Монголбанк

Буцах

А.Энхжин: Төгрөгийн ханшийн сулралтад нөлөөлж байсан гадаад, дотоод хүчин зүйлс эерэг чиглэлд өөрчлөгдсөн

Огноо: 2020/01/24

Гадаад валютын ханш болон валютын зах зээлд үүсээд буй нөхцөл байдлын талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа.

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш сулрахад голлон нөлөөлж буй хүчин зүйлийг юуны өмнө тайлбарлана уу?

Урт хугацаанд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулраад буйг энгийнээр тайлбарлавал Монголчууд бидний гадаад валютаар олж байгаа орлого, гадаад валютын зарлагаасаа өндөр байгаа нь ийнхүү төгрөгийн ханш сулрах үндсэн шалтгаан болж байна. Өнгөрсөн хугацаанд үүссэн орлого, зарлагын зөрүүгээ бид гадаад зах зээлээс зээлэх замаар санхүүжүүлсэн байдаг. Үүнээс шалтгаалан Монгол Улсын гадаад өр 30 гаруй тэрбум ам.долларт хүрээд байна.

Иймд Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, аялал жуулчлал, мэдээлэл технологи гэх мэт үйлчилгээг гадны зах зээлд худалдан гадаад валютын орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж байж бид энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой.

Харин харьцангуй богино хугацаанд буюу сүүлийн 1-2 жилийн хугацаанд дээр дурдсан суурь асуудлаас гадна дотоод, гадаад зах зээлд юу болсныг харвал 2018 онд Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 4 удаа буюу нийтдээ 100 суурь нэгжээр өсгөсөн бөгөөд мөнгөний бодлогын нэг онцлог нь шийдвэр гарснаасаа хойш уг шийдвэр 2 жил магадгүй зарим тохиолдолд түүнээс ч удаан зах зээлд нөлөөлсөөр байдаг. Мөн 2018, 2019 оны 2 дугаар хагасд дэлхийн зах зээл дэх зэс, нүүрсний үнэ буурсан, АНУ, БНХАУ-ын худалдааны маргаанаас үүдэлтэй тодорхой бус байдал нь гадаад зах зээл талаас төгрөгийн ханш сулрахад нөлөөлж байв.

Дотоод эдийн засаг талаас эдийн засгийн идэвхжил нэмэгдэж буйтай холбоотой зээл олголт болон импортын хэмжээ өссөн. 2018, 2019 оны 4 дүгээр улиралд хилийн боомтуудын үйл ажиллагаа доголдож, нүүрсний экспорт саатсан, Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсноос валютын зах зээлд сөрөг хүлээлт үүссэн зэрэг нь төгрөгийн ханш сулрахад голлон нөлөөлөв.

Төв банкнаас төгрөгийн ханш сулрах үзэгдэл нь бодлогын хувьд нийцтэй эсэх дээр ямар байр суурийг илэрхийлэх вэ?

Юуны өмнө төгрөгийн ханш ямар хугацаанд сулрах гэж байгаад анхаарал хандуулах нь зүйтэй. Монгол Улс жижиг бөгөөд нээлттэй эдийн засагтай. Үүнийгээ дагаад төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь төв банкны үндсэн зорилт болох инфляци болон санхүүгийн тогтвортой байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Монголбанкны зүгээс богино хугацаанд төгрөгийн ханшид эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс үүдэлтэй, түр зуурын шинжтэй огцом сулрах эрсдэл үүсвэл үүнийг зөөлрүүлэх зорилгоор валютын захад тухай бүр оролцон ажилладаг. Эдгээр бодлогын шийдвэр нь төв банкны гол зорилт болох инфляцийг зорилтот түвшинд хадгалах, эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй, “аюулгүй” байлгахад чиглэж гардаг.

Харин урт хугацаандаа төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь түүнд нөлөөлөгч гадаад болон дотоод эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нийцтэйгээр тогтдог.

Гадаад худалдааны тэнцэл ашигтай, өөрөөр хэлбэл, ам.доллар орж ирэх урсгал эерэг үзүүлэлттэй байхад яагаад төгрөгийн ханш суларч байгааг тайлбарлана уу?

Гаалийн Ерөнхий газраас зарлаж буй гадаад худалдааны статистик нь Монгол Улсын хилээр орж, гарч буй барааны статистик тул уг статистик нь шууд гадаад валютын орлого зарлагыг илэрхийлдэггүй. Жишээлбэл, нефть экспортлогчид бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу экспортлосон бүтээгдэхүүний үнийн дүнгээс тодорхой хэсгийг хөрөнгө оруулагч талд төлдөг. Харин нүүрсний экспортын хувьд улсын хил хүртэл нүүрсийг тээвэрлэж буй гадны компаниуд тээврийн үйлчилгээний хөлс нүүрсний экспортын үнэд шингэсэн байдаг. Үүнээс гадна төрөл бүрийн үйлчилгээний зардал, гадаад зээл, бондын үндсэн болон хүүгийн төлбөр гэх мэт гүйлгээ гаалийн статистикт тусдаггүй.

Харин Монголчуудын гадаад эдийн засагтай хийж буй бүх төрлийн гүйлгээг хамруулсан тайлан нь төлбөрийн тэнцлийн тайлан байдаг. Төлбөрийн тэнцлийн тайланд дээр дурдсан гаалийн статистик дахь гүйлгээнүүдийг тусад нь бүртгэдэг учир гадаад валютын орлого, зарлагын гүйлгээ нь төлбөрийн тэнцэл дэх урсгал дансны бүтцээс маш тодорхой харагддаг. Хэдийгээр гаалийн статистикаар гадаад худалдааны тэнцэл 2019 онд 1.5 тэрбум ам.доллартай тэнцүү байгаа ч Монгол Улсын урсгал данс эхний 11 сарын байдлаар эсрэгээрээ 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай байна. Урсгал дансны байнга өндөр хэмжээний алдагдалтай байдаг нь ийнхүү төгрөгийн ханш суларч байгаагийн үндсэн шалтгаан юм.

Монголбанк нэлээдгүй интервэнц хийсэн байна. Энэ нь зах зээлд харин ч төгрөг суларсаар байх юм байна гэсэн сөрөг хүлээлтийг үүсгэх нөхцөлийг бүрдүүлээд байна гэсэн шүүмжлэлийг зарим эдийн засагч хэлж байна. Бодит нөхцөл байдлыг тайлбарлана уу?

Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 90 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Уг салбар нь цөөн тооны томоохон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаан дээр тогтож байна. Монгол Улс байнга урсгал дансны алдагдалтай байдаг тул гадаад валютын эрэлт зах зээлд өндөр байдаг. Үүнээс шалтгаалан валютын нийлүүлэлтийг бүрдүүлдэг цөөн тооны аж ахуйн нэгжийн орлого Монгол Улсад ороход онолын дагуу валютын ханш сулрах дарамт багасах учиртай. Гэтэл эсрэгээрээ уг валютыг үнээр өрсөлдүүлэн худалдаж байснаас үүдэлтэй төгрөгийн ханш сулрах явдал гардаг байсан.

Төрөөс 2019 онд мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн 1.2-д “Эдийн засгийн дархлааг дэмжих, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэж заасан байгаа. Ингэхдээ төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байх зарчмыг баримтална гэж заасан. Монголбанкны хувьд дотоодын зах зээлээс гадаад валют худалдан авах замаар гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхэд одоогоор хүндрэлтэй байна. Иймд эхний ээлжинд бид Монгол улсын гадаад худалдааны төвлөрлөөс үүдэлтэйгээр ханшид үүсдэг байсан хэлбэлзлийг арилгах талаар Засгийн газартай хамтран ажилласан. Тодруулбал манай улсын гадаад валютын нийлүүлэлтийг бүрдүүлдэг аж ахуйн нэгжийн дунд төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж багагүй жин эзэлдэг. Иймд ядаж эдгээр аж ахуйн нэгжийн валютын орлогыг Монголбанк худалдан авч, үүнийгээ хэлбэлзэл үүсгэхгүйгээр захад нийлүүлэх нь зүйтэй гэж үзсэний дагуу тэгдгээрээс гадаад валют худалдан авч байгаа юм. Өнгөрсөн онд бид зах зээлээс 2.3 тэрбум ам.долларыг худалдан авч, эргүүлээд 2.9 тэрбум ам.долларыг захад нийлүүлсэн байна. Тодруулбал, Монголбанк дээр дурдсан аж ахуйн нэгжүүдээс авсан валютаа захад нийлүүлж, нэмээд Монголбанкнаас 0.6 тэрбум ам.долларыг захад нийлүүлсэн.

Үүнээс гадна ГВАН хангалттай түвшинд хүрсэн байхад ам.доллар чангарч байгаа үзэгдэл нь Төв банк зах зээлээс доллар хамж эрэлтийг үүсгэж байна гэж ч харж байна шүү дээ.

Монголбанк цэвэр дүнгээр нь аваад үзвэл захаас гадаад валют татах бус харин ч нийлүүлсэн байгааг дээр дурдсан. Харин ГВАН өсөхөд Монголбанк иргэд, аж ахуйн нэгжээс алт худалдан авч түүнийгээ цэвэршүүлэх, банкуудын гадаад зах зээлээс татсан эх үүсвэрийг своп хэлцэл байгуулан худалдан авах, гадаад валютын нөөцийн өгөөжийг нэмэгдүүлэх гэх мэт арга хэмжээ голлон нөлөөлсөн.

Зарим эдийн засагчид ГВАН-ийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэг бол эсрэгээрээ уг бодлогыг шүүмжлэх хэсэг бас байдаг. Үүнийг Монголбанк юу гэж үзэж байгаа вэ?

Монгол Улс ирэх 4 жилд 14 орчим тэрбум ам.доллартай тэнцэхүйц гадаад өр эргэн төлөгдөх хуваарьтай байгаа. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлаас үзвэл уг өр, төлбөрийн хугацааг сунгах зайлшгүй шаардлагатай байна. Ийнхүү гадаад өр төлбөрийг дахин санхүүжүүлэхэд Монгол Улсын эдийн засаг тогтвортой, гадаад валютын төлбөр гүйцэтгэх чадвар сайн байж чадсанаар дээрх өр, төлбөрийг бага хүүтэй, урт хугацаатайгаар дахин санхүүжүүлэх боломжтой. Монголбанкны хувьд 2020 оны 7 дугаар сард дуусах Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгахаар ажиллаж байгаа бөгөөд уг хэлцлийг амжилттай сунгана гэдэгт итгэлтэй байна. Харин Засгийн газрын өрийн удирдлагын стратегийг 2019 онд батлагдсан. Уг стратегид Засгийн газар томоохон дүнтэй гадаад өр, зээлүүдээ эдийн засагт дарамтгүйгээр дахин санхүүжүүлэхээр тусгасан байдаг. Монголбанк ч энэ чиглэлд Засгийн газартай хамтран ажиллаж, гадаад өрийг эдийн засагт дарамт багатайгаар дахин санхүүжүүлэхээр ажиллах болно.

Долларжилтийг бууруулахын тулд төв банкнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Долларжилтыг бууруулах чиглэлээр Монголбанкнаас гадаад валютын орлогогүй иргэд, аж ахуйн нэгжид гадаад валютаар зээл олгоход тооцогдох эрсдэлийн жинг 120% байсныг 150% болгон нэмэгдүүлэх, гадаад валютын заавал байлгах нөөцийн хэмжээг 12% байсныг 15% болгож өгсөх зэрэг макро зохистой бодлогын арга хэмжээ авсан. Мөн банкуудын гадаад валютын эх үүсвэрийг ханшийн эрсдэлгүйгээр төгрөгт хөрвүүлэн иргэд, аж ахуйн нэгжид төгрөгөөр зээл олгох боломжийг бүрдүүлэх үүднээс банкуудтай урт хугацаат своп хэлцэл байгуулж ажиллаж байна. Ингэснээр 2012-13 онд 30 гаруй хувьтай байсан активын бодит долларжилт 2019 онд 12-13% болж буураад байна.

Ам.долларын ханшаас гадна манай улсын хамгийн их эрэлттэй, нийт гадаад худалдааны 60 –аад хувьд ашиглагддаг юань түүхэндээ өндөр дүнтэй чангарч байгаа нь ямар шалтгаантай вэ?

БНХАУ болон АНУ-ын хооронд үүссэн худалдааны маргаан намжиж, БНХАУ-ын эдийн засагтай холбоотой тодорхой бус байдал буурахын хэрээр юанийн олон улсын зах зээл дэх ханш чангарах хандлагатай болсон. Дотоод эдийн засаг талаас авч үзвэл ФАТФ-ын саарал жагсаалтад Монгол Улс орсонтой холбоотой зах зээлд үүссэн сөрөг хүлээлтээс үүдэлтэй төгрөгийн ханш сулрах үзэгдэл баяр ёслолын бэлтгэлээс үүдэлтэй импортын эрэлт нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нь дотоодын зах зээлд юанийн ханш чангарахад нөлөөлж байна.

Цаашид төгрөгийн гадаад валюттай харьцах ханш ямар байх төлөвтэй байна вэ?

Өнгөрсөн хугацаанд төгрөгийн ханшийг сулруулахад нөлөөлж байсан гадаад болон дотоод эдийн засгийн хүчин зүйлс харьцангуй эерэг чиглэлд өөрчлөгдөөд байна. Гадаад эдийн засаг талаас авч үзвэл АНУ, БНХАУ-ын хооронд үүссэн худалдааны маргаан намжих бодит нөхцөл үүсч, хоёр улс хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Мөн 2020 онд зэс, нүүрс гэх мэт манай улсын голлох экспортын барааны үнэ буурах дарамт бага, дэлхийн эдийн засаг 2020 онд 2019 оныг бодвол харьцангуй өндөр өсөлттэй байх зэрэг эерэг төсөөллийг ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагууд гаргаад байна.

Дотоод эдийн засаг талаас Монгол Улсын гадаад худалдаанд гарч буй эерэг өөрчлөлтүүд 2020 онд хадгалагдах, эдийн засгийн идэвхжил 2019 онтой ойролцоо байх, инфляци төв банкны зорилтот түвшинд хадгалагдах төлөвтэй байна. Үүнээс гадна 2020 онд Монголбанк ХАБ-тай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгах, Засгийн газар гадаад өрөө дахин санхүүжүүлэх чиглэлээр ажилласнаар гадаад валютын дотоодын зах харьцангуй тогтвортой байна хэмээн харж байна.

Ярилцсанд баярлалаа.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.