Монголбанк

Буцах

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл

Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2007 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хамтарсан тушаалаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ) анх байгуулагдсан.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 272 зүйлд зааснаар СТБЗ-ийн үндсэн чиг үүрэг нь Монгол Улсын санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахтай холбоотойгоор тогтолцооны шинжтэй эрсдэлийг илрүүлэх, хянах, бууруулах талаар хэлэлцэж, гишүүдийн үйл ажиллагааг уялдуулах явдал юм.

СТБЗ-ийн бүрэлдэхүүнд Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн Сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал багтдаг. СТБЗ-ийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь түүний ээлжит болон ээлжит бус хуралдаан бөгөөд ээлжит хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулж байна.

СТБЗ-ийн 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу олон нийтэд хүргэж буй мэдээллийн чанарыг сайжруулах, санхүүгийн талаарх иргэдийн суурь мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын тайлан”-г хагас жил тутам нэгтгэн боловсруулж, олон нийтийн хүртээл болгож байна.

Монголбанкин дахь СТБЗ-ийн Ажлын алба нь санхүүгийн системийн эрсдэлийн үнэлгээ хийх, СТБЗ-ийн гишүүн байгууллагуудаас хэрэгжүүлж буй макро эдийн засгийн болон санхүүгийн бодлогуудын харилцан уялдааг сайжруулах, системийн эрсдэлийг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж СТБЗ-д танилцуулж шийдвэрлүүлэх, Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын тайланг хагас жил тутам нэгтгэн боловсруулж олон нийтэд хүргэх үндсэн чиг үүрэг бүхий байнгын үйл ажиллагаатай нэгж юм.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27-2 дугаар зүйл. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл

  • "1. Монгол Улсын санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахтай холбоотойгоор тогтолцооны шинжтэй эрсдэлийг илрүүлэх, хянах, бууруулах талаар хэлэлцэж, гишүүдийн үйл ажиллагааг уялдуулах чиг үүрэг бүхий Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ажиллана.
  • 2. Зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал орно.
  • 3. Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байна.
  • 4. Зөвлөлийн дүрмийг зөвлөлийн гишүүд хамтран батална.
  • 5. Зөвлөл нь дараахь асуудлыг хэлэлцэнэ:
    • 1/хууль тогтоомжийн хүрээнд харилцан солилцох мэдээ, мэдээлэл;
    • 2/санхүүгийн тогтолцооны тогтвортой, тэнцвэрт байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлтэй, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд хамтарсан дүн, шинжилгээ хийх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох;
    • 3/хямралаас сэргийлэх, хямралыг даван туулах үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилт, зохион байгуулалт;
    • 4/банкийг дахин хөрөнгөжүүлэх асуудал, түүний нөхцөл;
    • 5/хуульд заасан бусад.
  • 6. Зөвлөлийн ажлын албаны үүргийг Монголбанк хэрэгжүүлнэ.

/ Төв банкны тухай хуулийн 27-2 зүйл /

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.