Монголбанк

Буцах

Н.Баяртсайхан: Томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжиж олон улсын тавцанд гаргаж ирэх нь эдийн засгийн бодлогын суурь зарчим

Огноо: 2018/02/22

Монголын санхүү, эдийн засгийн салбарынхан нохой жилийн босгон дээр, Монголбанкны санаачилгаар “Улаанбаатарын зөвшилцөл” чуулга уулзалтыг хийсэн билээ. Энэхүү чуулга уулзалтаар улс орны хөгжлийг тодорхойлоход баримталбал зохих суурь зарчмуудыг тунхаглахаар зорьсон юм. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг урьж энэ талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

-Саяхан болсон "Улаанбаатарын зөвшилцөл" чуулга уулзалт тодорхой зарчмуудыг санал болгон хэлэлцүүлж Тунхаглал гаргахаар болж байна. Үүний ач холбогдол, үр дүнгийн тухайд Таны үгийг сонсмоор байна.  

Монголбанкнаас 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр уг чуулга уулзалтыг зохион байгуулсан. Чуулга уулзалтад бодлого тодорхойлогч төрийн байгууллагууд, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, олон улсын санхүүгийн байгууллага (Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк)-уудын төлөөлөл оролцсон. Энэхүү чуулга уулзалт нь Монгол Улсын эдийн засгийн бодлогын суурь зарчмуудыг хэлэлцэн тодорхойлох, энэ талаар бүх шатандаа нэгдсэн ойлголттой болох үндсэн зорилготой юм. Эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжлийг хангахын тулд дэлхийн улс орнууд нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, бодлогын зорилт, тунхаглалыг “бодлогын зөвшилцөл” болгон гаргадаг жишиг бий. Энэ хүрээнд Монголбанк эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжлийн бодлогын тодорхойлогч болох учиртай “Улаанбаатарын зөвшилцөл”-ийн төслийг анх удаа санаачлан нээлттэй хэлэлцүүллээ.

-Эндээс үзэхэд, Улаанбаатарын зөвшилцөл нь өнгөрсөн он жилүүдийн бодлогын  алдаа дутагдалтай тодорхой хэмжээгээр холбоотой байх. Тиймээс эдийн засгийн бодлогын суурь зарчмыг тодорхойлох шаардлагатай гэж үзсэн үү?  

-Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжих үйл явцыг эхлүүлээд одоо бараг 30 шахам жил болох нь ээ.  Энэ хугацаанд амжилт ололттой сайн зүйл олон байсан. Мөн үүний зэрэгцээ алдаа дутагдлууд байсныг ч бас мартах ёсгүй. Иймд зөвшилцөж тодорхойлсон суурь зарчмууд нь өнгөрсөн үеийн ололт амжилтуудаа бататгах, алдаа дутагдлаа дахин давтахгүй байх зэрэг ой санамжийг бүрдүүлэх зорилготой л доо. Гэхдээ Улаанбаатарын зөвшилцөл нь дан ганц дотоодын туршлага гэхээсээ илүү олон улсын тавцан дээр сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд гарч буй томоохон өөрчлөлтийг харгалзан үзэж, олон улсын хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах эрмэлзэлтэй бас холбоотой юм.

-Олон улсын тавцан дээр гарч буй томоохон өөрчлөлтийг харгалзан үзнэ гэдэг чинь сонирхолтой байна. Та үүнийг тодруулна уу?

-Дэлхийн томоохон улс гүрнүүдийн эдийн засаг 1980-аад оны дүнд үеэс 2000-аад оны дунд үе хүртэл харьцангуй тогтвортой өсөлттэй, харин инфляци нам төвшинд байсаар ирсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн томоохон улс гүрнүүдийн эдийн засаг 20 орчим жил харьцангуй тогтвортой байсан. Энэ үед гаднын томоохон бодлого боловсруулагчид, эрдэмтэд эдийн засгийн шинжлэх ухаан эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзлийг бүрэн шийдэж чадлаа гэсэн томоохон мэдэгдлүүдийг удаа дараа хийж байсан нь эртэдсэн дүгнэлт, мэдлэг, хүч чадалдаа хэт их эрдсэн явдал болсныг одоо ч шүүмжилсээр байна.  Тэр байтугай 2000-аад оны эхэн үед "их тогтворжилт" (great moderation) нэр томъёог хүртэл гаргаж байсан удаатай. Гэвч энэ бүхэн төөрөгдөл болохыг нотолсон хэд хэдэн томоохон үйл явдал болсон.

-Ямар ямар үйл явдал болсныг дурдана уу, эдгээрээс юуг нь илүү онцолмоор байна вэ?

-Хамгийн гол үйл явдал нь 2008-2009 онд болсон дэлхийн эдийн засгийн хямрал юм. АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс улбаатай тогтворгүй байдал нь бусад улс оронд маш богино хугацаанд “халдварлаж”, эдийн засгийг нь туйлдуулсан юм. Иймд "их тогтворжилт" нь төөрөгдөл байсан нь илэрхий болж, эдийн засгийн бодлогыг шинэчлэх, боловсронгуй болгох үйл явц эхэлсэн. Энэ үйл явц одоо ч үргэлжилж, эдийн засгийн бодлогын завсрын зорилтууд, суурь зарчим зэргийг өөрчлөхөөс эхэлсэн л дээ. Харин одоо эдийн засгийн тооцооллын суурь арга, аргачлалыг боловсронгуй болгох шатандаа явж байна. Иймд бидний хувьд энэ мэт томоохон өөрчлөлтөөс хоцрохгүй байх, хөл нийлүүлэн алхах шаардлага зүй ёсоор тулгараад байна.

-Таны ярианаас "Улаанбаатар зөвшилцөл"-ийг бий болгох шаардлагыг ойлголоо. Харин одоо уг зөвшилцлийн суурь тунхаг зарчмуудыг авч үзэхдээ хэрхэн, юунд анхаарсан бэ?  

-“Улаанбаатарын зөвшилцөл”-ийн хүрээнд хэд хэдэн зарчмын асуудлыг хөндөн ярилцаж байгаа. Жишээлбэл,  засаглалыг сайжруулах; макро эдийн засгийн зохистой бодлого явуулах; эдийн засгийн дархлааг сайжруулах; өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх, мөн түүнчлэн бүс нутгийн болон олон улсын төвшний эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх г.м.асуудлыг анхаарч үзсэн.

-Одоо нийгэмд засаглалын чадамжийн тухайд хамгийн их шүүмжлэлтэй хандаж байгаа. Иймд “Улаанбаатар зөвшилцөл”-өөр засаглалыг сайжруулахад анхаарсан уу?  

-Энэ зарчмын хүрээнд хамгийн түрүүнд хөндөж ярих асуудал бол зах зээл дэх төрийн оролцоог зохистой төвшинд барих тухайд юм.  Жишээлбэл, төр хувийн өмчит аж ахуйн нэгжийн  өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцох ёсгүй. Оролцох ёсгүй гээд хувийн хэвшлийг зохицуулалтгүй орхино гэсэн үг бас биш юм. Төр шударга өрсөлдөөнийг дэмжих, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Ер нь төрийн бүтцийг аль болох цомхон байлгах, нарийн шалгуураар өндөр боловсролтой, ур чадвартай боловсон хүчнээр хангах,  авилгал, хууль бус үйлдлээс ангид байлгахад анхаарах гээд олон  чухал асуудлыг анхаарах шаардлагатай байна.

-Дэвшүүлж буй зарчмуудад тусгасан макро эдийн засгийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх зарчим нь төсөв болон мөнгөний бодлоготой холбоотой юу?

-Тийм ээ. Энэ зарчмын хүрээнд төсвийн алдагдлыг бууруулах, улмаар төсвийн тэнцвэртэй байдлыг дунд болон урт хугацаанд хангах асуудал яригдаж байгаа. Харин мөнгөний бодлогын хувьд үйл ажиллагааг нь үнийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлж, иргэдийн амьжиргааны төвшин болон мөнгөн хуримтлалын худалдан авах чадварыг хамгаалах асуудал дээр төвлөрүүлнэ. Үүнээс гадна энэ зарчмын хүрээнд хөндөн ярьж буй нэг гол зүйл бол эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах асуудал юм.

-Тухайлбал яаж вэ?

-Тухайлбал уу, Монгол Улсын уул уурхайд түшиглэсэн эдийн засаг байгаль орчиндоо сөрөг нөлөөлсөөр ирсэн. Уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй өрнөхдөө зарим газар байгаль орчны нөхөн сэргээлт хийлгүй, хянаж хамгаалах асуудлыг орхигдуулснаас болж сөрөг үр дагаврууд илэрч, эргээд орон нутгийн хүн ам, мал сүрэгтээ ч халгаатай болж ирсэн шүү дээ. Энэ алдаа дутагдлыг засаж залруулахад төрөөс зохистой арга хэмжээ авч, хэрэгжүүлж байгаа боловч цаашид хийх зүйл олон байна. Гэхдээ үүнийг зөвхөн байгаль орчны салбарынхны хийх ёстой ажил гэж үзээд орхих ёсгүй. Дэлхий даяараа ногоон хөгжилд ноцтой анхаарч байна. Үүний нэгэн адил Монголбанк Монголын банкуудын холбоотой хамтран тогтвортой санхүүжилтийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд банкуудаас сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний хэмнэлтэд зориулан олгох санхүүжилтийг аль болох дэмжихэд түлхүү анхааран ажиллаж байна. Үүнээс гадна ногоон санхүүжилтийн зарчмыг бүх банкаар мөрдүүлэх үүднээс тодорхой заавар журам боловсруулж байгаа. Энэ журам хэрэгжсэн нөхцөлд байгальд халгаатай (жишээ нь хорт химийн бодис ашиглаж уул уурхайн үйл ажиллагаа явуулсан, улмаар ард иргэдийн ундны усыг бохирдуулах г.м) төсөлд санхүүжилт хийхгүй байх гэх мэт.

-“Улаанбаатарын зөвшилцөл”-ийн хүрээнд нэг гол зарчим бол эдийн засгийн дархлааг бий болгох гэдэг томьёолол гарч ирсэн, эдийн засгийн дархлаа гэдэгт юуг ойлгох вэ?

Монгол улсын эдийн засгийн дархлааг хэд хэдэн үзүүлэлтээр хэмжиж байгаа. Үүнд:

1.      Гадаад валютын нөөцийн хэмжээ,

2.      Банк, санхүүгийн байгууллагуудын эрсдэл даах чадвар,

3.      Үндэсний хуримтлал,

4.      Дотоод болон гадаад өрийн оновчтой бүтэц

5.      Эдийн засгийг солонгоруулсан байдал (диверсификаци) гэх зэрэг.

Эдгээрээс зарим нэг гол асуудал дээр тогтож ярих нь зүйтэй байх. Тухайлбал, Монгол Улсын ДНБ ойролцоогоор 10 орчим тэрбум ам.доллар байна. Гэтэл Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 26 тэрбум ам.долларт хүрч цаашид ч өсөх хандлагатай байна. Энэ бол манай улсын хувьд өрийн дарамт харьцангуй өндөр байгааг илэрхийлж байна гэсэн үг.  Монголбанкны зүгээс Засгийн газартай хамтран гадаад өрийн оновчтой бүтцийг бий болгох талаар тодорхой арга хэмжээ авсан нь үр дүнгээ өглөө. Үүнээс гадна Монголбанкны хувьд уян хатан ханшны тогтолцоог бүрдүүлж, алт худалдан авалтыг нэмэгдүүлж, Засгийн газартай хамтран ОУВС болон бусад доноруудтай хөтөлбөр тохирч хэрэгжүүлсэн нь манай улсын үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон гадаад валютын албан нөөцийг цэвэр дүнгээр 2 тэрбум орчим ам.доллараар нэмэгдүүлж 3 тэрбум ам.долларт хүргэлээ. Гэхдээ үүнд санаа амарч хэрхэвч болохгүй. Учир нь манай улсын гадаад өр болон импортын бүтэц, мөн түүнчлэн хөрөнгө оруулалтын чиг хандлага зэргийг харгалзан үзвэл гадаад валютын нөөцийг цаашид ч улам нэмэгдүүлэх шаардлага байгааг харж болно.

-Эдийн засгийг солонгоруулах шаардлагын талаар бид байнга ярьж ирсэн. Эдийн засгийн бодлого шийдвэрийн суурь тунхаг болгохоор зорьж байгаа зарчмуудад энэ асуудлыг тусгасан уу?  

-Монгол Улсын ДНБ-ий 20-30 хувийг уул уурхайн салбар, экспортын орлогын 80 орчим хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна. Өөрөөр хэлбэл манай эдийн засаг уул уурхайн салбараас хэт хамааралтай байна. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөхөд манай эдийн засаг сэргэдэг, буурахад сөхөрдөг болоод байна. Уул уурхайгаас татгалз гэж хэлэхгүй, гагцхүү уул уурхайн салбараас олсон орлогоороо эдийн засгийн бусад салбарыг дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа. Олон улсын шилдэг туршлага ч байна. Арабын Нэгдсэн Эмират Улсын хувьд авч үзье, нефтийн борлуулалтаас олсон орлогынхоо тодорхой хэсгийг аялал жуулчлалын салбартаа зарцуулсан нь үр дүнгээ өгсөн.  Одоо Дубай хот хүлээн авч буй жуулчдынхаа тоогоор дэлхийд 6-д жагсаж байна. Монгол Улсын хувьд аялал жуулчлалаас гадна хөдөө аж ахуй, хүнсний чиглэлийн үйлдвэрүүдийг хөгжүүлэх бололцоо байна. Өндөр технологид суурилсан, үр өгөөж өндөртэй салбаруудыг ч мөн мартаж болохгүй.

 

-“Улаанбаатарын зөвшилцөл”-ийн хүрээнд ярилцсан нэг гол зарчим бол эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх явдал байсан, үүнд зүтгүүр гэсэн тодотголтой үндэсний томоохон компанийн асуудлыг хөндсөн. Зүтгүүр хэмээх тодотголын учрыг тайлбарлана уу?

-Япон улс, БНСУ, мөн зарим нэг Азийн бар улс 20-р зуунд аж үйлдвэрийг дэмжих бодлогыг хэрэгжүүлсэн, энэ нь ч үр дүнгээ өгсөн. Энэ бодлогын үр дүнд Сони, Тоёота, Самсунг зэрэг дэлхийд нэр хүндтэй, дэлхийд өрсөлдөх чадвартай олон компани бий болсон. Эдгээр томоохон компанийг дагаж олон тооны жижиг дунд үйлдвэр ажиллаж байна. Жишээ нь Тоёота-г дагаж төмөрлөг, хими, электроникс гээд инженерийн өндөр ур чадвар шаардсан үйлдвэрүүдээс гадна нэхмэл, оёдол, савхи боловсруулалт гээд олон жижиг дунд бизнес "амьдарч" байна. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжихийн хэрээр ажлын байр нэмэгдэж, улмаар ажилгүйдэл ядуурал буурах хандлагатай байдаг. Иймд Монгол Улсын хувьд ийм зүтгүүр болсон томоохон үйлдвэр аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжиж, олон улсын тавцан дээр гаргаж ирэх нь зүйтэй гэсэн санаан дээр тулгуурлан энэхүү зарчмыг томьёолсон юм.

-Энэ хүрээнд ажилгүйдэл, ядуурлын асуудал зайлшгүй хөндөгдөж таарна.  “Улаанбаатарын зөвшилцөл”-д үүнд анхаарлаа хэрхэн хандуулж байгаа вэ?

-Эдийн засгийн хөгжлийн аливаа бодлогын эцсийн зорилго нь ард иргэдийнхээ амьжиргааны төвшинг дээшлүүлэх явдал юм. Энэ том зорилгод ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах, орлогын тэгш бус хуваарилалтыг арилгах зэрэг асуудал бүгд багтаж байгаа. Иймд “Улаанбаатарын зөвшилцөл” нь энэ том зорилгод хамгийн дөт бөгөөд бага зардалтай замаар хүрэх зарчмуудыг тодорхойлж байгаа юм.

-Уулзалтын үеэр зарим нэг хүн "Улаанбаатарын зөвшилцөл"-ийг "Вашингтоны зөвшилцөл"-тэй жишиж адилтгаж байсан. Үнэхээр адилтгах тал байсан уу?

-Хоёр бодлогын баримт бичиг болон зарчмын томьёоллын хувьд ижил төстэй цөөн асуудал бий. Жишээ нь, төсвийн сахилгын тухайд. Гэхдээ утга агуулгыг нь харьцуулаад үзээрэй, ялгаатай зүйл олон байгаа. Бидэнд олон улсын туршлагаас мэдэх суралцах зүйл байлгүй яахав, гэхдээ "Улаанбаатар зөвшилцөл"-ийн хувьд гадаадын туршлага гэхээсээ илүү Монголын маань үндэсний ахуй соёл, эдийн засгийн онцлог зэрэгт нийцсэн өөрийн гэсэн бодлогыг томьёолохыг эрмэлзсэн эхний алхам юм.  Монголчууд алийн болгон хүний ам харах вэ дээ, өөрийн толгойтой байх хэрэгтэй. Өөрийн бодол өөртөө зөв, өрөөл булигаар гуталдаа зөв гэдэг шүү дээ.

-Уулзалтын үр дүн, утга санааг тодруулан ярьж өгсөнд баярлалаа.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.