Монголбанк
Буцах

Орон сууцны ипотекийн зээлтэй холбоотой 10 асуулт, хариулт

1. Орон сууцны үнийг цаашид өсгөхгүй байх тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

• Монголбанк дэд хөтөлбөрийн хүрээнд барилгын материалын үнийг тогтвортой байлгах зорилгоор 235 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 100 компанид олгоод байна. Орон сууцны барилгын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд зориулж 355 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгосон. Үүнээс 42 компанийн 221 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкууд шийдвэрлээд байна.

• Орон сууцны үнийг үндэслэлгүй нэмсэн компаниудад холбогдох байгууллагууд хариуцлага тооцохоо ч мөн мэдэгдээд байна. Монголбанкны зүгээс хөтөлбөрөөс хасах, дахин санхүүжилт олгохгүй байх арга хэмжээг авна.

2. 8 хувийн хүүтэй зээлийн санхүүжилт цаашид хэр удаан үргэлжлэх вэ?

• Шинээр бий болгож байгаа орон сууцны санхүүжилтийн тогтолцоо нь урт хугацаанд тогтвортой ажиллах механизм юм. Монголбанк энэ тогтолцоог бий болгох зорилгоор хөрөнгийн зах дээр томоохон хөрөнгө оруулагч сангууд бий болтол санхүүжилтийг хариуцаж байна. Тиймээс орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх эх үүсвэр гацаанд орохгүй.

3. Орон нутагт энэ зээл үйлчлэх үү? Ямар нэгэн хөнгөлөлт урамшуулал байгаа юу?

• Монгол улс даяар хэрэгжих бөгөөд Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг банк болон орон нутагт ажиллаж буй түүний салбар нэгжүүд дагаж мөрдөн ажиллана. Иймд банкуудын орон нутаг дахь салбар нэгжээр дамжин орон сууцны ипотекийн зээл хөдөө орон нутгийн иргэдэд хүрэх боломжтой.

4. Засгийн газрын ерөнхий журамд орон сууцны урьдчилгааг 10-30 хувь гэж заасан. Гэтэл зээл хэрэгжиж эхлэхэд банкууд 30 хувийн урьдчилгаа шаардаж байна?

• Урьдчилгаа төлбөрийг 30 хувиар тогтоосон нь зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтөд дарамт учруулахгүй байх, банкны салбарыг эрсдэлээс хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн зохицуулалт юм.

• Орон сууцны ипотекийн зээлд үзүүлэх аливаа хөнгөлөлтийн хувьд Засгийн газраас хүн амын зорилтот бүлэгт чиглэсэн тусгай хөтөлбөр боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг бий болгох, түүний үйл ажиллагааны чиглэл, хөнгөлөлтийн төрөл, хэлбэр зэргийг тодорхойлох үед илүү тодорхой тусгалаа олох боломжтой.

5. Өмнөх зээлийг дахин санхүүжүүлэхэд 6 сарын зээлийн түүх шаардаж байсныг Монголбанкнаас болиулж журамдаа өөрчлөлт оруулсан гэсэн?

• Монголбанк журмаа эргэн харж, дахин санхүүжилт хийхэд заавал 6 сарын зээлийн түүх шаарддаг байсныг болиулах шийдвэр гаргасан. Тиймээс 2 сарын өмнө зээл авсан зээлдэгч шинээр зээл авч буй зээлдэгчтэй адил 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлд шилжих боломжтой болж байна гэсэн үг юм.

6. Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй гэсэн лавлагааг хэрхэн авч байгаа вэ? Мөн орон нутагт энэ лавлагааг гаргаж байгаа юу?

• Энэ лавлагааг хурдан шуурхай гаргах талаар холбогдох байгууллагуудтай ярилцан шийдвэрлэсэн. ШШГЕГ-ын зүгээс лавлагаа гаргах хэсэгт ажиллах ажилтны тоог нэмэгдүүлсэн бөгөөд банкнаас шууд цахим хэлбэрээр мэдээлэл солилцож лавлагаа гаргах боломжтой болоод байна.

• Хөдөө орон нутгийн иргэд орон нутаг дахь ШШГЕГ-т хандаж, ШШГЕГ-ын орон нутаг дахь нэгж нь Улаанбаатар хотоос дотоод сүлжээгээр мэдээллээ авч иргэдэд уг лавлагааг шуурхай гаргаж өгөхөөр болсон.

7. Иргэдийн зүгээс зээлийг дахин санхүүжүүлэхэд банкууд харилцан адилгүй шимтгэл авч байна гэсэн гомдол их байна?

• Монголбанк холбогдох хууль тогтоомжийн дагуу банкны дотоод үйл ажиллагаанд оролцохыг хориглосон байдаг. Банкны үйлчилгээний шимтгэл, хураамжийн асуудал дээр одоогоор Монголбанкнаас хязгаарласан аливаа зохицуулалт байхгүй байгаа.

• Монголбанк банкуудын шимтгэл хураамжийн нөхцөлийн мэдээллийн ил тод байдлыг хангуулах чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Үүний үр дүнд зах зээлийн өрсөлдөөний зарчмаар банкуудын ялгаатай байгаа шимтгэл, хураамжийн нөхцөл ижил түвшинд хүрнэ.

8. Хуучин орон сууцыг барьцаалан урьдчилгаа төлбөрийн зээлийг нэг банкнаас авч, шинэ орон сууц худалдан авах зээлийг өөр банкнаас авч болох уу?

• Зээл зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхэд тавих хяналтыг сайн байлгах үүднээс хуучин орон сууц барьцаалан урьдчилгаа төлбөрийн зээл олгох, шинээр орон сууц худалдан авахад зориулан олгох зээлийн үйл ажиллагааг нэг ижил банкаар дамжуулан явуулах юм.

9. 80м2-аас дээш талбайтай бол ипотекийн 8 хувьд шилжих боломж байхгүй гэсэн. Энэ нөхцлөө эргэж харж болохгүй юу?

• Засгийн газраас баталсан “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ын нэг гол нөхцөл нь орон сууцны нийт талбайн хэмжээ 80м2-аас дээшгүй байх шаардлага юм. Банкуудын олгосон орон сууцны ипотекийн зээлийн 77 орчим хувь нь 80м2-аас бага талбай бүхий орон сууцаар барьцаалагдаж байна.

• Нөгөө талаас, орон сууцны талбайн хэмжээг хязгаарлаж байгаа нь иргэдийн хэрэгцээ шаардлагаас үл хамааран орон сууцны барилгын загвар, бүтцийг өөрчлөх хандлагатай тул энэ хязгаарлалт төдийлэн удаан хугацаанд хэрэгжихгүй гэж үзэж байгаа.

10. Банкууд зээлийг дахин санхүүжүүлэхэд харилцан адилгүй материал бүрдүүлэхийг шаардаж байна?

• Орон сууцны зээл нь урт хугацаатай байдаг учир зээлдэгчийн мэдээлэл хуучирсан, өөрчлөгдсөн байдаг, нөгөө талаар одоогийн энэхүү шинэ тогтолцооны хувьд орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжуулах замаар зээлийн эх үүсвэрийг дахин бий болгох үйл явц явагдах тул үнэт цаасжуулалт хийхэд шаардагдаж буй баримт бичгийн бүрдэл бүрэн байх нь чухал юм.

Дээш буцах

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.