Танилцуулга
Энэхүү танилцуулга нь Үндсэн чиглэлийн төслийн албан ёсны бүтэц, бодлогын логиктой бүрэн уялдах бөгөөд дараах 4 үндсэн дарааллаар боловсруулагдсан. Нэгдүгээрт, Монголбанкны 2026–2030 оны дунд хугацааны стратеги болон өнгөрсөн 15 жилийн бодлогын сургамжийг дүгнэн харуулна. Хоёрдугаарт, 2027 онд хэрэгжүүлэх бодлогын зорилтуудыг 'Өнөөгийн сорилт → Хэрэгжүүлэх арга хэмжээ → Хүлээгдэж буй үр нөлөө' гэсэн шийдэлд чиглэсэн цогц логикоор тайлбарлана. Гуравдугаарт, бодлогын хэрэгжилт, үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлт (KPI Матриц) болон болзошгүй эрсдэлийн удирдлагын төлөвлөгөөг танилцуулна. Дөрөвдүгээрт, эдгээр бодлогын шийдвэрийн үндэслэл болсон макро эдийн засаг, инфляцын дунд хугацааны төсөөлөл, судалгааны үр дүнг нэгтгэн харуулна.
1.1Монголбанкны дунд хугацааны стратеги (2026-2030)
Монголбанк Төв банкны тухай хуулиар хүлээсэн үндсэн зорилтоо илүү хариуцлагатай, тууштай биелүүлэх, институцийн чадавхыг шинэ шатанд гаргах зорилгоор "Монголбанкны дунд хугацааны стратеги (2026-2030)"-ийг боловсруулан баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Төв банкны шинэ удирдлагаас байгууллагын дунд хугацааны алсын харааг "Хараат бус, хариуцлагатай, итгэл даасан төв банк байх" хэмээн тодорхойлсон бөгөөд "Инновацад суурилсан дэд бүтцийг хөгжүүлж, бие даасан бодлогыг тууштай хэрэгжүүлэх замаар иргэдийн бодит орлогыг хамгаалах" эрхэм зорилгод хүрэхийг зорин ажиллаж байна.
Энэхүү дунд хугацааны стратеги нь дараах гурван суурь зорилтод тулгуурласан. Үүнд:
- Үнийн тогтвортой байдлыг тууштай хадгалах: Инфляцыг бууруулж, дунд хугацаанд 5 хувь орчимд тогтвортой хадгалах.
- Санхүүгийн тогтвортой байдлыг хангах: Банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, их өгөгдөлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжих, макро зохистой бодлого болон ногоон санхүүжилтийн экосистемийг бэхжүүлэх.
- Төв банкны засаглал, цахим шилжилтийг эрчимжүүлэх: Төв банкны бие даасан, хараат бус байдлыг сайжруулах, өөрийн хөрөнгийн дутагдлыг шийдвэрлэх, засаглал, мэдээллийн аюулгүй байдал болон их өгөгдлийн удирдлагыг бүрдүүлэх.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл” нь Монголбанкны 2026–2030 оны дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх эхний жилийн бодлогын баримт бичиг юм. Иймээс 2027 оны зорилт, арга хэмжээ бүрийг стратегийн холбогдох зорилт, өмнөх бодлогын сургамж, шийдвэрлэх сорилт, хариуцах институци, хэмжигдэхүйц үр дүнтэй уялдуулан боловсруулав. Үндсэн чиглэл нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, иргэдийн бодит орлогыг хамгаалах бөгөөд төв банкны засаглал, мөнгөний бодлогын үр нөлөө, санхүүгийн салбарын тогтвортой байдал, технологийн шинэчлэлийн суурийг зэрэг бэхжүүлэхэд чиглэнэ. Монголбанкны дунд хугацааны стратеги (2026-2030) нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн бодлогын баримт бичиг юм.
Стратегийн зорилт 1: Үнийн тогтвортой байдлыг тууштай хадгална.
Инфляцыг бууруулж, дунд хугацаанд тогтвортой түвшинд хадгалахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ. Бодлогын хүү, заавал байлгах нөөцийн хувь болон бусад хэрэгслийг макро эдийн засгийн нөхцөл байдалд тохируулан оновчтой хослуулж инфляцын түвшнийг богино хугацаанд төв банкны зорилтот интервалын голчын орчимд, дунд хугацааны зорилтууд хэрэгжсэнээр инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулна.
Стратегийн зорилт 2: Санхүүгийн тогтвортой байдлыг хангана.
Банкны салбарын эрсдэл даах чадварыг олон улсын жишигт хүргэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлнэ. Энэ хүрээнд эрсдэлд суурилсан банкны хяналт шалгалтын тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлж, хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулан засаглалыг сайжруулж, гадаадын банкны оролцоог дэмжих замаар салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн, макро зохистой бодлогын институцийн тогтолцоог бэхжүүлж, ногоон санхүүжилт болон санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлснээр санхүүгийн системийн тогтвортой байдлыг хадгална.
Стратегийн зорилт 3: Төв банкны засаглал, цахим шилжилтийг эрчимжүүлнэ.
Төв банкны бие даасан, хараат бус байдлыг сайжруулах, төв банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг шийдвэрлэх, засаглал, хүний нөөцийн тогтолцоог олон улсын жишигт хүргэх, олон нийттэй харилцах харилцаа, гадаад хамтын ажиллагааг дээшлүүлж, төв банкны хариуцлага, ил тод байдлыг дээшлүүлэх замаар төв банкны засаглал, чадавхыг бэхжүүлнэ. Стратеги хэрэгжсэнээр хүрэх үр дүн: Монголбанкны дэвшүүлж буй дунд хугацааны стратеги хэрэгжсэнээр инфляц 5 хувь орчимд тогтворжиж, төв банкны өөрийн хөрөнгийн дутагдал арилж, засаглал сайжирч, гадаад валютын улсын нөөцийн удирдлагын оновчтой байдал сайжрах, чанаргүй зээлийн хувь буурч, банкны салбарын зохистой харьцааны үзүүлэлтүүд сайжирч, гадаад эдийн засагт өрнөж буй хүчин зүйлсээс шалтгаалсан сөрөг нөлөөлөлд тэсвэртэй байх нөөц хөрөнгө бий болно. Мөн мөнгө, хөрөнгийн зах зээлийн нэгдсэн дэд бүтэц хөгжиж, санхүүгийн салбар бодит эдийн засгийг дэмжих санхүүгийн зуучлалын үүргээ үр ашигтай гүйцэтгэх боломж нэмэгдэх ач холбогдолтой.
Төв банк дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг дотооддоо тогтмол үнэлж, шаардлагатай засвар, сайжруулалтыг хийхийн зэрэгцээ хөндлөнгийн хяналттай ажиллана.
Эрсдэлд суурилсан стратегийн шинэчлэлт: Энэхүү стратегийг хэрэгжүүлэх хугацаанд гадаад болон дотоод орчны гэнэтийн өөрчлөлт, шокийн нөлөөгөөр дараах онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд стратегийг албан ёсоор дахин тохируулж, шаардлагатай шинэчлэлүүдийг оруулна. Үүнд:
Стратегийн хэрэгжилтэд хязгаарлалт болох дотоод болон гадаад хүчин зүйлс: Төв банкны хараат бус байдал болон засаглалын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хязгаарлалт болох дараах эрсдэлүүд бодитоор тулгарвал стратегид холбогдох тохируулга, өөрчлөлтийг оруулна. Үүнд:
- Олон улсын тодорхой бус байдал нэмэгдэх, геополитикийн зөрчилдөөн удааширч нийлүүлэлтийн сүлжээнд хүндрэл учрах;
- Төв банкны тухай болон бусад холбогдох хуулийн шинэчлэл улс төрийн шалтгаанаар хойшлогдох, эсвэл үзэл баримтлал нь өөрчлөгдөж, үндсэн зорилт “төгрөгийн тогтвортой байдлыг хангах” хэвээр үлдэх;
- Мөнгөний болон төсвийн бодлогын харилцан уялдаа хуульчлагдахгүй байх, төсвийн зарлагын зохистой хязгаарыг хуульчлах асуудал шийдэгдэхгүй байх, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг өргөжүүлэх ажил удаашрах. Улмаар төсвийн урсгал зардлын өсөлт үргэлжлэн өсч, мөчлөг дагасан төсвийн тэлэх бодлого үргэлжлэх;
- Засгийн газраас тусгай үнэт цаас гаргаж, Монголбанканд эзэмшүүлэх үйл ажиллагаа төлөвлөсөн хугацаанаас хойшлогдох эсвэл бага дүнтэй хэрэгжих;
- Үнэт цаасны бүртгэлийн нэгдсэн системийг хөгжүүлэх явцад Монголбанкнаас бусад оролцогч талуудын зүгээс шаардлагатай хүчин чармайлт гаргахгүй байх.
1.2Өнгөрсөн бодлогын сургамж ба тогтолцооны шинэчлэл хийх үндэслэл
Инфляцын зорилтын тасалдал
Сүүлийн 15 жилийн тоон мэдээллээс харахад 5 жилд нь инфляцын гүйцэтгэл Төв банкны зорилтод багтаж байжээ. Ялангуяа Ковид-19 цар тахлаас хойш инфляцын хэлбэлзэл нэмэгдсэн бөгөөд зорилтын голч утгаас хазайх дундаж зөрүү 2016-2020 онд 4 нэгж хувь байсан бол 2021-2026 онд 4.7 нэгж хувь болж нэмэгдсэн байна. Ийнхүү инфляцын савлагаа нэмэгдэж, ужгирсан шинжтэй болж байгаа тул инфляцыг дунд, урт хугацаанд тогтвортой нам түвшинд хадгалахын тулд инфляцын суурь шалтгааныг шийдвэрлэхэд онцгой анхаарах зайлшгүй шаардлага үүсээд байна. Энэ нь дан ганц Монголбанкны асуудал биш, бүх талуудыг багтаасан бүтэц, систем, хууль эрх зүйн уялдааг хангаж шийдвэрлэх цогц, тулгамдсан асуудал болж байна.
Инфляц өндөр гарахад нийлүүлэлтийн шалтгаантай хүнс, шатахууны үнийн өсөлт, эрэлтийн шалтгаантай төсвийн зардал, төрийн байгууллагын цалингийн өндөр өсөлт суурь шалтгаан болж байна. Дэлгэрүүлбэл, манай улсын хувьд хүнс, шатахууны үнийн өсөлт нь нийлүүлэлтийн доголдол, цаг агаарын таагүй үзэгдэл болон гадаад гэнэтийн шокийн нөлөөгөөр ихэвчлэн өдөөгддөг. Харин эрэлтийн шалтгаантай инфляц (суурь инфляцаар хэмжсэн) төсвийн тэлэх бодлого, бүтээмжийн өсөлттэй уялдаагүй цалингийн өсөлт болон гадаад инфляцын нөлөөгөөр нэмэгдэх хандлага голчлон давамгайлж байна.
Сүүлийн 15 жилийн бодлогын сургамжаас үзэхэд дорвитой арга хэмжээ авахгүйгээр инфляцын суурь шалтгааныг шийдвэрлэх боломж хомс байна. Иймээс нийлүүлэлтийн шалтгаантай инфляцыг бууруулахад Засгийн газрын зүгээс дотоодын нийлүүлэлтийн сүлжээ, түүний найдвартай байдал болон нөөцийг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь нэн чухал байна. Харин эрэлтийн шалтгаантай инфляцыг тогтворжуулахад төв банкны институцын дархлаа, сайн засаглал, оновчтой үйл ажиллагаа болон төсвийн сахилга бат голлох үүрэгтэй юм. Хэрэв инфляцын шалтгаанд тохирсон бодлогын арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй тохиолдолд ирэх жилүүдэд дахин өндөр инфляцтай тулгарч болзошгүй байна.
Төв банкны санхүүгийн эмзэг байдал болон алдагдал
Төв банк өөрийн үндсэн зорилтоос хальж, ипотекийн зээл, салбаруудыг дэмжих хөнгөлөлттэй хөтөлбөр болон үнэ тогтворжуулах төсвийн шинжтэй арга хэмжээг урт хугацаанд тайлан тэнцлээ тэлэх замаар санхүүжүүлж ирсэн. Үүний зэрэгцээ дотоодын захад санхүүгийн үүсмэл хэрэгсэл сул хөгжсөнөөс валютын ханшийн хэлбэлзлээс үүсэх алдагдлыг төв банк өөр дээрээ хариуцан үүрч, эдгээрийн үр дүнд Монголбанкны хуримтлагдсан алдагдал 2025 оны эцэст 6.9 их наяд төгрөгт, өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөгт хүрч, бодлогын орон зайг хумьсан байна.
Хуримтлагдсан алдагдалд нөлөөлсөн суурь шалтгааныг макро эдийн засгийн хүчин зүйлс болон санхүүгийн тайлангийн хүчин зүйлсээр задлан тайлбарлавал дараах байдалтай байна. Үүнд:
Макро эдийн засгийн хүчин зүйлс:
- Гадаад шокийн нөлөө их, төсвийн огцом тэлэлттэй байсан жилүүд (2013, 2014, 2016, 2020, 2024)-д дотоод илүүдэл нөөц бий болж, улмаар импортын эрэлт нэмэгдсэнээр ханш сулрах дарамт эрчимжсэн. Ингэснээр Монголбанк 2016 онд НДНБ-ий 5 хувь, 2020 онд 2 хувь, 2022 онд 2 хувьтай тэнцэх гадаад валютын ханшийн тэгшитгэлийн бодит бус алдагдал хүлээсэн нь нийт алдагдалд томоохон нөлөө үзүүлжээ.
- Ханшийг тогтоон барих нөөц хязгаарлагдмал учраас 2012 оноос 2016 он хүртэл Монголбанк Хятадын Ардын банктай своп хэлцэл хийж 1.8 тэрбум ам.доллар буюу НДНБ (2016 он)-ий 16 хувьтай тэнцэх хэмжээний эх үүсвэрийг татаж, дотоодын валютын захад нийлүүлсэн. Уг своп хэлцлийн хүүгийн төлбөрт сүүлийн 14 жилийн хугацаанд жилд дунджаар 188 тэрбум төгрөгтэй тэнцэх юань төлжээ.
- Бодлогын зардал өндөр байхад нөлөөлсөн өөр нэг суурь хүчин зүйл нь төсвийн давамгай байдал, төсөвтэй адилтгах өндөр хэмжээний зардал, Монголбанкны хэрэгжүүлсэн төсвийн шинжтэй олон арга хэмжээнээс үүдэлтэй эдийн засагт бий болсон илүүдэл нөөцийг татах бодлогын арга хэмжээ юм. Тодруулбал, эдийн засагт үүссэн төгрөгийн илүүдэл нөөцийг ТБҮЦ гарган татаж, ханшийн тогтвортой байдал, инфляцын зорилтыг хангах бодлогыг хэрэгжүүлсэн. ТБҮЦ-ны хүүгийн зардал 2018 оноос хойш жилд дунджаар НДНБ-ий 1 орчим хувийг эзэлж байна. Түүнчлэн гадаад валютын нөөцийг хуримтлуулах хэрэгцээ шаардлагын хүрээнд өнгөрсөн жилүүдэд дотоодын захаас алт, гадаад валют шууд худалдан авснаар нийлүүлэгдсэн төгрөгийг буцаан татах бодлогын зардал нь төв банкны алдагдлыг нэмэгдүүлэх бас нэг шалтгаан болсон.
Дүгнэж хэлбэл, Монголбанкны хуримтлагдсан алдагдлын суурь шалтгаан нь төсвийн давамгай байдал, эдийн засгийн мөчлөгийг үл харгалзан тэлэх хандлагатай төсвийн бодлого, түүнчлэн төрийн өмчит байгууллагуудаар дамжсан санхүүжилттэй голчлон холбоотой байна. Эдгээр хүчин зүйлс нь эдийн засагт дотоодын илүүдэл нөөцийг бий болгож, уг нөөцийг саармагжуулах зорилгоор Монголбанк өндөр өртөгтэй бодлогын хэрэгсэл ашиглаж ирсэн. Үүний зэрэгцээ төв банк өөрийн үндсэн чиг үүргээс давсан, төсвийн шинжтэй үйл ажиллагааны зардлыг үүрч ирсэн нь алдагдал их хэмжээгээр хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн ханшийг тогтоон барих зорилгоор валютын зах зээлд тогтмол оролцсоор ирсэн нь ханшийн эрсдэлийг зах зээлд бус төв банкны тэнцэлд шингээж, улмаар Монголбанк өөрийн хөрөнгийн дутагдалд орох үндсэн шалтгаан болсон байна.
Санхүүгийн тайлангийн хүчин зүйлс:
Өнгөрсөн жилүүдийн хуримтлагдсан алдагдалд хүүгийн зардал, санхүүгийн үүсмэл хэрэгслийн алдагдал, гадаад валютын ханшийн тэгшитгэлийн алдагдал голлон нөлөөлжээ. Монголбанкны хуримтлагдсан алдагдлын 74 хувийг хүүгийн зардал эзэлж байгаа бөгөөд нийт хүүгийн зардлын 56 хувийг ТБҮЦ-ны хүүгийн зардал, 25 хувийг Хятадын Ардын банкны своп хэлцлийн хүүгийн зардал, 18 хувийг Засгийн газар, банкнуудын байршуулсан хөрөнгөд төлсөн хүүгийн зардал тус тус эзэлж байна.
Эх сурвалж: Монголбанк
Түүнчлэн төв банкны зүгээс гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, зээлийн хүү, гадаад валютын зээлийн өсөлтийг бууруулах, гадаад валютын ханшийн эрсдэлээс хамгаалах тогтолцоог бий болгохын тулд банкнуудтай урт хугацаат своп хэлцлийг хийж ирсэн. Монголбанк 2013-2022 оны хооронд санхүүгийн үүсмэл хэрэгслийн хэлцлээс нийт 2.0 их наяд төгрөгийн алдагдал хүлээснээс бодит алдагдал нь 1.6 их наяд төгрөг байна. Үүний 1.1 их наяд төгрөгийн алдагдал нь 2019-2022 онуудад хамаарч байна. Мөн Монголбанк 2013-2025 оны хооронд гадаад валютын хөрвүүлгээс нийт 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн бөгөөд үүнд гадаад валютын дахин үнэлгээний бодит бус алдагдал голлон нөлөөлжээ. Монголбанкны хуримтлагдсан алдагдал өндөр түвшинд байгаа нь төв банканд итгэх итгэлд сөргөөр нөлөөлж, мөнгөний бодлогын үр нөлөөг сулруулж байна. Хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэх нь ирээдүйд бодлогын орон зайг тэлэх, хараат бус байдлыг бэхжүүлэх, төв банкны үндсэн чиг үүргийг тогтвортой хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чухал алхам юм. Цаашид төв банкны алдагдлыг улам даамжруулахгүй байхад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд Монголбанк үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилгоо чанд баримталж, төсвийн шинжтэй аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх байр суурийг бататгах, төсвийн шинжтэй арга хэмжээг Засгийн газарт шилжүүлэх, урт хугацаат своп хэлцлээс үе шаттай гарах, мөнгөний зах зээлийн хөгжлийг дэмжих, санхүүгийн үүсмэл хэрэгслийн зах зээлийг хөгжүүлэх зэрэг стратегийг баримтлах шаардлагатай байна.
Монголбанкны бодлого, үйл ажиллагааны шинэчлэл
Өнгөрсөн 10 жилийн сургамж нь инфляцыг зөвхөн бодлогын хүүгээр тогтворжуулах боломжгүйг харуулж байна. Инфляцын хэлбэлзэлд төсвийн тэлэлт, нийлүүлэлтийн доголдол, ханшийн дарамт зэрэг Монголбанкны шууд хяналтаас гадуурх хүчин зүйлс нөлөөлөхийн зэрэгцээ төв банкны засаглал, санхүүгийн хараат бус байдал, мэдээллийн дэд бүтцийн сул тал бодлогын үр нөлөөг хязгаарлаж ирэв. Иймээс 2027 оны үндсэн чиглэлийг Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн шинэчлэл, засаглалын реформ, төсөв-мөнгөний бодлогын зааг, мэдээлэл технологийн шинэчлэлийг харилцан уялдуулсан системийн иж бүрэн реформын хүрээнд боловсруулав.
Төсөв, мөнгөний бодлогыг зөв хослуулж байж эрэлтээс үүдэлтэй инфляцыг тогтворжуулна. Макро эдийн засгийн тэнцвэрт байдалд төсвийн сахилга бат шийдвэрлэх үүрэгтэй. Эдийн засгийн мөчлөг сөрсөн төсвийн бодлого нь дотоод эрэлтийг хэт тэлэх эсвэл агшаахаас сэргийлж, хэлбэлзлийг багасгадаг. Төсвийн бодлого сонгуулийн өмнөх жил төсвийн зардал дунджаар 28.1 хувь, сонгуулийн жил 27.1 хувь өсдөг бол дараа жил нь ердөө 3 хувиар өсөж ирсэн. Үүнээс үүдэн төсвийн бодлого мөчлөг дагаж тэлснээр инфляцыг өдөөж, мөнгөний бодлогын орон зайг хумьж, төсөв, мөнгөний бодлогын “Муу-хослол”-оор уялдаж байсан нь богино хугацаанд хувийн хэвшлийг шахаж, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг сулруулдаг.
Төв банк хараат бус, бие даасан, итгэл даасан институц болж бодлогын үр нөлөөгөө нэмэгдүүлэх, ил тод байдлаа хангахгүйгээр бодлогын нөлөөг нэмэгдүүлэх боломжгүй юм. Үүний тулд нэн тэргүүнд Төв банкны тухай хуульд дараах чиглэлээр өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Үүнд:
- Төв банкны үндсэн зорилтыг 2 салаа утгагүй, тодорхой болгох,
- Төв банкны зорилттой уялдуулан төсвийн тэнцэл болон зардлын хязгаарыг тодорхойлох механизмыг бүрдүүлэх.
- Төв банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг арилгах.
- Төв банкны засаглалыг сайжруулах.
Төв банкны бодлого, үйл ажиллагааг итгэл даахуйц болгох хүрээнд технологийн дэд бүтцэд суурилсан удирдлагын иж бүрэн тогтолцоог шат дараатай нэвтрүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх, улмаар Монголбанкны засаглалыг бэхжүүлэх ажлыг энэ оноос эхлүүлээд байна. Энэ хүрээнд технологид суурилсан дэд бүтцийг хөгжүүлэх, өгөгдлийн засаглалыг сайжруулах, Төв банк бодлогын судалгаа, шинжилгээндээ их өгөгдөл, хиймэл оюун ухааныг оновчтой ашиглах, эрт илрүүлгийн автомат тохируулгатай удирдлагын хяналтын тогтолцоог бий болгосноор Төв банкны бодлого, шийдвэр шуурхай, оновчтой гарах суурь нөхцөл бүрдэнэ. Нөгөө талаас Төв банк бусад үйл ажиллагаандаа технологид суурилсан дэд бүтэц, хиймэл оюун ухааныг ашиглан хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлж, цомхон, хариуцлагатай институц болох зорилт тавин ажиллаж байна.
1.32026 оны Мөнгөний бодлогын хэрэгжилтийн товч тайлан
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10.2 дахь заалтыг биелүүлэх хүрээнд тайлант оны бодлогын гүйцэтгэлийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд улирал бүр хүргүүлэн ажилласан ба 2026 оны хэрэгжилтийн гол үзүүлэлтүүдийг товчлон танилцуулж байна:
- Үнийн өрнөл ба бодлогын хүүгийн өөрчлөлт: Жилийн инфляц 2026 оны I улиралд зорилтот түвшний орчимд буураад байсан хэдий ч нийлүүлэлтийн шалтгаантай шокууд (махны үнэ, ОХУ-ын шатахууны нийлүүлэлтийн доголдол), төсвийн тэлэлт болон инфляцын хүлээлт дагаж өссөнөөр 2026 оны 8 дугаар сард 12.5%-д хүрч эрчимжсэн. Иймд Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос 8 дугаар сарын хуралдаанаар инфляцын хүлээлтийг зангидах, суурь инфляцыг тогтворжуулах зорилгоор бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 12.5 хувьд, төгрөгийн заавал байлгах нөөцийн (ЗБН) хувийг 14.5% болгон тус тус чангарууллаа.
- Макро зохистой бодлого ба зээлийн бүтцийн шилжилт: Хэрэглээний зээлийн өр-орлогын харьцааны (ӨОХ) дээд хязгаарыг 70%-иас 45% болгон чангаруулж, банкнуудын урт хугацаат гадаад эх үүсвэрийг заавал байлгах нөөцөөс чөлөөлөх бодлого хэрэгжүүлсний үр дүнд зээлийн нийлүүлэлт бодит эдийн засаг руу шилжлээ. Үүний дүнд бизнесийн зээлийн өсөлт 18.6% орчимд идэвхтэй хадгалагдаж, импортыг өдөөдөг хэрэглээний зээлийн өсөлт 4.5% болж буурлаа.
- Гадаад тэнцвэр, ГВУН ба зээлжих зэрэглэл: Оны эхэнд макро зохистой бодлогын арга хэмжээг шуурхай авч хэрэглээний импортыг хязгаарласан, мөн арилжааны банкнуудын гадаад эх үүсвэр таталтыг (5.0 их наядаас 16.4 их наяд төгрөг болж өссөн) дэмжсэн бодлогын үр дүнд ГВУН 2026 оны 8 дугаар сарын байдлаар 8.4 тэрбум ам.долларт хүрч, ханш тогтворжсон. Манай улсын макро тогтвортой байдал, гадаад нөөцийн хуримтлалыг олон улсад эергээр үнэлж, олон улсын зэрэглэл тогтоогч байгууллагууд (S&P, Moody's, Fitch) Монгол Улсын зээлжих зэрэглэлийг BB- / Ba3 / B+ түвшинд хүртэл ахиуллаа.
- Долларжилт буурсан дүнгээр: Төгрөгийн тогтвортой байдалд итгэх итгэл сайжирснаар банкны салбар дахь төгрөгийн хадгаламж жилд 23% өсөж, гадаад валютын хадгаламж 8% агшин, хадгаламжийн долларжилт 22.7%, зээлийн долларжилт 5.9% болж буурлаа.

