрсөлдөөнийг бий болгож , улмаар тооноос чанарт гэсэн байгалийн хуулийн хэрэгжилтийн эхлэлийг бүрдүүлж өгч байна. Энэ өрсөлдөөн санхүүгийн байгууллагуудын шинэлэг, чанартай үйл ажиллагаагаар илэрч байгааг та бүхэнд хэлэхэд таатай байна.

Өнгөрсөн онд банкуудын хувьчлалын үйл ажиллагааг үргэлжлүүлэн, түүний явцыг амжилттай хэрэгжүүллээ. Хөгжсөн орнуудын туршлагаас харахад хувийн байгууллага болон хувь хүмүүсийн хуримтлал ихсэх тутам түүнийг арвижуулах, зохицуулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах зах зээлийн орон зай үгүйлэгддэгийг цохон тэмдэглэмээр байна. Энэ бол санхүүгийн (хөрөнгийн болон мөнгөний) зах зээл юм. Иймээс энэ захын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөгжүүлэх, улам боловсронгуй болгох их ажил бидний өмнө нээлттэй хэвээр байгааг анхаарах хэрэгтэй болов уу.

Эцэст нь хэлэхэд үнийн түвшин бага хэмжээнд тогтвортой болсон, банк санхүүгийн салбар маань ид цэцэглэж байгаа, эдийн засгийн байдалд дэвшилт гарч буй өнөөгийн нөхцөл байдалд олсон амжилтуудаа бататгахын зэрэгцээ цаашид үндэсний үйлдвэрлэлээ ямар хэлбэрээр хөгжүүлэх, хүн амынхаа бодит орлогыг яаж дээшлүүлэх, бага боловч дэлхийн зах зээлд хэрхэн байр сууриа тогтоох зэрэг бодлогын олон асуудлууд бидний өмнө тавигдаж байна. Ингээд эрхэмсэг ноёд хатагтай та бүхэнд болон банк санхүүгийн салбарт ажиллаж буй нийт хамт олондоо Монгол улсад банкны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Гүнээ хүндэтгэсэн,

Очирбатын Чулуунбат

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ

Жилийн тайлан2004

Жилийн тайлан (2004)

Эрхэмсэг ноёд хатагтай нараа,

Монгол улсын Төрөөс явуулж буй мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн биелэлт болон Төв банкны үйл ажиллагааны гүйцэтгэлийг тусгасан Монголбанкны 2004 оны жилийн тайланг эрхэм уншигч танд толилуулж байгаадаа таатай байна. Өнгөрөгч 2004 он нь манай орны нийгэм улс төр, эдийн засгийн хувьд үйл явдлаар арвин онцлог жил болж өнгөрлөө.

Эдийн засгийн бодит өсөлт зах зээлийн системд шилжин орсноос хойш анх удаа хоёр оронтой тоонд буюу 10.6 хувьд хүрсэн нь уул уурхай ба олборлох үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбар болон үйлчилгээний салбар, үүнээс банк санхүүгийн салбар голлох үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотой. Түүний зэрэгцээ УИХ-ын ээлжит сонгууль болж өнгөрсөн, шатахууны үнийн өсөлтөөс үүдэн инфляци төлөвлөсөн хэмжээнээсээ дээгүүр гарсан, манай орны экспортын гол бараа бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээлийн үнэ тогтвортой өсч төсөв болон гадаад худалдааны байдал сайжирсан зэрэг олон зүйлийг дурьдаж болно. Энэ бүхэнтэй уялдуулан мөнгөний бодлогыг санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад чиглүүлэн ажилласан нь зохих үр дүнгээ өгсөн.

2004 оны хоёрдугаар хагасаас хэрэглээний барааны үнэ өсч, жилийн инфляцийн түвшин хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх болсон нь шатахууны үнийн огцом өсөлт буюу нийлүүлэлтийн шокоос шалтгаалсан гэж үзэж байна. Цаашид ч энэ байдал үргэлжлэх хандлагатай байгаа тул Төв банкны зүгээс үнийн өсөлтийг саармагжуулах зорилгоор мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг хязгаарлах, суурь хүүгээ өсгөх зэрэг бодлогын багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл мөнгөний бодлогыг хатууруулж (хумих), урт хугацаанд инфляцийг доогуур түвшинд байлгахыг зорьж байна. Оны эцсийн байдлаар жилийн инфляци 11.0 хувьтай гарчээ. УИХ-ын сонгуулийн дараа олон нийтийн дунд тархсан цуу мэдээллээс үүдэн иргэд мөнгөн хөрөнгөө төгрөгөөс гадаад валют уруу шилжүүлж эхэлсэн, эдийн засгийн хурдтай өсөлтөөс шалтгаалан гадаад валютын эрэлт нэмэгдсэн зэргээс шалтгаалан төгрөгийн америк доллартай харьцах ханш тодорхой хэмжээгээр суларч байсан хэдий ч экспортын бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ өссөн, гадаадад ажиллаж буй манай иргэдийн хувийн гуйвуулга нэмэгдсэн, Төв банкны зүгээс хөвөх ханшны бодлогыг зөв явуулсан зэрэг нь төгрөгийн ханшийн огцом уналтыг саармагжуулж чадсан байна. 2004 онд төгрөгийн ханш 3.5 хувиар суларчээ. Дэлхийн гол валют болох америк долларын ханш оны туршид уналтын байдалд байсан хэдий ч нөөцийн оновчтой удирдлагын үр дүнд гадаад валютын цэвэр нөөц 163.6 сая америк долларт хүрч өнгөрсөн оныхоос 26.8 хувиар өссөн байна.

Банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа тогтворжиж, хүрээгээ тэлэн зуучлагчийнхаа үүргээ сайн биелүүлж байна. Тухайлбал, 2004 онд банкны салбарын нийт актив 30.3 хувь, үүний 56.8 хувь нь цэвэр зээл, өөрийн хөрөнгө 51.0 хувь, нийт хадгаламж 42.5 хувиар тус тус өсчээ. Түүний зэрэгцээ тайлант онд банк бус санхүүгийн байгууллагын тоо 31-ээр нэмэгдэж 114-т хүрсэн нь үүний нэг илрэл юм. Төв банкны зүгээс банк санхүүгийн байгууллагуудын тоон үзүүлэлтүүдийг чухалчлахыг зоридоггүй харин тэдгээрийн чанарт анхаарлаа хандуулан ажилладгийг цохон тэмдэглэмээр
байна.

Банк санхүүгийн салбарын үйл ажиллагааг улам сайжруулж олон улсын жишигт хүргэх, түүний хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар олон ажил хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, гадаад валютын улсын нөөцийн удирдлагын журамд нэмэлт өөрчлөлт оруулсан, ББСБ-ын үйл ажиллагаатай холбоотой журмуудыг шинээр баталсан, санхүүгийн байгууллагуудын активын ангилал, түүний эрсдэлийн сан байгуулах журмыг олон улсын жишигт ойртуулан баталсан гэх мэт олон зүйлийг дурьдаж болно.
Мөн Хадгаламжийн даатгалын хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Цаашид дэлхийн зах зээлийн төлөв болон дотоодын эдийн засгийн байдалтай уялдуулан мөнгөний бодлогоо явуулах, санхүүгийн салбарт гарч буй амжилтуудыг бататгахын зэрэгцээ бичил санхүүгийн үйл ажиллагааг урамшуулах замаар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, банк хоорондын төлбөр тооцооны системийг орчин үеийн дэвшилтэт түвшинд хүргэх, ипотекийн зээлийн үйл ажиллагааг дэмжих зэрэг
олон зорилтууд бидний өмнө тулгарч байна.

Хүндэтгэсэн,

Очирбатын Чулуунбат
Монголбанкны Ерөнхийлөгч

Жилийн тайлан2005

Жилийн тайлан (2005)

Эрхэмсэг ноёд хатагтай нараа,

Монгол улсын төрөөс мөнгөний бодлогын талаар явуулдаг үндсэн чиглэлийн биелэлт болон Монголбанк, санхүү банкны салбарын үйл ажиллагааны гүйцэтгэлийг харуулсан Монголбанкны 2005 оны жилийн тайланг эрхэм уншигч танд өргөн барьж байгаадаа таатай байна.

Шатахуун болон махны нийлүүлэлтээс үүдэлтэйгээр Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляци 2005 онд өндөр түвшинд буюу жилийн 9.5 хувьтай гарлаа. Мөн Монголбанкнаас 2005 оны дундуур иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс нийгэмд инфляци тодорхой түвшинд байна гэсэн инфляцийн хүлээлт нэгэнт үүсэн бий болсон нь бидэнд анзаарагдсан. Энэхүү орчин нөхцөлд мөнгөний бодлогоор нэг талаас төгрөгийн үнэгүйдлийг хазаарлах, нөгөө талаас эдийн засгийн өсөлтийг банк санхүүгийн салбараар дамжуулан дэмжих гэсэн амаргүй хоёр зорилгыг биелүүлэхийн төлөө Монголбанк 2005 онд ажилласан.

2000 оноос илт сэргэж эхлэсэн банк санхүүгийн салбарын өсөн тэлэлт 2005 онд ч мөн үргэлжлэв. Иргэд, бизнес эрхлэгчдээс банкинд хадгалуулсан хадгаламж 2005 онд 34 хувиар өсч 693 тэрбум төгрөг, банкуудын дотоод зээл мөн онд 31 хувиар өсч 825 тэрбум төгрөг, банкуудын нийт актив 2005 оны эцсээр 1.6 их наяд төгрөгт хүрсэн нь манай эдийн засагт банкууд санхүүгийн зуучлалын үүргээ амжилттай биелүүлж ирснийг гэрчилнэ. Банкны салбарын тоон үзүүлэлтүүд ингэж хурдацтай өссөн ч чанарын гол үзүүлэлт болох чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувийн жин 2005 оны эцсээр 5.8 хувьтай гарсан нь банкууд зээлийн эрсдлээ зөв үнэлэн цэгнэж хадгаламж эзэмшигчдын мөнгийг найдвартай, үр өгөөжтэй байршуулсаар ирснийг батална.

Улсын валютын нөөцийг 2003 оны 12 дугаар сард ОХУ-д их өрийг төлөх үеийн түвшинд эргэн 2 жилийн хугацаанд бүрэлдүүлж чадсан нь Монгол төгрөгийн бусад валюттай харьцах ханш 2005 онд тогтвортой байхад гол нөлөөг үзүүлсэн.

Банк санхүүгийн салбарын зохицуулалтад амин чухал хууль эрх зүйн акт болох Санхүүгийн зохицуулах хорооны тухай хууль Улсын Их Хурлаар батлагдсан нь банк бус санхүүгийн байгуулага, хадгаламж зээлийн хоршоо, үнэт цаасны зах зээл, даатгал лизингийн ажиллагааг Монгол улсад үр өгөөжтэй, зөв голдирлоор хөгжүүлэхэд дорвитой алхам болох нь дамжиггүй.

Иргэд, бизнес эрхлэгчид, улс төрчдөөс банкны зээлийн хүүний түвшин өндөр байдагт шүүмжлэлтэй хандаж байгаа явдалд Монголбанк онцгой ач холбогдол өгөн арилжааны банкуудын хүүний маржин, ашигт ажиллагаа болон өртгийн функцид холбогдох дэлгэрэнгүй судалгааг 2006 онд хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа мөнгө угаах болон террризмыг санхүүжүүлэх ажилллагаатай тэмцэх хууль эрх зүйн орчинг Монгол улсад бий болгох, хянан шалгалтын Базель II зарчмуудыг нэвтрүүлж эхлэх, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжих болсон хадгаламж зээлийн хоршоодыг илүү нягт хянан зохицуулах, арилжааны банкны дүрмийн санг 8 тэрбум төгрөгт хүргэх зэрэг шийдлээ хүлээсэн асуудлууд бидний өмнө байгаа. Эдгээр болон бусад бодлогын асуудлуудыг үр бүтээлтэй, оновчтой шийдэхэд 2006 онд Монголбанк өөрийн үйл ажиллагааг чиглүүлэх болно.

Хүндэтгэсэн,

Очирбатын Чулуунбат
Монголбанкны ерөнхийлөгч

Жилийн тайлан2006

Жилийн тайлан (2006)

Эрхэмсэг ноёд хатагтай нараа,

Монголбанкны 2006 оны бодлогын хэрэгжилт, үйл ажиллагааг тусгасан жилийн тайланг та бүхэнд толилуулж байна.

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд 2006 оны мөнгөний бодлогын үндсэн зорилтыг хэрэглээний бараа, үйлчилгээний үнээр илэрхийлэгдсэн инфляцийн түвшинг 7.0 хувиас хэтрүүлэхгүй байна хэмээн тодорхойлсон байна. Үндэсний Статистикийн газраас гаргасан үнийн мэдээллээс үзэхэд инфляцийн түвшин 2006 онд 6 хувьтай гарсан нь мөнгөний бодлогын үндсэн чиглэлд заасан зорилтод түвшнээс 1.0 нэгжээр бага байна.

Өнгөрсөн онд эдийн засгийн гадаад орчин таатай хэвээр байсан бөгөөд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлт жилийн 8.4 хувьд хүрэв. Дэлхийн зах зээл дээрх нефть бүтээгдэхүүний үнэ өндөр хэвээр байсан боловч Засгийн газраас бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хазаарлах чиглэлээр тодорхой арга хэмжээ авсны үр дүнд жилийн инфляци харьцангуй доогуур түвшинд байлаа.

Тайлант онд улсын нэгдсэн төсөв 123.4 тэрбум төгрөг, урсгал тэнцэл 371.7 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Нэгдсэн төсвийн ашиг ДНБ-ий 3.9 хувь болсон байна. Төсөв ашигтай гарсан нь татварын орлого нэмэгдсэнээс голлон шалтгаалжээ.

Монгол улсын гадаад валютын цэвэр нөөц 687.3 сая ам. долларт хүрч манай улсын импортын 24 долоо хоногийн хэрэгцээг хангахаар байна. Гадаад валютын цэвэр нөөц өмнөх оныхоос 2.3 дахин их байна. 2006 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай орны нийт экспорт 1528.8 сая ам. доллар, нийт импорт 1489.2 сая ам. доллар болж, гадаад худалдааны тэнцэл 39.6 сая ам. долларын ашигтай гарав.

Банкны системийн нийт актив өмнөх оныхоос 46.0 хувиар, нийт зээлийн хэмжээ 42.3 хувиар, нийт хадгаламжийн хэмжээ 48.2 хувиар, өөрийн хөрөнгө 42.4 хувиар өссөн бол банкны салбарын зээлийн чанарын үзүүлэлт болох чанаргүй зээлийн нийт зээлийн өрийн үлдэгдэлд эзлэх хувь 0.9 нэгжээр буурсан байна. Үүний дүнд 2006 онд мөнгө, санхүүгийн салбарын гол үзүүлэлтүүд сайжирч, санхүүгийн зуучлалын гүнзгийрэлт үргэлжилсээр байна.

Монгол улс дэлхийн хамтын нийгэмлэгийн чухал асуудал болоод байгаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд өөрийн хувь нэмрээ оруулах зорилгоор энэ төрлийн олон улсын байгууллагын гишүүнээр элсэх, энэ талаархи олон улсын конвенц, гэрээнд нэгдэх, үндэснийхээ хууль тогтоомжийг олон улсын жишигт нийцүүлэх алхамыг хийлээ.

Цаашид "Инфляцийг онилох" мөнгөний бодлогын тогтолцооны суурийг тавих, санхүүгийн салбарыг хөгжүүлж, үйл ажиллагааг нь тогтвортой байлгахын тулд санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулах, санхүүгийн мэдээллийн алба болон эрсдэлийн удирдлагын албаны үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилтууд бидний өмнө тулгарч байна.

А. Батсүх

Монголбанкны Ерөнхийлөгч

Жилийн тайлан2007

Жилийн тайлан (2007)

Эрхэмсэг ноёд хатагтай нараа,

Монголбанкнаас 2007 онд авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ, үйл ажиллагааны үр дүнг тусгасан жилийн тайланг та бүхэнд толилуулж байна.

Төрөөс 2007 онд мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд инфляцийг жилийн 5 хувиас хэтрүүлэхгүй гэсэн зорилт тавигдсан хэдий ч гадаад, дотоодын хүчин зүйлсээс шалтгаалан инфляци жилийн 15.1 хувьтай байв. Энэ нь нефть болон улаан буудай, гурил, цагаан будаа зэрэг хүнсний гол бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ өссөн, дотоодод нийгмийн халамжийн зардал, төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн, улирлын шинж чанартай зарим бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдол үүссэн зэргээс голчлон шалтгаалсан юм.

Тайлант оны хоёрдугаар хагасаас эхлэн Монголбанк үнийн өсөлтийн хандлагатай уялдуулан инфляцийн эсрэг чиглэсэн бодлого хэрэгжүүлж эхэлсэн билээ. Мөнгөний бодлого хэрэгжүүлэх хэлбэрийг боловсронгуй болгож 2007 оны 7 дугаар сараас мөнгөний бодлогын хүүг дотоодын зах зээл дээр анх удаа нэвтрүүлэв. Инфляциас сэргийлж мөнгөний бодлогын хүүг 10, 11 дүгээр саруудад тус бүр 1 нэгжээр нэмэгдүүлж 8.4 хувьд хүргэв. Мөнгө, зээлийн агрегатуудын өсөлтийн хурдыг сааруулах зорилгоор заавал байлгах нөөцийн хувийг 2008 оны 12 дугаар сард 0.5 нэгжээр өсгөж 5.5 хувьд хүргэн 2008 оны эхнээс мөрдүүллээ.

Нийт активын хэмжээ өмнөх оныхоос 51.2 хувь, харилцах 75.7 хувь, хадгаламж 46.0 хувиар, өөрийн хөрөнгө 27.6 хувиар тус тус өссөн нь банкны салбар улам өргөжиж, санхүүгийн зуучлал гүнзгийрснийг илэрхийлж байна. Нийт зээлийн хэмжээ өмнөх оныхоос 68.1 хувиар өсч, түүний чанарын үзүүлэлт болох нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувийн жин 1.5 нэгжээр буурсан байна. Банкуудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 2007 онд 4.6 нэгжээр буурч 19.9 хувьд хүрчээ. Мөн банк хоорондын хоёрдогч захын үйл ажиллагаа идэвхжсэн, ипотекийн хоёрдогч зах зээлийн үйл ажиллагаа эхэлсэн зэрэг ахицтай олон үр дүн банкны салбарт гарлаа.

Дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ өндөр хэвээр байсан нь манай улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт жилийн 9.9 хувьд хүрэв. Монгол улсын нэгдсэн төсөв 102.0 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь ДНБ-ий 2.2 хувийг эзэлж байна. Гадаад валютын цэвэр нөөц өмнөх оныхоос 41.9 хувиар нэмэгдэж 975.3 сая америк доллар болсон нь манай улсын импортын 24 долоо хоногийн хэрэгцээг хангахаар байна.

Тайлант онд Дэлхийн банк, ОУВС хамтран Монгол улсын санхүүгийн салбарын байдлыг дэлхийн бусад орнуудтай харьцуулан шинжлээд тогтвортой эрсдэл багатай гэсэн үнэлэлт өглөө. Түүнчлэн мөнгөний бодлого хэрэгжүүлэх байдал нь харьцангуй нээлттэй, эрүүл орчинд явагдаж буй бөгөөд томоохон дэвшил гарсан байна гэж дүгнэжээ. Энэ нь манай хамт олны ажлыг олон улсын хэмжээнд харьцуулан авч үзсэн үнэлгээ юм.

Цаашид банкуудын хөрөнгөжих болон эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, олон улсын санхүүгийн зах зээлд гарах, стратегийн хөрөнгө оруулагчдыг татан оруулах таатай нөхцөлүүдийг бүрдүүлэхийн зэрэгцээ банкны салбарын тогтвортой байдлыг хангах, хууль эрх зүйн орчинг сайжруулах, банкны хяналт шалгалтыг илүү үр ашигтай эрхлэх, төлбөр тооцооны шинэ технологи нэвтрүүлэх зэрэг олон зорилтыг авч хэрэгжүүлэхээр анхаарч байна. Бидний өмнө ойрын хугацаанд тулгарч буй хамгийн гол асуудал болсон үнийн өсөлтийг саармагжуулах улмаар бууруулахад мөнгөний бодлогыг чиглүүлэн ажиллах болно.

А. Батсүх
Монголбанкны ерөнхийлөгч

Жилийн тайлан2008
Эрхэмсэг ноёд, хатагтай нар аа, 2008 он Монголбанкны хувьд зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш хамгийн хүнд хэцүү он жил болон өнгөрч байна. 2008 онд эдийн засаг 8.9 хувиар өссөн ч улсын төсвийн алдагдал ДНБ-ий 5 хувь, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал 2008 онд түүхэндээ хамгийн өндөр буюу 1 тэрбум ам.долларт хүрч, улсын гадаад валютын албан нөөц 315.7 сая ам.доллараар, банкуудын гадаад цэвэр актив 522.1 сая ам.доллараар буурав. Төрийн албан хаагчдын цалин, нийгмийн халамжийн зарлага, мөнгөний нийлүүлэлт болон банкны системийн зээлийн хурдацтай өсөлт, хүнс болон нефтийн бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт, дэд бүтэцтэй холбоотой хүндрэлүүд үнийн дарамтыг ихээхэн нэмэгдүүлснээс инфляци 2008 оны эцэст 22.1 хувьтай гарсан бөгөөд энэ нь зорилтот түвшин болох 5.9 хувиас даруй 3.7 дахин их үзүүлэлт юм. Эдийн засагт хэт халалтын шинж тэмдгүүд илэрч, хүн амын ядууралтай хийх тэмцэлд ухралт гарч болзошгүй үед Монголбанк мөнгөний хатуу бодлогыг баримтлан мөнгөний болон эрэлтийн гаралтай инфляцийг хазаарлахад үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэв. Тухайлбал, 2008 оны 1 дүгээр улиралд Монголбанк заавал байлгах нөөцийг 5 хувиас 5.5 хувь болгон өсгөсөн төдийгүй, мөнгөний бодлогын хүүг 2008 оны 3 дугаар сард 1.35 нэгжээр, 9 дүгээр сард дахин 0.5 нэгж хувиар өсгөж 10.25 хувьд хүргэсэн билээ. 2008 оны 2 дугаар хагасаас Монголбанк валютын интервенцийг хийж төгрөгийн ханшийг чангаруулах тал дээр илүүтэй анхаарав. Энэ нь Ази тивдээ хамгийн өндөр түвшинд хүрч байсан жилийн 34 хувийн инфляцийг хазаарлан импортыг хямдруулахад зохих нөлөө үзүүлсэн боловч байнга илүүдэл нөөцтэй явж ирсэн банкны системийн төгрөгийн бэлэн нөөцийг 2008 оны 8, 9 дүгээр сараас огцом буурч эхлэхэд нөлөөлсөн билээ. Банкны системийн нөөцийн энэхүү бууралт нь дэлхийн санхүүгийн хямралтай давхцсанаар банкуудын төлбөр тооцоо түргэн гүйцэтгэх чадвар доголдох болов. 2008 онд улсын валютын албан нөөц тал хувиар буурсан төдийгүй, зэсийн дэлхийн зах зээлийн үнэ хурдацтай унаж эхэлснээр төгрөгийн гадаад валюттай харьцах ханш огцом суларч, ялангуяа ам.долларын зээл бүхий банк, аж ахуйн нэгж, иргэдийн ханшийн эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдэж байв. 2008 оны 9 дүгээр сараас гадаад валютын орох урсгал бараг бүрэн зогсож, Засгийн газрын гадаад төлбөр, импортын хэрэгцээг зөвхөн Монголбанкны нөөцөөс хангаж байв. 2008 онд инфляци хэт хурдацтай өсч байснаас шалтгаалан эдийн засаг дахь бодит хүүний түвшин сөрөг утгатай (2008 оны 5 сард -10.7%, 2008 оны эцэст -2.8%) болсон билээ. Энэхүү байдал нь зээлдэгчдэд ашигтай мэт харагдаж байгаа боловч угтаа банкинд мөнгөө хадгалуулсан, харилцах дансанд хөрөнгөө байршуулсан харилцагчдад хүндээр тусан, улмаар банк санхүүгийн системийн үйл ажиллагааг доголдуулах, санхүүгийн салбарын зуучлалыг тасалдуулах эрсдлийг үүсгэж байв. Харилцах, хадгаламжинд хөрөнгөө байршуулсан иргэд, аж ахуйн нэгжүүд хүүний болон ханшийн өөрчлөлтөд хэт мэдрэмтгий болсноор санхүүгийн захын тогтвортой байдал алдагдах эрсдэл нэгэнт бодитой нүүрлэсэн юм. МОНГОЛБАНК 4 ЖИЛИЙН ТАЙЛАН 2008 Ийм нөхцөлд Монголбанк юуны түрүүнд банкны системийн тогтвортой байдлыг чухалчлан ажиллав. Банкуудын төлбөр тооцоо түргэн гүйцэтгэх чадварыг дэмжихийн тулд Монголбанкнаас барьцаат зээлийн журмыг шинээр боловсруулан түүний дагуу банкуудад 2008 оны дүнгээр 221.8 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Мөн урвуу репо болон валютын своп хэрэгслүүдийг шинээр нэвтрүүлж, 97.6 тэрбум төгрөгийн урвуу репо санхүүжилт, 113.8 тэрбум төгрөгтэй тэнцэх валютын своп хэлцлийг тус тус хийв. 2008 оны 3 дугаар улиралд Монголбанкнаас заавал байлгах нөөцийн хувийг 0.5 нэгж хувиар буулган 5.0 хувь болгов. Эдгээр арга хэмжээний үр дүнд банкны системд тулгамдаад байсан төлбөр түргэн гүйцэтгэх чадварын хүндрэлийг даван туулж чадсан билээ. Монголбанкнаас инфляцийг тууштай бууруулах, банкны салбарын болон ханшийн тогтвортой байдлыг хангах тал дээр цаашид онцгой анхааран ажиллах болно. Энэхүү бодлогын үр ашгийг дээшлүүлэхийн тулд төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах, хууль эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, хүүний болон валютын захын бүтцийг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэх болно. Л.Пүрэвдорж Монголбанкны ерөнхийлөгч