Монголбанк

Буцах

МЭДЭГДЭЛ

Огноо: 2022/05/20

Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Чингис хаан банкны зээлийн барьцаанд хураагдсан хүнсний агуулахыг хэт өндрөөр үнэлэн, Нийгмийн даатгалын ерөнхий газрын өр төлбөрт тооцон, шилжүүлэх ажилд Монголбанк оролцож байгаа мэтээр буруу ташаа мэдээ, мэдээллийг тараах боллоо.

Монголбанк нь Төв банк /Монголбанк/-ны тухай хууль болон Банкны тухай хуулийн дагуу банкны үйл ажиллагааг бодлого зохицуулалтаар хангаж, түүнд хяналт тавьж ажилладаг.  Энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэхдээ барьцаа хөрөнгөөр зээл төлүүлэх, түүний үнэлгээг тогтоох, хураагдсан хөрөнгийг захиран зарцуулах зэрэг банкны дотоод шийдвэр гаргалтад оролцдоггүй. Харин харилцагчаас зээлийн төлбөрт санал болгож буй томоохон хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох шаардлага тавьж ажилладаг.

Банк зээлдэгчтэй харилцан тохиролцож түүний хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэх замаар зээлийн үүргийн гүйцэтгэл хангуулах, тухайн хөрөнгийг худалдан борлуулах арга хэмжээ авах нь олон улсын санхүүгийн зах зээлд түгээмэл хэрэглэгддэг, нийтлэг харилцаа юм. Банкны салбарын хувьд энэхүү харилцааг Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн Сайдын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А-294/340 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Банкны нягтлан бодох бүртгэлийн заавар”-ын 4.5 дахь хэсэг, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А-155/134 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын 2.5 дахь хэсгээр тус тус зохицуулсан.

Тус банк агуулахыг зээлийн төлбөрт тооцон авахдаа хөндлөнгийн байгууллагаар үнэлгээг гаргуулсан бөгөөд холбогдох журам, зааврын хүрээнд хийгдсэн банкны дотоод үйл ажиллагаа, зээл төлүүлэх, хөрөнгө худалдах хэлцэлд Монголбанк хөндлөнгөөс оролцоогүй болохыг мэдэгдэж байна.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.