Монголбанк

Буцах

Банкны активын чанарын үнэлгээний үр дүнгийн тухай мэдээлэл

Огноо: 2018/02/14

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийн  өсөлтийг сэргээх, цаашид тогтвортой өсгөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хамрагдан, макро эдийн засгийн цогц бодлогоо  тодорхойлон, үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын  арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг олон улсад нэр хүнд бүхий, хөндлөнгийн аудитын компаниар хийлгэх үүргийг Монголбанк  хүлээж, гүйцэтгэгчийг хууль тогтоомжид заасан журмын дагуу сонгон шалгаруулснаар Бүгд Найрамдах Чех Улсад бүртгэлтэй, PricewaterhouseCoopers Česká republika s.r.o. компанитай  2017 оны 8 дугаар сард гэрээ байгуулж, активын чанарын  үнэлгээ хийх ажлыг эхлүүлсэн болно. 

Активын чанарын үнэлгээгээр банкуудын зээлийн багцын чанарыг үнэлэхээс гадна тэдгээрийн үйл ажиллагааны бодлого, журам, зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо, барьцаа хөрөнгө, гуравдугаар түвшний хөрөнгө зэргийг үнэлэх ажиллагаа хийгдлээ.

Активын чанарын үнэлгээ нь Монгол Улсад анх удаа хийгдэж байгаа шинэ ажил бөгөөд үнэлгээний  явцад урьдчилан таамаглаагүй зарим хүндрэл, бэрхшээл цөөнгүй  гарч байсан ч Монголбанкнаас гүйцэтгэгч PwC компани болон ОУВС-тай тухай бүр нь шуурхай харилцан, шаардлагатай арга хэмжээг авч, ажиллах нөхцөл бололцоогоор хангаж ажилласны үр дүнд үнэлгээний ажил  амжилттай хийгдэж дууслаа.

Банкны  активын чанарын үнэлгээ 2016 он буюу улс орны санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүнд амаргүй үеийн санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэгдсэн бөгөөд  2017 оны санхүү, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан гуравдугаар улирлын байдлаар тохируулга хийгдсэн болно.

Үнэлгээгээр банкуудын зээлийн эрсдэлийн удирдлага,  барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нөхцөл, шаардлагыг сайжруулах шаардлагатай гэж үнэлэгдсэн ч төлбөрийн чадварын хувьд Монгол Улсын банкны салбар бүхэлдээ тогтвортой байна гэж Олон Улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар  дүгнэгдсэн байна.

Активын чанарын энэ үнэлгээ нь ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд банкны салбарын өөрийн хөрөнгийн хүрэлцээг тодорхойлох арга хэмжээний эхний үе шат юм. Цаашид, банкууд өөрийн хөрөнгийн түвшинг 2021 он хүртэлх хугацаанд хангах  талаар бизнес төлөвлөгөөг боловсруулан Монголбанкинд ирүүлж, Монголбанкнаас банкуудын санхүүгийн үзүүлэлтэд эрсдэлийн сорилын шинжилгээг хийх замаар  өөрийн хөрөнгийн хүрэлцээний дутагдалыг 2018 оны 3 дугаар сард багтаан эцэслэн тодорхойлох ажил хийгдэж байна. 

 

Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төв

2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.