Монголбанк

Буцах

Мөнгөний бодлогын шийдвэр гаргалт


Мөнгөний бодлогын шийдвэр гаргалт: Монголбанк

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл мөнгөний бодлогын асуудлаар тодорхой давтамжтайгаар хуралдаж шийдвэрээ гаргадаг байна.

Мөнгөний бодлогын асуудлаар хуралдах товыг төлөвлөхдөө Монголбанк эдийн засгийн болон инфляцийн улирлын хэлбэлзэл, түүхэн хандлага, улсын нэгдсэн төсвийн параметрууд тодорхой болох үе гээд олон хүчин зүйлсийг харгалзан үздэг байна.

Орон тооны 9, орон тооны бус 5 гишүүнээс бүрдэх Мөнгөний бодлогын зөвлөл мөнгөний бодлогын хүүг өөрчлөх эсэх; нээлттэй захын үйл ажиллагааны зарчмуудыг тодорхойлох; урт хугацаатай Төв банкны үнэт цаасны гаргах хэмжээг тодорхойлох; заавал байлгах нөөцийн хувийг өөрчлөх; мөнгөний бодлогын хэрэгслүүдийн журам батлах, шинэчлэн өөрчлөх; эдийн засгийн үзүүлэлтүүдийн таамаглалыг хэлэлцэх; валютын ханшийн зохистой түвшинг тодорхойлох зэрэг бодлогын шинжтэй асуудлуудыг хэлэлцэж Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөх ба эцсийн шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч гаргадаг байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс гарсан мөнгөний бодлогын шийдвэрийг Хэвлэлийн хурал зарлан олон нийтэд танилцуулдаг бөгөөд хурлын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч нар мөнгө, ханшийн бодлогод өөрчлөлт оруулах/эс оруулах шийдвэрт хүрсэн үндэслэлээ тайлбарладаг байна.

Хэвлэлийн хурлын товыг оны эхэнд Монголбанкны цахим хуудаст урьдчилан байршуулан олон нийтэд мэдэгддэг байна.

Мөнгөний бодлогын шийдвэр гаргалт: Олон улсын туршлага

Орчин үеийн төв банкуудын мөнгөний бодлогод гарч буй чухал дэвшлийн нэг нь дан ганц хүний шийдвэр гаргалтаас зөвлөлийн шийдвэр гаргалтанд шилжиж буй явдал юм. 1990-ээд оны дундуур нөлөө бүхий төв банкууд болох Английн төв банк болон Японы төв банк мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэр гаргалтанд шилжсэн үеэс мөнгөний бодлогын зөвлөл бусад улс орнуудын анхаарлыг онцгой татах болов.

Тэр дундаа инфляцийг онилох мөнгөний бодлогын арга хэлбэрийг амжилттай хэрэгжүүлж буй төв банкуудын мөнгөний бодлогын шийдвэр мөнгөний бодлогын зөвлөлөөр дамжин гарах болсон. Тухайлбал, инфляцийг онилох мөнгөний бодлогыг хэрэжүүлж буй Азийн орнууд (Тайланд, Солонгос), Скандинавын хойгийн орнууд (Норвеги, Финлянд), Европын орнууд (Англи, Польш, Чех, Исланд, Израил, Испани, Унгар), Америк тивийн орнууд (Чили, Бразил, Колумби, Мексик, Канад) мөнгөний бодлогын шийдвэрийг мөнгөний бодлогын зөвлөлөөр хэлэлцүүлэн гаргаж байна.

Мөнгөний бодлогын зөвлөл болон дан ганц хүний шийдвэрийг харьцуулсан олон судалгааны ажлууд олон улсын түвшинд хийгдсэн бөгөөд зөвлөлийн шийдвэр нь цаг хугацаа өнгөрөх тусам дан ганц нэг хүний шийдвэрээс хэзээд илүү оновчтой (төв банкны алдагдлын функцын утга бага байх), хэрэгжилт нь илүү сайн байдаг (инфляцийн түвшин бага)-ийг харуулж байна.

Мөнгөний бодлогын зөвлөл нь зөвхөн шийдвэр гаргах төдийгүй, шийдвэр бүрийнхээ үндэслэл, ач холбогдлыг бусад холбогдох байгууллага, олон нийтэд мэдээлэх үүргийг хүлээдэг. Нөгөө талаас мөнгөний бодлогын шийдвэрийг зөвлөлөөр шийдвэрлэх нь төв банкны шийдвэр гаргалтын хараат бус, бие даасан байдлыг хангах (улс төрийн дарамт, шахалтаас зайлсхийх), бодлогын шийдвэрийг мэргэжлийн өндөр түвшинд гаргах чадавхийг бий болгох, бодлогын шийдвэрийн үр нөлөөг дээшлүүлэх, гаргасан шийдвэрийн хариуцлага хүлээх байдал нээлттэй, тодорхой болох зэрэг олон давуу талыг дагуулдаг. Эдгээр нь төв банкны ил тод байдлыг нэмэгдүүлэх бөгөөд олон нийтийн төв банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх болон бодлогын хэрэгжилт нь инфляцийн хүлээлт, рациональ үйл хөдлөлөөр илрэн сайжрах үндэс бүрдэх зэрэг олон ач холбогдолтой юм.

Улс орнуудын туршлагаас харахад ихэнх орнуудын хувьд мөнгөний бодлогын зөвлөл нь тухайн улсын мөнгөний бодлогын гол хэрэгслийг өөрчлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг байна. Тухайлбал, Англи, Чех, Норвеги, Бразил зэрэг улсуудын болон Европын Төв банкны мөнгөний бодлогын зөвлөл нь бодлогын суурь хүүгээ өөрчлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг байна. Польш, Тайланд зэрэг улсуудын мөнгөний бодлогын зөвлөл нь бодлогын үндсэн хэрэгслийг өөрчлөх асуудлаас гадна заавал байлгах нөөцийн хувийг өөрчлөх, мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэх, түүний биелэлтийг дүгнэх, мөнгөний бодлоготой нийцсэн валютын ханшны зохистой түвшинг тодорхойлох, гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас авсан зээлийн хэмжээний дээд хязгаарыг тогтоох, Төв банкны санхүүгийн төлөвлөгөөг батлах, Төв банкны санхүүгийн тайланг хүлээн авах, нээлттэй захын үйл ажиллагааны зарчмуудыг тодорхойлох, Төв банкны зүгээс хийж буй эдийн засгийн үзүүлэлтүүдийн таамаглалыг батлах зэрэг асуудлыг хариуцдаг байна.

Харин Австрали, Канад, Норвеги зэрэг улсуудын хувьд Төв банкны захирлуудын зөвлөл нь мөнгөний бодлогын гол хэрэгслээ өөрчлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг байна. Шинэ Зеландын мөнгөний бодлогын зөвлөл нь мөнгөний бодлогыг томъёолох, хэрэгжүүлэх тал дээр Төв банкиндаа зөвлөгөө өгөх зорилгоор хуралддаг бөгөөд ямар нэгэн санал хураалт явуулах буюу хурлын протоколыг олон нийтэд танилцуулдаггүй байна.

Улс орнуудын туршлагаас харахад Мөнгөний бодлогын зөвлөлийн хурал нь ихэнхдээ сард нэг удаа эсвэл шаардлагатай тохиолдолд зохион байгуулагддаг байна. Тухайлбал, Чех, Австрали, Бразил, Польш зэрэг улсын мөнгөний бодлогын зөвлөл болон Европын Төв банк бодлогын хүүгээ хэлэлцэх зорилгоор сард тогтмол 1 удаа хуралддаг байна. Харин Тайланд, Норвегийн мөнгөний бодлогын зөвлөл нь 6 долоо хоногийн давтамжтайгаар хуралддаг байна.

Мөнгөний бодлогын шийдвэр гаргах буюу санал хураах үйл явц нь ерөнхийдөө 4 бүлэгт хуваагддаг байна. Үүнд:

  • 1. Мөнгөний бодлогын шийдвэр гаргалтын нэг туйл нь автократ шийдвэр гаргалт буюу тухайн шийдвэрийг Төв банкны ерөнхийлөгч бие даан гаргах хэлбэр юм. Үүний тод жишээ бол Шинэ Зеландын Нөөцийн банк юм. Гэхдээ энэ хэлбэрийг сонгосон төв банкны хувьд мөнгөний бодлогын шийдвэр гаргалт нь зөвхөн ерөнхийлөгчийн ганцаарчилсан тоглолт гэвэл өрөөсгөл ойлголт болно. Тухайн шийдвэр гаргалтанд олон мэргэжилтэн, эрдэмтдийн зөвлөмж, санал бодол нөлөөлж байдаг бөгөөд зөвхөн эцсийн шийдвэрийг ерөнхийлөгч бие даан гаргаж байдаг

  • 2. Харин нөгөө нэг талд цэвэр ардчилсан шинжтэй санал хураалтаар шийдвэр гаргадаг хэлбэр байдаг. Энэ хэлбэрээр шийдвэр гаргалтанд хэн ч гэсэн тэгш эрхтэйгээр оролцох бөгөөд тухайн мөнгөний бодлогын шийдвэр гаргалтын үйл явц нь олон нийтэд бүрэн нээлттэй байснаараа илүү ил тод, нээлттэй байдлыг бий болгож байдаг. Ийм төрлийн МБЗ-ийн гишүүд дийлэнх олонхийн санал авсан шийдвэрийг эцэслэн баталдаг.
    Шийдвэр гаргалтын дээрх хоёр туйлын аль алиных шинжийг агуулсан өөр 2 хэлбэрийг мөн дурьдаж болно. Үүнд:

  • 3. Автократ-хамтарсан: Энэ хэлбэрийн шийдвэр гаргалтын үед Ерөнхийлөгч нь зөвлөлийн бусад гишүүддээ хэр нөлөөлж байна гэдгээр тодорхойлогддог. Зарим тохиолдолд Ерөнхийлөгч нь шийдвэрээ өмнө нь гаргаад зөвлөлийн хурлаар бусад гишүүдэд зөвхөн мэдээлэх хийх буюу өөрийн шийдвэрийг бусдад тулгадаг. Өөр нэг боломж нь МБЗ-ийн гишүүдийн зөвшилцөж гаргасан шийдвэрийг сонсож, эцэст нь бүлгийн санал хураалтыг харгалзан шийдвэр гаргах байж болно. Гэвч аль ч тохиолдолд энэ шийдвэр нь эцэстээ Ерөнхийлөгчийн бие даасан шинжтэй шийдвэр гаргалт байдаг

  • 4. Хамтын: Энэ төрлийн шийдвэр гаргалтын үед МБЗ-ийн хурал хаалттай хэлбэрээр болж, зөвхөн эцсийн шийдвэрийг олон нийтэд зарладаг. Гишүүдийн хэн нь ямар саналтай байсан нь тодорхой бус байдаг бөгөөд зөвхөн зөвлөлөөс гарсан шийдвэр л олон нийтэд хүрдэг. Европын Төв Банкны Удирдах зөвлөл нь энэ арга барилаар ажилладаг ажээ

Олон улсын Төв банкуудын туршлагаас харахад бусадтай харилцах хамгийн түгээмэл хэлбэрүүдэд мөнгөний бодлогын зөвлөлөөс гарсан бодлогын шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудаст нийтлэх, хэвлэл мэдээллийн бага хурал зарлах, хурлын протоколыг нийтэлж олон нийтийн хүртээл болгох, инфляцийн тайланг нийтлэх зэрэг ордог байна.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.