Монголбанк
2016.11.15 Буцах

Үргэлжилсэн дефляци: Болж л өгвөл “тэнгэрт хадчихдаг” үнэ яав?



Энэ намрын нэг гол онцлог болсон дефляци 3 сар дараалан үргэлжиллээ (8, 9, 10-р сар). Mах, хүнсний ногоо г.м хүнсний бүтээгдэхүүний үнийн хямдрал үүнд нөлөөлсөн гол шалтгаан гэдгийг статистик тоон задаргаа нь харуулж буй.

Тэгвэл нэг ийм асуулт гарч ирнэ: “Ер нь намар бүр л мах ногооны үнэ хямдардаг. Гэтэл яагаад энэ удаа инфляцийг хасах утгатай болгож, дефляци үүсгээд байна вэ?”

Уул нь хоёр оронтой тоогоор хэмжигдэхийн зэрэгцээ савалгаа ихтэй байдаг нь Монголын инфляцийн онцлог байсаар ирсэн. Гэтэл үнийн түвшин 2016 онд намрын түр зуурын хямдралаас болж дефляци руу орчихоор нам дор болсон нь анхаарал татна.

Инфляци өөрөө үнийн хэмжүүр учраас хэрхэн өөрчлөгдөх нь худалдагч (нийлүүлэлт) болон хэрэглэгчийн (эрэлт) хэн хэнээс нь хамаарна. Сав л хийвэл тэнгэрт хадчихдаг байсан үнэ  өсөлтгүй болоход нөлөөлсөн зарим гол шалтгааныг нэрлэвэл:

  • Ипотекийн зээл: Ѳнѳѳдѳр Монголд 86 мянга гаруй ѳрх ипотекийн зээлтэй байна. Энэ нь худалдан авах чадвартай олон хүний хэрэглээг хумих нөлөө үзүүлж буй. Жишээ нь, 8-р сард 1 зээлдэгч дунджаар 470 мянган төгрөгийг зээлийн төлбөрт өгчээ. Өөрөөр хэлвэл, байрны зээлтэй 1 өрхийн бусад хэрэглээндээ зарцуулах төсөв ийм дүнгээр буурсан гэсэн үг. Ипотекийн зээлд төлж буй мөнгийг улсын хэмжээнд нийлүүлээд үзвэл жилдээ 300 гаруй тэрбум төгрөг болно. Энэ нь  ойролцоогоор 3 жилд импортлох гутал, хувцас, цүнхтэй тэнцэх тул ипотекийн зээл багагүй хэмжээний эрэлтийг хумисан байна.
  • Төгрөгийн ханшийн сулралт: Импортын эдийн засагтай гэгддэг манай орны хувьд хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ гаднаас худалдаж авах, эсвэл гаднаас авсан орцоор хийх нь их. Иймд валютын ханш худалдан авах чадварт шууд нөлөөлдөг. Жишээ нь, 1 сая төгрөгийн цалинтай хүн долларын ханш 1400 байх үед ойролцоогоор 700 долларын бараа худалдан авах боломжтой. Харин ханш 2500 хүрэхэд 400 орчим долларын бүтээгдэхүүн худалдан авч чадна. Автомашин, цахилгаан бараа, цүнх гутал гэх мэт харьцангуй өндөр үнэтэй барааны импорт хурдтай буурч буй нь сүүлийн жилүүдийн ханшийн өөрчлөлттэй нэлээд холбоотой.
  • Өрхийн орлого: Сүүлийн 2 жил эдийн засгийн өсөлт удааширч, өрхийн орлого буурах хандлагатай байгаа. Дундаж цалин өсөлтгүй болсон тул ажилтай иргэд шаардлагагүй худалдан авалтаас зайлсхийж буй. Харин ажилгүй хүмүүст улсын төсвөөс бэлнээр тараадаг байсан олон төрлийн халамжийн мөнгө эрс хумигдсан. Иймд, үнийг хөөрөгддөг байсан хэрэглээ тодорхой түвшинд тогтож, орлогын хэмжээндээ хязгаарлагдаж буй.
  • Гадаад орчин: 2008 оны санхүүгийн хямралаас бүрэн сэргэж амжаагүй өнөөгийн дэлхийд инфляцийн түвшин ихэнхи орнуудад буурсан. Тэр дундаа Хятадад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нэлээд нам дор болчихсон. Импортын бараагаа авдаг гадны орнуудад үнэ өсөхгүй байна гэдэг нь Монголд үнэ өсөхгүй байх нэг том шалтгаан болж буй.
  • Бензиний үнэ: Ялангуяа, ₮1600 хавьд нэлээд тогтвортой байсан АИ92-ийн үнэ энэ жил ₮1500 руу орсон нь инфляци нам дор түвшинд хадгалагдах нэг шалтгаан болж буй. ШТС дээр бензины үнэ нэмэгдэхээр лангуун дээр дагаад юмны үнэ өсдөг зүй тогтол сүүлийн жилүүдэд ажиглагдсангүй.
  • Уул уурхай, барилгын салбарын уналт: Бидний хэрэгцээт бараа гадаадад хангалттай байлаа ч, Монголд хүрэлцэх хэмжээгээр л тээвэрлэгдэж ирэхгүй бол үнэ нь өснө. Ганцхан төмөр замаар урд хөршөөсөө ихэнхи бараагаа зөөдөг манай орны хувьд галт тэргэндээ нэг барааг их ачснаар бусад барааны тээвэрлэлт хязгаарлагддаг том бэрхшээл бий. Жишээ нь, барилга уул уурхайн салбар идэвхитэй өрнөж байсан өмнөх жилүүдэд барилгын материал, эсвэл уурхайн тоног төхөөрөмжийн импортоос болж хэрэглээний барааны тээвэрлэлтэд саатал үүсдэг байв. Харин одоо нэгэнт барилга, уул уурхайн салбар урьдынх шигээ идэвхитэй байхаа больсноос гадна дотооддоо барилгын материал үйлдвэрлэх чадавхи ч эрс сайжирсан тул энэхүү дарамт буурчээ.
  • Дэд бүтэц, барилгын материал үйлдвэрлэх чадвар сайжирсан: Нөгөө талаас, сүүлийн жилүүдэд төмөр замын тээвэрлэх чадвар нэлээд дээшилсэн. Жишээ нь, УБ-аас Замын-Үүд хоорондох 1 вагоны эргэлтийн хугацаа 25% хурдассан. Түүнчлэн, хатуу хучилтат замууд тавигдаж, агуулах зоорьны багтаамж нэмэгдсэн. Иймд, тээвэрлэлтийн бэрхшээлээс үүдэлтэй үнэ өсдөг асуудал багассан гэсэн үг.
  • Цаг агаар: Сүүлийн үед нийт нутгаар өвөлжилт харьцангуй сайн жилүүд үргэлжилж буй. 2000-02, 2009-10 онууд шиг малын 20% орчим нь хорогдсон зуд болсонгүй. Улмаар малын тоо толгой тогтвортой өссөн. Энэ нь махны нийлүүлэлт нэмэгдэх том шалтгаан юм. Нөөц махны бэлтгэл ч сайжирч, хаврын хомс цагт ч махны үнэ харьцангуй тогтвортой хадгалагддаг болсон. Хэрэглээний сагсанд чухал байр суурь эзэлдэг мах махан бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байгаа нь үнийн түвшин нам дор байх том шалтгаан болно.

Тэгэхээр, нэг талаас хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нийлүүлэлт талаас нөлөөлдөг дарамт буурчээ. Харин нөгөө талаас, үнийг өдөөдөг байсан эрэлт ч буурч. Үр дүнд нь, болж л өгвөл тэнгэрт хадчихдаг байсан инфляци харьцангуй нам дор түвшинд оржээ.

Тэгвэл Дефляци айх зүйл мөн үү?” гэдэг чухал асуудал үлдэж байна. Хэрэглэгчдийн хувьд, хүнсний үнэ буурсан нь түрийвчинд нь мэдээж хэмнэлттэй тусна. Харин цаашид үнэ яах вэ гэдгээс энэхүү асуултын хариу хамаарна.

 

Б. Түмэнцэнгэл

Дээш буцах

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.