Монголбанк

Буцах

Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль нь банкны хариуцлагыг нэмэгдүүлнэ

Огноо: 2018/06/11

Дээрх хуулийн талаар Монголбанкны Хууль эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуягтай ярилцлаа.

-Монголбанкнаас санааачилсан банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар үр дүнтэй байна вэ? Сүүлийн үеийн банкны эрх зүйн бодлогын шинжтэй арга хэмжээнээс дурдвал?

- Банкны салбарын эрх зүйн орчинг орчин үеийн хөгжлийн чиг хандлагад тохируулан өөрчлөх, олон улсын стандартад хүргэн шинэчлэх зорилгоор Монголбанкнаас “Банкны салбарын хууль, эрх зүйн шинэтгэл” хөтөлбөрийг 2017 оноос санаачлан холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн  нэг жил гаруйн хугацаанд уг хөтөлбөрт тусгагдсан гол хуулиудын талаас илүү хувийг УИХ-аас батлаад байна.  Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг шинээр баталсан бол манай улсын макро эдийн засаг, банк санхүүгийн тогтолцоонд чухал байр суурь эзэлдэг Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Банкны тухай хууль, Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт орж шинэлэг бөгөөд ололттой олон зохицуулалт бий боллоо. Өнөөдрийн байдлаар Монголбанкны боловсруулсан Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх шатанд байна.

-УИХ хаалттай хэлэлцэж байгаа Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль олон нийтийн анхаарлын төвд байна. Банкны дахин хөрөнгөжүүлэлт гэж юу вэ?

-Банкны үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд банк тухайн үйл ажиллагаанаас үүсч болох  эрсдэл, алдагдалыг хаахад хүрэлцэхүйц хэмжээтэй, Монголбанкнаас тогтоосон шаардлагыг хангасан өөрийн хөрөнгөтэй байх ёстой.  Өөрөөр хэлбэл банкны санхүүгийн чадавхийг хэмждэг гол үзүүлэлтийн нэг нь банкны өөрийн хөрөнгийн чанар, хэмжээ.  Энгийнээр бол банк олон нийтийн мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрээр төвлөрүүлж, түүгээрээ бусдад зээл  олгодог. Олгосон  зээл, актив нь чанаргүйтэж банкинд алдагдал үүсвэл уг алдагдалыг банк хариуцан нөхөж, олон нийтээс татсан хөрөнгөө буцаан төлөх чадвартай байхыг банкны өөрийн хөрөнгө баталгаажуулж байгаа юм.  Энэ баталгааг хангуулахын тулд банкинд хөрөнгө оруулахыг “дахин хөрөнгөжүүлэлт” гэж тодорхойлсон байгаа.

-Энэ чадвар алдагдвал ямар аюул дагуулах вэ?

-Банкинд итгэх олон нийтийн болоод зээлдүүлэгч, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, банкны салбараас “мөнгө дайжих”, санхүүгий зуучлал тасалдах, бүр цаашилбал, банкны хямралаас улбаатайгаар эдийн засгийн хямрал нүүрлэх аюултай. Энэ аюулаас урьдчилан сэргийлсэн, хямрал бий болвол шийдвэрлэх арга механизмыг тодорхойлсон хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бүрдүүлсэн байх нь төрийн үүрэг болдог. Иймээс өнгөрсөн хугацаанд УИХ-аас баталсан Банкны тухай хууль, Төв банк (Монголбанк)-ны  тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиуд нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах дархлааг бий болгож, бэхжүүлэх зорилготой.

-Анх удаа банкуудад олон улсын стандартын дагуу активын чанарын үнэлгээ хийсэн үү?

-Өнгөрсөн онд анх удаа арилжааны банкуудын активт олон улсад нэр хүндэй хөндлөнгийн аудитын байгууллагаар олон улсын санхүүгийн стандарт, зарчмын дагуу үнэлгээ хийсэн.

-Монголбанк өөрөө хийх боломжгүй юу?

-Банкны тухай хуульд заасны дагуу активын чанарын үнэлгээ болон бусад хяналт шалгалтын арга хэмжээг Монголбанк авах бүрэн эрхтэй.

-Үнэлгээний дүн яаж гарсан бэ?

- Олон улсын стандарт үнэлгээгээр банкны системийн зээл актив 510 орчим тэрбум төгрөгийн үнэ цэнийн бууралттай гэсэн үнэлгээ гарсан. Харин банкны тогтолцооны нийт актив, өөрийн хөрөнгийн үзүүлэлт нь банкны тогтолцооны хэмжээнд хэвийн, тогтвортой, найдвартай байгааг Монголбанкнаас өмнө мэдээлсэн.

-Өөрийн хөрөнгийн дутагдал нь системд нөлөөгүй юм бол дахин хөрөнгөжүүлэлтийн хууль ямар шаардлагатай юм бэ?

-Нэгдүгээрт, эдийн засгийн өсөлтийг дэмждэг эрүүл банкны тогтолцоотой байхын тулд банкуудын санхүүгийн чадавхи буюу өөрийн хөрөнгөд ямар ч асуудалгүй байх ёстой. Хоёрдугаарт, хуулиараа банкууд харилцагч, хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгийн найдвартай байдлыг хангаж нэг ч төгрөг дутаахгүй шаардсан үед нь буцаан өгөх чадвартай байх ёстой. Гуравдугаарт, банкны удирдлага, хувьцаа эзэмшигчид банкны үйл ажиллагаанаас үүссэн алдагдал, хариуцлагаа хүлээх ёстой. Эцэст нь, Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн банкны тогтолцоог бэхжүүлэх, шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэгтэй байгаа.

-Монголбанкнаас банкны өөрийн хөрөнгийн шаардлагыг хангуулах ямар арга хэмжээ аваад байна вэ?

-Арилжааны банкуудад өөрийн хөрөнгийн шаардлагыг хангах зургаан сарын хугацаатай үүрэг даалгаврыг Монголбанкнаас өгсөн. Банкуудын хувьцаа эзэмшигч, удирдлагууд энэ хугацаанд багтааж шинээр мөнгөн хөрөнгө оруулах, хувьцаа гаргаж шинэ хөрөнгө оруулалт татах, бүтцийн зохион байгуулалт, үйл ажиллагааны өөрчлөлт хийх зэргээр хууль тогтоомжид заасан арга хэмжээг авч өөрийн хөрөнгийн шаардлагаа хангана.

Хэрвээ чадахгүй бол яах вэ?

-Хэрвээ заасан хугацаанд банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадахгүй, хуулийн шаардлагыг хангахгүй бол төрөөс хариуцлага, албадлагын арга хэмжээг хуульд заасны дагуу авна. Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл, Банкны тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдэд алдагдал, хариуцлагыг хүлээлгэж төр банкны удирдлагыг авахаас эхлээд бүтцийн өөрчлөлт хийх, татан буулгах зэрэг арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай.

-510 гаруй тэрбум төгрөгийн хэмжээг хаанаас тогтоосон бэ?

-Өмнө хэлсэнчлэн, Монгол Улсад анх удаа олон улсын стандартын дагуу хийгдсэн активын чанарын үнэлгээгээр банкны салбарын активын үнэ цэнэ 510 гаруй тэрбум төгрөгөөр буурсан үг. Энэ нь эргээд банкны алдагдал болж банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээнд нөлөөлдөг.

-Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулиар банкуудад яаж хариуцлага хүлээлгэж байгаа гэж Монголбанк тайлбарласан. Үүнийг тодруулбал?

-Юуны өмнө банк, банкны эзэд буюу хувьцаа эзэмшигч гэсэн хоёр ойлголтыг зааглаж ойлгох хэрэгтэй байна. Банк бол тусдаа хөрөнгөтэй, эрх зүйн чадвартай, бие даасан этгээд. Харин хувьцаа эзэмшигч нь банкинд хөрөнгө оруулж, удирдлага шийдвэрийг бусдаар төлүүлэн хэрэгжүүлж гаргадаг, ашиг алдагдалыг хүлээдэг тусдаа этгээд. Монголбанкны банкны системийг аваад үзвэл банкны нийт хөрөнгө 28 гаруй их наяд, үүний дөнгөж 10 орчимтой тэнцэх хэсэг нь банкны өөрийн хөрөнгө буюу эздийн оруулсан хөрөнгө байдаг. Энэ өөрийн хөрөнгийг хасвал олон нийтээс татан төвлөрүүлсэн 25 гаруй их наяд төгрөгтэй тэнцэх актив л банкинд үлдэнэ. Тийм болохоор банкийг олон нийтийн хөрөнгөөс бий болсон, олон нийтийн “хуулийн этгээд” ч гэж үздэг. Компани болон банкны тухай хууль тогтоомжоор хувьцаа эзэмшигч банкны ашиг, алдагдалыг эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр авч хариуцдаг тул банкны актив чанаргүйдсэнээс үүсэх алдагдалыг банкны хувьцаа эзэмшигчийн хувьцааны үнэ цэнэ буурах, оролцоо саналын эрх багасгах, бүр хүндэрсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эрхээ алдах  зэрэг хариуцлагын зохицуулалт хууль тогтоомжид бий.

-Банкуудын өнгөрсөн хугацааны тайлан тэнцлээс харвал банкууд үйл ажиллагаагаараа өөрийн хөрөгийн дутагдалыг нөхчих боломжтой байхад заавал хууль гаргах хэрэг байна уу?

-Өмнө хэлсэнчлэн, хуулийн эцсийн зорилго болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хадгаламж эзэмшигч, харилцагч, олон нийтээс банкны салбарт итгэх итгэлийг хадгалж, бэхжүүлэх, банкуудын удирдлага, эздийг хариуцлагжуулах зорилготой олон улсад туршигдаж, үр дүн нь батлагдсаны дагуу хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал. Хуулийн зохицуулалт зөвхөн тухайн харилцаа үүссэн үед ашиглагддаг. Тэрнээс биш тухайн харилцаа хэзээ ч үүсэхгүй гэсэн таамагллаар эрсдэлээс сэргийлэхгүйгээр хуульгүй, зохицуулалтгүй байж болохгүй. Товчхондоо, банк нь дутагдсан өөрийн хөрөнгийг заасан хугацаанд бүрдүүлэхгүй бол хуулийн хариуцлага тооцож, төрөөс оролцох хууль эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа юм.  Нөгөө талаасаа өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалж, энэ эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хөндөх, хязгаарлах эрх зүйт Үндсэн хуулийн гол зарчим. Банкны тухай хуульд төр хуульд зааснаас бусад байдлаар банкинд нөлөөлж болохгүй гэсэн зохицуулалттай. Иймд эрх зүйт ёсны зарчмаараа ч энэ асуудлыг зөвхөн хуулиар зохицуулах шаардлагатай.

- Хууль гаргаж банкны хувьцаа эзэмшигчид  халдана гэсэн үг үү?

-Ингэж ойлгох нь өрөөсгөл. Олон нийтээс татан төвлөрүүлсэн мөнгийг банкууд буруу удирдаж, эрсдэлд оруулан, буцаан өгч чадахгүй байдлаас урьдчилан сэргийлж байгаа юм. Банкинд байгаа иргэдийн мөнгөн хөрөнгийн найдвартай байдлыг хангах нь дан ганц банкны үүрэг биш, энэ бол төрийн үүрэг. Энэ үүргээ төрөөс биелүүлж банкууд үйл ажиллагаагаа хэвийн болго, өөрийн хөрөнгийн шаардлыг ханга, хангахгүй тохиолдолд хариуцлагын арга хэмжээ авч, төрөөс оролцох харилцааг зохицуулахыг энэ хуулийн төсөлд тусгагдсан. Тийм учраас банкны хувьцаа эзэмшигчийн өмчийн эрхийг хөндөх боловч нөгөө талдаа банкинд итгэж мөнгөө хадгалуулсан олон нийтийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг өсгөх үүргээ төр биелүүлж байгаа хэрэг.

-УИХ хэр дэмжиж байгаа вэ ?

-Энэ хуулийг Засгийн газар санаачлан УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-аас үзэл баримтлалын дэмжиж хэлэлцүүлгийг үргэлжилж байна.

-Олон улсад туршлага байна уу?

-1997 оны Азийн санхүүгийн хямрал, 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралаар, сүүлийн жишээгээр Евро бүсийн засгийн газрын өрийн хямралаар гадаадын улсууд ийм арга хэмжээ авч банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангасан туршлага байна.

-Эдгээр арга хэмжээний үр дүнг дурдвал?

-Банк санхүүгийн байгууллага, компанийн хувьцаа, бонд, үнэт цаас, активыг төрөөс худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийж, удирдлагыг хэрэгжүүлэн, тодорхой хугацааны дараа зах зээлд санал болгон худалдсан байдаг. Оруулсан хөрөнгө оруулалт нь ногдол ашиг хүү өгөөж өгсөн тохиолдол бий. Гэхдээ энэ бол арга хэмжээний туйлын зорилго биш. Харин санхүүгийн тогтвортой байдлыг хангах, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, тодорхой асуудал үүсэхэд ашиглах хуулийн зохицуулалттай байх нь чухал.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:  Өдрийн сонин

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.