Монголбанк

Буцах

Байр суурь: Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоохоос илүү сайн сонголт бий

Огноо: 2019/05/03

Нэйл Сакер, ОУВС-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч:

Монгол Улсын их хурал санхүүгийн байгууллагуудаас олгох зээлийн хүүнд дээд хязгаар тогтоох асуудлыг яг одоо хэлэлцэж байна. Зээлийн хүүгийн дээд хязгаар гэдэг нь зээлдэгчийн зээллэгийн зардлыг бууруулах, тэдгээрийг мөнгө хүүлэлтээс хамгаалах зорилгоор зээлийн хүүнд дээд хязгаар тогтоох явдал юм. Зээлийн хүүгийн түвшинд ийнхүү хяналт тавих тухай асуудал дэвшүүлж байгаа нь зарим талаараа ойлгохоор зүйл. Гэхдээ олон улсын туршлагаас харахад хүүгийн дээд хязгаар тогтоох нь ихэвчлэн сайнаас илүү хор хохирол учруулдаг гэж үздэг.

“Зээлийн хүүгийн зах зээлийн түвшин” гэдэг нь банкуудын өөрийн зээллэгийн зардлыг нөхөж, зээл төлөгдөхгүй байх эрсдэлийг хаахад шаардагдах түвшин бөгөөд хүүгийн дээд хязгаарыг энэхүү зах зээлийн түвшингээс доогуур тогтоосноор зээлийн хомстол үүсч болзошгүй гэдэг томоохон асуудал үүсдэг. Нэн ялангуяа нийгмийн тогтворжиж амжаагүй сегментэд энэ нь илүү хамаатай юм. Өөрөөр хэлбэл залуучууд, хөдөө орон нутгийн өрхүүд, эмэгтэй бизнес эрхлэгчид, шинээр үүсч байгаа бизнесүүд, эсвэл орлого багатай өрхүүд зэрэг урт хугацаанд зээлийн түүх үүсгэж амжаагүй буюу хангалттай хэмжээний барьцаа хөрөнгөгүй хүмүүст чиглэсэн зээл олголт зогсож, албан ёсны зээлийн зах зээл хүртээмжгүй болж нийгмийн томоохон хэсгүүд банкны үйлчилгээ авах боломжгүй байдалд хүрдэг.

Өөр нэг асуудал нь эдгээр зээлдэгчид албан ёсны банкны системээс хасагдах үед зарим нь албан бус зээлийн захаас санхүүжилт хайж эхэлдэг. Албан бус зээлийн зах нь зохицуулалтад хамрагддаггүй тул хяналт шалгалтын чиг үүрэг хэрэгжүүлэгчид зээлдэгчдийг олон төрлийн мөнгө хүүлэгчдээс хамгаалах боломжгүй болж, зээлийн хүүгийн дээд хязгаарын үндсэн зорилго нь алдагддаг. Үнэндээ албан бус зэх зээл дээрх зээлийн хэмжээ, эрэлт нэмэгдэх тусам өндөр хүүтэй зээл олголт буюу мөнгө хүүлэлт улам өргөждөг.

Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох арга хэмжээний нэг хэлбэр болох "Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль"-ийг дэлхийн олон оронд баталсан байдаг нь үнэн. Гэхдээ, эдгээр хуулиуд нь дийлэнх банкуудын тогтоосон зээлийн хүүгийн дундаж түвшинг өөрчлөх бус зөвхөн мөнгө хүүлэлтээс урьдчилан сэргийлэх зорилготой тул тогтоосон хязгаар нь хангалттай өндөр түвшинд байдаг. Жишээлбэл, АНУ-д 5 жилийн хугацаатай зээлийн хүүгийн дээд хязгаарын дундаж утга нь бодлогын хүүгийн түвшингээс даруй 10 дахин өндөр байна. Үүнийг Монгол Улсад дүйцүүлбэл дээд хязгаар нь 100 хувийг давна гэсэн үг юм.

Банкны зээлийн дундаж хүүгийн түвшин Монгол Улсад гарцаагүй өндөр байна. Инфляцийн тохируулгыг тооцож үзвэл төгрөгийн зээлийн хүүгийн дундаж хэмжээ сүүлийн таван жилийн хугацаанд 10 хувьтай байсан. Тиймээс бодлого боловсруулагчид хүүгийн түвшинг бууруулах арга замыг хайж олох нь зүй ёсны хэрэг юм. Гэвч өндөр өртөгтэй сөрөг үр дагавар бүхий зээлийн хүүгийн дээд хязгаарыг ашиглахын оронд хүүгийн түвшин өндөр байгаад нөлөөлж буй гурван үндсэн суурь шалтгааныг шийдвэрлэх нь чухал юм. Үүнд:

  • Нэгдүгээрт, Монгол Улсын эрсдэлийн түвшин өндөр байгаа учраас хадгаламж эзэмшигчид эсвэл хөрөнгө оруулагчид хөрөнгөө ам. доллараар эсвэл гадаадад байршуулахын оронд төгрөгт хөрвүүлэн хадгалахдаа илүү өндөр өгөөж шаардахад хүрч байна. Засгийн газрын болон гадаад өрийг бууруулах, банкны салбарын хяналт шалгалтыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтын найдвартай, тогтвортой орчныг бүрдүүлэх замаар эрсдэлийн нэмэгдэл түвшинг бууруулах боломжтой.
  • Хоёрдугаарт, Монгол Улсад инфляцийн хэлбэлзэл өндөр буюу өсөх давтамж олон байгаагаас хадгаламж эзэмшигчид төгрөгөөр байршуулсан хадгаламжаа ханшны өсөлтөөс хамгаалахын тулд өндөр нэрлэсэн хүүг шаарддаг. Нөгөө талдаа банкууд энэхүү хадгаламжийн зардлаа нөхөхийн тулд зээлийн хүүгээ өндөр тогтоох шаардлагатай болдог. Инфляцийн түвшинг нам, тогтвортой болгосноор банкны санхүүжилтийн өртгийг бууруулж, улмаар Монголын өрх гэр, бизнес эрхлэгчдийн төлөх хүүгийн зардлыг багасгах боломжтой.
  • Гуравдугаарт, чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэх хууль эрхзүйн орчны хангалтгүй байдал, шүүхийн тогтолцоонд тулгардаг бэрхшээл зэргийн улмаас банкууд чанаргүй зээлийн төлбөрийг барагдуулахдаа олон хүндрэлтэй тулгардаг. Иймд банкууд зээл төлөгдөхгүй байх эрсдэл, зээлийн барьцаа хөрөнгийг хураах чадваргүй байдлыг хаахын тулд зээлийн хүүгээ өндөр тогтоох шаардлагатай болдог.

Одоогоор зээлийн хүү өндөр байгаа хэдий ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд зээлийн хэмжээ 25 хувиар өссөн нь өндөр үзүүлэлт юм. Энэ нь санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, хэрэглэгчийн эрхийг хамгаалахад хүндрэлийг бий болгосон. Өрхүүд хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх хүүтэй зээл авч, хэрэглээгээ санхүүжүүлж байна. Хоёр өрх тутмын нэг нь сарын орлогынхоо 50 гаруй хувийг зээлийн үйлчилгээний зардалд төлж байна. Эдгээр зээлийг эргүүлэн төлөхийн тулд өрхүүдийн орлого хөдөлмөр эрхлэлтийн өөрчлөлт тогтвортой нэмэгдэх шаардлагатай гэсэн үг.

Дахин давтан хэлэхэд, хууль шинээр баталж зээлийн хүүг зохиомлоор бууруулах нь уг асуудлын шийдэл болохгүй. Цаашид тогтвортой, баталгаатай зээлийн тогтолцоог хангахын тулд зээлийн хүүгийн түвшин нь нэг талдаа банкны зардлыг нөхөх, нөгөө талдаа зээлдэгчийн төлбөрийн чадварт нийцсэн түвшинд байх нь чухал юм. Тиймээс дээр дурдсан шинэчлэлүүд эдгээр асуудлуудын суурь шалтгаан руу чиглэх учраас тэдгээрт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Монголбанкнаас зээлдэгчийн зээл авах чадварт тавигдах шаардлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалт хийсэн нь эрсдэлийг ойрын хугацаанд хязгаарлахад туслах болно.

Эдгээр бэрхшээлийг шийдвэрлэх нь Засгийн газрын Эдийн засгийг сэргээх хөтөлбөр болон ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гол цөм юм. Эрх баригчдын өнөөг хүртэл гаргасан хүчин чармайлтын үр дүнд тодорхой ахиц дэвшил гарч байна. Ялангуяа улсын өрийн хэмжээг бууруулж чадсан. Санхүүгийн зах зээл энэхүү ахиц дэвшлийг хүлээн авч, 2016 онтой харьцуулахад Монголын Улсын эрсдэлийн түвшин хоёр дахин буураад байна. Үүнтэй зэрэгцээд төгрөгийн зээлийн бодит хүүгийн түвшин 5 пунктээр буурчээ.

Гэсэн хэдий ч, зээлийн өртөг өндөр байхад нөлөөлж байгаа олон хүчин зүйл арилаагүй байсаар байгаа тул макро эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, банкны салбарын хяналт шалгалтыг бэхжүүлэх, чанаргүй зээлийг шийдвэрлэх тогтолцоог шинэчлэх чиглэлээр илүү их ажил хийх шаардлагатай байна. Үүний үр дүнд санхүүгийн салбар эдийн засгийн өсөлтийг дэмжихээс гадна энэхүү өсөлт нь хүн амын өргөн хүрээнд хүртээмжтэй байх нөхцөлийг хангах болно.

 

2019 оны 5-р сарын 2

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.