|
МӨНГӨНИЙ ТОЙМ: ОУВС-аас гаргасан Мөнгө санхүүгийн статистикийн гарын авлага1-ын дагуу мөнгөний тоймд Төв банк болон хадгаламжийн байгууллагуудын тайлангийн үзүүлэлт тусгагддаг. 1. Нэгдсэн тойм: Төв банк болон хадгаламжийн байгууллагуудын үзүүлэлтүүдийн нэгтгэл. Актив: 1. Гадаад цэвэр актив Төв банк болон хадгаламжийн байгуулагуудын гадаад активын нийлбэр дүнгээс тэдгээрийн нийт гадаад пассивын нийлбэр дүнг хасч тооцно. 2. Дотоод цэвэр актив Төв банк болон хадгаламжийн байгуулагуудын дотоод активын нийлбэр дүнгээс тэдгээрийн нийт дотоод пассивын нийлбэр дүнг хасч тооцно. Дотоод цэвэр зээл Засгийн газраас авах цэвэр авлага, бусад санхүүгийн байгууллага, улсын салбар, хувийн хэвшил, иргэд, бусад байгууллагаас авах авлагаас бүрдэнэ. Тодруулбал: 2.1. Засгийн газраас авах цэвэр авлага Төв банк болон хадгаламжийн байгууллагын Засгийн газраас авах авлагын нийлбэр дүнгээс тус байгууллагад байршуулсан Засгийн газрын хадгаламжийн нийлбэр дүнг хасч тооцно. Мөн нийт дүнг төвлөрсөн болон орон нутгийн төсвөөр задалж харуулна. 2.2. Бусад санхүүгийн байгууллагаас авах авлага Хадгаламжийн байгууллагаас бусад санхүүгийн байгууллагад олгосон зээлийг тооцно. 2.3. Улсын салбараас авах авлага Хадгаламжийн байгууллагаас улсын байгууллагад олгосон зээлийг тооцно. 2.4. Хувийн хэвшлээс авах авлага Хадгаламжийн байгууллагаас хувийн байгууллагад олгосон зээлийг тооцно. 2.5. Иргэдээс авах авлага Хадгаламжийн байгууллагаас иргэдэд олгосон зээлийг тооцно.
2.6. Бусад байгууллагаас авах авлага Хадгаламжийн байгууллагаас бусад байгууллага (сан, холбоо, үйлдвэрчний эвлэл зэрэг төрийн бус, олон нийтийн байгууллага)-д олгосон зээлийг тооцно. Сарын статистик мэдээлэд “Ангилагдаагүй зээл” гэсэн үзүүлэлт байгаа нь банкууд 2004 оны 1 дүгээр сараас өмнө хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн үлдэгдлийг салбараар ангилдаггүй байсан тул тус ангилалд хамруулсан. Пассив: 1. “Мөнгө” буюу бага мөнгө[1] нь бэлэн мөнгө, төгрөгийн харилцах дансны нийлбэр дүнгээс бүрдэнэ. 2. “Бараг мөнгө”7 нь валютын харилцах, цэвэршүүлсэн алтны харилцах, төгрөг болон валютын хадгаламж, хадгаламжийн сертификатаас бүрдэнэ. 3. Бусад цэвэр зүйл Энэ бүлэгт Төв банк болон хадгаламжийн байгууллагуудын дээрх актив, пассивын бүлэгт багтаагүй бусад зүйлийг цэвэрлэж харуулдаг. Өөрөөр хэлбэл дээр дурдсан активын зүйлээс бусад активын дүн болон дээр дурдсан пассиваас бусад пассивын дүнгийн зөрүү болно. Харин Засгийн газрын шугамаар хэрэгжиж буй хөтөлбөрийн гадаад эх үүсвэрээс Монголбанкаар дамжуулан олгогдсон зээлийн эх үүсвэрийн дүнг тусад нь харуулж байгаа болно. 1.1. Төв банкны мөнгөний тойм Актив: 1. Гадаад актив Энэ бүлэгт Төв банкны гадаад активуудыг харуулна. Тодруулбал, касс дахь гадаад валют, гадаадын банк, санхүүгийн байгууллагад байршуулсан харилцах, хадгаламж, гадаадын Засгийн газрын үнэт цаас, мөнгөжсөн алт, зээлжих тусгай эрх зэрэг олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох актив болон тухайн санхүүгийн хэрэгсэлд хуримтлуулж тооцсон хүүний авлага орно. 2. Засгийн газраас авах авлага Засгийн газраас авах авлагад Төв банкны эзэмшиж буй Засгийн газрын үнэт цаас, Төв банкнаас Засгийн газарт олгосон зээл зэрэг Засгийн газраас авах авлагыг хамааруулна. 3. Банкуудаас авах авлага Төв банкнаас банкуудад олгосон бүх төрлийн зээл, санхүүжилт орно. Пассив: 1. Нөөц мөнгө[2] Энэ бүлэгт банкнаас гадуурх мөнгө, банкуудын касс, банкуудын Төв банк дахь төгрөг, валютын харилцах, хадгаламж орно. 2. Төв банкны үнэт цаас Төв банкнаас гаргасан үнэт цаасны цэвэр дүнг харуулдаг бөгөөд Төв банкнаас нийт гаргасан үнэт цаасны дүнгээс борлогдоогүй үлдэгдэл, хямдруулалтыг хасч тооцно. Мөн ТБҮЦ-д хуримтлуулж тооцсон хүүний өглөгийн дүн багтана. 3. Гадаад пассив Төв банкны гадаад пассивын үзүүлэлтүүдийг харуулдаг. Тодруулбал, Төв банкны гадаадын банк, санхүүгийн байгууллагаас авсан богино хугацаат зээл, Төв банк дахь гадаадын банк, санхүүгийн байгууллагуудын харилцах, хадгаламж зэрэг орно. 4. Засгийн газрын хадгаламж Энэ бүлэгт Төв банк дахь Төрийн сангийн нэгдсэн данс, Монгол улсыг хөгжүүлэх сан, нөөцийн сан зэрэг Засгийн газрын дансдын үлдэгдлийг харуулна. 5. Хөтөлбөрийн зээлийн эх үүсвэр Засгийн газрын шугамаар хэрэгжүүлж буй хөтөлбөрийн дагуу гадаад эх үүсвэрээс олгосон зээлийн эх үүсвэрийн дүнг тусгаж байна. 6. Өөрийн хөрөнгийн сангууд Төв банкны дүрмийн сан болон бусад сангууд /нөөцийн сан, дахин үнэлгээний сан гэх мэт/, ашиг, алдагдал зэрэг өөрийн хөрөнгийн дансдуудыг хамруулна. 7. Бусад цэвэр зүйл Энэ бүлэгт дээрх актив, пассивын бүлэгт багтаагүй бусад зүйлийг цэвэрлэж харуулдаг. Өөрөөр хэлбэл дээр дурдсан активын зүйлээс бусад активын дүн болон дээр дурдсан пассиваас бусад пассивын дүнгийн зөрүү болно. 1.2. Хадгаламжийн байгууллагын мөнгөний тойм: Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх арилжааны банкууд, Хадгаламж зээлийн хоршоод[3]-ын үзүүлэлтүүдийг хамааруулна. Активын үзүүлэлтүүд 1. Банкны нөөц Банкуудын касс дахь бэлэн мөнгө, чек болон Төв банк дахь төгрөг валютын харилцах, хадгаламжийн дансдаас бүрдэнэ. 2. Төв банкны үнэт цаас Банкуудын эзэмшиж буй Төв банкны үнэт цаасны цэвэр дүнг харуулж байгаа бөгөөд уг дүнд үнэт цаасны хямдруулалт болон хуримтлуулж тооцсон хүүний авлагын дүн тусгагдаж байгаа болно. 3. Гадаад актив Банкуудын гадаад активын үзүүлэлтийг харуулна. Өөрөөр хэлбэл, касс дахь гадаад валют, гадаадын банк, санхүүгийн байгууллагад олгосон зээл, тэдгээрт байршуулсан харилцах, хадгаламж, гадаадын үнэт цаас, эдийн засгийн харъяат бус (оршин суугч бус)-д олгосон зээл зэрэг болно. 4. Засгийн газраас авах авлага Банкуудын эзэмшиж буй Засгийн газрын үнэт цаас, урьдчилан төлсөн татвар зэрэг Засгийн газраас авах авлага орно. 5. Бусад санхүүгийн байгууллагаас авах авлага Банкуудаас ББСБ болон бусад санхүүгийн байгууллагад олгосон төгрөг болон валютын зээлийн үлдэгдэл орно. Тухайн зээлд хуримтлуулж тооцсон хүүний авлага тусгагдаагүй болно. 6. Улсын салбараас авах авлага Банкуудаас улсын байгууллагад олгосон төгрөг болон валютын зээлийн үлдэгдлийг харуулна. Тухайн зээлд хуримтлуулж тооцсон хүүний авлага тусгагдаагүй болно. 7. Хувийн хэвшлээс авах авлага Банкуудаас хувийн хэвшилд олгосон төгрөг болон валютын зээлийн өрийн үлдэгдэл болно. Тухайн зээлд хуримтлуулж тооцсон хүүний авлага тусгагдаагүй болно. 8. Иргэдээс авах авлага Банкуудаас иргэдэд олгосон төгрөг болон валютын зээлийн үлдэгдлийг харуулна. Тухайн зээлд хуримтлуулж тооцсон хүүний авлага тусгагдаагүй болно. 9. Бусад байгууллагаас авах авлага Дээрхээс бусад төрлийн санхүүгийн бус байгууллагад олгосон зээлийн үлдэгдлийг тусгана. Тухайн зээлд хуримтлуулж тооцсон хүүний авлага тусгагдаагүй болно. Ангилагдаагүй зээл Банкууд 2004 оны 1 дүгээр сараас өмнө хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн үлдэгдлийг салбараар ангилдаггүй байсан тул эдгээр зээлийг тусад нь харуулсан. Тухайн зээлд хуримтлуулж тооцсон хүүний авлага тусгагдаагүй болно. Пассивын үзүүлэлтүүд 1. Төгрөгийн харилцах Банкууд дахь улсын болон хувийн байгууллага, иргэд, бусад байгууллага4, бусад санхүүгийн бусад байгууллага5-уудын төгрөгийн харилцах дансны үлдэгдлээс бүрдэнэ. 2. Хадгаламж, гадаад валютын харилцах Банкууд дахь улсын болон хувийн байгууллага, иргэд, бусад байгууллага4, бусад санхүүгийн бусад байгууллага5-уудын валютын харилцах, төгрөг болон валютын хадгаламжийн дансны үлдэгдлээс бүрдэнэ. 3. Гадаад пассив Банкуудын гадаад пассивын үзүүлэлтүүдийг харуулах бөгөөд гадаадын банк, санхүүгийн байгууллагын харилцах, хадгаламж, оршин суугч бус (эдийн засгийн харъяат бус)-ын харилцах, хадгаламж, гадаадын банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл, гадаад зах зээлээс татсан бусад эх үүсвэр орно. 4. Засгийн газрын хадгаламж Энэ бүлэгт банкуудад байршиж буй Засгийн газрын дансдуудын /төгрөг, валютын харилцах, хадгаламж, тусгай дансдууд гэх зэрэг/ үлдэгдлийг харуулах бөгөөд төвлөрсөн болон орон нутгийн төсвөөр задалсан болно. 5. Төв банкнаас авсан зээл Банкуудын Монголбанкнаас авсан бүх төрлийн зээл, санхүүжилтийг харуулна. 6. Өөрийн хөрөнгө Банкуудын дүрмийн сан болон бусад сангууд /нөөцийн сан, дахин үнэлгээний сан гэх мэт/, ашиг/алдагдал, 5 жилээс дээш хугацаатай хугацааны эцэст хувьцаанд хөрвөх нөхцөлтэй хоёрдогч өглөг зэрэг өөрийн хөрөнгийн дансдуудыг хамруулна. 7. Бусад цэвэр зүйл Энэ бүлэгт дээрх актив, пассивын бүлэгт багтаагүй бусад зүйлийг цэвэрлэж харуулдаг. Өөрөөр хэлбэл дээр дурдсан активын зүйлээс бусад активын дүн болон дээр дурдсан пассиваас бусад пассивын дүнгийн зөрүү болно. [1] Мөнгөний нийлүүлэлтийн тодорхойлолтыг үз. [2] Нөөц мөнгө нь нийт мөнгө болон зээлийн өсөлтийг хангах Төв банкны пассиваас бүрддэг. [3] Одоогийн байдлаар зөвхөн банкуудын үзүүлэлтүүдийг тусгаж байгаа болно. Цаашид Хадгаламж, зээлийн хоршуудын мэдээллийг оруулахаар төлөвлөж байна.
|