товч тайлбар

Монголбанк 1993 онд 10 төрлийн дэвсгэрт бүхий шинэ мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргажээ. 1 төгрөгөөс бусад 500 төгрөг хүртэл жижиг дэвсгэртүүд дээр 1921 оны Ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатарын хөргийг, 500,1000, 5000, 10000, 20000-тын дэвсгэртүүдийн нүүрэн талд эзэн богд Чингис хааны хөрөгийг, ар талд эзэн Чингис хааны үеийн "Их нүүдэл" түүхэн зураг, Төрийн есөн хөлт цагаан туг, жижиг дэвсгэртүүд дээр адуу бэлчээрлэсэн хөдөө нутаг, цаст сарьдгуудтай онгон байгалийн дүр зургийг хэвлэсэн. Бүх дэвсгэртийн нүүрэн талын хүний хөргийн баруун гар талд Монголын нэгдсэн тулгар төрийн цагаан тугийг байрлуулж түүнтэй давхцуулан "Монгол улс" гэсэн үгийг эвхмэл үсгээр бичиж, зүүн гар талд нь төрийн соёмбыг байрлуулж, Чингис хааны зарлигийн пайзыг дэвсгэрт бүрийн ар, өвөр талд давхцуулан байрлуулсан байдаг. Нэг төгрөгийн дэвсгэртийн нүүрэн талд арслангийн дүрс, ар талд төрийн соёмбыг үндсэн зураг чимэг болгон дүрсэлжээ.