Монголбанк

Буцах

Ц.Гарьд: Монгол Улсын төлбөр тооцоо олон улсын жишигт хүрсэн

Огноо: 2018/12/12

Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Төлбөрийн системийн шинэчлэл" төслийн талаар Монголбанкны Төлбөр тооцооны газрын хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Ц.Гарьдтай ярилцлаа.

Монголбанкны хэрэгжүүлж буй “төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд ямар шинэчлэл хийж байгаа тухай юуны өмнө товч мэдээлэл өгнө үү?

Монголбанк нь 2016 оноос эхлэн Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “төлбөрийн системийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Монголбанк нь төслийг хэрэгжүүлж, өөрийн Үндэсний цахим гүйлгээний төв (ҮЦГТ)-ийн сүлжээ, техник хангамж болон дата төвүүдийн шинэчлэл, банк хоорондын их дүнтэй гүйлгээний систем (RTGS) болон бага дүнтэй гүйлгээний систем (ACH +)-ийн шинэчлэл, үндэсний ₮ картын шинэчлэл болон цаашид шинэчлэхээр төлөвлөж байгаа бусад төлбөрийн системийн техник болон бизнесийн шаардлагыг олон улсын зөвлөхүүдээр боловсруулсан зэрэг олон ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлснээр улс үндэстнийг бүхэлд нь хамарсан төлбөрийн цогц үйлчилгээ бүхий найдвартай төлбөрийн системтэй болж төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, ирээдүйд өсөн нэмэгдэх төлбөр тооцооны системийн найдвартай байдлыг хангахад чухал ач холбогдолтой бөгөөд дараах үр дүнгүүд гарна гэж тооцож байна. Үүнд: төлбөрийн системийн уялдаа холбоог сайжруулж, хяналтыг нэмэгдүүлснээр өндөр нууцлалтай, уян хатан цахим төлбөрийн системтэй болох, цахим төлбөрийн үйлчилгээ, бүтээгдэхүүнүүд бий болох хөрс суурийг бий болгож, бэлэн бус төлбөр тооцоог нийтийн хэрэглээ болгох ба ингэснээр далд эдийн засгийг бууруулах, эдийн засгийн мэдээллүүдийг ил тод болгох, цахим засаглал хөгжихөд дэмжлэг үзүүлэх, үндэсний хэмжээнд төлбөр гүйцэтгэх боломж бүхий, өөрөөр хэлбэл зах зээлийн оролцогч болгонд тохирсон төлбөрийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх, банк санхүүгийн үйлчилгээ авахад иргэдийн цаг хугацааг хэмнэх, бүс нутгийн байршлын ялгааг арилгах, Засгийн газрын үнэт цаас, Төв банкны үнэт цаас зэрэг үнэт цаасны нэгдсэн бүртгэлийн системийг сайжруулснаар үнэт цаасны төлбөрийн системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна.

Төслийг хэрэгжүүлснээр төлбөр тооцооны аюулгүй байдлын баталгааг хэр найдвартай төвшинд хүргэхээр зорьж байна вэ?

Төлбөр тооцооны дэд бүтэц, үндсэн системүүд аль ч улсад Төв банкны хяналтад байдаг, үндэсний аюулгүй байдалд онцгой нөлөөтэй дэд бүтцэд тооцогддог, манай улсын хувьд Монголбанк банк хоорондын төлбөр тооцооны үндсэн сүлжээ, дэд бүтцийг байгуулан хариуцаж ажилладаг. “төлбөрийн системийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх үндсэн зорилтуудын нэг нь хэрэглэгчдийн бүх давхаргад тохирсон, харилцан нягт уялдаа холбоотой, өндөр нууцлал бүхий төлбөрийн систем бий болгох явдал юм. Төслийн хүрээнд бид ҮЦГТ-ийн банк дундын үндсэн сүлжээний өргөтгөл, сүлжээний нууцлал, аюулгүй байдлын төхөөрөмжүүдийн бүрэн шинэчлэлийг хийж дуусгаад байна. Өөрөөр хэлбэл, банк дундын төлбөр тооцооны сүлжээний дэд бүтэц, аюулгүй байдалд хөрөнгө оруулалт хийж сайжруулсан гэсэн үг юм. Мөн анх удаа энэ онд банк дундын цахим гарын үсгийн баталгаажуулалтын систем (PKI system), түүний техникийн дэд бүтцийг төслийн хүрээнд ҮЦГТ-д бий болголоо. Банк, санхүүгийн байгууллага дундын мэдээлэл солилцоо, төлбөр тооцоог цахим гарын үсгээр баталгаажуулж, нууцлал аюулгүй байдлыг өндөр төвшинд хангах боломжтой болж байна гэсэн үг. Мөн төслийн явцад үндэсний ₮ картыг чип технологитой болгож, картын гүйлгээний аюулгүй байдлыг сайжруулах, банк дундын Tokenization систем нэвтрүүлж гүйлгээг нууцлалтайгаар дамжуулж эхлэх зэрэг бусад дэд бүтцийн шинэчлэлийн ажлууд хийгдэнэ.

Төслийн үр дүнд манай төлбөрийн системийн хөгжил олон улсын жишигт хүрэх үү? эдгээр шинэчлэлтийн үр дүнд харилцагчдад ямар давуу боломжууд бий болох вэ?

Мэдээж “төлбөрийн системийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын төлбөр тооцоог олон улсын хөгжлийн хамгийн сүүлийн үеийн жишигт хүргэсэн, түүнд суурилсан үр дүнтэй, аюулгүй байдал нь хангагдсан, харилцан уялдаа холбоо бүхий төлбөрийн системтэй болгохоор зорьж байна. Үүний тулд Монголбанкны болон ҮЦГТ-ийн суурь сүлжээ, төлбөр тооцооны системүүдийг шинэчилж байна, олон шинэ дэвшилтэт төлбөрийн хэрэгсэл, сувгийг нээх боломжийг бий болгож байна. суурь дэд бүтцийн шинэчлэлийн ажил тэр даруй үр дүнгээ өгч, иргэдийн хэрэглээнд тэр бүр анзаарагдахгүй ч, банк болон бусад финтек компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжин ойрын ирээдүйд тун удахгүй үр дүнгээ өгч эхлэх болно.

Манай улсын онцлог гэж байх уу?

Улс орнуудын болон дэлхийн нийтийн төлбөр тооцооны системүүд нь харилцан уялдаа бүхий нэг цогц гэж болно. технологийн дэвшил, түүнд суурилсан төлбөр тооцооны бүтээгдэхүүн, хөгжил нь тухайн улсын онцлог гэхээсээ илүүтэйгээр харилцан уялдаатай байдлыг чухалчилж, нэг стандарттай байх гэдэг ойлголт нь илүү байж, улс орнуудын Төв банкууд, төлбөр тооцооны глобал компаниуд (VISA, MasterCard, UPI г.м) энэ чиглэлд илүүтэй ажилладаг. Манай төслийн хувьд ч ялгаагүй олон улсын жишигт нийцсэн бусад улс орон, бүс нутаг, глобал төлбөр тооцооны компаниудтай харилцан уялдаа холбоо бүхий, нэгдсэн интеграцид орох боломжтой, олон улсын жишиг стандартад суурилсан шинэчлэлийг хийхээр зорьж байна. Нэгдсэн стандарт, олон улсын түгээмэл жишигт суурилах хэдий ч, мэдээж хэрэг, төлбөр тооцооны бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгохдоо улсынхаа онцлогт тохируулна. Жишээ нь манай улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, цөөн хүн амтай, байгалийн эрс тэс уур амьсгалтай улс. Мөн хоёр том улстай хиллэдэг гэх мэт манай улсын өвөрмөц онцлог бий. Энэ онцлогийг харгалзан гар утсанд илүү суурилсан, газар нутгийн хол ойроос үл шалтгаалсан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахаар банкууд, компаниуд ч хичээж байна. Төв банкны төлбөр тооцооны системийн бодлого, банкуудын шинэ дэвшилтэт цахим төлбөр тооцооны бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд эдгээр онцлогийг тусгах ёстой.

Дэлхийн улс орнуудад одоогийн байдлаар шинэ дэвшилтэт цахим төлбөрийн үйлчилгээний хөгжлийн хандлага ямархуу байна вэ. хамгийн өргөн хэрэглэгдэж буй, жишиг болон яригдаж буйгаас нь сонирхуулаач?

Технологийн дэвшлийн хурдтай хөгжилд суурилан төлбөр тооцоо, цахим төлбөрийн хэрэгслүүд, шинэ үйлчилгээ, боломжууд маш хурдтайгаар шинэчлэгдсээр байна. Карт болон гар утсанд суурилсан төлбөрийн хэрэгслүүд дэлхийн хамгийн түгээмэл цахим төлбөр тооцооны хэрэгслүүд байсаар байгаа боловч гар утсанд суурилсан уламжлалт төлбөр тооцооны үйлчилгээг бүр илүү хялбарчлан, хэрэглэгчдэд энгийн болгосон, худалдаа эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулсан үр ашигтай төлбөрийн хэрэгслүүд сүүлийн жилүүдэд бусад улс оронд хөгжиж, үр дүнгээ өгч байна. Үүний хамгийн сайн жишээ нь QR кодод суурилсан болон гар утасны зайнаас унших технологи буюу NFC технологийг ашигласан төлбөрийн хэрэгслүүд юм. Жишээ нь манай урд хөршид QR кодод суурилан гар утсаар үзүүлдэг WePay болон AliPay зэрэг төлбөрийн хэрэгслүүд нийт бэлэн бус төлбөр тооцооны дийлэнх хувийг гүйцэтгэдэг болж байна. Мөн аНУ, Европын орнуудад NFC технологид суурилсан Apple Pay болон Samsung Pay үйлчилгээнүүд улам бүр боловсронгуй болж, монголбанк юу хийдэг вэ? хүртээмж нь нэмэгдсээр байна.

Төлбөрийн картууд зайнаас хүртэл уншигддаг болж, гар утаснаасаа төлбөр тооцоо хийдэг боллоо. Манай улсад ч нэвтэрч эхэлсэн. энэ бүхнийг бүх нийтийн хэрэглээ болгох, бүр илүү төвшинд хүргэх, олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход хэр их цаг хугацааны бэлтгэл орох бол?

Төлбөрийн картууд манай улсын иргэдийн төлбөр тооцооны үндсэн хэрэгслүүдийн нэг болоод байна. 2012 онд Монголбанкнаас санаачилж, арилжааны банкуудтайгаа хамтран үндэсний ₮ картыг зах зээлд гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад гаргасан нийт картын 70 гаруй хувь буюу 2,9 сая ширхэгт хүрсэн. Мөн банкууд гар утас болон интернетэд суурилсан төлбөр тооцооны шинэ боломж, хэрэгслүүдийг аль хэдийн хэрэглэгчиддээ хүргэж, хүртээмжийг нь нэмэгдүүлсээр байна. технологийн хөгжлийн боломж ч хэрэглээг нэмэхэд түлхэц үзүүлж байна. Мөн Үндэсний төлбөрийн системийн тухай хуультай болсноор сүүлийн жилүүдэд банк бус төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгч компаниуд, банк бус санхүүгийн байгууллагууд төлбөр тооцооны оролцогч болох боломжтой болж төрөл бүрийн гар утас, QR код, интернет болон бусад төрөл бүрийн технологийн боломжид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд гаргасаар байгааг иргэд анзаарч байгаа байх. төслийн хүрээнд Монголбанк нь эдгээр шинэ дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээг дэмжих олон ажил төлөвлөж байна. таны асуусанчлан, Монголбанк үндэсний ₮ картаа шинэчлэх, ₮ картаа нууцлалын чиптэй болгох, зайнаас унших боломжтой болгон хөгжүүлэхээр олон улсын зөвлөхүүдтэй ажиллаж байна. 2019 оны дунд гэхэд үндэсний ₮ карт олон улсын нууцлал аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан чип, зайнаас унших технологитай гарч эхэлнэ. Мөн гар утаснаас төлбөр тооцоо хийх технологийг дэмжихийн тулд Монголбанк нь төслийн хүрээнд гүйлгээний нууцлал аюулгүй байдлыг баталгаажуулах банкны гүйлгээ баталгаажуулах төв буюу үндэсний токен баталгаажуулагч системийг ҮЦГТ-д бий болохоор ажиллаж байна. Ойрын жилд эдгээр систем нэвтэрч, түүнд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээнүүд нь бодит хэрэглээ болно.

Дээр үндэсний төлбөрийн хэрэглээний онцлогийг ярьсан. энэ чиглэлийн мэргэжилтнүүд хэр бэлтгэгдсэн бэ, үндэсний мэргэжилтнүүд өөрийн онцлогтой шинэ төлбөр тооцооны үйлчилгээг бий болгох талаар? хүний нөөцийн чадамжийг сайжруулах талаар ажил хийгдэх үү?

Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, төлбөр тооцооны мэргэжилтнүүд, үндэсний банкууд, компаниуд дэлхийн жишигт хүрсэн, өөрсдийн онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж байгааг бид харж байгаа шүү дээ. төлбөр тооцоо, цахим бүтээгдэхүүн бий болгох, хөгжүүлэх ажилд олон жил манай банкууд түүчээлэн ажиллаж, үндэсний мэргэжилтнүүдийг бий болгох, туршлагажуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Энэ суурин дээр үндэслээд одоо зөвхөн банк гэхгүй, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хувийн компаниуд буюу финтек компаниуд сүүлийн үед олноор бий болж энэ салбарт өрсөлдөж байна. Монголбанкны санаачилж бий болгосон Үндэсний төлбөрийн системийн тухай хууль банк бус компаниуд энэ салбарт оролцогч байх, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгогч байх боломжийг олгосон нь эдгээр компаний хөгжил, хүний нөөцийн чадавхын хөгжилд эергээр нөлөөлж, дэмжлэг болно. таны асууснаар төслийн хүрээнд хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх дэд төслийн хэсгүүд бий. Монголбанкны болон арилжааны банкуудын мэдээллийн технологи, төлбөр тооцооны холбогдох мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах, сургалтад хамруулах ажил үе шаттайгаар хийгдэнэ.

Блокчейн технологи нь төлбөрийн системд хүлээн зөвшөөрөгдөх технологи мөн эсэхэд ярилцлагын төгсгөлд мэдээлэл авахыг хүсч байна.

Хүлээн зөвшөөрөгдөх гэснээс ер нь анх блокчэйн технологи төлбөр тооцоотой холбоотойгоор үүссэн шүү дээ. Биткойны анхны зорилго нь бусдаас үл хамаарсан, төвлөрөөгүй, ил тод, баталгаатай, хүн бүхэнд хүртээмжтэй төлбөр тооцоог бий болгох зорилготой байсан гэж үздэг. Энэ чиглэлээр төдийгүй бусад чиглэлээр блокчэйн технологи маш хурдтай хөгжиж, ямар төвшинд хүрч байгаа, ямар сорилтуудтай тулгарч явааг бид бүхэн харж байна. Зөвхөн төлбөр тооцоо төдийгүй банк, санхүүгийн бүх үйлчилгээнд блокчэйн технологийг ашиглах, үр ашигтай болгох, ил тод болгох, баталгаатай болгох төрөл бүрийн санаачилга, төслүүд дэлхий даяар өрнөж байна. Блокчэйн технологид суурилсан биржийн арилжааг хийх талаарх санаачилга манай компаниудаас гарсан, хэд хоногийн өмнө бүтээгдэхүүн нь танилцуулагдсаныг мэдэх байх. тэгэхээр блокчэйн технологи төлбөр тооцооны системд зөвшөөрөгдөх бүрэн боломжтой төдийгүй, техник технологийн хөгжил энэ боломжийг ойрын хугацаанд авч ирэх болов уу гэж бодож байна. харин биткойн зэрэг криптовалютууд нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар тодорхойлсон цахим мөнгөний шинжүүдийг хангадаггүй, мөн төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний төлбөрийг зөвхөн төгрөгөөр хийх тул криптовалютыг Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглах албан ёсны төлбөрийн хэрэгсэл биш болохыг Монголбанкнаас урьд өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэж байсан. Нэг ёсондоо, дэлгүүрээс бараа худалдаж аваад түүний төлбөрт нь биткойн өгч болохгүй, хуулиар хориотой гэсэн үг.

Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.