Монголбанк
    Монголбанкны Ерөнхийлөгчийн
2012 оны 2 дугаар сарын ...-ны өдрийн
... дүгээр тушаалын хавсралт


ГЭМТЭЛТЭЙ ГАДААДЫН МӨНГӨН ТЭМДЭГТИЙГ СОЛИХ ЖУРАМ



Нэг. Нийтлэг үндэслэл


1.1.Энэ журмын зорилго нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу хүчинтэй боловч гэмтэлтэй гадаадын мөнгөн тэмдэгтийг банк хүлээж авах, солихтой холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2. Энэ журмын 1.5-д заасан гэмтэлтэй гадаадын мөнгөн тэмдэгтийг ижил төрлийн мөнгөн тэмдэгтээр холбогдох шимтгэлийг суутган солих (цаашид солих гэх) үйл ажиллагаанд Монголбанкны Валют, эдийн засгийн газар (цаашид ВЭЗГ гэх), Мөнгөний бодлого, судалгааны газар (цаашид МБСГ гэх), Төлбөр тооцоо, бүртгэлийн газар (цаашид ТТБГ гэх), банкууд, тэдгээрийн захирал, ажил хариуцсан эдийн засагч, нягтлан бодогч болон нярав нар дагаж мөрдөнө.

1.3.Энэ журмын 1.1-д заасан “гадаадын мөнгөн тэмдэгт” гэдэгт зөвхөн гадаадын цаасан дэвсгэртийг ойлгоно.

1.4 Дор дурьдсан шинж бүхий гадаадын мөнгөн тэмдэгтийг хүчингүйд тооцно:

  • 1.4.1.Тэмдэгтийн хоёрны нэг буюу түүнээс дээш хэсэг нь тасарч алга болсон;
  • 1.4.2 Олон хэсэг болон тасарч, тэдгээрийг эвлүүлэхэд нэг тэмдэгт мөн биш нь ялгагдахгүй болсон;
  • 1.4.3. Шалгагч машинд уншигдахгүй буюу хуурамч тэмдэгт байж болзошгүй;
  • 1.4.4. Тэмдэгтийн тоо, үсэг, зураг, хэмжээ, өнгө зэрэг нь бүхэлдээ өөрчлөгдсөн;
  • 1.4.5. Хоёр өөр тэмдэгтийн тасархай наагдсан, серийн дугаар зөрсөн.

1.5.Энэ журмын 1.4-т заасан шинж тэмдэг агуулаагүй бөгөөд дор дурьдсан шинж бүхий гадаадын мөнгөн тэмдэгтийг гэмтэлтэйд тооцно:

  • 1.5.1.Их хэмжээгээр хиртсэн, элэгдсэн, өнгө зүсээ алдсан;
  • 1.5.2.Тэмдэгтийн хоёрны нэгээс бага хэсэг нь гэмтсэн (урагдсан, тасарсан, цоорсон, тасарсныг эргүүлж наасан);
  • 1.5.3.Будаг, тос, бэх, бичээс болон бусад төрлийн бодис тогтсон; Галд шатаад гуравны хоёроос дээш хэсэг үлдсэн;
  • 1.5.4. Усанд норсон;
  • 1.5.5. Их хэмжээгээр үрчийж хумигдсан.

1.6. Банк нь энэ журмын 1.4, 1.5-д зааснаас бусад гадаадын мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд авна.

1.7. Банк нь иргэн, хуулийн этгээдийн энэ журмын 1.5-д заасан мөнгөн тэмдэгтийг солиулах тухай хүсэлтийг энэ журмын нэгдүгээр хавсралтын дагуу хүлээн авна.

Хоёр. Гэмтэлтэй гадаадын мөнгөн тэмдэгтийг солих үйл ажиллагаа


2.1.Бэлэн валютын зузаатгал эрхэлдэг банк нь гэмтэлтэй гадаадын мөнгөн тэмдэгтийг солих үйл ажиллагааг өөрийн дотоод журмын дагуу явуулна

2.2. Бэлэн валютын зузаатгал эрхэлдэггүй банк нь бэлэн валютын зузаатгал эрхэлдэг бусад банкаар дамжуулан банк хооронд байгуулсан ерөнхий гэрээний дагуу энэ журмын агуулгад нийцүүлэн явуулна.

2.3. Энэ журмын 2.2-т заасан банк нь Монголбанкаар дамжуулан гэмтэлтэй гадаадын мөнгөн тэмдэгтийг солих үйл ажиллагааг эрхэлж болно. Энэ тохиолдолд дараахь байдлаар гүйцэтгэнэ:

  • 2.3.1. Банк нь энэ журмын 1.5-д заасан гэмтэлтэй гадаадын мөнгөн тэмдэгтийг солиулах тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг энэ журмын хоёрдугаар хавсралтын дагуу Монголбанкинд хүргүүлж, Монголбанк нь тусгай дансанд орлогодоно;
  • 2.3.2. Монголбанкинд энэ журмын 2.3.1-д заасны дагуу хүргүүлсэн гэмтэлтэй гадаадын мөнгөн тэмдэгтийг солих эсэх эцсийн шийдвэрийг энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр Монголбанктай гэрээ байгуулсан гадаадын харилцагч банк, шаардлагатай тохиолдолд тухайн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргагч эрх бүхий байгууллага гаргана;
  • 2.3.3. Энэ журмын 2.3.2-т заасан үйл ажиллагааны хугацаа болон гадаадын харилцагч банкны шимтгэлийн хэмжээ нь тухайн мөнгөн тэмдэгтийн гэмтлийн байдал, аль орны мөнгөн тэмдэгт болох зэрэг хүчин зүйлээс хамаарна;
  • 2.3.4. Монголбанк нь зөвхөн дараахь мөнгөн тэмдэгтийг гадаадын харилцагч банкинд явуулах замаар солих үйл ажиллагааг эрхэлж болно:
    • 2.3.4.1. АНУ-ын доллар;
    • 2.3.4.2. Европын Холбооны евро;
    • 2.3.4.3. Японы иен;
    • 2.3.4.4. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын фунт стерлинг.
  • 2.3.5. Энэ журмын 2.3.2-т заасны дагуу солиулахаар явуулсан гэмтэлтэй гадаадын мөнгөн тэмдэгтийн хуурамч болох нь тогтоогдсон бол тухайн тэмдэгтийг солихгүй, буцаан олгохгүй;
  • 2.3.6. Энэ журмын 2.3.2-т заасны дагуу солиулахаар явуулсан гэмтэлтэй гадаадын мөнгөн тэмдэгтийг сольсон эсэх хариуг гадаадын харилцагч банк ирүүлснээс хойш ажлын 3 хоногийн дотор Монголбанк тухайн банкинд мэдэгдэнэ;
  • 2.3.7. Монголбанк нь төлөгдөж ирсэн цэвэр дүнгээс 10 хувьтай тэнцэх шимтгэлийг суутган авна.


Гурав. Монголбанкны бүрэн эрх


3.1. Монголбанк нь энэ журмын 2.3.2-т заасны дагуу солиулахаар явуулсан гэмтэлтэй гадаадын мөнгөн тэмдэгтийг гадаадын харилцагч банк солих эсэхэд баталгаа гаргахгүй;

3.2. Монголбанк нь энэ журмын 2.3.2-т заасан үйл ажиллагааг тогтоосон хугацааны дотор гүйцэтгэх үүрэг хүлээхгүй.

Дөрөв.Банкны эрх, үүрэг


4.1. Банк нь дор дурьдсан эрхтэй:

  • 4.1.1. Энэ журмын 1.5-д заасан гэмтэлтэй мөнгөн тэмдэгтийг сольсон тохиолдолд өөрийн дотоод журмын дагуу харилцагчаас шимтгэл авах;
  • 4.1.2. Энэ журмын 1.4-т заасан шинж тэмдэг бүхий гадаадын мөнгөн тэмдэгтийг солихоос татгалзах.

4.2. Банк нь дор дурьдсан үүрэгтэй:

  • 4.2.1. Хуурамч мөнгөн тэмдэгт илрүүлэх тусгай тоног төхөөрөмжтэй байх;
  • 4.2.2. Иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу гэмтэлтэй гадаадын мөнгөн тэмдэгтийг тоолж шалган, энэ журмын нэгдүгээр хавсралтын дагуу хүлээж авах;
  • 4.2.3. Хуурамч байж болзошгүй мөнгөн тэмдэгт илэрвэл хуулийн байгууллагад шалгуулах арга хэмжээ авах;
  • 4.2.4. Энэ журмын 1.4, 1.5-д заасан мөнгөн тэмдэгтийн талаар анхааруулсан бичгийг харилцагчдад ил харагдах газар байрлуулж, тэдэнд тайлбарлах.


Тав.Хариуцлага


5.1. Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

5.2. Банк санамсаргүй болон санаатайгаар хүчингүй эсвэл хуурамч мөнгөн тэмдэгтийг авсан тохиолдолд тухайн банк хариуцна.

“Гэмтэлтэй гадаадын мөнгөн тэмдэгтийг солих журам”-ын хавсралт

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.