Монголбанк

Буцах

Н.Баяртсайхан: Манай улс төрийн тогтворгүй байдал гадаадын хөрөнгө оруулалт татрах эрсдэлийг дагуулж мэднэ

Огноо: 2018/12/24

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай өнгөрч буй 2018 оны Монгол улсын эдийн засгийн төлөв байдлын талаар ярилцлаа.

-Монгол Улсын хувьд 2018 он олон сорилтыг даван туулсан жил болж өнгөрч байна. Эдгээр сорилтыг амжилттай даван туулахад Монголбанкны зүгээс өөрийн үйл ажиллагааны хүрээнд хийж өрнүүлсэн ажлыг дэлгэрэнгүй тайлбарлана уу?

-Энэ оны эхний 3 улирлын эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай гарсан.  Үүнд мэдээж гадаад таатай орчин болон дотоодын бодлогын шийдвэрүүд  нааштай нөлөөлж байна. Монгол банкны Мөнгөний бодлогын хороо 2018 онд 5 удаа хуралдаж, эдийн засгийн сэргэлтийг дэмжих, эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийн иргэдийн амьжиргаанд тусах нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг авсан.

Оны эхний хагаст олон улсын зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдсанаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, эдийн засгийн сэргэлтийг даган хөрөнгө оруулалт тэлж, улмаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж байв. Иймд 2018 оны 3 дугаар сард банкны салбарын санхүүжилтийн эх үүсвэрийн хүүг бууруулж, улмаар зээлийн хүүгээр дамжин бизнесийн идэвхжилийг дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 10 хувь болгох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн үр дүнд 10 дугаар сарын байдлаар тухайн сард шинээр олгосон төгрөгийн зээлийн хүү 17.5 хувь болж, өмнөх оны мөн үеэс 2.5 нэгж хувиар буурав. Энэ шийдвэр нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хэвээр хадгалагдаж, тухайн өдрийн Мөнгөний бодлогын ээлжит бус хуралдаанаар гадаад зах зээлийн тодорхой бус байдлыг харгалзан үзэж, төгрөгийн өгөөж нэмэгдэж, гадаад хөрөнгийн дотогшлох урсгал, төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөлөх зорилгоор хүүг 1 нэгж хувиар өсгөн 11 хувьд хүргэхээр шийдвэрлэсэн.  Мөн олон улсын туршлагаас харахад санхүүгийн зах зээл болон бодит секторыг гадаад сөрөг цочролоос хамгаалах, мөчлөгийн уналт, халалтыг удирдахад мөнгөний бодлогыг мөчлөг сөрсөн макро зохистой бодлоготой хослуулан хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй байсан тул 2018 онд Төв банкны тухай хуулинд Монголбанкны макро зохистой бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх чиг үүргийг тусгасан.

-Макро зохистой бодлогын хэрэгжилт, түүний ач холбогдлыг арай дэлгэрэнгүй тайлбарлана уу?

-Урт хугацаанд тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийн чухал суурь нөхцөл нь макро эдийн засгийн тогтвортой байдал юм. Макро эдийн засгийн тогтвортой байдал гэдэг нь дотоод тэнцвэр буюу бүрэн ажил эрхлэлттэй үеийн үнийн тогтвортой байдал болон гадаад тэнцвэр буюу төлбөрийн тэнцлийн тогтвортой байдал урт хугацаанд хангагдахыг хэлнэ. Макро зохистой бодлого гэдэг нь санхүүгийн нийт системийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн бодлогын цогц арга хэмжээ юм. Энэхүү бодлогын үндсэн зорилт нь хуримтлагдаж буй системийн эрсдэлийг хязгаарлах замаар санхүүгийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, системийн эрсдэл нэгэнт үүсэх нь тодорхой болсон тохиолдолд түүнд бэлтгэлтэй байх болон тэрхүү эрсдэлийг алдагдал багатайгаар туулах явдал юм.

Бид макро зохистой бодлогын хүрээнд хэд хэдэн шийдвэрийг гаргасан. 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн банкнаас иргэдэд шинээр олгох цалин, тэтгэвэр, хэрэглээний бусад зээлийн хувьд өр, орлогын харьцааг 70 хувиар, хугацааг 30 сараар хязгаарлахаар шийдвэрлэсэн. Энэхүү арга хэмжээ нь хэрэглээний зээлийн өсөлтийг хязгаарлах, банкны салбарт хуримтлагдах эрс  дэлийг сааруулах, иргэдийн өнөөгийн болон ирээдүйн хэрэглээг тогтворжуулах, банкны эх үүсвэрийг бизнесийн салбарт чиглүүлэх эерэг нөлөөг үзүүлнэ гэж хүлээж байна. Мөн банкуудын эх үүсвэрийн долларжилтыг бууруулах сэдлийг төрүүлэх, улмаар валютын ханшийн огцом хэлбэлзлийг сааруулах зорилгоор заавал байлгах нөөцийн шаардлагыг гадаад валютын эх үүсвэрт өндрөөр буюу 12 хувиар, төгрөгийн эх үүсвэрт 10.5 хувиар  тогтоохоор,  зээлийн долларжилт, валютын ханшийн зээлийн чанарт үзүүлэх нөлөө зэргийг хэлэлцэж ханшийн эрсдэлтэй зээлдэгчдэд олгосон валютын зээлийн эрсдэлийн жинг 120 хувиас 150 хувь болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Албан ёсны статистикаас харахад үн дэсний валют буюу зөвхөн  төгрөгөөр олгосон зээлийн үлдэгдэл нь 2018 оны 10 дугаар сарын эцсийн байдлаар 13.2 их наяд төгрөг байна. Энэ нь өмнөх оноос 26 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 2017 оны мөн үед гарч байсан 8 хувийн өсөлтөөс даруй 18 нэгж хувиар өссөн байна. Энэ бол эдийн засагт төгрөгөөр хийгдэж буй хөрөнгө оруулалт, улмаар эдийн засгийн идэвхжил бодитоор  эрчимжсэнийг илтгэж байна. Нөгөө талдаа инфляцийн зорилтот түвшинг 8 хувиас хэтрүүлэхгүйгээр мөнгөний зөөлөн бодлогыг хэрэгжүүлснээр банкны зээлийн сувгаар дамжуулан эдийн засгийн эрэлтийг нэмэгдүүлж, одоогийн бодит эдийн засгийн 6.4 хувийн өсөлтөд хувь нэмэр оруулсан гэж үзэж байна.

-Банкуудаас олгож буй зээлийн үлдэгдэл өсч байна гэж Та хэллээ. Энэ нь ард ир гэд өрийн дарамтад улам орж буйг илтгэж байгаа юм биш үү?

-Банкны салбараас олгосон нийт зээл 2018 оны эхний 10 сарын байдлаар 16.3 их наяд төгрөг байна. Үүнээс ойролцоогоор тэн хагас нь бизнесийн зээл, үлдсэн тал нь иргэдийн ипотек, цалин, тэтгэвэр гэх мэт хэрэглээний зээлүүд байдаг.

Бизнесийн зориулалттай олгосон зээлийн жилийн өсөлт 2018 оны 10 дугаар сарын байдлаар 18 хувь байгаа нь өмнөх оны мөн үед гарч байсан -2 хувийн үзүүлэлтээс огцом нэмэгдсэн байна. Энэ үр дүн нь бизнес эрхлэгчдийн санхүүгийн эх үүсвэр нэмэгдэж, эдийн засгийн идэвхжил дээшилснийг илтгэж байна. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчдийн дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдэж, эдийн засаг дахь нийт эрэлт өсөж байгаа нь цаашид ажлын байр, үйлдвэрлэл нэмэгдэхэд чухал түлхэц болж байгаа. 

Таны асуусан иргэдийн хэрэглээний зээлээс шалтгаалж буй өрийн дарамтыг бууруулах, эдийн засагт эрсдэл үүсэхээс сэргийлэх, цаашид тогтвортой өсөлтийн орчныг хадгалах зорилгоор мөнгөний бодлогын үндсэн арга хэрэгсэлтэй уялдуулан макро зохистой бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг өмнө нь дурд сан. Тухайлбал, Мөнгөний бодлогын хорооноос иргэдийн хэрэглээний зээлийн өр, орлогын харь цаа болон зээлийн хугацаанд дээд хязгаар тогтоох шийдвэрүүд гарсан. Энэ нь банкуудын зээл олголтын бүтцийг иргэдийн хэрэглээний зээлээс бизнесийн зээл рүү шилжүүлж иргэдийн өрийн дарамтыг бууруулна гэж үзэж байна. 

-Иргэдийн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа болон хугацаанд дээд хязгаар тогтоож байгаа нь олон хүний анхаарлыг татаж байна. Та энэхүү бодлогын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

-Одоогийн үүсээд буй эдийн засгийн өсөлт, идэвхжилийг дагаад иргэдийн хэрэглээний зээл өсөх, улмаар импортын хэрэглээ өндөртэй манай орны хувьд уг зардал огцом өсөх магадлал их бий. Гэхдээ манай эдийн засаг нэг салбараас хэт их хамааралтай байгаа учраас эдийн засгийн уналт бий болох эрсдэл байгаа. Энэ тохиолдолд иргэдийн хэрэглээний зээл чанаргүйдэж, санхүүгийн болон бодит секторт хүнд байдал үүсч болзошгүй. Ийм тохиолдолд, иргэд импортын хэрэглээнээс хамаарсан өрийн дарамтын эргүүлэгт орох эрсдэл бий. Иймд эдгээр эрсдэлээс сэргийлэх зорилгоор Мөнгөний бодлогын хорооноос хоёр үндсэн макро зохистой бодлогын шийдвэрийг гаргаж 2019 оноос хэрэгжүүлэхээр болсон.

-Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2018 оны 10 дугаар сарын байдлаар 3.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Албан нөөцийн өсөлтөд голлон нөлөөлсөн хүчин зүйлс юу байсан, цаашид ямар хүчин зүйлс нөлөөлнө гэж үзэж байна вэ?

-Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2018 оны 10 дугаар сарын байдлаар 3.4 тэр бум ам.долларт хүрсэн явдалд дараах голлох 3 хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна. Нэгдүгээрт экспортын голлох түүхий эдүүдийн үнэ болон биет хэмжээний өсөлтөөс үүдэн нийт экспорт 6 тэрбум ам.долларыг шүргэснээр барааны данс ашигтай гарсан, хоёрдугаарт Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар тус байгууллага болон бусад донор орнуудаас нийт 920 орчим сая ам.долларын санхүүжилт орж ирсэн, гуравдугаарт эдийн засгийн идэвхжилийг дагасан шууд хөрөнгө оруулалтын цэвэр орох урсгал нэмэгдсэн зэрэг эерэг үйл явдлын үр дүн гэж хэлж болно.  Гэсэн хэдий ч, Монгол Улсын нийт гадаад өр 2018 оны эхний 3 улирлын байдлаар 27.9 тэрбум ам.доллар (ДНБ-ий 217 хувь), үүний 7 тэрбум ам.доллар нь Засгийн газрын, 2 тэрбум ам.доллар нь Төв банкны гадаад өр эзэлж байна. Энэхүү үзүүлэлт нь бидэнд гадаад өр төлбөрийн эрсдэл өндөр хэвээр байгааг сануулсаар байна. Мөн цаашид бидэнд давж гарах олон томоохон сорилт, тэр дундаа 2020 оноос эхлэн төлөгдөх томоохон өр төлбөрүүд угтаж байна.

2024 он хүртэл төлөгдөхөөр хүлээгдэж буй томоохон төлбөрүүдийг авч үзвэл Синдикат зээл 2021 онд, Мазаалай бонд 2021 онд, Чингис бонд 2022  онд зэрэг нийтдээ 5.4 орчим тэрбум ам.доллар төлөгдөх хуваарьтай байна. Иймд бид гадаад валютын нөөцийг цаашид тууштай нэмэгдүүлэх чиглэлд бодлогоо хандуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Учир нь урсгал тэнцлийн алдагдлын санхүүжилтийн эх үүсвэрийг харахад гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал голчлон нөхөж байгаа хэдий ч тогтвортой биш байна. Манай улс төрийн орчин тогтворгүй, асуудал ихтэй байгаа өнөө үед гадаад хөрөнгө оруулалт татрах эрсдэлтэйгээс гадна гадаад зээл, өр төлбөрүүд хугацаанаасаа өмнө татагдах тохиолдолд валютын нөөцөөр санхүүжилт хийх шаардлага үүснэ. Нөөц их боллоо гээд хэрэглэж, зарцуулах бус, харин энэхүү эдийн засгийн идэвхжилийн мөчлөгтэй хавсран эдийн засгийн чадавхиа улам батжуулах нь зүйтэй гэж үзэж байна. Гадаад валютын улсын нөөцийн зохистой хэмжээ нь улс орны тусгаар тогтнолын санхүүгийн баталгаа болдог.

-АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны дайн Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх төлөвтэй байна вэ?

 -Гадаад орчинд хэд хэдэн томоохон шок 2018 онд бий болж, дэлхийн зах зээл дээр тодорхой бус байдлыг үүсгэж байна. Ялангуяа, манайх шиг гадаад зах зээлээс ихээхэн хамааралтай, уул уурхайд түшиглэсэн эдийн засагт гадаад зах зээлийн эрсдэл ихээхэн нөлөөтэй байдаг. Бид гадаад орчноос нөлөөлж байгаа нөлөөллийг шийдэж чадахгүй хэдий ч, тухай бүрд нь тохирсон арга хэмжээнүүдийг түргэн шуурхай авч хэрэгжүүлэх бүрэн боломжтой. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадаас нийлүүлж байгаа тодорхой хэмжээний импортын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах талаар мэдэгдэл хийсэн. Үүний эсрэг Хятадын Засгийн газар АНУаас орж ирж буй бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахаа зарласнаар дэлхийн томоохон эдийн засагтай улс болох АНУ болон Хятадын хооронд худалдааны маргаан дэгдэж дэлхий дахиныг томоохон цочролд орууллаа. Энэ улсууд цаашид ямар бодлого авч хэрэгжүүлэхээс шалтгаалан манай улсын эдийн засагт тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ. Энэ оны III улирлын байдлаар Хятадын эдийн засгийн өсөлт 6.6 хувьтай байна гэж төсөөлж байсан боловч бодит байдал дээр өсөлт 6.5 хувьтай байлаа. Эдийн засгийн хам тын ажиллагаа хөгжлийн байгууллагаас мэдээлснээр Хятадын эдийн засгийн өсөлт цаашид 2019 болон 2020 онд ч мөн адил буурах төлөвтэй байна.

Түүхий эдийн экспортоос ихээхэн хамааралтай эдийн засагтай манай улсын хувьд нийт экспортын 93 хувийг Хятад улс дангаараа бүрдүүлж байна. Экспорт  2018 оны эхний 10 сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар буюу 756 сая ам.доллараар өссөн. Нийт экспортын 13 нэгж хувийн өсөлтийг уул уурхайн экспорт дангаараа эзэлж байна. Гэсэн хэдий ч хоёр улсын худалдааны маргаан цаашид үргэлжилбэл энэ нь Хятадын нийт үйлдвэрлэлд нөлөөлж зэсийн баяжмал болон нүүрсний импортыг бууруулах, улмаар түүхий эдийн үнийг бууруулах сөрөг нөлөөтэй байж болзошгүй юм.

-Та манай экспортын талаас нь гадаад нөлөөллийг дурдлаа. Импортын хувьд гол нөлөө юу байна вэ? 

-Нефтийн бараа бүтээгдэхүүнийг 100% гадаад улсаас импортлон авдаг манай улсын хувьд дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн хэлбэлзлийн нөлөө шууд тусдаг. Иймд бид дэлхийн зах зээл дээр үүсч буй гэнэтийн шоконд ямагт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр нефтийн илүүдэл үүссэний улмаас нефтийн үнэ буурах үзэгдэл болж байна. Нефтийн илүүдэл үүсэх болсон нь нефть олборлогч томоохон улс болох Орос, Саудын Араб, АНУ-ын хийсэн их хэмжээний олборлолт болон Ираны эсрэг авч буй АНУ-ын хориг арга хэмжээтэй холбогдон дэлхийн зах зээл дээр тодорхойгүй байдал үүсч нефтийн эрэлтийг өдөөх болсон зэрэгтэй холбоотой юм. 2018 оны 12 дугаар сарын 5-нд болсон ОПЕК-ийн уулзалтаар Саудын Араб гадаад худалдааны хориг, улс төрийн хүнд нөхцөл байдал, иргэний мөргөлдөөнтэй байгаа улс орнууд болох Иран, Венесуэль, Ливи зэрэг улс орноос бусад нефть үйлдвэрлэгч томоохон орнуудыг нефтийн олборлолтоо бууруулах ятгалгыг хийсэн. Харин АНУ-ын хувьд нефтийн үнэ нөөцтэйгээ харьцуулахад харьцангуй өндөр байна гэж үзэж байгаа тул цаашид нефтийн үнийг бууруулах магадлалтай байгаа.

Монгол Улсын эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлж болзошгүй гадаад орчны дараагийн нөлөөлөл бол Холбооны нөөцийн банкны бодлогын хүү юм.  АНУ-ын Холбооны нөөцийн банк 2008 оны хямралын дараа тэг хүүний бодлого хэрэгжүүлж эхэлсэн бол өнөөдөр хүүний түвшинг буцаагаад өсгөж 2.25 хувьд хүргэсэн. Энэхүү бодлогоо АНУ цааш үргэлжлүүлэх буюу хүүний түвшинг 2019 онд 3 хувь, 2020 онд 3.5 хувьд хүргэх төлөвлөгөөтэй байна. АНУ-ын долларын хүү өссөнөөр евро, иен, рубль, юань, вон гэх мэт дэлхийн ихэнх улс орнуудын валют АНУ-ын долларын эсрэг унаж эхэлсэн. Хүү өссөнөөр долларын урсгал буцаад АНУ руу чиглэж байна. Энэ нь АНУ долларын нөөцийн валютгүй улс орнуудын хувьд илүү хүнд тусах буюу манайх шиг улс орнуудаас доллар гадагшилж улам үнэтэй болох эрсдэлийг дагуулж байна.

-Манай эдийн засаг нь гадаад хүчин зүйлсээс ихээхэн хамааралтай байдаг талаар Та ярилаа. Ирэх онуудад таны бодлоор экспорт болон хөрөнгө оруулалтын үзүүлэлтүүд ямар түвшинд байх бол оо? 

-Товчхондоо, 2017 он Монгол Улсын хувьд эдийн засаг сэргэсэн, гадаад худалдаа эр чимжсэн, татраад байсан шууд хөрөнгө оруулалтын орох урсгал нэмэгдсэн жил байсан. Үүнийг бид Монгол улсын төлбөрийн тэнцэл 2017 оны эцэст 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарснаас тодхон харж болно. 

Энэхүү эерэг өөрчлөлтүүд 2018 онд ч мөн үргэлжилж байна. Тухайлбал, ГШХО 2017 онтой харьцуулахад 36 хувиар өссөн, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС-гаас 68 сая ам.доллар, бусад донор байгууллагуудаас 100 сая ам.долларын санхүүжилт орж ирсэн, экспортын нийт дүн өнгөрсөн онтой харьцуулахад 15%-иар өссөний 13%-ийг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын өсөлт байсан зэрэг эерэг өөрчлөлт бий болсон жил байлаа.

Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний 90 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт бүрдүүлдэг. Үүн дотор зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр гээд голлох цөөн бүтээгдэхүүнийг дурдаж болно. Дэлхийн зах зээл дээрх цэвэршүүлсэн зэс болон чулуун нүүрсний үнэ оны эхэнд маш өндөр өсөлттэй байсан хэдий ч энэ оны төгсгөл болон 2019 онд буурах хандлагатай байна. Гэвч Монгол Улсын экспортолсон нийт нүүрсний биет хэмжээ энэ он дуусахад 7 хувийн өсөлттэй гарахаар байгаа бөгөөд ирэх онд ч мөн энэ дүн хадгалагдах төлөвтэй байна. Харин им пор тын хувьд эдийн засгийн өсөлт өндөр байгаа нь эдгээр жилүүдэд өндөр хэвээр хадгалагдахаар байгаа нь ирэх онуудад гадаад валютын нөөцөд ирэх дарамтыг ихэсгэх эрсдэл байгааг сануулсаар байна.

-Бидэнтэй ярилцсанд Танд баярлалаа!

-Монгол ахан дүүсдээ угтан ирж буй Шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, энх тунх амьдарч, амжилт бүтээлтэй, сайн сайхан өөдлөн дэгжиж явахын ерөөл өргөе.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.