Монголбанк
Буцах

Төв банкинд итгэх итгэл ба мөнгөний бодлого

Сонгодог болон Кейнсийн онолд Төв банкинд итгэх итгэл инфляцитай тэмцэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх талаар нэгдмэл байр суурьтай байдаг. Төв банк нь инфляцийг бага түвшинд тогтворжуулна гэсэн хүлээлтийг олон нийтийн дунд төрүүлж, улмаар хэлсэндээ хүрдэг байх нь бодлогоо амжилттай хэрэгжүүлэх үндсэн нөхцөл юм. Төв банк ил тод нээлттэй байж олон нийтийн хүлээлтийг удирдах, олон нийтийн зүгээс Төв банкинд итгэх нь инфляцийг бага үнэ цэнээр (үйлдвэрлэлийн бага уналтаар) хазаарлахад туйлын чухал байдаг бөгөөд үүнийг доорхи жишээн дээр тайлбарлая.

Мөнгөний нийлүүлэлт нийт эрэлтийг, улмаар инфляцийг жил бүр 10%-иар нэмэгдүүлж байна гэж саная. Инфляцийн энэ өсөлт ужгирсан шинжтэй болсон бол, өөрөөр хэлбэл инфляц нь үнэ, цалингийн гэрээ хэлцэлд тухай бүр тусгалаа олдог бол нийлүүлэлтийн муруй мөн ялгаагүй дээшээ AS2 хүртэл шилжих болно.

Одоо Төв банк инфляцийг хяналтандаа оруулах зорилтыг тавилаа гэж саная. Төв банкнаас мөнгөний нийлүүлэлтийн хурдацыг сааруулах буюу нийт эрэлтийг AD1 түвшинд хадгалах шийдвэр гаргасан гэж саная. Энэхүү инфляцийг хазаарлах бодлого үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлж болохыг дараахь 3 загварын жишээн дээрээс харъя.

1. Уламжлалт загвар

Нийт эрэлтийг AD1 дээр үлдээсэн ч нийт нийлүүлэлт нь AS2 луу шилжинэ. Эдийн засаг 2’ цэг рүү (AD1 болон AS2 муруйн огтолцол) шилжиж инфляци P2 хүртэл бус харин P2' хүртэл өсч хурдац нь саарч байна. Гэвч үйлдвэрлэлийн хэмжээ Yn хэвийн түвшнээс Y2’ хүртэл унахаар байна.



2. Сонгодог загвар

2.1 Төв банк инфляцитай тэмцэнэ гэсэн олон нийтийн хүлээлт байгаагүй бол Нийт эрэлт AD1 дээр үлдэх ч нийт нийлүүлэлтийн муруй AS2 луу шилжсээр байх болно. Олон нийт нь ямар нэгэн хүлээлтгүй үед эдийн засаг 2’ цэг рүү шилжинэ. Инфляцийн түвшин буурсан ч үйлдвэрлэлийн хэмжээ Y2’ хүртэл буурахаар байна.


2.2 Төв банк инфляцитай тэмцэнэ гэсэн олон нийтийн хүлээлт байгаа бол

Хэрвээ олон нийт Төв банк хэлсэндээ хүрнэ хэмээн хүлээж байгаа бол үйлдвэрлэлийн хэмжээнд ямар нэгэн сөрөг өөрчлөлт гарахгүй юм. Нийт эрэлт AD1 дээр үлдэхээр хүлээгдэж байгаа тул үнэ, цалингийн хэмжээнд өөрчлөлт орохгүй ба улмаар нийт нийлүүлэлтийн муруй AS1 дээр үлдэнэ. Эдийн засаг 1 цэг дээр үлдэх тул үйлдвэрлэлийн хэмжээ хэвийн түвшинд, харин инфляцийн өсөлт 0 байх болно.

3. Кейнсийн загвар

3.1 Төв банк инфляцитай тэмцэнэ гэсэн олон нийтийн хүлээлт байгаагүй бол

Нийт эрэлт AD1 дээр үлдэх ч нийт нийлүүлэлтийн муруй AS2 луу шилжсээр байх болно. Олон нийт нь ямар нэгэн хүлээлтгүй үед эдийн засаг 2’ цэг рүү шилжинэ. Инфляцийн түвшин буурсан ч үйлдвэрлэлийн хэмжээ Y2’ хүртэл унахаар байна.

3.2 Олон нийт Төв банк инфляцитай тэмцэнэ гэсэн хүлээлттэй байгаа бол
Хэрвээ олон нийт Төв банк хэлсэндээ хүрнэ хэмээн хүлээж байгаа бол үнэ, цалин өмнөх шигээ хурдацтай өсөхгүй ба нийт нийлүүлэлт AS2 хүртэл бус харин AS2’’ хүртэл шилжих болно. Эдийн засаг AD1 ба AS2’’ муруйн огтолцол болох 2’’ цэг дээр очино. Үр дүн нь 3.1-хувилбарыг бодвол инфляцийн хувьд ч тэр (үнэ P2' бус зөвхөн P2’’ хүртэл өснө), үйлдвэрлэлийн хувьд ч тэр (Y2’’ нь Y2’-оос илүү байна) илүү тааламжтай байхаар байна.

Дээш буцах

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.