Монголбанк

Буцах

Банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалтыг нээж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлсэн үг

Огноо: 2021/05/31

/УИХ-ын дарга Г.Занданшатар Банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалт, Төрийн ордон, 2021.05.27/

Эрхэм хүндэт банк, санхүүгийн салбарын төлөөлөгчид өө,

Та бүхэндээ Монгол Улсад хоёр шатлалт банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Өнөөдөр Та бүхэнтэй эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарч буй өөрчлөлт, цаашдын төлөвийн талаар байр сууриа хуваалцахыг хүсч байна.

Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд сэргэлт гарч эхэллээ. Энэхүү сэргэлтэд Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор хөгжингүй орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын дэмжлэг, дэлхий нийтээр эрчимжиж буй вакцинжуулалтын аян чухал үүрэг гүйцэтгэж байна. Олон улсын санхүүгийн байгууллагуудын зүгээс 2021 онд Америкийн Нэгдсэн Улс 6 хувь, Франц 5 хувь, Герман 3 хувь, Бүгд Найрамдах Хятад Ард Улс 8 хувийг давсан эдийн засгийн өсөлттэй байх төсөөллийг гаргалаа. Глобал эдийн засгийн идэвхжлийг даган дэлхийн эрдэс түүхий эдийн зах зээлд өсөлт гарч байна. Тухайлбал, дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ 1 тн нь 10000 ам.долларыг давж, түүхэн өндөр түвшинд хүрэв. Цаашид эрдэс түүхий эдийн эрэлт, үнэ өсөх хандлага үргэлжлэх төсөөллийг олон улсын мэргэжлийн байгууллагууд гаргаад байна. Гэхдээ глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлийн цаашдын төлөвт Ковид-19 цар тахал, вакцинжуулалт гол нөлөө үзүүлэхээр байна.

Ковид-19 цар тахлаас үүдэн манай эдийн засаг 2020 оны 1 дүгээр улиралд 10.7 хувиар агшсан. Гэхдээ үүнээс хойш эдийн засагт “V” хэлбэрийн сэргэлт гарч, энэ хандлага үргэлжилсээр байна. Тухайлбал, 2021 оны 1 дүгээр улиралд эдийн засаг өмнөх оны мөн үеэс 15.7 орчим хувиар өслөө. Эдийн засаг ийнхүү сэргэхэд экспортын эрдэс түүхий эдийн гадаад эрэлт, үнийн өсөлт, түүнийг дагасан уул уурхай олборлолт, тээвэр, боловсруулах үйлдвэрийн салбарын идэвхижил, цар тахлын үед эдийн засгийг дэмжихэд чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын багц арга хэмжээ гол нөлөө үзүүлж байна.

Эдийн засгийн сэргэлт, бодлогын арга хэмжээний үр дүнд санхүүгийн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлт гарч байгааг статистик тоо баримтууд харуулж байна. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны 5 дугаар сараас хойш, төлбөрийн тэнцэл 10 дугаар сараас хойш ашигтай гарснаар гадаад валютын албан нөөц 2021 оны 4 дүгээр сарын байдлаар 4.9 тэрбум ам.долларт хүрч нэмэгдлээ. Үүний үр дүнд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш өнгөрсөн оны 6 дугаар сараас хойш өнөөг хүртэл маш тогтвортой байна. Эдийн засгийн сэргэлт, гаднаас орж ирж буй хөрөнгийн урсгал, төсвийн дэмжлэг, тэр дундаа цар тахлын үед орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлсөн, цахилгаан, дулаан, усны төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн, хүүхдийг мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн, иргэн бүрт 300 мянган төгрөг олгосон зэрэг арга хэмжээний нөлөөгөөр банкны салбар дахь иргэд, аж ахуйн нэгжийн нийт хадгаламж өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ оны 4 дүгээр сард 34.4 хувиар нэмэгдлээ. Хадгаламжийн өсөлтийг ялгаатай бүлгүүдээр авч үзвэл, 1-5 сая төгрөгийн дүнтэй хадгаламж 51 хувиар, 5-20 сая төгрөгийн дүнтэй хадгаламж 30 хувиар, 20-100 сая төгрөгийн дүнтэй хадгаламж 25.4 хувиар, 100-500 сая төгрөгийн дүнтэй хадгаламж 24.7 хувиар, 500 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж 30.8 хувиар тус тус өссөн байна. Энэ нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүх бүлгүүдийн хувьд хадгаламж жигд өндөр өсөлттэй байсныг илтгэж байна. 

Үүний зэрэгцээ банкны салбарын зээлийн хүү буурч, зээл олголт идэвхжиж эхэллээ. Мөнгөний бодлогын хүрээнд 2020 оны туршид бодлогын хүүг 5 нэгж хувиар бууруулан 6 хувьд хүргэж, банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулах замаар эх үүсвэр чөлөөлж, урт хугацаатай, зорилтот репо санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлж ашигласнаар зээлийн хүү буурах суурь нөхцлийг бүрдүүлэв. Ингэснээр шинээр олгосон төгрөгийн зээлийн дундаж хүү 2020 оны 9 дүгээр сараас хойш тасралтгүй буурсаар энэ оны 4 дүгээр сард жилийн 15.0 хувь болов.

Ковид-19 цар тахлын нөлөөгөөр 2020 онд банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл 4.9 хувиар, иргэдийн зээл 7.9 хувиар, хувийн байгууллагын зээл 6.6 хувиар тус тус агшсан. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед эдийн засгийн тодорхой бус байдал, зээлийн эрсдэл нэмэгдэх нь зээлийн нийлүүлэлт, эрэлтийн аль алиныг хумиж, зээлийн өсөлт саарахад нөлөөлсөн.

Энэхүү зээлийн хязгаарлалтыг бууруулахад олон улсад түгээмэл ашиглаж буй зээлийн хүүний татаас олгох, зээлд батлан даалт гаргах арга хэмжээг хамтад нь хэрэгжүүлэх шийдлийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-ний “Ажлын байрыг дэмжих зээл” арга хэмжээнд тусган хэрэгжүүлж эхлэв. Энэхүү “эрсдэлийг хуваалцах” шийдвэрийг банкуудын зүгээс дэмжин зээл олголтоо нэмэгдүүлж байна. Тухайлбал, энэ оны 5 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар тус цогц төлөвлөгөөний хүрээнд 1.01 их наяд төгрөгийн Ажлын байр дэмжих зээл, 412.3 тэрбум төгрөгийн репо санхүүжилт, 295.1 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна. Банкны салбарын зээл энэ оны 4 дүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 3 хувиар өсч, өсөх чиг хандлагадаа орж эхэллээ. Зээлийн өсөлтийг ялгаатай бүлгүүдээр авч үзвэл, 50-100 сая төгрөгийн зээл 20.5 хувиар, 100-500 сая төгрөгийн зээл 29.2 хувиар, 2-3 тэрбум төгрөгийн зээл 21.1 хувиар, 4-5 тэрбум төгрөгийн зээл 11.7 хувиар өсчээ.

Цаашид эдийн засгийн гадаад орчны таатай байдал үргэлжилж, Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулахад чиглэсэн төсөв, мөнгө болон макро зохистой бодлогын арга хэмжээний эерэг нөлөө үргэлжлэн гарч, зээлийн үйл ажиллагаа сэргэж байгаа нь 2021 оны туршид эдийн засаг сэргэлттэй, 5-7 хувийн өсөлттэй байх урьдчилсан төсөөлөлтэй байна. Энэ онд Засгийн газар “Мазаалай” бондын болон “Кредит свисс” банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг төлсөн, богино хугацааны том дүнтэй гадаад өр төлбөр байхгүй, гадаад өрийн дарамт цаашид буурахаар байгааг харгалзан “Мүүдис” агентлаг Монгол Улсын  зээлжих зэрэглэлийг B3 сөрөг төлөвтэй байсныг B3 тогтвортой болгож сайжруулав. Түүнчлэн экспортын эрдэс түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах, гадаадын шууд хөрөнгө оруулалт үргэлжлэн орж ирэх, доноруудын дэмжлэг үргэлжлэхээр хүлээгдэж байгаа зэрэг нь эдийн засгийн төлөв, төлбөрийн тэнцэлд эерэгээр нөлөөлж байна. Үүний зэрэгцээ манай оронд Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтын явц эрчимтэй байж, Азийн улс орнууд дотроо тэргүүлэх эгнээнд явж байгаа нь эдийн засгийн цаашдын төлөв, сэргэлт өөдрөг байх төсөөллийг нэмэгдүүлж байна.

Эдийн засгийн сэргэлт, өсөлтийг бүх салбаруудад хүртээмжтэй байхад туслах нэг механизм нь шаардлагатай санхүүжилтийг харьцангуй бага хүүтэй олгох явдал гэж харж байна. Энэ үүднээс 3 дугаар сарын Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар Монголбанкны урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны 2-р улиралд 350 хүртэлх тэрбум төгрөгийг нэмж олгох, уг санхүүжилтийг боловсруулах, үйлчилгээ болон 200-аас дээш ажиллагчидтай худалдааны салбарын аж, ахуйн нэгжүүдийг хамруулахаар өргөтгөөд байна. Ийнхүү төсөв, мөнгөний бодлогын арга хэрэгслээр дамжуулан зорилтот салбарыг санхүүжилтээр дэмжиж байгаа нь цаашид эдийн засгийг сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, ажлын байрыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Цар тахлын хугацаанд жилийн инфляц зорилтот түвшинд тогтвортой байлаа. Эдийн засгийн идэвхжил, шатахуун, cайжруулсан түлшний үнийн нөлөөгөөр инфляц цаашид өсөх дарамттай байх хэдий ч 2021 онд дунд хугацааны зорилтын орчимд хадгалагдах төсөөлөлтэй байна. Эдийн засгийн цаашдын төлөв нь вирусын дотоодын тархалт, түүнээс улбаатай хөл хорио, вакцинжуулалтын явц, үр дүн болон экспортын бүтээгдэхүүний хил дээрх саад тодгор зэргээс хамаарч өөрчлөгдөж болзошгүй нөхцөл байдал хэвээр байна.

Эдийн засгийн ийм орчинд эдийн засгийн сэргэлтийг бат суурьтай байлгах зорилгоор Монголбанк мөчлөг сөрсөн мөнгөний бодлогоо 2021 оны туршид баримтлахаар тооцож байна. Эдийн засаг бодитой сэргэж, бизнесийн бүх салбаруудад жигд өсөлт гарч, цар тахлын үед үзүүлж буй хөнгөлөлт, чөлөөлөлтийн дэмжлэгийг буцаасны дараа ч эдийн засаг өөрөө өөрийгөө хэвийн аваад явах чадамжтай болсон үед л бодлогын төлөвөө өөрчлөх стратеги баримталж байна. Бодлогын дэмжлэг, хөнгөлөлт, чөлөөлөлтийг нэгэн зэрэг зогсоох бус, шат дараатай, банкны салбарын нөхцөл байдал, банкны харилцагчдын төлбөрийн чадвар зэргийг тасралтгүй үнэлэн төлбөрийн чадварын дарамт үүсгэхгүй байхаар эдийн засгийн сэргэлттэй уялдаатай алгуур гарах стратеги, зарчим баримталж байна. Энэ хүрээнд Ковид-19 цар тахлын дараах эдийн засагт шилжих, тогтвортой байдлыг хангах бэлтгэлийг одооноос хангаж байна.

Энэхүү бодлогын сонголт нь инфляцыг 6/+-2/ хувьд байлгах, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг мөнгөний бодлогын дунд хугацааны зорилттой нийцтэй байх болно. Монголбанк түр зуурын, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцад мөнгөний бодлогыг чангаруулж хариу арга хэмжээ авахаас илүүтэй эдийн засгийн суурь сэргэлт, тогтвортой байдалд илүүтэй анхаарна.

Эдийн засгийн 2021 оны төлөв эерэг, мөнгөний бодлого эдийн засгийг үргэлжлүүлэн дэмжих чиглэлд байх энэ орчинд тус сэргэлтийн иргэн, аж ахуйн нэгж бүрт очих үр нөлөөг нэмэгдүүлэхэд хувийн секторын идэвхи чармайлт чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймд банк, компани, өрх бүр бизнес загвар, төлөвлөлтөө эргэн харж, энэ шинэ орчин, зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн тохиргоо хийж, сорилтыг боломж болгон ашиглах нь чухал байна.

            Бид хамтдаа сорилтыг боломж болгож, Монгол Улсын эдийн засаг цаашид эрчимтэй өснө гэдэгт итгэл төгс байна. Монголбанк эдийн засгийг дэмжих, тогтвортой байлгахад чиглэсэн бодлого, арга хэмжээгээ цаашид ч үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх болно.

            Анхаарал хандуулсанд баярлалаа. 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.