Олон улсын санхүүгийн зах зээлийн 26 дахь долоо хоногийн тойм

ИХ 20-ЫН УУЛЗАЛТ

 

Торонтод болсон Их-20 орнуудын удирдагчдын уулзалтаар тэд европын өрийн хямралыг зогсоох үүднээс төсвийн алдагдлыг багасгах, эдийн засгийг сэргэсний дараагаар банкны заавал байлгах нөөцийг нэмэгдүүлэх гэсэн 2 асуудлийг хэлэлцсэн. Улс орнууд 2013 он гэхэд төсвийн алдагдлаа 2 дахин багасгаж, 2016 он гэхэд засгийн газрын өр болон ДНБ-ны харьцааг тогтворжуулахыг зорино гэж мэдэгдэв. Ерөнхийлөгч Барак Обама бусад орны ерөнхийлөгчдийг эдийн засгийг идэвхжүүлэхэд гол анхаарлаа хандуулахыг уриалсан бол Англи, Германы удирдагчид хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхийн тулд төсвийн зардлаа бууруулах алхамыг эхлүүлээд байна. АНУ болон Европын хөрөнгийн зах зээлийн индексүүдийн уналт энэ 7 хоногт өнгөрсөн 7 хоногоос илүү  байсан нь хөрөнгө оруулагчид зарим орнууд өрөө төлөх чадваргүй болох магадлал өсч байна хэмээн болгоомжилсноос үүджээ.

 

Түүнчлэн олон улсын санхүүгийн хямралыг давтахгүйн тулд банкны заавал байлгах нөөцийг нэлээд хэмжээгээр нэмэхээр болсон ба үүнийг хэрэгжүүлэх уян хатан нөхцөлийг банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад өгөх хэрэгтэй хэмээн шийдсэн байна. Улс орнууд энэ шинэ стандартыг 2012 оны сүүлээс дагаж мөрдөх ба банкууд тэр хүртэлх шилжилтийн хугацаанд өөрийн хөрөнгөө үе шаттайгаар нэмэгдүүлэх болзол тавьжээ. Их-20-ын удирдлагууд 11 сард Сөүлд болох дээд хэмжээний уулзалтаараа Базел дахь Банкны хяналт шалгалтын хороотой хамтран дээрх асуудлыг эцсийн байдлаар шийдвэрлэнэ гэж мэдэгдэв.

 

АНУ

 

5 дугаар сард АНУ-ын засгийн газрын анхны болон дахин орон сууц худалдан авалтад олгох татварын хөнгөлөлт дууссан бөгөөд үүний улмаас хүмүүсийн шинэ орон сууц худалдан авах нь багассан нь энэ зах зээл засгийн газрын дэмжлэгээс хамаарч байгааг харуулж байна. Орон сууцны борлуулалт 5 дугаар сард өмнөх сараас 19 хувиар буурч жилийн 410,000 болно гэж төлөвлөсөн байсан ч борлуулалт 33 хувиар буурч 300,000-д хүрч эдийн засагчдын дундаж таамаглалаас бага гарлаа. Засгийн газрын 4 дүгээр сарын үзүүлэлтийг дахин үнэлснээр орон сууцны борлуулалт нь 446,000 болж буурсан байна. Орон сууцны дундаж үнэ өнгөрсөн оны мөн үеэс 9,6 хувиар буурч 200,900 ам. доллар болсон. Эдийн засагчдын үзэж байгаагаар орон сууцны үнэ энэ улиралд 3,3 хувиас буурч дараагийн улиралд 3 хувь болно. Орон сууцны зах зээлийн энэ уналт нь эдийн засгийг сэргээх үйл ажиллагаанд муугаар нөлөөлж байна.

 

30 жилийн хугацаатай орон сууцны зээлийн хүү энэ 7 хоногт 6 суурь нэгжээр буурч 4.69 хувь боллоо гэж орон сууцны зээлийн санхүүгийн Freddie Mac компаниас мэдэгдлээ. Энэхүү зээлийн хүүгийн бууралт нь орон сууцны татварын хөнгөлөлт дуусч борлуулалт буурсантай холбоотой юм. Дээрх зээлийн хүү нь 15 жилийн дундажаар 4.13 хувь байна.

 

Bloomberg-н ярилцлагад Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч “5 дугаар сар эдийн засгийн хувьд муу сар байлаа” гэж мэдэгдсэн. Энэ 5 дугаар сарыг өнгөрсөн 4 дүгээр сартай харьцуулахад эдийн засгийн үзүүлэлтүүд нь муу гарсан байсан. Тухайлбал АНУ-ын жижиглэн худалдааны борлуулалт 1.2 хувиар буурсан нь сүүлийн 8 сард гарсан эхний бууралт юм. Энэ нь 5 дугаар сарын барилгын материалын жижиглэн худалдааны борлуулалт 9.3 хувиар унасантай холбоотой байна.

 

Европын Холбоо

 

Тайлант долоо хоногт Грекийн засгийн газрын өрийн бичгийн даатгалын бүтээгдэхүүн буюу кредит-дифолт свопын (credit-default swap) зардал 11.4 хувьд хүрч огцом өсчээ. Үүнээс харахад зах зээл Грекийн засгийн газар ирэх 5 жилийн дотор төлбөрийн чадваргүй болох магадлалыг 68.5 хувьтай гэж үнэлэж байна хэмээн CMA DataVision компани мэдэгдэв. Ямар ч байсан Грекийн засгийн газар ойрын хугацаанд төлбөрийн чадваргүй болно эсвэл өрийн бүтэцдээ өөрчлөлт (debt restructuring) хийнэ гэсэн хүлээлт өсч байна. Кредит-дифолт своп нь санхүүгийн бүтээгдэхүүн борлуулагч буюу зээлдэгч төлбөрийн чадваргүй болох нөхцөлд зээлдүүлэгчийн өрийг барагдуулах нөхцөлтэй, даатгалтай ижил санхүүгийн бүтээгдэхүүн юм. 10 жилийн хугацаатай Грек, Германы засгийн газрын бондын хүүний зөрүү ч өсч 7.95 хувьд хүрсэн нь 5 дугаар сараас хойших хамгийн өндөр дүн юм. Түүнчлэн Португал, Испани, Италийн засгийн газрын бондыг даатгах зардал ч өсч байна. Тус улсуудын засгийн газрын өрийн бичгийн эрсдэл ийнхүү өсч буй нь эдгээр орнуудын эдийн засгийн өсөлт хумигдсанаар төсвийн алдагдалыг бууруулах оролдлого нь талаар болно хэмээн хөрөнгө оруулагчид үзэж буйтай холбоотой байна.

 

7 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Европын холбооны сангийн сайдууд уулзаж Европын Банкны Хянан Шалгалтын Хорооноос тус бүсийн томоохон банкуудад хийх стресс тестийн арга барил, агуулгын талаар хэлэлцэх болно. Тухайлбал банк санхүүгийн байгууллагуудын дийлэнхи хувийг оролцуулах, засгийн газрын өрийн болзошгүй бүтцийн өөрчлөлт, дампуурал зэргийг агуулах зэргийг ярилцахаар бэлдэж байна. “Грек болон бусад улсуудын өрийн бүтцийн өөрчлөлтийг агуулсан хувилбараар шалгавал үнэн байдал илрэнэ. Харин агуулахгүй бол уг тестэд итгэхэд бэрх байх болно” хэмээн JP Morgan & Chase банкны хуучин гүйцэтгэх захирал Б.Уинтэрс Блумберг телевизэд өгсөн ярилцлагадаа дурдав. Түүнчлэн “Тун богино хугацаанд гүйцэтгэх учраас уг стресс тестийн чанар, үнэ цэнэд итгэхэд бэрх юм. Үнэхээр чанартай хийж чадсан тохиолдолд л зах зээлийг тайвшруулах болно” гэж Бруссель дэх Европын Бодлогын Судалгааны Төвийн гүйцэтгэх захирал К.Ланнү ярилаа.

 

Их Британи

 

Тайлант долоо хоногт зарлагдсан төсвийн алдагдлыг танах арга хэмжээнүүд нь тус улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхгүйгээр зээлжих зэрэглэлийг хэвээр нь барина хэмээх хүлээлтэд үндэслэн паундын ханш ам. долларын эсрэг 1.61 хувиар өссөн нь 3 дахь долоо хоног дараалсан өсөлт байв. Паундын ханш еврогийн эсрэг мөн 1.6 хувиар, бусад томоохон валютуудын багцын эсрэг 1.3 хувиар өсчээ. Мягмар гаригт зарлагдсан төсвийг үзвэл шинэ засгийн газар банкуудад шинэ татвар ногдуулж, бараа үйлчилгээний борлуулалтын татварыг нэмэх ба төсвийн зарлагыг бууруулж Европод эхлээд буй өрийн хямрал Их Британид халдварлахаас сэргийлэх арга хэмжээ авах болжээ. Ингэснээр тус улсын засгийн газар Их Британийн эдийн засгийн 2010, 2011 онуудын өсөлтийн төлвийг харгалзан 1.3 болон 2.6 хувиас бууруулж 1.2 болон 2.3 болголоо хэмээн сангийн сайд Ж.Осборн мэдэгдлээ.

 

БНХАУ

 

Хятадын ерөнхий сайд В.Жибао бүс нутгийн засаг захиргаа болон компаниудад хөдөлмөрийн зардал, ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэхийг санууллаа. Түүнчлэн компаниудад хандан аажмаар ажилчидынхаа ажлын бүтээмж болон орлогыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Сүүлийн үед ажилчид ажлын муу нөхцөл байдлыг эсэргүүцэн жагсаал, суулт хийж байгаагаас автомашины эд анги үйлдвэрлэгчид цалинг өсгөж буй тул Toyota, Honda Motor компаниудын үйлдвэрлэлийн зардал нь өсч байна. Өнгөрсөн жил Toyota  автомашины нийт борлуулалтын дөрөвний нэг нь Хятадад явагдсан. Ирэх 10 жилд Хятадад ажиллах хүчний зардал 2 дахин өсч ДНБ-ий 30 хувьд хүрч болзошгүй байна гэж Morgan Stanley таамаглаад байна.

 

Хятадын бүс нутгийн засаг захиргааны эрчимтэй өсч буй өрөөс гарах эрсдлийг бууруулах арга хэмжээнүүд нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж магадгүй хэмээн China International Capital (CIC) компанийн мэргэжилтэн хэллээ. Дэлхийн эдийн засгийн хямралаас гарахад нөлөөлсөн зээлийн хэт өсөлтөөс үүдэн гарч буй эрсдлийг бууруулах арга замыг тус улсын эрх баригчид хайж байгаа юм. Эдийн засгийг өдөөх (stimulus) үйл ажиллагаа дууссаны дараа “дэд бүтцийн төслүүдийн санхүүжилтэд хүндрэл үүсэх тул энэ нь үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтыг багасгаснаар хятадын эдийн засгийн төлөвт муугаар нөлөөлж болзошгүй” гэж эдийн засагчид үзэж байна. Хятадын банкуудын муу зээл хэт өсч болзошгүй байгаа нь бүс нутгийн засаг захиргаанд банкууд хэт их зээл олгосонтой холбоотой байна.