Монголбанк

Буцах

А.Энхжин: Валютын ханш тогтворжино гэсэн хүлээлттэй байна

Огноо: 2018/11/06

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа.

Зарим нэг иргэдийн төлөөлөл өнөөдөр жагсаал хийж, Монголбанкнаас ам.долларын ханшийг бууруулахыг шаардлаа. Тэд Монголбанк 3 тэрбум ам.долларын нөөцтэй байхад 1 ам.доллар 2560 төгрөгтэй тэнцэж байгааг шүүмжилсэн. Тэгэхээр ханшийн өсөлтийг бууруулах боломж байгаа юу гэдэг дээр тайлбар өгнө үү? 

2018 он гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш 5.7 хувиар сулраад байна. Энэ нь гадаад, дотоод хоёр хүчин зүйлээс шалтгаалсан гэдгийг бид өмнө нь олон удаа мэдээлсэн. Гадаад хүчин зүйлийн хувьд АНУ-ын Холбооны Нөөцийн Банк 2008 оноос хойш хэрэгжүүлсэн хэт тэлсэн бодлогоо 2015 оноос чангаруулсан. Улмаар 2015 оноос хойш нийтдээ 8 удаа бодлогын хүүгээ нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар 2.25 хувьд хүргээд байна. Ам.долларын бодлогын хүү нэмэгдэж байна гэдэг маань ам.доллараар санхүүжилт авдаг бүх улсын санхүүжилтийн өртөг өсч байна гэсэн үг. Тэгэхээр ам.долларын хүү өсч, хөгжингүй орнуудын эдийн засаг сайжрахаар хөгжиж буй орнуудаас хөрөнгө гадагшлах, хөгжингүй орнууд руу чиглэсэн хөрөнгө нэмэгдэх үзэгдэл бий болдог. Энэ үзэгдэл 2018 оны туршид Монгол Улсад маш их мэдрэгдлээ.

Монгол Улсын хувьд 1990 оноос хойш төлбөрийн тэнцлийн урсгал данс үргэлж алдагдалтай явж ирсэн. 2018 оны 9 дүгээр сарын байдлаар урсгал дансны алдагдал 1.2 тэрбум ам.доллар, төлбөрийн тэнцэл өөрөө 475 гаруй сая ам.долларын алдагдалтай байна. Энэ юуг хэлж байна вэ гэхээр 1990 оноос хойш Монгол Улс өөрсдөө бараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд гадагшаа зарж, олсон валютын орлого нь гаднаас худалдан авч байгаа бараа, бүтээгдэхүүнийхээ валютын төлбөрийг хийхэд хүрэлцэхгүй байна гэсэн үг. Энэ зөрүүг Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт татах, гаднаас зээл тусламж авах гэсэн хоёр арга замаар л нөхдөг. Зээл, тусламж авах гэхээр ам.долларын өөрийнх нь хүү өссөн нөхцөлд тухайн санхүүжилтийн өртөг нэмэгдэх, зарим тохиолдолд, зарим улсын хувьд гаднаас санхүүжилт авах боломжгүй болох ч нөхцөл байдал ажиглагддаг.

Бидний хийсэн тооцоогоор 2018 онд дэлхийн 170 гаруй орноос 84 орных нь мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг 4-өөс дээш хувиар суларсан байна. Тэгэхээр Монгол Улсын хувьд ам.долларын эсрэг төгрөгийн ханш  харьцангуй гайгүй суларсан гэж харж байгаа. Яагаад гэвэл манай төлбөрийн тэнцэл их хэмжээний алдагдалтай. Эдийн засгийн өсөлтөө дагаад импортын өсөлт жилийн 40 хувьд хүрсэн байна. 2018 оны есдүгээр сарын байдлаар импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.2 тэрбум ам.доллараар өссөн. Энэ 1.2 тэрбум ам.долларыг Монгол Улс гаднаас авах хэрэгцээ бий болсон гэсэн үг. Тэгэхээр гадаад нөхцөл ийнхүү таагүй болж байгаа нь Монгол Улсын нөхцөл байдлыг хүндрүүллээ.

Нөгөө талаас манай улсын худалдааны гол түнш болох БНХАУ-ын эдийн засаг нэлээд тодорхой бус болоод эхэлсэн. Сүүлийн 20 жилийн туршид өндөр өсөлттэй явж ирсэн эдийн засаг нь саарах хандлага ажиглагдаж байна. Түүнчлэн АНУ-тай хийж байгаа худалдааны сөргөлдөөн тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөөд эхэлчихлээ. Энэ байдал удаан үргэлжилвэл манай улсын эдийн засагт нэлээд хүнд нөхцөл байдлыг бий болгоно. Та бүхний мэдэж байгаачлан манай улсын нийт экспортын 88 хувь нь уул уухайн бүтээгдэхүүн. Нийт экспортын 90 хувь нь зөвхөн урд хөрш рүү  гардаг. Тэгэхээр тус улсын эдийн засаг хүндэрч эхэлбэл, Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлнө.

Хоёрдугаарт дотоод  хүчин зүйлийн тухайд дээр дурдсан. Манай импортын хэмжээ маш хурдтай нэмэгдэж байгаа. Импорт 40 хувиар нэмэгднэ гэдэг маань манай улсын гаднаас авах бараа, бүтээгдэхүүн, зарцуулах валютын хэмжээ тэр хэрээр өссөн гэсэн үг. Гадагшаа гаргаж байгаа экспортыг харвал уул уурхайн түүхий эдээс хамааралтай, жижиг, нээлттэй эдийн засаг шүү дээ. Ийм эдийн засагт импортын хэмжээ ихэснэ гэдэг нь ханшийн дарамт нэмэгдэнэ гэсэн үг. Есдүгээр сард ханш харьцангуй өндөр хэмжээгээр савласан. 10 дугаар сард ханш үндсэндээ тогтворжсон. Энэ тогтвортой байдал цаашид үргэлжилнэ гэж бид харж байгаа.

Монгол Улсын Хөгжлийн банк 10 дугаар сарын 26-нд 500 сая ам.долларын бонд гаргаж, эх үүсвэр нь Монголбанкны дансанд орж ирсэн. Ингэснээр гадаад валюын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрч, 2013 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн. Тэгэхээр Монгол Улсын хувьд гадаад валютын нөөц нэмэгдэж байна. Түүнчлэн импорт нэмэгдэж байгаа хэдий ч гадаад худалдааны нөхцөл талаас нь харвал нүүрс, зэсийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байна. Тэгэхээр дунд болон богино хугацаандаа гадаад худалдаа сайн, валютын нөөц нэмэгдэж байна. Эдийн засгийн идэвхжил хүйтний улирлыг дагаад тодорхой хэмжээгээр сулардаг. Тэгэхээр валютын ханш ч бас тогтворжино гэсэн хүлээлттэй байгаа.

Ханшийг тогтвортой байлгах бус бууруулах тал дээр бодлогын арга хэмжээ авч болох уу?

Монголбанкнаас он гарснаас хойш 813 сая ам.долларыг дотоодын валютын захад дуудлага худалдаагаар нийлүүлсэн. Тэгэхээр Монголбанкны хувьд валютын нөөц нэмэгдэж байна гээд нөөцөө хадгалж, суусан зүйл байхгүй. Бараг тэрбум орчим ам.долларыг валютын захад нийлүүлчихээд байна. Ийм хэмжээний валют нийлүүлсээр байхад ханшийн дарамт буурахгүй байна гэдэг нь манай эдийн засгийн хувьд бүтэц нь буруу байна гэсэн үг. Цөөн төрлийн бараа, бүтээгдэхүүнээс хамааралтай. Урсгал дансны их хэмжээний алдагдалтай байдаг улс орны хувьд  ханш тодорхой хэмжээгээр сулрах нь импортын хэмжээг бууруулах шаардлага буйг харуулж байгаа. Нөгөө талдаа бид эдийн засгийн бүтцээ өргөжүүлж, эдийн засгийн суурь, баазаа бэхжүүлэхгүй бол 1990 оноос хойш явж ирсэн урсгал дансны алдагдал энэ хэвээр үргэлжилбэл, Монгол Улсын хувьд улам л хэцүү болно гэдгийг харуулж байгаа. Тийм учраас төр засгийн зүгээс эдийн засгийн бүтцийн өөрчлөх, урсгал дансны алдагдлыг бууруулах, экспортын бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх талаар анхаарах хэрэгтэй. Нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар арга хэмжээ авах хэрэгтэй. Монгол Улс урсгал дансны алдагдлаа нөхөхийн тулд нэг бол зээл авна, эсвэл гадаадын хөрөнгө оруулалт татна гэсэн үг. Зээл эргэж төлөгдөнө. Харин хөрөнгө оруулалт эргэж төлөгдөхгүй, хөрөнгө оруулагч өөрөө эрсдэлээ хариуцана. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр бодлого боловсруулагчид анхаарал хандуулах хэрэгтэй. Жишээ нь ирэх онд Тавантолгой IPO хийвэл энэ нь валютын ханшид мэдээж маш эерэгээр нөлөөлнө. Тавантолгойд төмөр замаа барьчихвал нүүрсний борлуулалт 20 сая тонноор нэмэгдэх боломжтой гэж байгаа. Тэгэхээр хэрвээ төмөр замаа бариад, экспортоо нэмэгдүүлчихвэл тэр хэмжээгээр валют орж ирж, урсгал дансны алдагдал буурна.

2019 оны төсвийг УИХ нэлээд алдагдалтай баталсан. Төсвийн зарцуулалттай холбоотойгоор ханш дээр ирэх дарамтыг хэрхэн тооцоолж байгаа вэ. Цаашид урт хугацаандаа ханшийг тогтвортой байлгахын тулд бодлогын ямар арга хэмжээ авах боломжтой вэ?

Ирэх оны төсвийн тухайд бараг 12 их наяд төгрөгийн зарлагатай батлагдсан. Төсөв тэлж байгаа үед мөнгөний бодлогыг шаардлагатай тохиолдолд чангаруулах нөхцөл байдал үүсч болзошгүй гэж харж байгаа. Ер нь бол хоёр, гуравхан төрлийн түүхий эдийн үнэ, нэг улсаас хамааралтай байгаа манай улсын хувьд гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх нь зөвхөн ханшийг тогтвортой байлгах гэхээсээ илүү үндэсний аюулгүй байдал талаасаа зайлшгүй анхаарах ёстой асуудал юм. Бид 2016, 2017 онуудад хугацаа нь тулсан том хэмжээний төлбөрийг хойшлуулж чадсан ч 2020 оноос дахиад том хэмжээний төлбөрүүд төлнө. Энэхүү төлбөрийг яах хийх вэ гэдгээ одооноос тооцохгүй бол дахиад л 2016, 2017 оны түүх давтагдах гээд байна. Улс орны эдийн засаг 3-4 жилийн давтамжтай унаад байвал манай улс яаж хөгжих билээ. Тэгэхээр ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд бид гадаад валютын улсын нөөцөө нэмэгдүүлээд, эдийн засагт хүнд нөхцөл байдал үүсвэл өөрсдийн нөөц бололцоогоор давж гарах боломжийг бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа. Мэдээж хэрэглээнийхээ 40 гаруй хувийг импортоор авдаг улсын хувьд ханшийн хөдөлгөөн ард иргэдэд хүндээр тусч байгааг Монголбанк мэдэж байгаа. Тийм ч учраас ханшийг тогтворжуулахын тулд он гарснаас хойш 800 гаруй сая ам.доллар нийлүүлчихээд байна. Нөгөө талаас 10 дугаар сараас хойш ханш тогтворжсон. Энэ тогтвортой байдал цаашид үргэлжилнэ гэж бид үзэж байна.

Хятадын Ардын банкны своп хэлцлийн талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

Своп хэлцлийг бид 2017 онд 3 жилээр сунгасан. Нийт своп хэлцлийн хэмжээ 15 тэрбум юань. Үүнээс Монголбанк 12 орчим тэрбум юанийг ашигласан. Своп хэлцлийн хугацааг бид 2020 он хүртэл сунгасан учраас тэр хүртэл ямар нэгэн төлбөр хийгдэхгүй. Валютын нөөц дээр дарамт учруулахгүй юм.   

Ипотекийн зээлийн талаар мэдээлэл өгнө үү. Олголт нь ямар явцтай байна вэ?

Ипотекийн хөтөлбөр хэвийн үргэлжилж байгаа. Хэвийн гэдэг нь бид ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн хүрээнд олгох хэмжээгээрээ олгоод явж байгаа. Сүүлийн үед ипотекийн хөтөлбөр зогссон гэх мэдээлэл зарим нэг олон нийтийн сүлжээний хуудсаар гараад байгаа. Энэ бол худлаа мэдээлэл. Монголбанк болон Засгийн газраас 2018 оны есдүгээр сарын байдлаар нийтдээ 203 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Энэ санхүүжилтээр 2963 иргэн ипотекийн зээлд хамрагдсан. Он дуустал энэ хэмжээ дахиад нэмэгдэнэ. 10 дугаар сарын байдлаар Засгийн газраас 30 тэрбум төгрөг хуваарилсан. Ипотекийн хөтөлбөрийн хүрээнд гардаг нэг шүүмжлэл нь орон нутаг руу санхүүжилт гарахгүй байна гэдэг. Үүнийг шийдвэрлэх зорилгоор ЗГ-аас 2018 оны гуравдугаар улиралд гаргаж байгаа 30 тэрбум төгрөгийг бүхлээр нь орон нутагт хуваарилах шийдвэр гарсан.

Зээлийн хүлээгдэл их байгаа учраас олгогдохгүй байгаа юм шиг харагдаад байгаа. Та бүхэн энэ талын судалгааг анхаарч байгаа юу?  Яг хэчнээн хүн зээлээ хүлээж байна вэ?

Ипотекийн хөтөлбөр 2013 оноос эхэлсэн. Эхэн үедээ эрэлт өндөр байсан учраас 2013, 2014 онуудад их хэмжээгээр олгогдсон. 2015, 2016 оны дунджийг аваад үзвэл сардаа 50-60 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогддог байсан. Харин одоо бол өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк Засгийн газар хамтраад сар бүр 26 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байгаа. Нийт эрэлтийнхээ 50 орчим хувьд л санхүүжилт олгож байгаа учраас эрэлт мэдээж өндөр байгаа. Цаашид ипотекийн схемийг хэрхэн оновчтой болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар Монголбанк, Засгийн газар, БХБЯ хамтран ажиллаж байгаа. Удахгүй тодорхой үр дүн гарах болов уу.

Ярилцсанд баярлалаа.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.