Монголбанк

Буцах

Д. Ариунаа: Шинээр гаргасан 20000 төгрөгийн дэвсгэртийг дуурайлгах, хуурамчаар хийх боломжгүй

Огноо: 2020/02/12

Монголбанк нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50 төгрөг, 20000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргаж эхэлжээ. Уг асуудлаар Монголбанкны  Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаагаас тодрууллаа.

-50 төгрөг болон 20000 төгрөгийн мөнгөн тэмдэгтийг дахин шинэчлэх болсон шаардлага, үндэслэл нь юу вэ?

-Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгтийн нөөцийг нь бий болгох, хадгалах, тээвэрлэх гэсэн үндсэн үүргийг хэрэгжүүлдэг. Үүний зэрэгцээ төгрөгийг хуурамчаар үйлдэх явдлыг зогсоох, түүнтэй тэмцэх тал дээр мөн анхаарч ажиллах шаардлагатай байдаг. Эдгээр үүрэг, зорилтын  хүрээнд ажилласан бөгөөд Монголбанкин дахь 50 төгрөг болон 20000 төгрөгийн дэвсгэртүүдийн нөөц  дуусах шатанд орсон байсан тул нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон. Нэгэнт шинээр нөөц бүрдүүлж  байгаа тул нэгмөсөн найдвартай байдлыг нь хангахуйцаар сайжруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Бид олон улсын хэмжээнд судалгаа хийсний үндсэн дээр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий элементүүдийг оруулан сайжруулж, шинэчиллээ. Жишээ нь, хуурамчаар үйлдсэн тэмдэгтээс төвөггүй ялгаж таних боломжтой хамгаалалтын элементүүд болох микро оптик хөдөлгөөнт гадаргуутай тууз, 3-н хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг дурдаж болно. Шинэ 20000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулсан хамгаалалтын цоо шинэ элемент агуулснаараа онцлог. Эдгээр хамгаалалтын шинэ таних тэмдгүүдийг оруулж өгснөөр монгол төгрөг хуурамчаар үйлдэгдэхээс найдвартай хамгаалагдаж, иргэд жинхэнэ мөнгөн дэвсгэртийг хялбархан таних боломжтой болж байгаа юм.

-Тэгэхээр эдгээр мөнгөн дэвсгэртүүдийг хуурамчаар хийх магадлал өндөртэй учраас хамгаалалтыг дахин сайжруулж байна гэж ойлгож болох уу?

-Монгол Улсын хэмжээнд нийт илэрсэн хуурамч мөнгөн дэвсгэртүүдийн дийлэнх нь 20000 төгрөгийн дэвсгэртийг дурайлган хийсэн байдаг. Манай улсын хувьд нийт илэрсэн хуурамч мөнгөн дэвсгэртийн 90 гаруй хувь нь 2006 оны 20000 төгрөг байна. Учир нь анхны дэвсгэрт дээрх хамгаалалтын элемент тааруу, сул байдгаас үүдэн дөхүүлэн дуурайлгаж хийхээр оролддог байна. Тиймээс 2009 онд сайжруулсан ч 2006 онд хэвлэгдсэн нь гүйлгээнд ашиглагдсаар л байгаа. Харин 2019 онд үйлдвэрлэж, одоо гүйлгээнд нэвтрүүлж байгаа 20000 төгрөгийн дэвсгэртийг дуурайх боломжгүйгээр ил хамгаалалтын элементүүдийг илүү нарийвчлан сайжруулж өгсөн.  Иймээс 2006 оны 20000 төгрөгийг хуурамчаар үйлдэж буй явдлыг зогсоох, сэргийлэх зорилгоор 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс гүйлгээнээс татан, төлбөр тооцоонд ашиглахгүй байх, улмаар 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд татаж дуусгасан байх Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр гараад байна. Энэ хугацаанд иргэдийн гар дээр байгаа 2006 оны 20000-ын жинхэнэ дэвсгэртийг банкууд дээр болон Монголбанкин дээр шинэ дэвсгэртээр сольж өгөх ажил хийгдэнэ.

-Эхний ээлжинд хэчнээн төгрөгтэй тэнцэх хэмжээний 50 төгрөг болон 20000 төгрөгийн дэвсгэртийг шинээр хэвлэх вэ.  Одоо зах зээлд эргэлдэж байгаа хуучин 50 болон 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг эргүүлэн татах юм уу?

Тухайн мөнгөн дэвсгэртийн Монголбанкин дахь нөөц дуусч байгаа тохиолдолд дахин үйлдвэрлэх шаардлага бий болдог. Мөнгөн тэмдэгт бүр өөрийн насжилт, илэгдэх хугацаатай. Зарим мөнгөн тэмдэгт илүү урт насжилттай байдаг бол зарим нь иргэдийн хайхрамжгүй эсвэл хэт их хэрэглээнээс болж богино хугацаанд гэмтэж мууддаг. Шинэ мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргахын хувьд зөвхөн банкуудаас гаргасан захиалгын тоо хэмжээгээр гаргадаг тул эргэлддэг хэмжээндээ хэвээр байна гэсэн үг. Аливаа улсын төв банк мөнгөн тэмдэгтийн нөөцөө бүрдүүлж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүний хүрээнд л хийгдэж байгаа ажил юм.

Гүйлгээнээс зөвхөн 2006 онд үйлдвэрлэсэн 20000 төгрөгийн дэвсгэртийг л татна. Бусад дэвсгэрт гүйлгээнд хүчин төгөлдөр хэвээр хэрэглэгдэнэ.   

-Цагаан сараар бусад мөнгөн тэмдэгтээс сонгож, шинэ мөнгө хэвлэх үү?

-Цагаан сард зориулж шинэ дэвсгэрт үйлдвэрлэдэггүй. Аль нэг дэвсгэртийн нөөц бий болгох нь олон шат дамжлагатай, шийдвэр гаргалтын хувьд ч олон процедур дамжиж байж хийгддэг тул урт хугацаа шаардсан ажил байдаг. Тийм амар богино хугацаанд хийчихдэггүй, ялангуяа шинэчлэн сайжруулж буй тохиолдолд 2-3 жил шаардагддаг.      

Цагаан сарын баяраар иргэд данснаасаа бэлэн мөнгө ихээр авах, хуучин дэвсгэртээ шинээр солих эрэлт маш их өсдөг. Үүнээс үүдэн банкууд Монголбанкнаас зузаатгалдаа шинэ мөнгөн дэвсгэрт ихээр авдаг түүнийгээ иргэдэд тухайн баярт зориулж олгодог үзэгдэл нь шинэ мөнгө үйлдвэрлэдэг гэсэн буруу ойлголт төрүүлдэг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Цагаан сарын баярын дараа эдгээр бэлэн мөнгө банкуудад буцан орж ирдэг бөгөөд банкууд түүнийг Монголбанкинд эргэж тушааснаар бүх зүйл эргээд хэвийн байдалдаа ордог нь жил бүр тохиолддог хэвшмэл үзэгдэл болсон. Угтаа бол энэ үзэгдлийн мөн чанар нь Цагаан сарын баярт зориулж шинээр мөнгө хэвлэж буй явдал огт биш юм.   

-Монголбанк 50000-тын мөнгөн дэвсгэрт хэвлэнэ гэсэн яриа гардаг. Ийм боломжтой юу?

-Тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдал, онцлогоос хамаарч өөр өөр төрлийн материал, нэрлэсэн үнэ бүхий мөнгөн тэмдэгтийг дэлхийн олон улс орнууд гаргадаг. Төлбөр тооцоонд ашиглагдаж байгаа мөнгөн дэвсгэрт бүрийн нэрлэсэн үнэ болон тэдгээрийн бүтэц нь эдийн засгийн нөхцөл байдал, зах зээл дээрх бараа, үйлчилгээний үнийн түвшинд хэр нийцтэй, зохистой байна вэ гэдгээс хамаардаг тул дэвсгэртүүдийн бүтцийг өөрчлөх боломжтой. Гэхдээ одоогоор ийм асуудал тавигдаагүй байна.          

-Монголбанк мөнгөн дэвсгэртүүдийн хамгаалалтыг сайжруулах нэрийн дор зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлэх гэж байна гэсэн хардлага байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Мөнгөн дэвсгэртийг шинэчлэн сайжруулж гүйлгээнд гаргах нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээс огт өөр. Монголбанк арилжааны банкуудаас ирсэн хүсэлтийн дагуу зузаатгалыг хийдэг. Ингэхдээ банкууд Монголбанк дахь өөрийн харилцах дансанд байгаа мөнгөний хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр ямар дэвсгэртээр, хэдий хэмжээний бэлэн мөнгө авах шийдвэрээ өөрсдөө гаргадаг. Шинээр үйлдвэрлэсэн мөнгөн тэмдэгтийг ч мөн адил энэ зарчмаар банкуудаас хүсэлт ирэх тохиолдолд л гүйлгээнд гаргадаг тул их хэмжээгээр мөнгө нийлүүлэх ямар ч боломжгүй бөгөөд энэ нь хий хоосон хардлага юм.    

Түүнчлэн ийм замаар мөнгө нийлүүлэх гэж байна гэж хардаж байгаа бол сарын статистик үзүүлэлтээс мөнгөний нийлүүлэлтийн бүтцийг харах хэрэгтэй. Түүн дотор “гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө” гэдэг үзүүлэлт сар бүрээр байж байгаа. Тэрхүү үзүүлэлтийн сар бүрийн өөрчлөлтийг хараад байвал Төв банк бэлэн мөнгө их хэмжээгээр гаргаж уу, үгүй юү гэдэг нь тов тодорхой харагдана.  

Тиймээс дахин хэлэхэд нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон мөнгөн дэвсгэртүүдийг шинэчлэн сайжруулж байгаа нь аль ч улсын Төв банкны хийдэг л ажил. Бид олон улсын төвшинд хэрэглэгдэж байгаа технологийн талаар судалгаа хийж, мөнгөн тэмдэгтүүдийнхээ эдэлгээ даах чанар, хуурамчаар хийгдэхээс хамгаалагдсан найдвартай байдлыг хангахын төлөө ажиллаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх.  

-Цаашид бусад мөнгөн тэмдэгтийн хамгаалалтыг сайжруулж, шинэчлэх үү?

-Монголбанк энэ ажлаа үргэлжлүүлэн хийж байна. 2018 онд 5000 төгрөгийн хамгаалалтын элементийг мөн л сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан шинэчлэн сайжруулж гүйлгээнд нэвтрүүлсэн. Үүний үргэлжлэл 50, 20000 төгрөгийн дэвсгэртэд хийгдлээ.

-Шинээр мөнгө гаргаж байгаатай холбоотойгоор төгрөг үнэгүйдэх, инфляц өсөх нөхцөл үүсэх үү?

-Зөвхөн энэхүү сайжруулж шинэчилсэн мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргаж байгаатай холбоотойгоор төгрөг үнэгүйдэх, инфляц өсөх нөхцөл байдал үүсэхгүй гэдгийг баттай хэлэхээр байна. Учир нь энэ үйл ажиллагаагаар мөнгөний нийт нийлүүлэлт өсөхгүй юм.

Эх сурвалж: iToim

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.