Монголбанк

Буцах

Мөнгөний бодлогын шилжих механизм


Мөнгөний бодлогын үйл ажиллагаа нь мөнгөний бодлогын шилжих механизмаар дамжин эцсийн зорилгодоо хүрч хэрэгждэг. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлогын хэрэгсэлд гарсан өөрчлөлт нь ямар сувгуудаар дамжин бодлогын эцсийн зорилгодоо нөлөөлж байгааг мөнгөний бодлогын шилжих механизм илэрхийлнэ. Энэхүү шилжих механизм нь инфляцийг онилох мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд илүүтэй ашиглагддаг бөгөөд Зураг 2-т мөнгөний бодлогын шилжих механизмын хүүний, хөрөнгийн үнийн, хүлээлтийн болон валютын ханшны үндсэн сувгуудыг харуулав.

Бодлогын хэрэгсэлд гарсан өөрчлөлт нь үйл ажиллагааны зорилтоор дамжин банкны болон санхүүгийн зах зээлийн хүүний түвшин, (ипотекийн болон хадгаламжийн), олон нийтийн эдийн засгийн хэтийн төлөвийн талаархи хүлээлт, хөрөнгийн үнэ, валютын ханш; улмаар хувь хүн болон пүүсийн зардал, хадгаламж болон хөрөнгө оруулалтын үйл хөдлөлд нөлөөлдөг. Жишээ нь бусад хүчин зүйлс тогтмол үед хүүний өсөлт нь хадгаламжийг зардлаас илүүд үзэхэд хүргэнэ, мөн валютын зах дээрх үндэсний валютын ханш чангарснаар гадаадад үйлдвэрлэгдсэн бараа харьцангуй хямдарч дотоодын бараа, үйлчилгээний эрэлтэд нөлөөлнө. Эрэлт нийлүүлэлтийн харьцаа (хөдөлмөрийн зах зээл болон бусад зах зээлийн хувьд) нь дотоод инфляцийн дарамтад нөлөөлөх бөгөөд тухайлбал, хөдөлмөрийн эрэлт нь нийлүүлэлтээсээ давсан тохиолдолд пүүс цалингийн өсөлттэй холбоотой нэмэгдэл зардлыг барааны үнэд шингээснээр инфляци өсөх боломжтой. Ханшинд гарах өөрчлөлт нь шууд болон шууд бус замаар инфляцид тусгалаа олох бөгөөд импортын бараа, үйлчилгээний үнэд нөлөөлснөөр инфляцид шууд нөлөөлдөг бол дотоодын экспорт, импортын хэмжээ буюу цэвэр гадаад эрэлтэд нөлөөлснөөр инфляцид шууд бус замаар нөлөөлнө.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.