Монголбанк

Буцах

Төрийн үйлчилгээнд цахим шийдэл нэвтрүүллээ

Огноо: 2018/12/20

 

Монголбанк, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Төрийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 2018 оны 12-р сарын 20-ны өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн Дүнжингарав салбарт болов.

 

Сүүлийн үед финтек буюу технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ эрчимтэй хөгжиж, техник технологийн дэвшлийг ашиглаж төлбөр тооцоог хурдан шуурхай, амар хялбар гүйцэтгэх шинэ боломжууд нэмэгдсээр байна. Монголбанкнаас хурдацтай хөгжиж буй дэлхий нийтийн техник технологийн аливаа дэвшилтэй мөр зэрэгцэн алхах, иргэд олон нийтийн төрийн үйлчилгээний болоод банк, санхүүгийн байгууллагын аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг эрх тэгш, элдэв хүндрэл чирэгдэлгүй, хүртээмжтэйгээр авдаг байх боломжийг бүрдүүлэх үүднээс финтекийн хөгжлийг дэмжиж, бэлэн бус төлбөрийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. 

 

Тухайлбал, төлбөрийн системийг хөгжүүлэх ажлын хүрээнд Монголбанкнаас шат дараатайгаар хийж гүйцэтгэж байгаа томоохон ажлуудын нэг нь “Төлбөрийн системийн тухай хууль”-ийг батлуулж, энэ оноос мөрдөж эхэлсэн явдал юм. Тус хууль батлагдсанаар Монголбанк үндэсний төлбөрийн системийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих бүрэн эрхтэй болсон юм.

 

Энэ хүрээнд иргэдэд хүндрэл учруулж буй өнөөгийн нөхцөл байдлыг засаж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, зардал чирэгдлийг арилгах үүднээс Монголбанк нь Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх хүрээнд “Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах” ажлыг эхлүүлж, үүнд нийцүүлэн хууль эрх зүйн орчны зохицуулалтыг ч бий болгож, өөрийн системд програм хангамжийн хөгжүүлэлтийг хийж, төрийн үйлчилгээний төлбөр тооцоог дамжуулан гүйцэтгэх дэд бүтцийг бий болголоо.

 

Ингэснээр, иргэд Нийслэлийн цахим үйлчилгээний “Eservice” порталаар дамжуулан, мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд байрших ПОС төхөөрөмж ашиглан төрийн үйлчилгээний аливаа төлбөрийг шууд төлөх боломжтой болж байна. Тодруулбал, иргэд банкинд очихгүйгээр, аль ч банкны карт ашиглан давхар зардал, чирэгдэлгүйгээр төрийн үйлчилгээг авах юм. Төрийн үйлчилгээ авч буй иргэний төлбөр тооцоо нь Монголбанкны “Үндэсний цахим гүйлгээний төв”-ийн системээр дамжин боловсруулагдаж, тухайн агшин бүрд харилцагчийн гүйлгээ баталгаажиж, гүйлгээ нь бодит цагийн горимоор хийгдэх давуу талтай юм.  Энэхүү ажлыг эхлүүлснээр, төрийн үйлчилгээг “Нэг цэг”-ээс авах боломж бүрэн утгаараа хэрэгжиж, Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажлын үндэс суурь болж байна.   

Цаашид Монголбанк төрийн үйлчилгээг иргэн бүрд хүртээмжтэй байлгах, үйлчилгээний таатай орчныг бүрдүүлэх, цахим эринд цахим төлбөр тооцоог хөгжүүлэхэд Засгийн газар, түүний харьяа агентлагууд, Нийслэлийн төр захиргааны байгууллагууд, банкууд, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч бүхий л байгууллагатай хамтран ажиллаж, төлбөрийн системийн хөгжилд шинэ боломж, дэвшил бүхий технологийн шийдлийг өргөжүүлэн, хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

“Eservice.ulaanbaatar.mn” порталаар төрийн үйлчилгээний талаархи мэдээ, мэдээлэл авах, онлайнаар үйлчилгээний хүсэлт захиалах, төлбөр төлөх, үйлчилгээний процесст хяналт тавих, үнэлгээ өгөх зэрэг төрөөс үзүүлж байгаа олон төрлийн үйлчилгээг авах бололцоотой юм. Одоогийн байдлаар Нийслэлийн цахим үйлчилгээний “Еservice” порталаар үзүүлэх 5 байгууллагын 47 төрлийн үйлчилгээ хэрэглээнд нэвтрээд байна.Үүнд:

  1. УБЗАА-ын тусгай зөвшөөрлийн үйлчилгээ /16 үйлчилгээ/
  2. Архивын лавлагаа /18 үйлчилгээ/
  3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ /1 үйлчилгээ/
  4. Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт /1 үйлчилгээ/
  5. Жуулчин тээврийн автобусны улсын дугаар хязгаарлалтаас чөлөөлөх зөвшөөрөл олгох үйлчилгээ /1 үйлчилгээ/
  6. Уншлагын танхимын үйлчилгээ /1 үйлчилгээ/
  7. Иргэн, хуулийн этгээдийн захиалгаар мэдээлэл бэлтгэх үйлчилгээ /1 үйлчилгээ/
  8. Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл /1 үйлчилгээ/
  9. Газрын төлбөрт тооцоо нийлсэн акт /1 үйлчилгээ/
  10. Аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх /6 үйлчилгээ/

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.