Монголбанк

Буцах

Н.Баяртсайхан: Тогтвортой, хүртээмжтэй өсөлт хэрэгтэй

Огноо: 2018/02/06

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай Монголбанкнаас санаачлан зохион байгуулсан Эдийн засгийн бодлогын анхдугаар чуулган, гадаад валютын нөөцийн хүрэлцээ, мөн удахгүй болох Улаанбаатарын зөвшилцөл хэлэлцүүлгийн тухай  ярилцлаа.

Монголбанкнаас санаачлан зохион байгуулсан Эдийн засгийн бодлогын анхдугаар чуулганы үр дүнгийн талаар яриагаа эхэлье гэж бодлоо.

-Өнгөрсөн 2017 он Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарын хувьд хүнд сорилтуудыг даван туулах, эдийн засгийн цаашдын тогтвортой өсөлтийн суурийг тавих жил боллоо. Гэвч энэ бол зөвхөн урт замын эхлэл юм.  2018 он эерэг өөрчлөлтөө бататгах, макро төвшний таатай өөрчлөлтүүдийн үр өгөөжийг нийгмийн өргөн хүрээнд мэдрүүлэхэд чухал “Шинэчлэл, реформын жил” болох учиртай.

Энэхүү шилжилтийн чухал үед Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарын өнөөгийн төлөв байдал, сорилтуудыг дүгнэн хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагаа, бодлого, зөвлөмжийг тодорхойлох явдал чухал учраас тус чуулганыг эдийн засгийн бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч байгууллагуудын төвшинд зохион байгуулсан. Цаашид жил бүрийн эхэнд ийм чуулганыг уламжлал болгон зохион байгуулж, өмнөх жилийнхээ ажлыг дүгнэх, ирээдүйд тулгарах сорилтуудыг хэлэлцэж байх бодлогын талбар болгохоор зорьж байна.

Макро эдийн засагт гарсан таатай өөрчлөлтүүдийг нийгмийн өргөн хүрээнд мэдрүүлэх гэдэг Таны үг содон дуулдлаа. Үнэндээ иргэдийн амьжиргаа хүндхэн байгаа. Энэ чиглэлд Монголбанк ямар үйл ажиллагаа явуулах бодолтой байна вэ?

-Тийм ээ, амьдрал хүнд байгаа. Хэдийгээр эдийн засгийн өсөлт сэргэж, гадаад валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрч, инфляци зорилтот 8 хувийн төвшинд тогтож, ажил эрхлэлт нэмэгдсэн зэрэг эерэг өөрчлөлтийг дурдах ёстой хэдий ч, ажилгүйдэл, ядуурлын төвшин өндөр хэвээр байгаа нь бидний өмнө тулгарч буй томоохон сорилтууд мөн.

Давын өмнө Монголбанк инфляцийг 2018-2020 онд тогтворжуулах бодлогоо тууштай хэрэгжүүлэхийг зорьж байна. Инфляцийг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх нь инфляци болон эдийн засгийн өсөлтийн зөв тэнцвэрийг хангах замаар иргэдийн амьжиргаанд нааштай нөлөөлөх юм. Эдийн засгийг идэвхжүүлэхэд чиглэсэн богино хугацааны бодлого хэрэгжүүлэх нь тухайн үедээ олон нийтэд таалагдах хэдий ч, энэ нь эргээд гадаад, дотоод хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж, эдийн засгийн өсөлт саарах, улмаар унах нөхцөл болдгийг амссан гашуун туршлага бидэнд бий шүү дээ. Манайд тогтвортой, хүртээмжтэй өсөлт хэрэгтэй.  

Нөгөөтэйгүүр гадаад валютын улсын нөөцийн хэмжээг зогсолтгүй  нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Өнгөрсөн онд гадаад валютын нөөц 3 дахин нэмэгдэж, 3 тэрбум ам.долларт хүрсэн. Нөөц нэмэгдэхийн хэрээр төгрөгт итгэх итгэл нэмэгдэж, улмаар зах зээлийн зарчмын дагуу төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байх нөхцөл бүрдэж байна. Энэ нь эргээд бизнес эрхлэгч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын санхүүгийн төлөвлөлт, шийдвэр гаргалтыг сайжруулах замаар ажлын байр, орлогын өсөлтөөр дамжуулан иргэдийн амьжиргаанд эергээр нөлөөлөх юм.

Түүнчлэн Төв банкны ил тод, хараат бус байдлыг нэмэгдүүлэх, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг сайжруулах зэрэг чиглэлд авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний үр дүнд улсын зээлжих зэрэглэл, гадаад эх үүсвэрээс санхүүжилт босгох өртөг, боломжийг сайжруулах зэргээр ажил олгогчдын цаашдын бизнесийн идэвхжилд зөв нөлөөлнө гэж үзэж байгаа.

Гадаад валютын нөөц нэмэгдэж 3 тэрбум ам.долларт хүрснийг Та олонтаа дурдаж байгаа. Гэхдээ энэ хэмжээ хэр боломжит нөөц вэ?

-Гадаад валютын нөөц бол улс орны тусгаар тогтнолын баталгаа, үндэсний баялгийн нэг хэсэг бөгөөд үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг хадгалах, хямралын үед улс орны эрсдэл даах чадварыг хангах, гадаад өрийн үйлчилгээ хийх, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэдийгээр гадаад валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрч, нөөцийн хүрэлцээт байдлыг тооцоход олон улсад нийтлэг хэрэглэдэг нөөц-импорт, нөөц-богино хугацаат гадаад өр, нөөц-мөнгөний нийлүүлэлт зэрэг уламжлалт харьцаа үзүүлэлтийг хангаж байгаа хэдий ч, энэ нь чамлалттай нөөц юм. Гэхдээ чамласнаас, чанга атга гэдэг дээ.

Тухайлбал Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд гадаад валютын нөөцийг үндэсний импортын нэг жилийн хэрэгцээг хангах хэмжээнээс багагүй төвшинд байлгахаар заасан байдаг. 2017 онд Монгол Улсын импорт өмнөх оныхоос 29% нэмэгдэж 4.3 тэрбум ам.долларт хүрсэн. Хэрэв энэ өсөлт 2018 онд хадгалагдана гэж үзвэл бид хамгийн багадаа 5.5 тэрбум ам.долларын гадаад валютын нөөц бүрдүүлж байж нэг жилийн хэрэгцээг хангах төвшинд хүрнэ.  Өөрөөр хэлбэл, одоогийн байгаа гадаад валютын нөөцийн хуримтлал нь богино хугацаанд үүсч болох эрсдэлийг даахуйц хэмжээнд хүрэлцээтэй боловч гадаад цочрол, дунд, урт хугацаанд үүсч болох бусад эрсдэлийг хааж чадахгүй. Иймд гадаад валютын нөөцийг цаашид тасралтгүй нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.

Нэг талаас гадаад валютын нөөц нэмэгдэж байгаа хэдий ч, нөгөө талаас Монгол Улсын нийт гадаад өр бас нэмэгдсээр байна. Нөөцийг өр үүсгэх замаар нэмэгдүүлж байна гэж олон нийт ойлгож, санаа зовоод байх шиг. Нөөцийг нэмэгдүүлэх өөр ямар ямар боломж бий вэ?

-2017 онд гадаад валютын нөөц бараг 2 тэрбум ам.доллараар нэмэгдсэнийг дээр нэгэнт дурдсан. Нөөц нэмэгдэхэд Засгийн газрын зүгээс төлбөрийн тэнцлийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний үр дүнд 820 орчим сая ам.доллараар нэмэгдсэн. Бусад хувь нэмрийн тухайд алтны орлого, гадаад валютын улсын нөөцийн удирдлагын орлого, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ өссөнөөс шалтгаалсан гадаад валютын орох урсгалын өсөлт болон бусад хүчин зүйлс нөлөөлснийг нэмж дурдъя. Өөрөөр хэлбэл, нөөц нэмэгдсэн нь дан ганц донор орнуудын санхүүжилтээс шалтгаалсан гэх өрөөсгөл ойлголт байгааг залруулах нь зүйтэй байх. Бид өөрсдөө айлаас эрэхээр авдраа уудлан ихээхэн зүтгэл гаргаж байна. Өөрсдийн хүчин зүтгэлийг дутуу үнэлж яав ч болохгүй.

Ирэх он жилүүдэд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд батлагдсан 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтээс хуваарийн дагуу орж ирэх төлөвтэй байгаа нь валютын нөөцөд  дэмжлэг болох нь дамжиггүй. Мөн Монголбанк дотоодын алтны үйлдвэрлэлийг дэмжих, алтны сорьцын лаборатори шинээр байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаа нь алт тушаалтыг нэмэгдүүлнэ.  

Цаашид макро эдийн засгийн нөхцөл байдал тогтворжих, зээлжих зэрэглэл  сайжрахын хэрээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж эхлэх, улмаар хувийн хэвшилд гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөв мэдэгдэж байгаа нь төлбөрийн тэнцэл сайжрах, гадаад валютын нөөц нэмэгдэхэд нааштай нөлөөлнө гэж үзэж байна.

Хамгийн чухал нь бид эдийн засагт үүссэн одоогийн таатай нөхцөл байдлыг ашиглан эдийн засгийнхаа бүтцийг төрөлжүүлэх, урсгал дансны алдагдлыг бууруулах чиглэлд ажиллах шаардлагатай байгаа. Ингэснээр гадаад валютын цэвэр урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой өсөлтийг хангахад жинтэй хувь нэмэр болно.  

Монголбанкнаас ойрын хугацаанд ямар ямар ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?  

-Мэдээж бодож, санаж, хийж буй олон ажил байна. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаар эхэлсэн ажлаа эрчимжүүлнэ. УИХ-аар шинэчлэн баталсан Төв банк /Монголбанк/-ны болон Банкны тухай хуулийг дагалдуулан олон дүрэм журам шинээр боловсруулан хэрэглэж эхэлнэ. 2018 он бол банк-санхүүгийн салбарын хувьд томоохон шинэчлэл, реформын жил болно. Банкны салбар дахь бүтцийн өөрчлөлт бүрэн утгаараа хэрэгжиж, мөнгө санхүүгийн тогтолцоо бүхэлдээ эрүүлжих хөрс суурь бүрдэнэ.

Монголбанкнаас энэ сарын буюу 02-р сарын 12-нд Улаанбаатарын зөвшилцөл хэлэлцүүлгийг зохион байгуулах санаачилга гаргажээ. Бэлтгэл ажлын явцыг тодруулж хэлнэ үү.

- Олон улсын туршлага, бидний туулж ирсэн зам, улс орны онцлог байдлыг харгалзан Монгол Улсыг тогтвортой өсөлт, хөгжилтөд хүргэх “Улаанбаатарын зөвшилцөл”-ийг Монголбанк санал болгон хэлэлцүүлэх гэж байна. Үүнд:

  • Засаглал, институцийг сайжруулж, чадавхийг бэхжүүлэх, авлигалын эсрэг тууштай тэмцэх,
  • Гадаадын шууд болон хувийн хөрөнгө оруулалтыг тууштай даллан дуудах,
  • Төсвийн сахилгыг хангах, үндэсний хуримтлалтай болж, тууштай нэмэгдүүлэх, бодит эдийн засаг, инфляцийг тогтворжуулах,
  • Эдийн засгийн дархлааг хангах хэмжээнд гадаад валютын нөөцийг хуримтлуулах, өрийн дарамтад орохоос сэргийлэх,
  • Хүчтэй санхүүгийн салбартай болох, санхүүгийн зах зээлийг зохистой төвшинд либералчлах, өрсөлдөөн бий болгох,
  • Аж үйлдвэржилтэд түүчээлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай локоматив хэдэн компанийг бий болгож дэмжих,
  • Бүс нутгууд тэгш хөгжих боломж бүрдүүлэх зэрэг асуудлыг дурдаж болно.

Энэхүү зөвшилцөл нь улс төрийн орчноос үл хамааран Монгол Улсын хөгжлийн бодлогод тогтвортой хадгалагдан хэрэгждэг байгаасай хэмээн бид хүсч байгаа юм.  

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.