Буцах

Макро зохистой бодлого

Макро зохистой бодлогын үүсэл, хөгжил

Урт хугацаанд тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийн чухал суурь нөхцөл нь макро эдийн засгийн тогтвортой байдал юм. Макро эдийн засгийн тогтвортой байдал гэдэг нь дотоод тэнцвэр буюу бүрэн ажил эрхлэлттэй үеийн үнийн тогтвортой байдал болон гадаад тэнцвэр буюу төлбөрийн тэнцлийн тогтвортой байдал урт хугацаанд хангагдахыг хэлнэ. 2008 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас хойш микро зохистой бодлогоос гадна макро зохистой бодлогын хэрэглээ, түүний ач холбогдол ихээхэн нэмэгдсэн юм.

Макро зохистой бодлого гэж юу вэ?

Макро зохистой бодлого гэдэг нь санхүүгийн нийт системийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн бодлогын цогц арга хэмжээ юм. Энэхүү бодлогын үндсэн зорилт нь хуримтлагдаж буй системийн эрсдлийг хязгаарлах замаар санхүүгийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, системийн эрсдэл нэгэнт үүсэх нь тодорхой болсон тохиолдолд түүнд бэлтгэлтэй байх болон тэрхүү эрсдлэлийг алдагдал багатайгаар туулах явдал юм.

Макро зохистой бодлогын үндсэн арга хэрэгслүүд

Макро зохистой бодлогын гол хэрэгсэл нь системийн эрсдлийг удирдах зорилго бүхий зохистой харьцааны үзүүлэлтүүд байдаг. Тухайн улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйд тулгарч болзошгүй эрсдэлээс хамааран улс орнууд макро зохистой арга хэрэгслээс сонголтоо хийн хэрэгжүүлдэг. Макро зохистой бодлогын үндсэн хэрэгслүүдийг эдийн засгийн үзүүлэлтүүдтэй уялдуулан Хүснэгт 1-д харуулав.

Хүснэгт 1. Зарим макро зохистой үзүүлэлтүүд ба МЗБХ-үүд

Бодлогын хэрэгслүүд Боломжит үзүүлэлтүүд
Өөрийн хөрөнгөд суурилсан хэрэгслүүд
Мөчлөг сөрсөн өөрийн хөрөнгийн нөөц Зээлийн мөчлөг
Динамик эрсдэлийн сан Банк тус бүрийн зээлийн өсөлт, эрсдэлийн сан
Өөрийн хөрөнгийн шаардлага /салбараар/
  • Зээлийн өрийн үлдэгдэл, шинээр олгосон зээл салбаруудаар: банк хооронд, санхүүгийн бус хувийн салбар, өрх гэх мэт;
  • Салбарын төвлөрлийн үзүүлэлтүүд;
  • Үл хөдлөх хөрөнгийн үнэ (хөрөнгө оруулалтын болон орон сууцны, шинэ болон хуучин);
  • Орон сууцны үнэ, түрээсийн харьцаа;
Хөрвөх чадварт суурилсан хэрэгслүүд
Мөчлөг сөрсөн хөрвөх чадварын шаардлага
  • Богино хугацааны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа (liquidity coverage);
  • Тогтвортой санхүүжилтийн харьцаа (NSFR);
  • Хөрвөх чадвар бүхий актив, нийт активын харьцаа;
  • Хөрвөх чадвар бүхий актив, богино хугацаат өр төлбөрийн харьцаа;
  • Зээл-хадгаламжийн харьцаа;
  • Хүүгийн зөрүү;
Зах зээлийн маржин ба хямдруулалт (haircut)
  • Маржин ба хямдруулалт;
  • Авах-зарах үнийн зөрүү;
  • Хөрвөх чадварын үнэ (liquidity premium);
  • Банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын хөшүүрэг;
Активт нөлөөлөх хэрэгслүүд
  • Зээл-үнэлгээний харьцаа (LTV);
  • Өр-орлогын харьцаа (DTI)
  • Үл хөдлөх хөрөнгийн үнэ (хөрөнгө оруулалтын болон орон сууцны, шинэ болон хуучин);
  • Орон сууцны үнэ, түрээсийн харьцаа;
  • Орон сууцны зээлийн өсөлт;
  • Өрхийн эмзэг байдлыг илэрхийлэгч үзүүлэлтүүд;

Эх сурвалж: Committee on the Global Financial System (2012).

Макро зохистой бодлого, түүний хэрэгжилт

Монголбанк нь санхүүгийн системийн эрсдэлийг бууруулах, эдийн засгийн мөчлөгийн далайцыг багасгах зорилгоор мөчлөг сөрсөн, эрсдэлд суурилсан микро хяналт шалгалт болон макро зохистой бодлогын цогц арга хэрэгслүүдийг нэвтрүүлэн ашиглаж байна. Монголбанкнаас банкны салбарын эрсдэл даах чадварыг сайжруулах хүрээнд 2015-2016 онд дараах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Үүнд:

  • Банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум төгрөг болгон нэмэгдүүллээ.
    Ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн А-58 дугаар тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо. Энэхүү шаардлагыг биелүүлэх хугацааг эдийн засгийн нөхцөл байдал, банкны төлбөрийн чадвар, үйл ажиллагааны онцлог, систем дахь өрсөлдөөний хандлагыг харгалзан банк бүрээр харилцан адилгүй тогтоож, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг эцсийн хугацаа байхаар шийдвэрлэсэн болно.
  • “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталлаа.
    Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А-67 дугаар тушаалаар дээрх журмын дагуу санхүүжүүлэх орон сууцны ипотекийн зээл нь 360 хүртэл сарын хугацаатай, урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүй буюу зээл үнэлгээний харьцаа 70 хувиас дээшгүй байх (LTV харьцаа 70%), өр, орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх (DTI харьцаа 45 хувь) нөхцөлийг хангах шаардлагыг зээлдэгчид тавьж байна. Энэ нь макро зохистой бодлогын актив, зээлдэгчид нөлөөлөх нэг төрлийн хэрэгсэл юм.
  • Ханшийн эрсдэлтэй зээлдэгчид олгосон валютын зээлийн эрсдэлээр жигнэх хувийг нэмэгдүүлэв.
    Гадаад валютын зээлийн эрсдэлийг бууруулах макро зохистой бодлогын хүрээнд ханшийн эрсдэлээс хамгаалагдаагүй гадаад валютын зээлийн эрсдэлийн жинг өсгөх замаар банкуудын төлбөрийн чадвар, өөрийн хөрөнгийн хүрэлцээг чангатгалаа. Энэ нь зээлийн долларжилтыг саармагжуулах, гадаад валютын зээлийн эрсдэлийг бууруулах, улмаар санхүүгийн тогтвортой байдлыг дунд, урт хугацаанд хангахад чухал алхам болсон бөгөөд нийт зээлд валютын зээлийн эзлэх хувь болон валютаар зээл олгох сэдлийг бууруулсан.
  • Хэвийн зээлд 1 хувийн эрсдэлийн сан байгуулах шийдвэр гаргав.
    Макро зохистой бодлогын үндсэн арга хэрэгслүүдийн нэг болох динамик эрсдэлийн санг нэвтрүүлэх боломжийг судлан шинээр олгосон хэвийн зээлд нэг хувийн ерөнхий эрсдэлийн сан байгуулах зохицуулалтыг бий болгосон.
  • Банкны салбарын өөрийн хөрөнгийн бүтцийг оновчтой болгох шалгуур тавив.
    Банкны системийн өөрийн хөрөнгийн бүтцийг оновчтой болгож, Базел II-ийн хүрээний зөвлөмжид нийцүүлэх зорилгоор өмнө ашиглаж байсан өөрийн хөрөнгөд оруулан тооцох хоёрдогч өглөгийн хэмжээ нь I зэрэглэлийн өөрийн хөрөнгийн 50 хувиас, II зэрэглэлийн өөрийн хөрөнгө нь I зэрэглэлийн өөрийн хөрөнгөөс хэтрэхгүй байх хязгаарлалтуудыг мөрдүүлж эхлээд байна.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.