2012.02.21: МБ 1 долоо хоногтой 252.900 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.25% ЖДХ-ээр арилжааллаа.    |    2012.02.18: Монголбанк Програм зохиогч ажилд авна.    |    2012.02.14: Автомашин нийлүүлэх сонгон шалгаруулалтын тендерийн урилга    |    2012.01.20: МБ-ны МЭДЭГДЭЛ.    |    2012.01.18: Мөнгөний статистик мэдээлэлд оруулсан өөрчлөлт.








Санал асуулга:

2012 оны эцэст инфляци нэг оронтой тоонд гарах уу?





2011/04/18-с хойш

Нийт хандалт
408998

ХЯЛБАР ЭДИЙН ЗАСАГ


Ханш гэж юу вэ?

Ханш гэдгийг хүн бүр мэддэг юм шиг хэрнээ сайн ойлгодоггүй. Түүнчлэн ханш өслөө, буурлаа гэдэг үзэгдэл бодит амьдрал дээр өдөр бүр тохиолддог боловч төдийлөн анзаардаггүй. Харин танд ханш гэж юу гэдгийг таниулах зорилготойгоор мэргэжлийн хүнийг үгийг дор сийрүүлэв.



Эдийн засагч М.Ганхуяг:

Ханш гэж тухайн улсын валютыг өөр нэгэн орны валютаар илэрхийлсэн дүнг хэлдэг. Өөрөөр хэлбэл, энэ нь тухайн улсын валютын үнэ цэнийг харуулсан үзүүлэлт гэж ойлгож болно. Ханш нь шууд болон шууд бус гэж хоёр хуваагддаг. Шууд ханшийн үед тухайн улсын валютын нэг нэгжийг өөр орны валютын хэдэн нэгжтэй тэнцэхийг харуулах хэлбэр юм. Жишээ нь: АНУ-ын хувьд 1 ам.доллар = 1164 төгрөг бөгөөд энэ хэлбэр хамгийн нийтлэг хэрэглэгддэг. Харин шууд бус ханшийн үед өөр улсын валютын нэг нэгжийг тухайн орны валютын хэдэн нэгжтэй тэнцэхийг харуулдаг байна. Өөрөөр хэлбэл, АНУ-ын хувьд 1 евро = 1.3380 ам.доллар байхыг хэлнэ. Энэ хэлбэрийг евро, фунт стерлинг, австрали доллар гэх мэтийн цөөн тооны валют дээр хэрэглэдэг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Харин Монгол Улсын хувьд шууд бус валютын ханшийг ашигладаг. Түүнчлэн тухайн орны валютын ханш нэмэгдвэл импортод ашигтай. Учир нь гадаадаас хямд чанартай бүтээгдэхүүн орж ирдэг. Харин эскпортод сөргөөр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргахад ашиг муутай байдаг гэж ойлгож болно. Хэрвээ төгрөгийн ханш нь унах нь жирийн иргэдийн амьдралд сөрөг үр дагавартай. Учир нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс гадна инфляцийн дарамтад орно. Тэгэхээр таван ам бүлтэй дундаж орлоготой өрх 6-7 сарын дараа гэхэд ядуучуудын эгнээнд шилжих эрсдэлтэй.

Тендер гэж юу вэ?

Эдийн засагч Д.Ганхуяг:

Тендер гэдгийг товчоор хэлбэл санал юм. Худалдан авагчийн шаардсан нөхцөл болзлыг хүлээн зөвшөөрч, нийлүүлэгчээс хариу болгосон санал буюу төрийн байгууллагуудын худалдан авахыг хүссэн бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэхээр бизнес эрхлэгчдийн тэдэнд ирүүлж буй саналыг хэлдэг.Эдгээр саналуудыг өрсөлдүүлэх ажиллагаа нь “тендер шалгаруулалт” юм. Худалдан авагч тавьсан шаардлагад нь нийцсэн, эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай байх үнэ буюу “үнэ цэнэ”-ийг санал болгосон нийлүүлэгчийг сонгон гэрээ байгуулдаг. Тэгвэл төрийн байгууллагууд яагаад тендер шалгаруулалтаар нийлүүлэгчээ сонгох шаардлагатай вэ гэхээр эхний ээлжинд хувь хүн болон хувийн байгууллагуудын худалдан авалт ба төрийн байгууллагуудын худалдан авалт нь хоорондоо хэр ялгаатай болохыг илүүтэй гаргаж ирдэг. Тендерт оролцогчид нь ихэнхдээ хувийн хэвшлийн байгууллагууд байдаг хэдий ч төрийн өмчит үйлдвэрийн газрууд ч бас тендер шалгаруулалтанд оролцож, ашиг орлого олох боломжтой байдаг. Нөгөө талаас Засгийн газар, төрийн байгууллагууд нь тухайн жилд батлагдсан төсөв, өөрийн хөрөнгө, олон улсын зээл тусламж зэрэг эх үүсвэрээр богино болон дунд хугацааны зарцуулалт, хөрөнгө оруулалтыг хийхдээ тендерт оролцогчдыг өрсөлдөх тэгш боломжоор ханган, хамгийн сайн, нийгэм, эдийн засгийн хувьд үр ашиг, хэмнэлт бүхий санал ирүүлсэн нийлүүлэгч, гүйцэтгэгч нарыг сонгон гэрээгээ амжилттай хэрэгжүүлснээр эцсийн хэрэглэгч болох ард түмэндээ тустай. Тиймээс ч энэ нь олон улсын хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлдэг үндсэн дөрвөн ажиллагааны тэргүүлэх зэргийн ач холбогдолтойд тооцогддог.

Үнэт цаасны зах зээл гэж юу вэ?

Эдийн засагч Д.Ганхуяг:

Санхүүгийн зах зээл дээр олон төрлийн төлбөрийн хэрэгслээр арилжаалагдах замаар сул чөлөөтэй байгаа хөрөнгө эдийн засгийн нэг салбараас нөгөө рүү шилжиж дахин хуваарилагдаж байдаг зүйлийг хэлнэ. Санхүүгийн зах зээлийг валют, мөнгөний болон хөрөнгийн зах зээлүүд бүрдүүлдэг. Валют болон мөнгөний зах зээлд Засгийн газар, банк, бусад санхүүгийн байгууллагуудаас гаргасан нэг жилээс доош хугацаатай төлбөрийн хэрэгслүүдийг болон валютыг арилждаг байхад хөрөнгийн зах зээлд Засгийн газар болон аж ахуйн нэгжүүд хувьцаа, бонд зэрэг үнэт цаас гаргах замаар урт хугацааны санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг татан төвлөрүүлдэг. Түүнчлэн зах зээлд оролцогчид нь Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын хөрөнгийн бирж, “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” компани болон, брокер дилер, андеррайтер хөрөнгө оруулалтын зөвлөх компаниуд тусгай зөвшөөрлийн дагуу олон төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг газрууд орно.

Хөрөнгийн зах зээлийн гол зорилго бол үндэсний үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалтаар дэмжиж, хөрөнгө оруулагч иргэд, байгууллагуудын хөрөнгийг өсгөн үндэсний баялаг бүтээх явдал юм. Оролцогч талуудын хувьд ерөнхийд нь үнэт цаас гаргагчид, хөрөнгө оруулагчид болон мэргэжлийн оролцогчид гэж хуваадаг. Тодруулбал, үнэт цаас гаргах замаар үйлдвэрлэгчид, байгууллагууд болон засгийн газар хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг зах зээлээс татан төвлөрүүлж үйл ажиллагаагаа өргөжүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээгэээ нэмэгдүүлэх боломжтой болдог.

Хөрөнгийн зах зээл гэж юу вэ?

Энэ удаа хөрөнгийн зах зээл гэж юу вэ гэдэг ойлголтыг өгөхийн тулд “Хялбар эдийн засг” буландаа онцоллоо.

Эдийн засагч А.Даваасүрэн:

Монголчууд бид “Хөрөнгийн зах зээл” болон “Үнэт цаасны зах зээл” гэсэн нэр томьёог ижил утгатайгаар ойлгож, хэрэглэж хэвшсэн. Гэтэл үнэндээ хөрөнгийн зах зээл нь илүү өргөн утгатай бөгөөд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зуучлалын үйл ажиллагааг ч давхар агуулж байдаг ойлголтыг хэлдэг. Гэхдээ хөрөнгийн зах гэсэн нэр томьёог явцуу утгаар нь буюу үнэт цаасны зах зээл гэдэг нэр томьёотой адилтгадаг. Түүнчлэн Засгийн газар болон хувийн компаниуд тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнесээ санхүүжүүлэх мөнгө олох зорилгоор үнэт цаас арилжаалдаг зах зээлийг зах зээл гэдэг.

Хөрөнгийн зах зээл нь дотроо хувьцааны болон бондын зах зээл гэж үндсэндээ хоёр хуваагдана. Түүнчлэн арилжаалагдаж буй бүтээгдэхүүний шинэ хуучин эсэхээс хамаарч Хөрөнгийн зах зээл нь анхдагч болон хоёрдогч гэж ангилагдах нь бий. Анхдагч хөрөнгийн зах зээлд Засгийн газар эсвэл компани бонд болон хувьцаагаа анх удаа шинээр санал болгож, улмаар “босгосон” мөнгөөрөө үнэт цаас гаргасан төслөө санхүүжүүлдэг. Харин хоёрдогч зах зээлд хөрөнгө оруулагчид өмнө нь худалдан авсан үнэт цаасаа хоорондоо арилждаг. Өөрөөр хэлбэл, арилжаалагдаж буй бүтээгдэхүүн нь “хуучирсан” байдаг. Монголын хөрөнгийн бирж дээр хоёрдогч зах зээлийн арилжаа анх 1995 онд эхэлсэн. Улмаар 2002 он хүртэл биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны хяналтын багцыг эзэмшиж, хяналтаа тогтоохыг эрмэлзсэн томоохон хөрөнгө оруулагчдын идэвхитэй үйл ажиллагааны улмаас үнэт цаасны арилжаа шуурхай явагдаж байсан. Гэвч, цөөн хэдэн тоглогчийн гарт гол хувьцаа төвлөрсөн дараагийн жилүүдэд биржийн арилжааны эрч огцом саарсан байна. Харин гадаадын хөрөнгө оруулагчид Монголын зах зээлд идэвхитэй оролцох болсон 2005 оноос дахин өсч, 2007 онд хамгийн өндөр түвшиндээ хүрч байжээ. Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын улмаас 2008 оноос хөрөнгийн зах зээлийн идэвхи эрс суларсан ба 2009 оны хоёрдугаар хагасаас аажим сэргэх төлөв ажиглагдаж байна.

Компанийн засаглал гэж юу вэ?

Эдийн засагч Т.Цэнд-Аюуш:

Хувь нийлүүлэгчдийн эрх ашиг болон тэдгээртэй адил тэгш харьцах зарчим, мэдээллийн ил тод байдал, компанийн төлөөлөн удирдах заөвлөлийн үүрэг хариуцлагын тогтолцоог компанийн засаглал гэдэг. Түүнчлэн эдийн засгийн тогтвортой хөгжил, бизнесийн орчны таатай нөхцлийг бүрдүүлэхэд хууль ёсыг дээдэлсэн хариуцлагын ил тод тогтолцоог бүрдүүлээд зогсохгүй хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх компанийн зохистой удирдлагын зарчмуудыг хэрэгжүүлж ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байдаг. Хөрөнгө үнэт цаасны зах зээлийн хөгжил мөнгөний урсгалыг дэлхийн нэг орноос нөгөөд чөлөөтэй хөрвөх боломжийг илүүтэй бүрдүүлдэг. Эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг болсон энэхүү мөнгөний урсгалыг үндэсний зах зээлд татах, их хэмжээний хөрөнгө босгох боломж бүрдээд байгааг гадаадын нэлээд хэдэн улсын зах зээлд манай улсын хөрөнгөөр баталгаажин хийгдээд буй IPO харуулж байгааг та бүхэн тодхон харж байгаа байх.

Хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгийг зөв зохистой удирдан зарцуулж, арвижуулах “итгэмжлэгдсэн” бүлэг бол компанийн төлөөлөн удирдах зөвлөл юм.Төлөөлөн удирдах зөвлөл нийт хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт нийцүүлэн тодорхой хэсэг бүлгийн ашиг сонирхолд үйлчлэхгүйгээр компанийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэгтэй. Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг ТУЗ-с томилогдсон гүйцэтгэх захирлууд болон бусад удирдлагууд хариуцдаг. Эдгээр удирдлагуудад хувийн ашиг сонирхлыг урьтал болгохгүйгээр ажиллах ёс зүйн дэг журамтай хараа хяналттай, урамшууллын зөв тогтолцоотой орчинг бүрдүүлж өгөх үүрэг эргээд ТУЗ-д ноогдоно. Түүнчлэн компанийн засаглалын зөв тогтсон орчин нь эдийн засгийн нээлттэй, тогтвортой байдлыг улс оронд бий болгодог. Ийм орчинд хөрөнгө тодорхой хэмжээгээр чөлөөтэй урсаж, эдийн засгийн хөдөлгүүрт хөшүүрэг болж байдаг.

Та хуримтлуулж чадвал улсаа хөгжүүлнэ

Та илүү гарсан орлогоо хуримтлуулж чаддаг уу? Эсвэл ихэнх тохиолдолд үрчихдэг үү. Магадгүй хуримтлуулья гэж бодсон ч үнэхээр хүрэлцэхгүй байна уу. Ер нь хуримтлал гэж чухам юу вэ. Та ямар нэгэн байдлаар хуримтлал үүсгэж чадвал улсынхаа эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг гэдгээ мэдэх үү. Үнэндээ хуримтлалыг дэмжсэн улс орон хөгжсөн байдаг ажээ.

Эдийн засагч Н.Дашзэвэг:

Хуримтлал гэдэг бол тухайн хүн тодорхой хэмжээнд өөрийн хэрэглээгээ хангасны дараа үлдэж байгаа мөнгөн хөрөнгө л дөө. Тэгэхээр мөнгө хуримтлуулж байна гэдэг бол дараа нь томоохон үйл ажиллагаанд л зарцуулахын төлөө байдаг. Манай улс ч бас тогтворжуулалтын сан гээд хуримтлал үүсгэж байна. Тэнд бий болж байгаа хөрөнгийг дараа нь шаардлагатай тохиолдолд зарцуулна шүү дээ. Хувь хүн ч бас хувийн мөнгөн хуримтлалаараа томоохон үйл ажиллагаа, барилга байшин худалдаж авахад ч юм уу, зарцуулах боломжтой.

Япон, Солонгос гэх мэт оронд иргэд нь маш их хэмжээний мөнгийг банкинд байршуулж, хуримтлуулсан байдаг. Энэ нь арилжааны банкаараа дамжаад улсын чанартай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэр болж байгаа юм. Тэгэхээр хуримтлал яг энэ зарчмаараа улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой. Манай улсын хувьд иргэд төдийлөн хуримтлал үүсгэж чадахгүй байна. Энэ мэдээж ядууралтай холбоотой. Хангалттай хэмжээний цалингүй, цалин нь хүрэлцээгүй, эсвэл зарим хүн бүр орлогогүй байна. Тэгэхээр төр засгийн зүгээс хуримлалыг дэмжсэн бодлого тодорхой хэмжээнд явуулах шаардлагатай.

Төсөв гэж юу вэ?

Төсвийн орлого нэмэгдлээ, төсөв алдагдалтай гарлаа, цаашлаад ирэх оны төсвийг тэдэн төгрөг байхаар баталлаа гэх зэргээр төсөв тойрсон асуудлууд ихээхэн яригддаг. Харин төсөв гэж юу болох хаанаас үүсэлтэй талаар Н.Урандарийн блогт ийн тайлбарлажээ.

Дэлхийд анх удаа Англи улс төсөв зохиож түүнийгээ хууль тогтоох байгууллагаар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 1686-1689 оны Английн хөрөнгөтний хувьсгалын дараа олон нийтийн шаардлагын дагуу Английн хатан хаан арга буюу ард иргэдээс авах татварын хэмжээг парламенттай зөвшилцөн тогтоосон байна. Төр засгийн зүгээс өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэхийн тулд иргэд, байгууллага, аж ахуй нэгжийн орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлж, түүнийг үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус хүрээний хэрэгцээнд зориулан дахин хуваарилахтай холбогдсон мөнгөний харилцааг төсөв гэнэ. Хэлбэрийн хувьд төсөв нь орлого, зарлагын төсөвлөсөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд жил бүр хууль тогтоох дээд байгууллагаар түүнийг баталснаар төсөв нь хуулийн хүчин төгөлдөр санхүүгийн баримт бичиг болно. Төсвийн бүтцийг бүрдүүлж байгаа улсын ба орон нутгийн нэгж, хэсгүүдийн төсвийн тогтолцоог төсвийн систем гэнэ. Төсвийн бүтцийг хуульчлан тогтоох ба түүнд төсвийн ангилал, төсвийн эрх, төсвийн тодотгол зэрэг ойлголтууд хамаарна. Мөн төсвийн бүтцэд орлого, зарлагыг улсын болон орон нутгийн төсвийн хороонд хуваарилах, төсвийн тэгшитгэл хийхтэй холбогдсон асуудал орно. Төсөв зохиох, батлах, түүнийг хэрэгжүүлэх талаар төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын эрх, үүргийг хуульчлан тогтоохыг төсвийн эрх гэнэ.

Төсвийн систем, төсвийн бүрэлдэхүүн нь тухайн улсын төрийн байгуулалтын тогтолцооноос шууд хамаарна. Бүгд найрамдах улсад нэг үндсэн хууль үйлчилж, төр захиргааны болон эрх зүйн нэгдсэн тогтолцоотой байдаг ба төсвийн систем нь улсын ба орон нутгийн гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Монгол улс нь Бүгд найрамдах засаглал бүхий улс учир Монгол улсын төсөв нь улсын төвлөрсөн төсөв, орон нутгийн төсвөөс бүрдэнэ. Төсөв нь төр, засгийн зүгээс эдийн засгийн үйл амьдралд хөндлөнгөөс оролцох нэг зэвсэг болдог байна. Үндэсний орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлэн түүнийг төрийн бүх шатны албан хаагчдын цалин хөлс болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах, эдийн засгийн тодорхой салбарт хөрөнгө оруулалт хийх, шинжлэх ухааны тодорхой салбарыг дэмжих зэргээр төрөөс эдийн засгийн амьдралд төсвөөр дамжуулан оролцдог. Мөн шинэ зах зээл олж авах, зарим салбарт гадаад орнуудтай өрсөлдөх, өөрийн найдвартай түнш орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэргээр гадаад орны эдийн засагт хөндлөнгөөс оролцоход төсөв чухал үүрэг гүйцэтгэнэ.

Даатгал таны амьдралд

Эдийн засагч Ө.Ганзориг:

Хамгийн энгийнээр хэлэхэд эрсдлийн хамтын сан. Өөрөөр хэлбэл, тэр эрдслийн санд хүмүүс тодорхой хэмжээний мөнгө байршуулж байгаа юм. Мэдээж эрсдэл бол хүн бүрт байхгүй. 100 хүн байлаа гэхэд бүгдийнх нь машин мөргөлдөхгүй шүү дээ. Машин нь мөргөлдсөн цөөн хэдэн хүн нь эрсдлийн сангаасаа даатгуулсан хэмжээгээрээ мөнгө авч байна гэсэн үг. Даатгалын компани бол хамтын эрсдлийн сан. Даатгалын компанийн удирдлага нь тэр санд мөнгөө байршуулсан хүмүүсийн өмнөөс мөнгийг харж, хандаж, шударга зарцуулах үүрэгтэй. Хуурамчаар нөхөн төлбөр авах гэсэн хүнд өгчихөж болохгүй шүү дээ. Тийм учраас даатгалын сангаас нөхөн төлбөр авахад тодорхой хэмжээний баримт, материал бүрдүүлэхийг шаарддаг. Хоёрдугаарт, хүн бүхэн даатгуулснаар ямар эдийн засгийн ач холбогдолтой вэ. Энэ бол эдийн засгийн гэхээсээ илүү нийгмийн ач холбогдол өндөртэй. Хүмүүс бүгдээрээ даатгалд хамрагдсанаар даатгалын сан маань нийгэмд байгаа хүн бүхэнд байгаа эрсдлийг тодорхой хэмжээнд өөр дээрээ төвлөрүүлнэ гэсэн үг. Тэгээд хэн нэгэн нийгмийн гишүүд хохирол учрахад сангаас нөхөн төлөгдөж байгаа учраас хүмүүсийн хувьд эрсдэл нь буурч байгаа биз.

Түүнчлэн сан өөрөө эсрдлийг бууруулахын төлөө тэмцдэг. Тухайлбал, шинээр баригдаж байгаа байшин барилгыг чанар, стандартын дагуу баригдаж байгаа эсэхийг шалгаж байж даатгадаг. Аливаа байшин барилга, үйлчилгээний төвд гал унтраагуур байна уу, галын аюулгүй байдлыг хангаж уу, аврах гарц нь байна уу, үгүй юу гэдгийг шалгаж үзсэний үндсэн дээр даатгаж байгаа юм. Үүнээс гадна хэрвээ зам тээврийн осол маш их болоод байх юм бол даатгалын компани тэр ослыг бууруулах тал дээр өргөн хүрээтэй судалгаа хийж, Замын цагдаагийн газар, төрийн зохих ёсны байгууллагад санал тавих зэрэг үйл ажиллагааг хийдэг. Энэ утгаараа даатгалын компани нийгэмд байгуу эрсдлийг бууруулах зорилгоор ажиллаж байгаа мэргэжлийн институци болж байгаа юм. Даатгал гэдэг бол нийгмийн өргөн хүрээтэй, ач холбогдолтой бизнесийн онцлог төрөл юм.

Гадаад худалдаа гэж юу вэ?

Эдийн засагч Д.Даваасүрэн:

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаасаа л гадаад худалдаа буюу гадны хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримталж ирсэн. 1997 оны нэгдүгээр сард Монгол Улс Дэлхийн худалдааны Байгууллагад элссэн нь Олон Улсын Худалдааны зарчим дахь шинэ худалдааны дэглэмийг хөгжүүлэх, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт хийхийг оролдоход хүргэсэн гол үйл явдал болсон. Гадаад худалдааг энгийнээр тайлбарлавал үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн, арилжаа солилцоо хилийн чанадад гарахыг хэлж байгаа юм. Манай улс дэлхийн 115 орчим улс оронтой эдийн засгийн салбарт хамтран ажилладаг. Нийт бараа эргэлтийн 80 орчим хувийг Орос, Хятад, АНУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг улс орнуудтай хийж байна. Манай улсын гадаад худалдааны тэнцэтгэл жил бүр алдагдалтай гардаг. Хэдий хэмжээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагшаа гаргаж байгаа, эсрэгээр хэр хэмжээний барааг импортоор оруулж ирж хэрэглэж байгааг харьцуулан тэнцэтгэлийг гаргаж ирдэг. Алдагдалтай гарч байна гэдэг нь манай улс бараа бүтээгдэхүүн бага үйлдвэрлэж, гадагш экспортлож байна гэсэн үг юм.

Дотоодын нийт бүтээгдэхүүн гэж юу вэ?

Эдийн засагч Д.Батжаргал:

Дотоодын нийт бүтээгдэхүүн, Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг хоёр чухал ойлголт байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний энгийнээр тайлбарлавал Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй нэгжүүд, иргэд нэг жилийн хугацаанд шинээр хийсэн бүх бүтээгдэхүүн үйлчилгээг давхардуулан тооцолгүйгээр тооцож, бүх бүтээгдэхүүний үнийг нэмж гаргаж ирэхийг хэлнэ. Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг тухайн орны оршин суугчдын хөдөлмөр болон хөрөнгөөр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнэлгээний нийлбэрийг хэлнэ. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ихэслээ гэж ярьдаг. Түүний хэмжээг мөнгөөр илэрхийлэхээс өөр аргагүй. Тариаланчид нэг тонн улаанбуудай хураалаа, барилгачид тэдэн давхар барилга барилаа гэхэд энэ хоёрын хооронд давхар тооцоо ороогүй. Өөрөөр хэлбэл бие биенийхээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэлгээг гаргаж ирнэ. ДНБ-ийг үйлдвэрлэлтийн, ашиглалтын, хуваарилалтын гэсэн гурван аргаар тооцдог.

Хувьцаа гэж юу вэ?

Б.Өнөр:

Хувьцаа нь тухайн компанид хувь нийлүүлж хөрөнгө оруулсан болохыг гэрчилсэн хөрөнгө эзэмшлийн эрх бүхий үнэт цаас юм. Өөрөөр хэлбэл та аливаа компанийн хувьцааг худалдан авснаар эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээгээр тухайн компанийн нэг хэсгийг өмчилж байна гэсэг үг. Мөн та хувьцаа эзэмших эрхээр дамжуулан өөртөө ч, компанид ч хөрөнгө оруулалт хийж бйгаа хэрэг. Хувьцаа нь энгийн, давуу эрхийн гэсэн хоёр төрөл байх ба тус бүрдээ өөрийн онцлогтой байдаг. Энгийн хувьцаа нь компанийн өмчлөлийн хамгийн энгийн хэлбэр бөгөөд хувьцаа эзэмшигч нь хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож үйл ажиллагааных нь талаар өөрийн саналаа өгч, өөрт байгаа хувьцааны хэмжээгээр ногдол ашиг хүртдэг. Давуу эрхтэй хувьцааны энгийн хувьцаанаас ялгаатай тал нь хувь нийлүүлэгчдийн хуралд саналын эрхгүй байдаг ба жил бүр, тогтмол ногдол ашгийг энгийн хувьцаа эзэмшчигчдээс түрүүлж авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсан орлогоос тэргүүн ээлжинд хувь хүртэх зэрэг давуу эрхтэй байдаг. Мэдээж хувьцаа худалдан авах нь хөрөнгө оруулалтын нэг хэрэгсэлд тооцогддогийн хувьд үндсэн зорилго нь ашиг олох явдалд чиглэгдсэн байна. Тиймээс хувьцаа худалдан авч буй хүмүүс ирээдүйд бий болох ашгаа дараахь зорилгуудаар тодорхойлж хөрөнгө оруулалт хийж байдаг.

Хувьцаа эзэмшигчдийн эрх, үүрэг гэж юу вэ?

Б.Тогтох:

Хувьцаа эзэмшигч нь санал өгөх; ногдол ашиг авах; татан буулгасны дараа эд хөрөнгийг борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх; нэмж гаргасан хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах; компанийг хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах, 5 хувиас дээш хувийг эзэмшигч тархалтын мэдээ гаргуулах; хуулиар зөвшөөрсөн бичиг баримттай танилцах; хурал зарлан хуралдуулах; удирдлагад нэр дэвшүүлэх; хувьцаа нэмж эзэмшихэд хязгаарлалт байхгүй; хүссэн үедээ хувьцаагаа худалдах, бэлэглэх, өвлүүлэх, эрх нь зөрчигдсөн бол хууль, хяналтын байгууллагад нэхэмжлэл гаргах, эрх бүхий байгууллагад өргөдөл хүсэлт гаргах эрхтэй байдаг аж. Харин томоохон хувьцаа эзэмшигч нь таван хувиар нэмэгдэх бүрт хороонд бүртгүүлэх; нэгдмэл сонирхолтой болохоо компани болон хороонд мэдэгдэх; тендер санал гаргах; хяналтын багц эзэмшсэн тохиолдолд бусад хувьцаа эзэмшигчдийнхээ хувьцааг нэмж худалдан авах санал гаргах үүрэгтэй байдаг.

SPO гэж юу вэ?

Аливаа компани IPO буюу анхдагч хувьцаагаа гаргасны дараа хэсэг хугацааны дараа нэмэлт хөрөнгийг дахин хөрөнгийн зах зээлээс татах шаардлага гардаг. Энэ тохиолдолд нэмэлт хувьцааг хөрөнгийн зах зээл дээр гаргаж, шинэ хөрөнгө оруулалтыг татах юм. IPO гэдэг нь анхдагч гэсэн утгатай байсан бол SPO нь “second” буюу хоёрдогч гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, тухайн компани хоёр дахь удаагаа хувьцаагаа олон нийтэд санал болгож байна гэсэн үг. Хоёр удаагийн санал болголт буюу нэмэлт гарч буй хувьцаа мөн адил нэрлэсэн үнэ болон тодорхой тоо ширхэгтэй байна. Гэхдээ нэмэлт хувьцааг тухайн компаний өмнөх хувьцаа эзэмшигчид тэргүүн ээлжинд худалдан авах эрх эдэлдэг. Өөрөөр хэлбэл, нэмэлт хувьцаа олон нийтэд нээлттэй санал болгогдохоос өмнө өмнөх хувьцаа эзэмшигчид нь худалдан авах ёстой. Үүнийг компаний тухай хуулиар зохицуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл, тухайн компаний өмнө нь гаргасан хувьцаанаас тодорхой хэмжээнд худалдаж авсан хувьцаа эзэмшигчид нэмэлт хувьцаанаас хамгийн түрүүнд худалдан авах боломжтой юм. Энэ утгаараа SPO ихэвчлэн эхний хэдэн долоо хоногт ч юм уу, тодорхой хугацаанд олон нийтэд нээлттэй бус байх нь бий. Түүнчлэн тухайн компаний өмнө нь гаргасан хувьцааны тоо ширхэг шинээр гаргаж буй хувьцаатайгаа нийлснээр компаний үнэлгээ сайжрах, хөрөнгийн зах зээл дээр хувьцааных нь ханш өсөх зэрэг давуу талыг бий болгодог. Нөгөөтэйгүүр тухайн компани анхдагч хувьцаагаа арилжсанаас хойш багагүй хугацаа өнгөрч, үйл ажиллагаа нь тогтворжсон байдаг учраас нэмэлт хувьцаа илүү найдвартай байх магадлалтай. Нэмэлт хувьцаа ч бас эхний ээлжинд нэрлэсэн үнээр зах зээлд арилжигдаж дууссаны дараа хоёрдогч зах зээлд арилжигдаж эхлэх учиртай.

Бонд гэж юу вэ?

Б.Өнөр:

Бонд гэдэг нь тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа тодорхой хүүтэйгээр эргүүлэн төлөхийг амлаж байгааг баталсан үнэт цаас юм. Бонд нь урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр олох, банкны зээлийн хүүгээс хямд өртөгтэй хөрөнгө оруулалтын эх үүсвэр олох, хүү төлөх хугацаа уян хатан, хүссэн хэмжээгээрээ хөрөнгө оруулалт татах зэрэг олон боломжийг олгодог. Аль нэг компани шинэ салбарт бизнес хийх, техник технологио шинэчлэх, бизнесээ өргөжүүлэхэд мөнгө хэрэгтэй болдог. Иймд компани үнэт цаасны зах зээлээр дамжуулан бонд гаргах замаар шаардлагатай санхүүгийн эх үүсвэрээ олох давуу талтай. Өөрөөр хэлбэл та нэг сая төгрөгийн бонд худалдан авчээ. Төлбөр төлөгдөх хугацаа нэг жил, сарын хүү хоёр хувь гэж үзье. Энэ тохиолдолд та жилийн дараа нэг сая төгрөгөө хүү болох 240 000 төгрөгийн хамт эргүүлэн авна гэсэн үг. Бондыг үнэт цаас гаргагчаар нь Засгийн газрын бонд, орон нутгийн засаг захиргааны бонд, компаний бонд гэж 3 ангилдаг байна.

Монгол улсад 2000 оноос Засгийн газрын бонд, 2001 оноос компаний бонд арилжигдаж эхэлжээ. Компаний бондын хувьд арилжааны банкны хадгаламжийн хүүгээс өндөр, зээлийн хүүтэй харьцуулахад бага хүүтэй байдаг тул бонд гаргагч тал нь (аж ахуйн нэгж, компаниуд) санхүүгийн эх үүсвэрийг хямд өртөгтэйгээр татах боломжийг олгодог ба нөгөөтэйгүүр бонд худалдан авагч (иргэд, хөрөнгө оруулагчид) талд өөрийн хөрөнгөө илүү өндөр өгөөжтэй өсгөх боломжийг олгодог байна. Бондыг дотор нь хөрвөх бонд, тэг хүүтэй бонд, буцаан дуудах бонд, буцаан худалдан авахыг шаардах нөхцөлтэй бонд гэж төрөлжүүлдэг байна.

Хувьцаанаас хэрхэн ашиг олох вэ?

Б.Өнөр:

Ногдол ашиг гэж юу вэ?

Ногдол ашиг гэдэг нь компаний тухайн жилийн цэвэр ашгийн хуваарилалт бөгөөд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг. Хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшиж буй хувьцааны тоонд ногдох ашгийг хүртдэг. Өөрөөр хэлбэл өндөр ашигтай ажллах боломжтой компанийг сонгож урт хугацаанд тогтмол ногдол ашиг авах боломжтой гэсэн үг юм.

Ханшийн зөрүүнээс ашиг олох

Аливаа хувьцааг хямд байхад нь худалдан авч, үнэ нь өссөн үед худалдах замаар ханшийн зөрүүнээс ашиг олж болдог. Энэ нь богино хугацаанд мөнгөө өсгөж, ашиг олох зорилготой хийгддэг хөрөнгө оруулалт тул тодорхой мэдлэг, мэдээллийг эзэмшсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл “Жаст агро” компаний нэг бүр нь 10 000 төгрөгийн үнэтэй хувьцааг та худалдан авсан гэж бодъё. Дээрх хувьцаа хоёр сарын дараа 20 550 төгрөгт хүртэл өссөн тохиолдолд та авсан хувьцаагаа худалдахад нэгж хувьцаанаас 10 550 төгрөгийн ханшийн зөрүүний ашиг олно гэсэн үг юм. Гэхдээ өндөр ашиг олохын сацуу эрсдэл дагуулдаг гэдгийг санах хэрэгтэй.

Бодлогын хүү инфляцийг хазаарлана

Л. Дэлгэр:

Аливаа улс орнуудын Төв банк бодлогын хүүг тогтоож барьдаг. Бодлогын хүү хэдэн хувь байхаас арилжааны банкуудын зээлийн хүү хэр өндөр байх нь хамаардаг билээ. Манай улсын хувьд одоогоор 12,25 хувь буюу харьцангуй өндөрт тооцогдохуйц бодлогын хүүтэй байна. Харин үүнийг дагаад арилжааны банкуудын зээлийн хүү жилд дунджаар 20 хувь байгаа. Төв банк бодлогын хүүг өндрөөр тогтоосноор арилжааны банкуудаас Төв банкинд татах мөнгөний хүүг өндөрсгөж байна гэсэн үг. Энэ тохиолдолд арилжааны банкууд мөнгөө өндөр хүүтэйгээр харьцангуй найдвартай буюу Төв банкинд байршуулна. Ингэснээр арилжааны банкуудаас гарах зээлийн хүү нэмэгдэж, зах зээлд зээл хэлбэрээр нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ багасдаг жамтай. Өөрөөр хэлбэл банк бага хүүтэй мөртлөө эрсдэлтэйгээр аж ахуйн нэгж, байгууллагуудад мөнгө зээлдүүлэхийн оронд Төв банкинд илүү найдах юм. Тийм учраас Төв банк бодлогын хүүгээ нэмэх нь зах зээл дэх бэлэн мөнгөний нийлүүлэлтийг харьцангуй багасгадаг. Ингэснээр инфляци буурах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Төв банкнаас бодлогын хүүг нэмэгдүүлэх нь ийнхүү нэг талаараа инфляцийг бага төвшинд барихад ач холбогдолтой ч эргээд бодит эдийн засагтаа дарамт болдог талтай. Учир нь бэлэн мөнгөний урсгал багасах эсвэл зээлийн хүү нэмэгдэх нь аж ахуйн нэгжүүдийн хувьд тийм ч таатай бус байх нь мэдээж. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа саармагжих бэлэн мөнгөний урсгал багасах нь эдийн засгийн хурдтай хөгжлийг удаашруулах нөхцөл болдгийг эдийн засагчид хэлж байна. Тийм ч учраас бодлогын хүүг өсгөх гэдэг арга хэмжээг эдийн засагчид ялангуяа бизнесмэнүүд төдийлөн таашаадаггүй. Гэвч инфляцийг бага төвшинд барьж, ард иргэдийн нуруунд очих дарамтыг багасгахын тулд бодлогын хүүг өсгөхөөс өөр аргагүй гэж олон улсын байгууллагуудын шинжээчид хэлдэг билээ. Бодлогын хүү хэдий чинээ өндөр байна тус улсын мөнгөний бодлого төдийн чинээ хатуу байна гэсэн үг.

Тэнцэл гэж юу вэ?

Б. Чимэг:

Эдийн засгийн аливаа үйл ажиллагааны тайлан, балансыг “ тэнцэл” гэж ойлгож болно. Гадаад худалдааны тэнцэл, төлбөрийн тэнцэл, төсвийн тэнцэл, банкны тэнцэл гэх мэт олон зүйл дээр яригддаг. Тухайлбал гадаад худалдааны хувьд манай улс бусад улс руу илүү ихийг экспортлож, багыг импортлож байвал тэнцэл ашигтай гарна гэсэн үг. Өнөөгийн нөхцөлд импорт экспортоосоо илүү байгаа учраас гадаад худалдаа алдагдалтай гардаг. Ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор 2013 оноос эхлэн гадаад худалдааны тэнцэл ашигтай гарах нөхцөл бүрдэнэ гэх таамаглал бий.

Төсвийн тухайд мөн л ялгаагүй. Тэнцэл ихэвчлэн л алдагдалтай гардаг. Ирэх оны төсвийн алдагдал ДНБ-ний 4,6 хувьтай байхаар хуулийн төсөл өргөн баригдсан байгаа. Өөрөөр хэлбэл төсвийн зарлага нь орлогоосоо илүү их байгаа учраас тэнцэл алдагдалтай гарч байгаа хэрэг. Товчхондоо аливаа эдийн засгийн үйл ажиллагаа ашигтай байна уу, алдагдалтай байна уу гэдгийг тэнцэл гэх үгээр тодорхойлдог. Жирийн иргэдийн хувьд энэ төдийлөн ач холбогдолтой үг биш л дээ. Гэхдээ тэнцлийг ашигтай гаргах боломж хүн бүрт л байгаа. Өөрөөр хэлбэл иргэн та ямар нэгэн хэмжээгээр ажил хийж улсдаа татвараа төлж байвал татварын орлого нэмэгдээд тэр хэрээр төсөв ашигтай гарах нөхцөл бүрдэнэ. Ямар нэгэн байдлаар гадаадаас бараа татах эсвэл бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад руу экспортлож байвал нийт гададад худалдаа алдагдалтай эсвэл ашигтай гарах нь иргэн таниас тодорхой хэмжээнд шалтгаална л гэсэн үг.

Мөнгөний бодлого гэж юу вэ?

Л. Дэлгэр:

Мөнгөний бодлого хатуу, эсвэл зөөлөн байхаас улсын эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдал шууд хамаарна. Хэрвээ мөнгөний бодлого зөөлөн байвал эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээ ихэсч тэр хэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих боломжтой. Гэхдээ үүний нөгөө талд инфляци хөөрөгдөх эрсдэл бий. Харин хатуу мөнгөний бодлогын үед банкуудын зээлийн хүү өндөр, мөнгөний нийлүүлэлт харьцангуй бага байдаг жамтай. Энэ тохиолдолд аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинээр зээл авч шинэ төсөл хэрэгжүүлэх боломж хумигдмал болно. Тэр хэрээр мөнгөний хатуу бодлого бодит эдийн засгийн өсөлтийг удаашруулдаг билээ. Хатуу бодлогын үед инфляци бага төвшинд байх боломжтой. Онолын үүднээс авч үзвэл мөнгөний бодлого нь Засгийн газрын шууд нөлөөллөөс тусдаа байж зах зээлийн механизм дээр суурилан хэрэгждэг онцлогтой. Мөнгөний бодлого нь нийт эдийн засагт байх мөнгөний үнэ болох хүүгийн хувь хэмжээг өсгөх, бууруулах байдлаар удирдаж нийт эдийн засгийн идэвхижлийг өдөөх эсвэл хязгаарлах байдлаар хэрэгжинэ.

Монгол улсын хувьд мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч нь Монгол улсын төв банк болох Монголбанк юм. Улс бүр мөнгөний бодлого хэрэгжүүлэх байгууллагыг хуульчлан тогтоодог. Эдийн засгийн зорилгод үнийн ерөнхий түвшний тогтвортой байдлыг хангах, үндэсний валютын ханшийг удирдах, зээлийн хүүг удирдах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, бүрэн ажил эрхлэлтэд тэмүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих зэргийг хамруулан ойлгож болох хэдий ч мөнгөний бодлогын зорилго нь тухайн улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх дүрмээс хамаарна. Гэхдээ мөнгөний бодлогын зорилгыг ерөнхийд нь үнийн тогтвортой орчинд эдийн засгийн өсөлтийг дэмжих гэж тодорхойлсон байдаг. Мөнгөний бодлогыг зөөлөн ба хатуу мөнгөний бодлого гэж хоёр ангилдаг. Манай улсын хувьд харьцангуй хатуу мөнгөний бодлого баримталж байна. Монголбанкны бодлогын хүү 12,25 хувь, банкуудын зээлийн хүү жилд дунджаар 20 хувьтай байна. Өөрөөр хэлбэл эдийн засагт үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих боломж тун хумигдмал буюу мөнгөний хатуу бодлого хэрэгжиж байгаа юм.

Форекс гэж юу вэ?

Форекс гэдэг нь Foreign exchange гэдэг үгний товчилсон хэлбэр буюу үгчлэн орчуулбал гадаад валютын солилцоо гэсэн утгыг агуулсан үг юм. Forex маань их олон янзын нэртэй FX, SpotFX, Forex гэх мэт. Чөлөөтэй хөвөх ханшийн системээр нэг улсын валютыг нөгөө улсын валютаар солих зах зээл юм. Энэ нь дэлхийн хамгийн том зах зээл бөгөөд заримдаа өдрийн эргэлтийн хэмжээ нь 3,5 триллион ам. долларт хүрдэг. Форекс –ийн арилжаа нь ямар нэгэн арилжааны төвгүй учраас уламжлалт ойлголтоор энэ нь зах зээл биш юм. Онолын хувьд гадаад валютын арилжаа нь эрт дээр үед наймаачид өөр өөр улсуудын зоосон мөнгийг солилцож эхлэх үед үүссэн гэж үздэг. Гэсэн хэдий боловч гадаад валютын арилжааны салбар нь өөрөө санхүүгийн зах зээлүүдийн хамгийн отгон нь юм.

Олон улсын энэхүү форекс буюу валютын зах нь аугаа том санхүүгийн ертөнцийн нэгэн хэсэг юм. Дэлхийн худалдааны зах зээл дээр улаан буудайнаас эхлээд алмааз эрдэнийн чулуу хүртэл бүх л зүйлийн арилжаа наймааг хийгддэг. Форекс дамлан худалдаалах бус хүнд хэрэгтэй бүхнийг өгдөг. Үнэ ханш эрэлт, нийлүүлэлтэд суурилсан учраас ханшийн зөрүүнээс ашиг олж байна гэсэн үг. Уламжлалт бизнест ямар нэгэн зүйл авсан бол заавал мөнгө зарж байж ашиг олдог бол форекс нь дэлхийн зах зээл дээр үнэ нь өссөн ч буурсан ч ашиг олдог. Хүмүүс форексийн зах зээл дээр ашиг олж арга туршлага олох эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх найдвартай байдлаар ашиг олохоор хийдэг.