Монголбанк

Буцах

2018 оны I улирлын "Монголбанкны эссе бичлэгийн уралдаан"-ы ялагчид тодорлоо ​

Огноо: 2018/03/16


Монголбанкны санаачилгаар манай улсад анх удаа санхүүгийн салбарыг хамарсан “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” аяныг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 5 сарын хугацаанд зохион байгуулж байгаа билээ. Тус аяны хүрээнд Монголбанкны 2018 оны 1 дүгээр улирлын эссе бичлэгийн уралдааныг зарлан зохион байгуулж, тэргүүн байрны бүтээлүүдийг шагнах үйл ажиллагааг “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах” өдөр хийлээ.

Энэ удаагийн уралдааныг “Санхүүгийн хэрэглэгч таны эрх хэрхэн зөрчигдөж байна вэ? Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь ямар ач холбогдолтой вэ?” сэдвийн хүрээнд иргэдийн дунд 2018.02.05 - 2018.03.07 хооронд зохион байгуулж, шалгаруулалтыг хийж дуусгалаа. Уралдаанд Улаанбаатар, хөдөө орон нутгаас оролцогчид оюуны бүтээлээ ирүүлснээс дараах оролцогчийн бүтээл эхний 3 байрт шалгарлаа:

·         I байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5-р дамжааны оюутан Б.Хулан (77.75/100 оноо);

·         II байр: СЭЗДС-ийн 1-р дамжааны оюутан Г.Баттуул (72.0/100 оноо);

·         III байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4-р дамжааны оюутан Ж.Арман (66.25/100 оноо).

 

Санхүү, эдийн засгийн суурь мэдлэгээ дээшлүүлэхэд иргэдийн өөрсдийн сонирхол, хичээл зүтгэл, оролцоо чухал бөгөөд эссе бичлэгийн уралдаанууд нь үүнийг биелүүлэх нэг үр дүнтэй арга болдог тул Төв банкууд, олон улсын байгууллагууд ийм төрлийн уралдаан тэмцээнийг нийтлэг зохион байгуулдаг. Энэ удаагийн уралдаанд оюуны бүтээлээ ирүүлсэн оролцогчдод Монголбанкны зүгээс талархал илэрхийлэхийн зэрэгцээ дараа дараагийн удаад зохион байгуулагдах “Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал”, “Шилдэг эдийн засгийн нийтлэл”, “Монголбанкны эссений тэмцээн” зэрэг уралдаан тэмцээнүүдэд идэвхтэй оролцохыг урьж байна.

 

Та бүхэнд уралдаанд шалгарсан бүтээлүүдийг эх хувиар нь хүргүүлж байна.

Тэргүүн байр: Б. Хулан /МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5-р дамжааны оюутан/

Санхүүгийн хэрэглэгчийн эрх

Энэхүү эссэний зорилго нь санхүүгийн зах зээлд хэрэглэгчийн эрхийг зөрчиж буй зөрчлүүдийг тодорхойлох, хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтад дүгнэлт, санал өгөх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахын ач холбогдлыг тодорхойлоход оршино.

Аливаа зах зээлийн оршин тогтнох үндэс уг зах зээлийн хэрэглэгч байдаг бөгөөд бүхий л бизнесийн үйл ажиллагаа хэрэглэгч рүү чиглэгдэж байдаг. Монгол улсын хувьд санхүүгийн зах зээлийн 95 хувийг банк[1] эзэлдэг нь иргэд санхүүгийн ихэнхи үйлчилгээг банкнаас авдаг гэдгийг харуулж байна. Иргэдийн банкнаас авдаг гол үйлчилгээ нь зээлийн үйлчилгээ бөгөөд нэг банк ойролцоогоор 15 төрлийн зээл[2]ийг олгож байна. Монгол улсын өрхийн зээлийн хэмжээ сүүлийн жилүүдэд нэмэгдсэнээс гадна зээлийн бүтэц, хугацаа өөрчлөгдсөн байна. 2017 оны 10 дугаар сарын байдлаар давхардсан тоогоор нэг сая гаруй иргэн банк, санхүүгийн байгууллагад зээлийн үлдэгдэлтэй байгаа нь Монгол улсын нийт өрхийн тооноос өндөр буюу дунджаар өрх тус бүрт нэг хүн зээлтэй байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.[3]

Зээлийн үйлчилгээтэй холбогдуулан гардаг түгээмэл маргаан бол зээлийн өндөр хүү, банкнаас зээл олгохдоо зээлийн үйлчилгээний хураамж авдаг тухай маргаан[4] юм. Арилжааны банкууд зээл олгохдоо зээлийн нийт дүнгээс нэг хувийг зээлийн үйлчилгээний шимтгэл гэж тооцож авдаг. (Банкнаас 100.000.000 сая төгрөгийн зээл авахад зээлийн шимтгэлд 1.000.000 сая төгрөг суутгагдах бөгөөд иргэн бэлнээр 99.000.000 сая төгрөг авсан ч 100.000.000 төгрөгт холбогдох үүрэг гүйцэтгэнэ). Мөн иргэдийн банкнаас авдаг түгээмэл үйлчилгээний нэг бол хэрэглээний лизинг бөгөөд банкнаас лизингийн зүйлийг лизинг авагчид ашиглуулж, лизинг авагч эд зүйл ашигласны төлбөрийг банкинд хэсэгчлэн төлдөг. Манай улсад хэрэгжүүлж байгаа зарим лизингийн үйлчилгээ нь жинхэнэ санхүүгийн лизинг биш гэдгийг иргэний эрх зүйн судлаачид[5] хөндсөн байна. Автомашины худалдаа эрхлэгчид болон банкууд нэг зуун сая төгрөгөөс дээш үнэлгээ бүхий жийп автомашинуудыг лизингээр олгохдоо маш богино хугацаанд төлбөрийг төлөх нөхцөл тулгаж төлөөгүй байгаа үнийн дүнгээс лизингийн хүү бодож авч байгаа нь лизинг авагч лизингээр авсан тухайн хөрөнгөөр тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж олсон мөнгөөрөө лизингийн төлбөрийг урт хугацаанд төлдөг байх лизингийн харилцааны агуулгатай нийцдэггүй байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий төрийн байгууллага бөгөөд тус газарт иргэдээс ирүүлсэн өргөдлийг авч үзсэн судалгаанаас[6] санхүүгийн хэрэглэгчдээс ирүүлсэн гомдлыг түүвэрлэн үзэхэд дараах агуулга бүхий гомдлууд байна:

·         “А” ББСБ-аас зээл авахад хүүг урьдчилан авч байгаа тухай

·         “А” ломбард хэт өндөр хүү авч байгаа тухай

·         “A” банк бага дэвсгэртийн валютыг бага ханшаар авч байгаа тухай

·         “А” банкнаас цалингийн зээл авах гэхэд шимтгэл аваад байгаа тухай

·         Арилжааны банкуудаас зээл авахад эрсдэлийн даатгал гэж албан журмаар даатгуулж байгаа тухай

Дээрхи судалгааны ажилд тус байгууллагад ирүүлсэн зарим өргөдөл нь хуулийн зөвлөгөө авах шатанд буцаагдаж уг байгууллагын үйл ажиллагааны тайлан, архив зэрэгт төдийлөн тэмдэглэгдэж үлддэггүй тухай дурьдсан байна. Энэ нь Монгол улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн зохицуулалттай холбоотой юм.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “хэрэглэгч” гэж бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүн байхаар тодорхойлсон. Эндээс үзвэл, аливаа этгээдийг хэрэглэгчид тооцох шалгуур нь:

 a) бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан байх,

 b) худалдан авсан зорилго нь аж ахуйн үйл ажиллагааны зориулалттай биш байх,

 c) худалдан авагч нь хувь хүн байх гэсэн хуулийн шаардлагууд тавигдаж байна. Хуулийн энэхүү хязгаарлагдмал тодорхойлолтоос үүдэн санхүүгийн зах зээлийн харилцааны цөм болох зээлийн гэрээний эрх зүйн харилцааны нэг оролцогч тал болох зээлдэгчийн эрх, санхүүгийн бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан аж ахуй нэгж, бусад этгээдүүд, мөн өөрийн аж ахуйд зориулан санхүүгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан хувь хүний хувьд хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн хамгаалалтад орж чадахгүй эрх зүйн хамгаалалтаас гадуур орхигдож байна. Иймд “санхүүгийн хэрэглэгч” гэдгийг санхүүгийн зах зээлээс үйлчилгээ авч байгаа, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч этгээдтэй харьцуулахад тэгш бус байдал бүхий бүхий л этгээдийг оролцуулан тодорхойлох, мөн санхүүгийн хэрэглэгчийн хамгаалагдвал зохих эрх, ашиг сонирхлыг тодорхойлон хууль тогтоомжид тусгах, зөрчигдсөн эрхийг сэргээх энгийн ойлгомжтой, урт шат дараалалгүй механизмыг бүрдүүлэх нь санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

Эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийн тулгуур нь өөрөө санхүүгийн хэрэглэгч юм.[7] Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалснаар иргэдийн үндсэн эрх[8] болох өмчлөх эрх хамгаалагдана. Эд хөрөнгийн эрх хамгаалагдсанаар тухайн иргэний боловсрол, эрүүл мэнддээ буюу өөртөө зарцуулах хөрөнгө шууд нэмэгдэнэ. Аливаа эрх зүйн харилцааны нэг талын эрхийг хамгаалснаар нөгөө талд тодорхой хэмжээгээр үүрэг үүсгэж байдаг тул санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн үйл ажиллагаа хэрэглэгчийн эрх ашигт нийцэхэд чиглэгдэж санхүүгийн зах зээлд хэрэглэгч болон үйлчлэгчийн итгэлцэл нэмэгдэж уг зах зээл илүү ашигтай, үр өгөөжтэй хурдацтайгаар хөгжих боломж нэмэгдэх юм. Санхүүгийн зах зээл хөгжиснөөр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж дотоодын санхүүгийн хэрэглэгчид олон улсын түвшинд нийцсэн санхүүгийн үйлчилгээ хүртэх боломж нээгдэх өндөр ач холбогдолтой.

Хоёрдугаар байр: Г. Баттуул /СЭЗДС-ийн 1-р дамжааны оюутан/

Бид нэг завины зорчигчид

Би өнөө өглөө дэлгүүрээс талх худалдаж авлаа. Би бол талхны үйлдвэрийн худалдан авагч буюу хэрэглэгч. Талх үйлдвэрлэгч хэрэглэгчийнхээ аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалахын тулд шинэ, амттай, басхүү хүний биед хэрэгцээтэй шим тэжээлийг агуулсан, сайн чанарын орцтой талх хийдэг байх ёстой. Гэтэл худалдаж авсан талхаа идсэний дараа гэдэс маань өвдөх эсвэл хугацаа нь дууссан байсныг хэрэглэгч олж мэдвэл тэр үед миний эрх ашиг зөрчигдөж байна гэсэн үг. Тэгвэл, санхүүгийн хэрэглэгч бусад хэрэглэгчээс юугаараа ялгаатай вэ?

            Санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг өөрийн болон гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулан худалдан авч буй хувь хүнийг санхүүгийн хэрэглэгч гэж нэрлэдэг. Хамгийн сүүлд ямар санхүүгийн үйлчилгээ авснаа санахад бидэнд тийм ч хэцүү байхгүй болов уу. Орон сууцны зээл, хугацаатай хадгаламж, мөнгөн гүйлгээ гээд бүгд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд багтана. Үйлчилгээ үзүүлж буй байгууллагын зорилго бол мэдээж ашиг олох. Харин нөгөө талаараа тэд ямар үүрэгтэй байгууллагууд вэ?

            СҮҮ байгууллагууд дотроос бидэнд хамгийн ойр нь арилжааны банкууд билээ. Хаан банкны эрхэм зорилгыг сонирхоцгооё. Бид хүмүүсийн амьдралыг бодитой өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүний үйлчилгээг нэвтрүүлнэ”. Харин Голомт банк “Хөгжлийн голомт байна” гэсэн эрхэм зорилготой. Худалдаа Хөгжлийн банк харин  Монгол улсын олон талт үйл ажиллагаатай, тэргүүлэх зэргийн банкны хувьд том, жижиг дунд, жижиг харилцагчдын зах зээлийн эрэлт хэрэгцээнд үндэслэсэн, үнэ цэнэтэй банкны үйлчилгээг хөгжүүлэн хүргэж, үйлчилгээнээс хүртэх сэтгэл ханамжийг байнга, хамгийн өндөр түвшинд байлганагэсэн эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Дээрх 3 банк гурвуул хэрэглэгчийн эрх ашгийг тусгажээ. Үйлчилгээний аль ч түвшинд хэрэглэгчийн эрх ашиг хамгийн чухал байдаг шалтгаан бол “СҮҮ байгууллага өөрийн хэрэглэгчийг хамгаалж байна гэдэг нь өөрөө өөрийгөө эрсдэлээс хамгаалж байгаа хэрэг юм. ”

            Санхүүгийн хэрэглэгчийн бусад хэрэглэгчдээс ялгардаг хамгийн гол онцлог бол өөрийн эдийн засгийн нөөцтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд СҮҮ-ийн дэмжлэгийг авч байгаа буюу амьдралынхаа бүхий л талын солилцооны хэрэгсэл болох мөнгөний орц гарцыг санхүүгийн аливаа байгууллагатай холбоно гэсэн үг юм. Эндээс хэрэглэгчийн үүднээс эрх ашиг нь хэр чухал болохыг харж болно.

            Тэгвэл, санхүүгийн хамгийн чухал үйлчилгээнүүдийн нэг болох зээл, тэр дундаа энгийн хэрэглээний зээлийг авч үзье. СҮҮ-ийн хувьд хэрэглэгчдээс төвлөрсөн хөрөнгийн сан дээр үндэслэн зээлийн үйлчилгээ явуулж ашиг олдог. Тиймээс хэрвээ хэрэглэгч авсан зээлээ гэрээний хугацаандаа төлж чадахгүй бол энэ нь СҮҮ-ийн хувьд асуудал үүсч эхэлнэ гэсэн үг юм. Нөгөө талаараа, зээлдэгч зээлээ хугацаанд нь төлж чадаагүйгээс үүдэн сэтгэл санааны  асар хүнд дарамттай амьдрах болдог. Эргүүлэн төлөх чадвар байхгүйн улмаас банкнаас авсан зээлээ төлөхийн тулд дахиад өөр хуулийн эсвэл хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй байгууллагаас зээл авдаг. Энэ нь цаашилбал, гэр бүлийн уур амьсгалд нөлөөлж, гэр бүл салалтын шалтгаан болж байгааг үгүйсгэхгүй. Энэ мэтээр даамжирсаар, хувь хүний санхүүгийн асуудал нь гэр бүлээр зогсохгүй яваандаа нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж эхэлдэг. Нийгмийн олон олон гишүүдийн эрх ашиг, аюулгүй байдал энэ мэтээр зөрчигдсөөр байх нь Монгол улсын эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг ганхахад хүргэж, өнөөдрийн байдлаар улс орны бүх гишүүдийг хамарсан шийдэх ёстой ноцтой асуудал болоод байна.

Монгол банкнаас жил бүрийн эцэст зээлийн үзүүлэлтүүдээр гаргадаг зарим статистик тоо баримтаас дурьдвал 2017 оны байдлаар:

Баримт 1: Банкуудын нийт хугацаа хэтэрсэн зээл - 8834

Баримт 2: Ипотекийн хугацаа хэтэрсэн зээл – 77861.8

Баримт 3: Санхүүгийн бусад байгууллагуудын чанаргүй зээл: 1.152.578,9

Баримт 4: Хадгаламжийн байгууллагуудын чанаргүй зээл: 1.153 гэсэн үзүүлэлттэй байна. Дээрх тоон үзүүлэлтүүд нь яагаад санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах нь өнөөгийн чухал сэдвүүдийн нэг болоод байгааг харуулж байна.

Тэгвэл, СҮҮ байгууллагуудад хэрэглэгчдээ хамгаалах ямар арга зам, боломж байгаа вэ?

            Энэ асуултанд хариулахын өмнө санхүүгийн байгууллагуудын талаар нийгмийн ойлголт хандлага ямар түвшинд байгааг мэдэх нь нэн тэргүүний зүйл гэж миний бие санасан билээ. Би заримдаа аав ээжийнхээ яриаг сонсдог юм л даа. Ипотекийн зээл, миний сургалтын төлбөрийн зээл гээд л өрнөөс гарч чадахгүй байгаа тухай. Автобусанд явж байхдаа ч энд тэнд сонсдог. Үргэлж гэж хэлэх нь зүйтэй ч “ихэвчлэн” сөрөг яриа байдаг. Яагаад бид нийтээрээ өрөнд баригдчихсан байна вэ? Хамгийн чухал нь өөрсдийн хариуцлагагүй байдлын улмаас өрөнд орсон гэдгээ санхүүгийн байгууллагын муу муухайтай холбож тайлбарлах үзэгдэл нийгэмд яагаад ийм ийм олон байна вэ?

            Банк биднийг өрөнд унагаад байна уу? Бид амьдралаа зохион байгуулж чадахгүй байна уу? Нийгмийн гишүүд тэр чигтээ банк бидний мөнгийг хүүлээд байна гэсэн бодолтой байгаа нь юутай холбоотой вэ? Хэн санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчөөд байгаа вэ гэвэл хэрэглэгчид бид өөрсдөө. Хэн ч биднийг зээл ав гэж тулгаагүй. Миний хэлэх гээд байгаа санаа бол, банк хэрэглэгчдийг өөрсдийг нь өөрсдөөс нь хамгаалах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн авах гэж байгаа тэр “Зээл” гэдэг бүтээгдэхүүний тухай тухайн хүнд тайлбарлах гэхээс илүү ирээдүйд гарч болох эрсдэлүүдийг хамтдаа бодитоор тооцож чадсанаар хэрэглэгчийг өрөнд орохоос хамгаалж чадна. Тухайн хэрэглэгч үнэхээр зайлшгүй зээл авах шаардлага байна уу, байхгүй юу гэдгийг банк хэрэглэгчид маш сайн тодорхойлж өгөх хэрэгтэй. Зарим тохиолдолд, өгөх зээлийн тоо хэмжээг багасгах нь зөв сонголт болж ч болно. Энэ нь хэрэглэгчийн эрх ашгийг бодитоор хамгаалж байгаа хэрэг юм.

            Дээрх бүгдээс үзэхэд, бид хэрэглэгчдийг өөрсдийг нь өөрсдөөс нь хамгаалах арга хэмжээг авах хэрэгтэй юм байна, учир нь хүн бүр ирээдүйд тулгарах хүнд хэцүү, зовлонтой үр дагавруудыг яг одоогийн буруу үйлдлээрээ тосоод авч байдаг гэдгээ мэддэггүй. Хэрэглэгчдийг буруу шийдвэрүүдээс нь өөрсдийг нь хамгаалахын тулд хийж болох хамгийн оновчтой гаргалгаа бол, “Ирээдүйн санхүүгийн хэрэглэгчдийг бага балчир байхаас нь эхлээд мөнгөний тухай, санхүүгийн үйлчилгээний тухай маш нарийн, зөв мэдлэг мэдээлэлтэй болгож бэлтгэх”. Арван жилийн сургуулиуд бага ангиас эхлэн иргэний боловсрол хичээлийн хүрээнд дээрх зүйлсийг оруулж, зөв суурийг тавьж өгөх нь цаашдын бүх зөв зүйлсийн суурь болж чадна. Эцэг эхчүүд ч хүүхдүүддээ санхүүгийн хэрэглэгч хүн ямар байх ёстой, эрх ашиг, аюулгүй байдал нь хэрхэн хангагдсан байх ёстойг тайлбарлаж өгч байх хэрэгтэй.

            Бүх хүн цагаан талх иддэггүй шүү дээ. Өөрийн эрүүл мэндийн асуудал болон өөр бусад шалтгаанаас хамааран хүмүүс өөр өөр талх иддэг. Хүн бүрийн чадвар чадамж, тэвчээр хатуужил өөр өөр. Гэвч хэн ч өрийн дарамтанд орохыг хүсдэггүй. Талх л бол талх биш, зээл л бол зээл биш.

            Санхүүгийн байгууллагын гол оршин тогтнох үндэс бол зээл болон хадгаламж байдаг. Тиймээс, зэлийн бүтээгдэхүүн авч буй хэрэглэгчээ хамгаалснаар өөрийн амжилттай оршин тогтнох үндсийг бүрдүүлж байгаа гэсэн үг юм. Зээлийн бүтээгдэхүүн хэрэглэгчийг хамгаалах цорын ганц арга бол тэдний итгэл даах чадварыг хөгжүүлэхэд санхүүгийн байгууллагууд оролцоогоо нэмэгдүүлэх шаардлагатай. Учир нь бид нэг завин дээр хаашаа ч юм явж байна.

Гуравдугаар байр: Ж. Арман /МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн 4-р дамжааны оюутан/

Санхүүгийн зах зээл ба үр ашиггүй зардал

Хүмүүс бидний өдөр тутмын амьдралд мөнгө санхүү бол хамгийн чухал хэсэг. Бид өглөө гэрээсээ гараад унаа, нийтийн тээвэрт мөнгөө зарцуулахаас эхлээд цаг үргэлж санхүүгийн харилцаанд орж байдаг. Эдийн засагчдын хэлдгээр “үнэгүй хоол гэж хаана ч байдаггүй”. Та ажил сургуульдаа заавал унаагаар явахгүйгээр алхаж явж болох ч гэсэн “цаг хугацаа” гэгч үнэтэй зүйлээр та үнийг нь төлж байдаг юм. Тэгэхээр цаг хугацаа бол таны хэтэвчиндээ хадгалдаг мөнгө, банкин дахь харилцах, хадгаламжийн адилаар л хэмнэж бас зарцуулж байдаг нэгэн үнэ цэнэ юм.

Мэдээж бидний амьдрал дахь дийлэнх ажил гүйлгээ мөнгөөр хийгдэж байдаг. Харин энэ мөнгийг эргэлдүүлэгч хамгийн чухал зуучлагч нь манай орны хувьд банк юм. Судалгаагаар манай санхүүгийн зах зээлд банкны систем 90 гаруй хувийг эзэлсээр ирсэн байдаг. Тухайлбал, 2016  оны 1-р улирлын байдлаар гэхэд банкны салбар нийт санхүүгийн зах зээлд 95.1 хувийг эзэлж байжээ (Marketinfo.mn, 2016). Сүүлийн жилүүдэд ихэнх гүйлгээгээ бид банкны бүтээгдэхүүнүүдийг ашиглаж хийх болсон нь илт анзаарагдах болсон. Гэр бүл, найз нөхдийн хооронд интернет, мобайл банкаар мөнгөө шилжүүлэх, төлбөр тооцоогоо байгууллагын дансанд тушаах, дэлгүүрт ороод POS машинд карт уншуулж тооцоогоо хийх гээд өдөр тутмын амьдралд банктай холбоотой үйл ажиллагаа нэмэгдсээр байна. Мөн бизнес эрхлэгчдэд зориулсан болон иргэдийн хэрэглээний зээлүүд ч олон сонголттой болж техник технологи, шинэ санаа хөгжихийн хэрээр банкнаас санал болгох бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл олширсоор байна.

Гэвч тэдгээр шинэлэг үйлчилгээний цаана уг салбарын бодит байдал ямар байна вэ? Та хэрэгтэй мэдээллээ бүрэн авч чаддаг уу? Банкны үйлчилгээ таны эрх ашигт бүрэн нийцдэг үү? Монголчууд бидний хувьд эдийн засаг хүндхэн байгаа энэ үед зээл бол толгой өвтгөх нэг асуудал байсаар ирсэн. Бид банкнаас зээл авахын тулд маш олон бичиг баримтыг бүрдүүлж, мөн зээлийн шийдвэрийг хүлээж маш их цаг алддаг. Олон хуудас дүүрэн бичигдсэн зээлийн гэрээг бүрэн уншиж гарын үсгээ зурдаг нэгэн нь ч ховор. Мэдээж банкны хувьд эрсдэл өндөртэй зээл олгохгүйн тулд судалгаа хийдэг ч гэлээ мэдээлэл цуглуулах болон түүнийг боловсруулж шийдвэр гаргах үйл явц нь зээлдэгчийн талаас ч, зээлдүүлэгчийн талаас ч дэндүү трансанкц (transaction) ихтэй санагддаг. “Transaction” гэдэг англи үгийг монгол хэлэнд хэлцэл, гүйлгээ гэх мэтээр орчуулдаг. Гэхдээ үнэн зөв онолын утгыг нь тодорхойлбол, аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэхэд технологийн хувьд харилцан уялдаатай, дэс дараалсан нэгж хэсгүүдэд шилжихэд явагдах үйл ажиллагаа юм (Williamson, 1981). Өөрөөр хэлбэл, та зээл авах хүсэлтээ банкинд илэрхийлснээс хойш зээлээ авах хүртэлх таны бичиг баримт бүрдүүлэх, банк тэдгээрийг тань хүлээж авч шинжилгээ хийх, таны мэдээллийг боловсруулах, холбогдох хураамж төлбөрийг төлөх, гэрээнд гарын үсэг зурах гэх мэт бүхий л дэс дараалсан үйл явцыг хэлж байгаа юм. Энэ бүх “transaction” нь өөрийн зардалтай байдаг. Энэ нь мөнгөөр ч, цаг хугацаагаар ч хэмжигдэнэ. Тэгэхээр бид банкнаас зээл авахын тулд зээлийн үйлчилгээний төлбөрөөс гадна энэ мэт “transaction cost” буюу зардлыг гаргаж байна.

Түүнчлэн зээлийн хүү бол “моод”-нд ороод буй том асуудал. Манай орон орлогын түвшнээрээ дундаас доогуур ангилалд багтдаг. Тэгвэл ижил орлогын түвшин бүхий орнуудын хувьд зээлийн хүү дунджаар 15 хувьтай байхад манай оронд 20 орчим хувьтай байгаа нь маш өндөр үзүүлэлт юм (MeARC: Монголын эдийн засгийн шинжилгээ судалгааны төв, 2017). Төсвийн алдагдал, инфляци, уул уурхайн бүтээгдэхүүний үнээс хамааралтай байдал гээд эдийн засгийн нөхцөл байдал зээлийн хүүг өндөр байлгахад нөлөөлж байгаа нь үнэн. Төр засгаас эдийн засгийг сэргээх, зээлийн хүүг бууруулах арга хэмжээг авах, түүнтэй холбоотой олон судалгаа шинжилгээг төрийн болон төрийн бус байгууллагууд хийж байна. Гэвч шинэ сонгодог эдийн засгийн онолоор бол үүнийг дан ганц төр засаг биш, зах зээл нь өөрөө зохицуулж байх ёстой. Зээл гэдэг бол банкнаас үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээ. Түүний үнэ нь зээлийн хүү юм. Тэгвэл зах зээлийн хуулиараа үнийг буулгаж, оновчтой түвшинд хүргэдэг чухал хүчин зүйл бол өрсөлдөөн юм.

Дээр дурдсанчлан өнөөдөр манай санхүүгийн зах зээлд банкны салбар ноёрхсоор байна. Ийм ч учраас иргэдэд мөнгө санхүү гэхээр шууд банк л санаанд нь орох нь нийтлэг. Гэвч санхүүгийн зах зээлд үнэт цаас, хөрөнгийн зах, банк бус санхүүгийн байгууллага, даатгал гээд бусад чухал нөлөөтэй салбарууд бий. Эдгээр салбарууд, ялангуяа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь санхүүгийн зах зээлд өрсөлдөөнийг бий болгох чухал ач холбогдолтой. Харамсалтай нь манайхны үнэт цаас, хөрөнгийн биржийн талаарх мэдлэг мэдээлэл тун хомс байна. Хувьцаа гэж юу вэ, түүнийг хэрхэн худалдаж авах вэ, түүнээс ямар ашиг авч болох вэ, хөрөнгийн бирж, брокер диллерүүдийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ гэх зэрэг асуудал ихэнх хүний хувьд асуулт хэвээр үлддэг.

Нэгэн жишээ дурдаж хэлэхэд, миний найз саяхан хувьцаа худалдан авч хөрөнгө оруулах шийдвэр гаргалаа. Яаж эхлэхээ мэдэхгүй байсан тул мэдээлэл авахаар Хөрөнгийн Бирж дээр очтол түүнийг мэдээллээр хангах хүн олдсонгүйн дээр хөрөнгийн зах зээлийн талаар тайлбарласан мэдээллийн самбар, брошур ч байсангүй. Ингээд түүнд буцахаас өөр арга байсангүй. Хайгуулаа интернет орчноор үргэлжлүүлсний дүнд брокерын байгууллага дээр очиж, тэндээс нэн тэргүүний мэдээллээ авч хувьцааны арилжааныхаа эхлэлийг тавьжээ. Гэвч арилжааны банкаар дамжуулан данс нээлгэх, түүндээ мөнгөө байршуулах зэрэг “трансакц” гарч банкин дээр очсон боловч банкны ажилтан нь энэ талын үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаараа мэдээлэлгүй байсан тул буцаж брокерын компанитайгаа холбогдох шаардлага гарчээ. Эндээс л санхүүгийн зах зээлийн уялдаа холбоогүй байдал болон хэрэглэгчид түргэн шуурхай, ойлгомжтой санхүүгийн үйлчилгээ авах нь хүндрэлтэй байдгийг харж болохоор байгаа юм. Харин эдийн засагт институцийн орчин, хууль эрх зүй, гэрээ хэлцлийн хэрэгжилт сайн бүрэлдсэн цагт л энэ мэт трансакцын зардал бага болж эдийн засгийн үр ашигтай байдал нэмэгдэнэ гэж эдийн засгийн онолын нэг урсгал болох “Шинэ институцийн эдийн засаг”-ийн онол үздэг.

Эндээс дүгнэж хэлэхэд, санхүүгийн зах зээлд санхүүгийн хэрэглэгчдийг мэдээллээр хангах, тэдний эрх ашгийг хамгаалах талаар зохицуулалт биднийг чөлөөт эдийн засагт шилжсэнээс хойшхи хугацаанд огт хийгдээгүй нь өнөөгийн санхүүгийн зах зээл дэх үр ашиг багатай бөгөөд зардалтай байдлыг бий болгожээ. Тиймээс санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаар зохицуулалт, түүнийг хэрэгжүүлэгч нэгжийг бий болгох нь санхүүгийн зах зээл дэх “трансакцын зардал”-ыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Ингэснээр банкны зээл хүсч буй бизнес эрхлэгч, үнэт цаасны арилжаа хийж буй хөрөнгө оруулагч нар эдийн засагт үр ашгийг бий болгож санхүүгийн зах зээлийн нийт эдийн засагт эзлэх хувь хэмжээ ч өсөх боломжтой юм. Нэмж дурдахад, 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас улс орнууд санхүүгийн зах зээлийн ач холбогдол, түүнтэй холбоотой зохицуулалт нь эдийн засгийн идэвхжилд маш чухал юм гэдгийг ойлгож авсан байдаг. Учир нь санхүүгийн зах зээлээс бий болсон алдагдал, үр ашиггүй байдал нь эдийн засгийг сэргээхэд маш их зардлыг дагуулдаг ажээ.

 

Ашигласан материал:

1. Marketinfo.mn. (2016). Санхүүгийн зах зээлийн бүтцийн судалгаа. Улаанбаатар.

2. MeARC: Монголын эдийн засгийн шинжилгээ судалгааны төв. (2017). Зээлийн хүү яагаад өндөр байна вэ? Улаанбаатар, Монгол улс.

3. Williamson, O. (1981). The Economics of Organization: The Transaction Cost Approach. American Journal of Socioilogy, 548-577.

 

МОНГОЛБАНК

Олон нийтийн боловсрол, мэдээллийн төв

2018 он

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.