Монголбанк
Буцах

ХЭВЛЭЛИЙН ХУРAЛ: Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэр гаргалт

2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагт Монголбанкнаас Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэр гаргалтыг танилцуулах хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тус хуралд хэвлэл мэдээллийн 35 гаруй байгууллагын сэтгүүлчид оролцов.

Хурлыг нээж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хэлэхдээ: “Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2013 оны 6 дугаар сарын 20, 21, 24-ний өдрүүдэд хуралдан, эдийн засгийн бодит секторыг дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулж, 10.5 хувь болгох шийдвэр гаргалаа. Улсын төсвийн зарлага орлоготойгоо уялдаж бага байгаа, гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрүүдийн үр дүн гарч, инфляци бууран зорилтот түвшин орчимд байгаа зэрэг нь мөнгөний бодлогын хүүг бууруулах боломжийг бүрдүүлж байна. Засгийн газрын бондын зарцуулалт, орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтолцоо нь макро-санхүүгийн орчинд эерэгээр нөлөөлөх хандлагатай хэдий ч, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин тодорхой бус хэвээр байгааг бодлогын шийдвэрт харгалзан үзэв. Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

Төсвийн хувьд зардлаа танах, хэмнэх чиглэлтэй байгаа, оны эхэнд сонгуулийн жил гээд улсын хэмжээнд асар их зардал гарна гэсэн хүлээлтэй байсан ч гурван зуун тендерээс жар нь хэрэгжсэн нь эдийн засагт байгаа төсвийн хүлээлтэд эерэг орон зайг бүрдүүллээ. Үнэ бууруулах хөтөлбөрүүд байгаа нэлээн сайн онолоо. Түрүү жилийн энэ үед Улсын хэмжээнд 15.4%, УБ хотын хувь 16.6% байсан инфляци нь энэ оны 5 дугаар сард улсын хэмжээнд 9.7%, УБ хотод 8.4% болоод байна. Инфляци буурах чиглэлд үргэлжлэх юм бол бодлогын хүүн дээрээ цаашдаа ч гэсэн арга хэмжээ авах төлөвлөгөө байгаа. Гэхдээ Монгол улсын экспорт 30% буурсан төдийгүй гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа нь бидний санааг зовоосон хэвээр байна.



Хэвлэлийн хурлын үеэр тавигдсан асуулт, хариулт:

Сэтгүүлч: Монголбанк бодлогын хүүгээ бурууллаа, энэ нь зээлийн хүүнд яаж нөлөөлөх вэ?

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Бодлогын хүү буурахаар автоматаар зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байдаг. Зээлийн хүү нь хадгаламжийн хүүн дээр суурилдаг. Харин бодлогын хүүгийн нөлөөлөл зургаан сарын дараагаас эдийн засагт нөлөөлдөг. Анхны нэг, хоёрдугаар сард бууруулсан бодлогын хүүний нөлөөлөл одоо энэ зургаа, долдугаар саруудын зээлийн хүүнд мэдрэгдээд эхэлсэн байна. Тийм учраас энэ удаагийн нөлөөлөл ч гэсэн циклээ дагаад явагдах болно. Тодорхой цаг хугацааны дараалалтайгаар хадгаламжийн хүүгээр дамжин зээлийн хүү буурахад нөлөөлнө. Энэ хугацаанд нийт эдийн засагт олгогдсон зээлийн тодорхой хэсэг нь ипотекийн нэг их наяд төгрөг байдаг, үүнийг найман хувь болгосон, дээрээс нь дэд хөтөлбөрүүдийн хэмжээнд нэлээд их зээлийг барилгын салбар руу гаргачихсан. Нийт жигнэсэн дундаж хүүг үзэх юм бол бодит тоо нилээн буурсан байгаа, цаашид бидний зориод байгаа инфляцийн түвшинд үнийн хөөрөгдөл байхгүй нам явсан тохиолдолд бид бодлогоо цааш нь үргэлжлүүлж явах болно. Энэ нь бодит секторт очиж байгаа зээлийн хүүг бууруулахад нөлөөлнө. Нэмээд хэлэхэд эдийн засаг дотор барилгын салбарын нийлүүлэлт тал дээр ипотекийн зээлээр дамжуулан эрэлт тал буюу худалдан авах тал дээр эх үүсвэрүүд, боломжийг гаргаж өглөө. Дараа нь Монголбанкны зүгээс ажлын байр бий болгодог зээл, хаана ямар салбар руу зээл гаргавал ажлын байр Монголд ихээр нэмэгдэх вэ, ажлын байр-ипотек-зээл гэсэн гурвалжин нь үргэлжлэх болно. Ажлын байр ихээр бий болгодог салбар нь барилгын салбар, мөн хувийн жижиг барилгын дотор засал чимэглэл хийдэг, барилгын материал нийлүүлдэг компаниуд байгаа. Нөгөө тал дээр боловсруулах үйлдвэрүүд байдаг нь монголын түүхий эдийг боловсруулан гадаадад гаргадаг экспортод чиглэгддэг салбаруудыг дэмжих бодлогоор Монголбанкнаас ойрын хугацаанд шийдвэр гарна. Цаашид ажлын байр бий болгох энэ нь экспорт нэмэх, Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гэсэн зорилтуудыг зээлийн чиглэл рүү банкуудын чөлөөт эх үүсвэрийг чиглүүлж дэм болсон шийдвэрүүдийг гаргана.

Сэтгүүлч: Арилжааны банкуудын шалгуурын хүндрэлүүд яригдаж байна. Тухайлбал 8%-ийн зээл рүү шилжүүлэхэд 1%-ийн шимтгэл авч байна, ШШГЕГ-аас лавлагаа ав гэнэ гэх мэтчилэн гомдлуудыг яаж зохицуулах вэ? Мөн урьдчилгаа төлбөр 30 хувь гэж ямар үндэслэлээр тогтоосон бэ?

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Монголын банкны тухай хуульд банкууд өөрсдөө шимтгэлээ тогтоодог хуультай. Монголбанк шимтгэлээ багасгах талаар зөвлөмж гаргадаг. Жишээ нь, хүүхдийн мөнгө тараахад бид зөвлөмж гаргаж байсан. Банкууд маань ч гэсэн шимтгэлээ багасгахыг хүлээж авсан. Орон сууцны тогтолцоон дээр банкууд өөрсдөө шимтгэлүүдээ тогтоогоод явж байгаа. Харин урьдчилгаа төлбөр дээр хэвлэл мэдээллээр нилээн яригдлаа. 0% урьдчилгаа гэж байхгүй нэг ёсны бүх юмны үнэ 0% өртөгтэй гэж яриад байна. Макро-эдийн засгийн ойлголт мөнгөний онол нь хэрэв 0% урьдчилгаа гэж байгаа бол орон сууцны үнэ жил болгон 10% унах нь гэсэн математик тоо гарна. Мөнгө өөрөө “0” үнэтэй байж болохгүй урьдчилгаа гэдэг маань зайлшгүй байх ёстой эрсдэл даах чадвараа ярьж байгаа юм. Нийт систем дотор моргейжийн зээл маань хамгийн сайн зээлийн тоонд багтана. Энэ зээл нь нэг их наядаасаа дөрвөөс тавруу хүрээсэй гэж зорьж байгаа шүү дээ. Иймд Монголбанкнаас 30% тогтолцоо бий болсон юм. Халамж, зорилтот бүлгүүдэд дэмжлэг үзүүлэх, олон хүүхэдтэй өрхүүдээ дэмжих, залуу гэр бүлүүдээ дэмжих гэж байгаа бол халамжийг төсөвт тусгадаг болохоос биш мөнгөний бодлогод тусгадаггүй юм.

ШШГЕГ-аас авч байгаа олон төрлийн лавлагаануудыг заримыг нь цахим хувилбар руу шилжүүлэх, заримыг нь хойшлуулах, хэрэгцээгүй болгох гэх мэт журмандаа хэрэгцээтэй өөрчлөлтүүдийг хийж байгаа. Сэтгүүлчдийн асууж байгаа хамрагдсан хүмүүсийн тоо, зээлийн хэмжээ гэх мэт асуултуудын хариуг бид вэб хуудсан дээрээ тогтмол байрлуулж байгаа мөн олон вэб хуудсан дээр мэдээ мэдээллүүдийг байршуулсан байгаа.

Дараагийн асуудал нь нийгмийн даатгалын шимтгэл гэдгийг хувь хүн төлөөд бас компани төлдөг байхад цалингийн орлогыг бүрдүүлэхэд бодит байдлаас гажууд тоонуудыг гаргачихсан байдаг. Энэ гажуудлыг засах гэж нилээн цаг авах юм шиг байна. Яваандаа халамжийн бодлого багасаад бодит сарын цалин руу шилжих хэлбэр нь нэмэгдэнэ. Энэ үед моргейжийн хөтөлбөр нь хурдаа аваад явах, ирэх жилийн өдийд нилээн өндөр түвшинд хүрсэн байх болно гэдэгт эргэлзээ алга.

Сэтгүүлч: Ипотекийн зээл олгохтой холбогдуулан инфляцийн дарамт яаж тусч байгаа вэ? 8% зээлийн олгогдож эхэлснээс үүдэн байрны үнэ өсч байгаа гэсэн мэдээлэл байна?

Үнэхээр үнээ зохиомлоор өсгөөд байгаа компаниудыг хариуцсан яам, агентлагууд шалгаад тогтоосон тохиолдолд тухайн компанийг моргейжийн зээлд хамруулахгүй байх эрх нь бид нарт бий шүү дээ. Нэг компаниас 8% зээл аваад нөгөө компаниас 16% зээл аваад байвал үний зөрүү 20-30% байхад тэр компани нь дампуурах байлгүй дээ. Тийм буруу бодлого хийхгүй байх. Тиймээс аливаа нэг жижиг орон сууцны үнэ нэмэх бодлоготой компани зах зээлээс арчигдах байх л даа. Ипотекийн 8% хөтөлбөр гэдэг нь иргэд өөрсдөө мөнгөө лангуу руу гаргаж байгаа биш хуримтлал хийж байгаа учраас уртдаа эргээд сайнаар тусна гэсэн хүлээлтэй байна.

Сэтгүүлч: Монгол улсын өрийн санд хувийн компаниуд болон төсвийн байгууллагууд хэдэн хувийн өртэй байна вэ? Нийгмийн даатгалын сангаас цаашид банкуудыг санхүүжүүлнэ гэнэ. Одоогоор сангийн 80%-ийн эх үүсвэр нь зээл хэлбэрээр 14 банкуудад байршиж байгаа. Энэ мөнгийг татахаар арилжааны банкуудад хүндрэл гарахгүй биз? Мөнгө угаахтай холбоотой хэдэн хэрэг шалгагдаж байна вэ?

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Мөнгөн угаахтай холбоотой хичнээн хэрэг шалгагдаж байгаа тал дээр хариулт өгдөг нь Монголбанк биш. Өөр хуулиар зохицуулагддаг. Сэжигтэй тохиолдолтой холбоотой мэдээллийг ч гэсэн бид өгдөггүй. Манайд сан байдаг, холбогдох хүмүүс нь холбогдох мэдээлэл үзэх боломжтой. Олон нийтэд тоо бид өгдөггүй, зохих хууль журмынхаа дагуу тэр мэдээллийг авах эрхтэй, шүүхээр шийдвэр нь гарчихсан, прокуророос зөвшөөрлөө авчихсан хүмүүс үзэх боломжтой байдаг.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн хувьд бол банкууд дээр бага мөнгө байршдаг, тоонууд нь олон нийтэд мэдээлэгдсэн байгаа. Нийт даатгалын хуримтлал нь өсөхөд тэр хөрөнгө нь хаана байрших тал дээр нийгмийн даатгалын санг зохицуулдаг хууль, дүрэм, журмууд нь боловсронгүй болох шаардлагатай. Энэ нь хаврын чуулганаар арай амжихгүй байх, намрын чуулганаар нэлээн өөрчлөлтүүд орж магадгүй шинжтэй юм байна лээ. Одоо манай хувийн секторын нийт зээл, гадаад зээл, Монгол улсын гадаад зээлийн тоонууд нь хамгийн сүүлийн 2 дугаар улирлын тоонууд эхний хагас жилийн байдлаар боловсрогдоод 7 дугаар сарын эхний 2 долоо хоногт олон нийтэд хүргэгдэнэ. Энэхүү тоонуудыг улирлаар гаргадаг болсон нь манай вэб хуудсан дээр 2 долоо хоногийн дараа байрших байх.

Сэтгүүлч: Сэтгүүлч: 8%-ийн орон сууцны зээл нь хэсэг бүлэг хүмүүст зориулагдлаа гэж зарим хүмүүс ярьж байна. Заавал 30% урьдчилгаа гэсэн босго тавьчихдаг. Гэтэл 20% урьдчилгаа төлөөд орон сууцны зээл авсан хүн энэ зээлд хамрагдахын тулд зөрүү 7 сая төгрөгийг төлөх шаардлага гарсан байдаг. Гэтэл тэр мөнгийг төлөх эх үүсвэр байхгүй. Үүнийг зохицуулах арга байхгүй юм уу анхаасаа жураманд 10-30% гэсэн байсан иймэрхүү асуудлуудыг зохицуулах боломж бий юу?

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Энэ талаар олон удаа мэдээлэл өгсөн л дөө. 30%-аас доошоо бодвол Засгийн газрын халамжийн бодлого болно. Эдийн засгийн утга агуулгын хувьд эрсдлээ тооцох хөтөлбөр олон жил монголчуудыг орон сууцтай болгох зорилготой. Гэр хорооллыг цэвэрлэх, арчлах зэрэг том хөтөлбөрүүдийн хэмжээнд 4-5 их наяд төгрөг хүрэхийн тулд энэ хөтөлбөр 30%-ийн урьдчилгаа төлж байж л үүснэ. Хэрвээ 0-10% болгох юм бол энэ хөтөлбөрийг зогсоож болно. Зогсоох хамгийн энгийн арга бол урьдчилгааг 0% болгох явдал юм. Энэ нь Монгол улсыг дампуурал руу хөтлөнө гэсэн үг. Яг ямар хүмүүст зориулсан юм гэхээр 80 метр кв байрнаас доош хэмжээтэй байранд орох чадвартай тэр иргэдэд л зориулагдсан орон сууцны хөтөлбөр шүү дээ. Яваандаа моргейжийн хүү буурах нь ойлгомжтой. 80 метр кв-аас дээшээ амьны орон сууц гэх мэт нэгдсэн моргейжийн хөтөлбөр рүү шингээх нь яваандаа шийдэгдэх зүйл. Монгол улсын нийт долоон зуугаад мянган өрхөөс одоогоор 30 мянган өрх моргейжийн зээл авсан байгаа. Энэ жил дахиад 30 мянга хүлээгдэж байна. Ирэх жил дахин 30 мянга болон түүнээс дээш нэмэгдэх байх гэсэн хүлээлт байна. Тэгэхээр ойрын 2-3 жилийн дотор 100 мянгын моргейжтэй орон сууцтай дундаж давхарга бий болно гэдэгт эргэлзэхгүй байна. Хүн болгон авч чадахгүй гэдэгтэй санал нэг байна. Хуримтлал нь хүрэхгүй байгаа хүн хуримтлалаа нэмэх шаардлагатай, цалин хүрэхгүй байгаа хүмүүс цалингаа нэмэх хэрэгцээтэй. Энэ боломжийг бүрдүүлсэн хүнд 8% гэдэг нь бага ачаалал биш өндөр ачаалал шүү дээ. Урьд нь яригдаж байсан 8 хувийн инфляци их үү бага үү гэж. Энэ нь өндөр инфляци шүү дээ. Иргэдийн худалдан авах чадвар жил болгон 8 хувиар буурна гэдэг нь маш өндөр ачаалал иргэд дээр байсан хэвээр л байгаа. Энийг нэг өдрийн дотор арилгаж чадахгүй олон жилийн дотор бий болгосон тогтолцооны үр дүн шүү дээ. Үүнийг тодорхой хэдэн жилийн дараа бид цэвэрлэж чадна инфляци, зээлийн хүүг буулгана дээрээс нь моргейжийн хүү ч гэсэн явандаа буурч л таарна.

Сэтгүүлч: Урьдчилгаа нь дээр жишээлбэл Голомт банк дахиад өөр байр барьцаалж болон гэсэн байгаа. Тэгэхээр урьдчилгаа барьцаалсан байрны хүү мөн 8 хувь байх уу?

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Тийм тэр бас 8% байна.

Дээш буцах

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.