Монголбанк

Буцах

А.Энхжин: Монголбанк энэ жил 22 тонн алт худалдан авбал гадаад валютын нөөц 760 сая ам.доллароор нэмэгдэнэ

Огноо: 2018/10/02

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа.

Өнөөдөр Монголбанк, УУХҮЯ, Bloomberg телевиз хамтран Алтны форумыг зохион байгуулж байна. Форумын зорилгын талаар ярилцлагаа эхлүүлье?

-Энэхүү форум нь алтны салбарт үүсээд байгаа асуудал, бэрхшээл, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлүүдийн хооронд хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой. Форум маань хоёр хэлэлцүүлгээс бүрдэж байгаа. Эхнийх нь “Алтны салбарын өнөө ба ирээдүй” гэсэн сэдэвтэй хэлэлцүүлэг юм. Алтны салбарын өнөөдрийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, цаашдын ирээдүйг хэрхэн төсөөлж харж байгаа, ямар ажлууд хийх шаардлагатай байгааг хэлэлцэнэ. Хоёрдугаар хэсэг нь “Алтны салбар дахь хүндрэлүүд, тэдгээрийн шийдлүүд юу вэ” гэсэн сэдэвтэй хэлэлцүүлэг юм. Алтны салбарт мэдээж байгаль орчны асуудлуудаас хамаарч орон нутгийн иргэдийн дунд нэлээд хүндрэл, бэрхшээл гардаг. Тиймээс ямар бэрхшээлүүд гарч байна, тэдгээрийг хэрхэн шийдэх талаас нь холбогдох бүх байгууллагууд оролцсон хэлэлцүүлэг өрнүүлнэ. Эдгээр хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой энэхүү салбарын цаашдын өсөлт, хөгжлийг олон улсын жишигт хүргэх шийдлүүд гарах болов уу.

-Орон нутгийн иргэдийн дунд уул уурхайг эсэргүүцэх хандлага их байдаг. Энэ талаар?

-Монголбанкны зүгээс эдийн засгийн өндөр ач холбогдолтой түүхий эдийн олборлолтын хэмжээг аль болох өндөр байлгах зорилготой байдаг. Хөндлөнгийн зүгээс ажиглахад алтны эрэл хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Ялангуяа эрэл хайгуулын ажил сүүлийн жилүүдэд зогсонги байдалд орчихсон. Тиймээс эрэл хайгуулыг эрчимжүүлэх, энэ хүрээнд орон  нутгийн харилцааг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Иргэдийн дунд хариуцлагагүй, хууль бус уул уурхайгаас шалтгаалж сөрөг хандлага бий болчихсон. Гэтэл үүнийг засаж залруулах, нэгдсэн ойлголцолд хүрэх зайлшгүй шаардлага бий. Үүний цаад гол ач холбогдол нь эдийн засгийн өсөлтийг дэмжихэд байгаа юм. Учир нь алт нь том агуулгаараа улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлж, үндсэн мөнгөний тэмдэгтийн тогтвортой байдлын чухал баталгаа. Нөгөө бас нэг чухал ач холбогдол нь алтыг зах зээлд гаргах хүртэл бүх хүчин зүйлд хүний хөдөлмөр шингэж байгаа учраас тогтвортой ажлын бий болгож байна гэх мэтчлэн үр өгөөжийг нь бид зүй зохистой хүртэх хэрэгтэй байна.  Тиймээс Алтны форумыг зохион байгуулж байгаа юм.  

-Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх нь ямар ач холбогдолтой вэ? Уншигчдад товчхон тайлбарлавал...?

-Гадаад валютын нөөц нь аливаа улсын эдийн засгийн дархлаа болж байдаг. Аливаа улс хэр хэмжээгээр гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж чадна, төдий хэмжээгээр гадны болон дотоод сөрөг савлагаанаас эдийн засгаа тогтвортой барих дархлааг бүрдүүлдэг. Манай улс шиг түүхий эдийн гадаад зах зээлийн мөчлөг дагасан эдийн засагтай, экспортолж байгаа түүхий эд нь цөөхөн нэр төрөлтэй оронд гадаад валютын нөөцийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. Одоогоор манай гадаад валютын улсын нөөц гурав орчим тэрбум ам.доллартай байна. 2010 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд гадаад валютын нөөцийг 12 сарын хэрэгцээг хангах түвшинд байлгах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгсөн байгаа. Үүний дагуу гадаад валютын нөөцийг гурван тэрбум ам.доллараар нэмэгдүүлж, 6.5 тэрбум ам.долларт хүргэх шаардлагатай байна. Нөөцийг ийнхүү нэмэгдүүлэхэд алт маш их чухал үүрэгтэй. Монголбанкны зүгээс алт худалдан авалтаа нэмэгдүүлэх шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна.

-“Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Хөтөлбөрийн үр дүнгийн талаар ярихгүй юу?

-Сорьцын хоёр лабораторийг энэ хөтөлбөрийн хүрээнд нээх гэж байгаа. Монголбанкны хувьд алтны салбарыг тусгайлан дэмжиж байгаадаа бус олборлосон алтаа дотооддоо хүндрэл бэрхшээлгүй худалдан борлуулдаг байх, ил тод нээлттэй нэгдсэн сүлжээг бий болгохын тулд бодлогын хувьд дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд Монголбанкнаас алтны албан ёсны худалдааг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн орчин талаас нь хэрхэн зөв зүйтэй аргаар дэмжиж болох талаас нь саналаа холбогдох яамдад хүргэсэн.

-Танай зүгээс алт худалдан авалтын чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Монголбанк алт олборлогчдоос алтыг зах зээлийн үнээр худалдаж авдаг. Ингэхдээ Лондонгийн металлын биржийн тухайн өдрийн үнээс цэвэршүүлэлтийн зардалаа хасаж тооцон авдаг. Алт олборлогч нарт дэлхийн хаана ч өрсөлдөхүйц өндөр үнийг санал болгодог гэсэн үг. Манай алт олборлогчдын хувьд олборлосон алтаа гадаадад цэвэршүүлэх, гадаадад экспортлох шаардлагагүй юм. Мөн Монголбанк алт олборлогч нарт алтаа худалдахад нь янз бүрийн хүндрэл чирэгдэл гаргахгүйгээр худалдах боломжийг бүрдүүлэх тал дээр ажиллаж байгаа талаар дээр дурьдсан. Энэ хүрээнд Үнэт металлын сорьцын хяналтын газартай хамтран нэлээдгүй ажлыг хийж байна. Монголбанк болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын хооронд сорьцын мэдээллийг цахимаар солилцдог болсон. Түүнчлэн Баянхонгор, Дархан-Уул аймгуудад сорьцын лаборатори байгуулан, тэдгээр аймгууд дахь Монголбанкны салбар хэлтсээр дамжуулан алтыг шууд худалдан авах зорилт тавин ажиллаж байна. Лабораториуд үндсэндээ аравдугаар сард ашиглалтад орно. Эдгээр ажлууд хийгдэх юм бол алт олборлогч нар олон шат дамжлагагүйгээр алтаа шууд орон нутагтаа тушаадаг болно. Алт олборлогчдоос шийдэж өгөхийг хүсдэг хамгийн тулгамдаж байсан асуудлыг бид үүгээр шийдэж өгч байна.  

-Монголбанканд тушаах алтны хэмжээ нэмэгдсэн. Үүнд ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?

-Үүнд нөлөөлсөн чухал хүчин зүйл бол Монголбанк болон алт худалдан авах зөвшөөрөлтэй банканд тушаасан тохиолдолд Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 2.5 хувь байхаар хуулийн өөрчлөлт орсон. Тэрхүү хуулийн заалтын хэрэгжих хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дуусгавар болж байгаа. Тэгэхээр энэхүү татварын хөнгөлөлтийг цааш нь үргэлжлүүлэх хүсэлтийг Монголбанкны зүгээс холбогдох яамдад хүргүүлсэн. Нөгөө талаас алт үйлдвэрлэгч нарт тулгарч байгаа нэг бэрхшээл нь санхүүжилтийн зардал байдаг. Монголбанк нь банкны салбарын зохицуулагчийн хувьд зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулж, хэлэлцүүлэг өрнүүлээд явж байна.

-Энэ жил 22 тонн алт худалдан авах төлөвлөгөөтэй байгаа гэж Монголбанкнаас мэдээлсэн. Он гарсаар хэдий хэмжээний алт худалдан аваад байна вэ?

- Алт нь манай улсын хувьд онцгой, чухал ач холбогдолтой түүхий эд. Монголбанк өнгөрсөн онд 20 тонн алт худалдан авч, 700 сая ам.доллароор валютын нөөцөө нэмэгдүүлсэн. Энэ онд 22 тонн алт худалдан авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 22 тонн алт авсан тохиолдолд гадаад валютын нөөцийг 760 сая ам.доллароор нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа. Энэ оны эхний есөн сарын байдлаар 14.3 тонн алтыг худалдан аваад байна. Монголбанканд иргэн алтаа худалдахыг хүсвэл Үнэт металлын сорьцын хяналтын газраар сорьцоо тогтоолгосон байх, данс нээсэн байх, иргэний үнэмлэхтэйгээ байхад хангалттай. Хэрэв аж ахуйн нэгж бол тухайн байгууллагын бүртгэлийн гэрчилгээ, Ашигт малтмалын лицензээ Монголбанканд бүртгүүлэх ёстой.

-Цаашид алт худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор ямар ажлуудыг хийх вэ. Мэдээж Баянхонгор, Дархан-Уул аймгуудад байгуулж буй сорьцын лабораториос гадна?

-Өнгөрсөн тавдугаар сараас энэ аравдугаар сарыг дуустал “Эх орныхоо алтыг эрдэнэсийн сандаа” аянг өрнүүлж байна. Алтаа Монголбанканд худалдсанаар улс орныхоо эдийн засагт ямар хувь нэмэр оруулж байгаа талаар болон алтны ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой аян юм. Найм, ес, аравдугаар сарууд алтны ид тушаалтын улирал байдаг. Тэгэхээр энэ сард алтны тушаалт нэлээд өндөр байж, 22 тонндоо хүрчих байх гэсэн хүлээлттэй байна.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.