МӨНГӨНИЙ ҮЗҮҮЛЭЛТ

 
 “Мөнгө, санхүүгийн статистикийн гарын авлага”-д мөнгөний үзүүлэлтийн тодорхойлолт байдаггүй бөгөөд энэ нь улс орон бүрийн санхүүгийн зах зээл, санхүүгийн хэрэгсэл өөр өөр байдагтай холбоотой юм. Гэсэн хэдий ч тухайн санхүүгийн хэрэгслийг мөнгөний үүргийг[1] биелүүлж байгаа байдлаар нь тодорхойлж, нийт мөнгөний үзүүлэлтэд оруулж тооцдог. Манай улсын хувьд мөнгөний үзүүлэлтүүдийг дараах байдлаар тооцоолж байна.
 
Тодорхойлолт
 
Одоогийн байдлаар Монгол улсын хувьд мөнгөний нийлүүлэлт-М2[2] нь (1) Төв банкнаас гүйлгээнд гаргасан цаасан болон зоосон мөнгө, (2) төгрөгийн харилцах, (3) валютын харилцах, (4) цэвэршүүлсэн алтны харилцах, (5) төгрөг болон валютын хадгаламж, (6) хадгаламжийн сертификатаас бүрдэж байна. Эдгээр нь дотроо хөрвөх чадвар, гүйлгээний зардал зэрэг үзүүлэлтээрээ бага мөнгө болон бараг мөнгө гэж ангилагддаг. Хөрвөх чадвар хамгийн сайтай бэлэн мөнгө, төгрөгийн харилцах данс дахь мөнгө бага мөнгөнд, бусад нь бараг мөнгөнд тус тус орно.
 
Бага мөнгө
 
o      (1) Төв банкнаас гүйлгээнд гаргасан цаасан болон зоосон мөнгө: Харилцах хадгаламж хэлбэрээр бусдаас хөрөнгө татдаг санхүүгийн байгууллага (цаашид хадлгаламжийн байгууллага[3] гэх) -уудын эзэмшиж буй цаасан болон зоосон мөнгө мөнгөний нийлүүлэлтэд орохгүй. Өөрөөр хэлбэл Төв банкнаас гүйлгээнд гаргасан цаасан болон зоосон мөнгөнөөс хадгаламжийн байгууллагуудын эзэмшиж буй цаасан болон зоосон мөнгийг хасч тооцно.
 
o      (2) Төгрөгийн харилцах дахь мөнгө: Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага (улсын болон хувийн байгууллага, иргэд, бусад байгууллага[4], бусад санхүүгийн байгууллага[5])-ын төгрөгийн харилцах дансны үлдэгдэл орно. Харин хадгаламжийн байгууллага, гадаадын банк, санхүүгийн байгууллага, эдийн засгийн харъяат бус (оршин суугч бус), Засгийн газар[6] (төвлөрсөн болон орон нутгийн төсөв)-ын төгрөгийн харилцах дансны үлдэгдэл мөнгөний нийлүүлэлтийн тооцоонд орохгүй.
 
Бараг мөнгө
 
o      (3) Валютын харилцах: Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага (улсын болон хувийн байгууллага, иргэд, бусад байгууллага4, бусад санхүүгийн байгуулага5)-ын валютын харилцах дансны үлдэгдэл мөнгөний нийлүүлэлтэд орно. Харин хадгаламжийн байгууллага, гадаадын банк, санхүүгийн байгууллага, оршин суугч бус, Засгийн газар (төвлөрсөн болон орон нутгийн төсөв)-ын валютын харилцах данс дахь мөнгө бараг мөнгөнд орохгүй.
 
o      (4) Цэвэршүүлсэн алтны харилцах мөнгөний нийлүүлэлтэд орно, харин бусад үнэт металлын харилцах дансны үлдэгдэл орохгүй.
o      (5) Төгрөг болон валютын хадгаламж: Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага (улсын болон хувийн байгууллага, иргэд, бусад байгууллага4, бусад санхүүгийн байгууллага5)-ын төгрөг, валютын хадгаламжийн үлдэгдэл мөнгөний нийлүүлэлтийн тооцоонд орно. Хадгаламжийн байгууллага, гадаадын банк, санхүүгийн байгууллага, оршин суугч бус, Засгийн газар (төвлөрсөн болон орон нутгийн төсөв)-ын төгрөг, валютын хадгаламжийн дансны үлдэгдэл бараг мөнгөнд орохгүй.
 
o      (6) Хадгаламжийн сертификат: Хадгаламжийн байгууллагаас гаргасан иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшиж буй хадгаламжийн сертификатыг мөнгөний нийлүүлэлтэд оруулна, харин бусад байгууллага (бусад хадгаламжийн байгууллага, Засгийн газар)-ын эзэмшиж буй хадгаламжийн сертификатыг оруулахгүй.
o      Тусгай зориулалттай болон хязгаарлагдмал хадгаламжийн дансдын үлдэгдэл мөнгөний нийлүүлэлтэд орохгүй. Эдгээр данснаас гүйлгээ хийхэд журам, бусад гэрээний үндсэн дээр албан ёсоор хязгаарлалт хийгддэг. Жишээлбэл, импортын данс, эскроу данс, хаагдсан эсвэл дахин зохион байгуулагдсан санхүүгийн байгууллагуудын харилцах, хадгаламж зэрэг дансдууд орно.
 
Эх үүсвэр: Банкууд тайлан тэнцлээ сар бүр Монголбанкинд дараа сарын 7-ны дотор батлагдсан дансдаар нэгэн загвараар ирүүлдэг. Төв банк болон банкуудын тайлан тэнцэл дээр үндэслэн мөнгөний үзүүлэлтүүдийг сар бүр гаргадаг. Хадгаламж, зээлийн хоршоодын тайлан тэнцлийг Санхүүгийн Зохицуулах хороо улирал тутам авч нэгтгэдэг. Тус тайлангийн үзүүлэлтийг тухайн хугацааны мөнгөний нийлүүлэлтийн тооцоонд оруулах ба бусад хугацааны мөнгөний нийлүүлэлтийг тооцохдоо өмнөх улирлын үзүүлэлтийг ашиглана.
 
Мэдээлэл бэлтгэх хуваарь: Мөнгөний статистик үзүүлэлт болон бусад мэдээлэл гаргах хуваарийг улирал бүр урьдчилан бэлтгэж, хуваарийн дагуу Монголбанкны цахим (www.mongolbank.mn) хуудсанд байршуулдаг. 
 
Мэдээлэлд өөрчлөлт оруулах: Мөнгөний статистик мэдээлэлд дараах тохиолдолд өөрчлөлт оруулна.
 
-   Эх сурвалжаас алдаатай мэдээлэл ирүүлсэн, тус мэдээг засч залруулсан
- Олон улсын аргачлалыг хэрэгжүүлэх явцыг сайжруулах зорилгоор санхүүгийн хэрэгслийн ангиллыг өөрчилсөн
-  Мэдээллийн хамрах хүрээг өргөтгөсөн
- Эх сурвалж өөрчлөгдсөн
 
Дээрх шалтгааны улмаас өөрчлөлт оруулсан тохиолдолд мэдээллийнхээ доор тодорхой тэмдэглэгээ хийх буюу урьдчилан мэдээлнэ.
 

Мөнгөний үржүүлэгч-ийг нийт мөнгө, нөөц мөнгөний харьцаагаар тооцдог бөгөөд нөөц мөнгөний нэгж өсөлт нь хэдий хэмжээний нийт мөнгөний өсөлт бий болгох боломжтойг харуулна.



[1] Мөнгөний үндсэн 3 үүрэг байдаг.
o    Солилцооны: Бараа, үйлчилгээ, санхүүгийн хэрэгслийг мөнгөөр худалдан авах.
o    Хадгалах
o    Хэмжих нэгж
 
[2] Нийт мөнгийг зөвхөн банкуудын үзүүлэлтүүдээр 2010 оны 2 дугаар сар хүртэл тооцож байв. Харин 2010 оны 2 дугаар сараас харилцах, хадгаламж хэлбэрээр хөрөнгө татдаг байгууллага (Хадгаламж, зээлийн  хоршоо)-уудын үзүүлэлтүүдийг оруулах болов.
[3] Банк, хадгаламж, зээлийн хоршоо
[4] Сан, холбоо, үйлдвэрчний эвлэл зэрэг төрийн бус, олон нийтийн байгууллага хамрагдана.
[5] Хадгаламжийн байгууллагаас бусад ББСБ болон бусад санхүүгийн байгууллага
[6] Засгийн газрын санхүүгийн хязгаарлалт, зардлын шийдвэр гаргалт зэрэг Засгийн газрын онцгой чанаруудаас болж Засгийн газрын хадгаламж эзэмшигч нь макро эдийн засгийн нөлөөлөл (эдийн засгийн үйл ажилагааны чиглэл, зээлийн хүү, ханш зэрэг өөрчлөлтүүд)-д хариу үйлдэл үзүүлдэггүй учраас Засгийн газрын харилцах, хадгаламж нь мөнгөний нийлүүлэлтэд ордоггүй.