Монголбанк — Монгол Улсын Төв БанкМонголбанк EN
Зорилт 1.1

Инфляцын зорилт

Арга хэмжээХэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.

Одоогийн сорилт

Өргөн хэрэглээний барааны үнийн хэлбэлзлийг бууруулж, инфляцыг урьдчилан тодорхойлсон зорилтот интервалын орчимд тогтворжуулах нь зах зээлийн тодорхой бус байдлыг бууруулан иргэд, бизнес эрхлэгчдийн хэрэглээ, хуримтлал, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтыг хялбаршуулж, улмаар дунд, урт хугацаанд макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох чухал суурь нөхцөл болдог. Мөн инфляц нам, тогтвортой түвшинд байх нь иргэдийн худалдан авах чадвар, бодит орлогыг хамгаалах, макро эдийн засгийн хэлбэлзлийн далайцыг бууруулах, ажил эрхлэлт, экспорт, гадаадын хөрөнгө оруулалтын урсгал, эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал нөлөөтэй.

Зураг 8Улсын жилийн инфляц, түүний зорилт
Дарж томруулна

Сүүлийн жилүүдэд цар тахал, худалдааны дайн, геополитикийн хямрал, зэвсэгт мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нийлүүлэлтийн шокийн давтамж нэмэгдэж, цар хүрээ тэлж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, үйлдвэрлэлийн өртөг болон шатахуун, хүнсний үнэ өсөхөд нөлөөлөх болсон. Тухайлбал энэ оны эхний улиралд инфляц буурч, зорилтод интервалд хүрсэн боловч шатахуун болон мах, хүнсний ногооны үнэ өссөнөөр эргэн эрчимжээд байна. Энэ оны сүүлийн хагаст мах, хүнсний ногоо, үр тарианы нийлүүлэлт нэмэгдэж дотоодын хүнсний инфляц буурахаар байна. Харин олон улсын зах зээлд газрын тосны үнэ өсөх хандлага үргэлжилж, ОХУ-д шатахууны үнэ өндөр хэвээр, нийлүүлэлтийн тасалдал үүсээд байгаа нь манай улсын дотоодын үнэд нөлөөлж болзошгүй байна. Нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн давтамжийг бууруулахад чиглэсэн нийлүүлэлтийн хангамжийг сайжруулах, гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхтэй холбоотой технологид суурилсан цахим дэд бүтэц, бүртгэл, хяналтын тогтолцоог бий болгох ажлыг Засгийн газар, холбогдох чиглэлийн яам хэрэгжүүлэх шаардлагатай.

Төсвийн зарлага 2026 оны тодотголын төслөөр 34.0 их наяд төгрөг (алдагдал -2.0 их наяд ₮), өргөн мэдүүлсэн 2027 оны төсвийн төслөөр 43.6 их наяд төгрөг (ДНБ-ий 37.8%, алдагдал -2.3 их наяд ₮) хүрч эрс тэлэхээр байна. Энэхүү төсвийн мөчлөг дагасан тэлэлт нь дотоод эрэлтийг хөөрөгдөж, мах (+49.8%), шатахуун (+28.2%) зэрэг нийлүүлэлтийн огцом шоктой давхацсанаар жилийн инфляцыг 2026 оны 8 дугаар сард 12.5 хувьд хүргэж, инфляцыг зорилтот түвшинд барихад сөрөг ачаалал үүсгэхээр байна.

Төсвийн сахилга бат макро эдийн засаг, инфляцын тогтвортой байдалд хамгийн чухал үүрэгтэй. Эдийн засгийн мөчлөг сөрсөн төсвийн зохистой бодлого нь дотоод эрэлтийг хэт хөөрөгдөхгүй, хэт агшаахгүй буюу эдийн засгийн хэлбэлзлийг бууруулж, инфляцыг тогтворжуулахад голлох нөлөөтэй. Гэвч өнгөрсөн 25 жилийн статистик мэдээллээр төсвийн зардал УИХ-ын сонгуулийн өмнөх жил дунджаар 28.1 хувь, сонгуулийн жил 27.1 хувь, харин сонгуулийн дараа жил ердөө 3 хувиар өссөн байна. Ийнхүү төсвийн бодлого эдийн засгийн мөчлөг дагасан шинжтэй байгаа нь инфляцыг эрчимжүүлэх, эдийн засгийн хэлбэлзлийг нэмэгдүүлэхээс гадна мөнгөний бодлогын орон зайг хязгаарлаж, төсөв, мөнгөний бодлогын уялдаа “муу хослол”-оор хэрэгжих нөхцөл болж ирсэн. Бодлогын ийм хослол нь хувийн секторыг шахан гаргаж, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийн суурийг хумих нөлөөг үзүүлдэг.

Мөнгөний бодлогын шийдвэрийн нөлөө тодорхой хугацааны дараа бодит эдийн засагт илрэх тул Төв банк инфляцын зорилтыг богино бус дунд хугацааны зорилт болгон тодорхойлдог. Дунд хугацааны инфляцын зорилтыг хангах бодлого хэрэгжүүлснээр түр зуурын шинжтэй үнийн шоконд хэт мэдрэмтгий, эдийн засагт өндөр зардалтай хариу арга хэмжээ авахаас сэргийлнэ. Мөн хүлээлтийг удирдаж өрх, хувийн секторын ирээдүйн хэрэглээ, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргалтад дэмжлэг болох, цаашлаад үнийн хэлбэлзлийг бууруулах боломжийг олгоно.

Стратегийн уялдаа

Монголбанкны дунд хугацааны стратеги (2026-2030)-д инфляцыг дунд хугацаанд 5 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн “Ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлого”-ыг тууштай хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд бодлогын шинжилгээ, төсөөллийн системийг боловсронгуй болгох, инфляцын хүлээлтийг оновчтой удирдах, бодлогын хэрэгслүүдийг макро эдийн засгийн нөхцөл байдалд тохируулан оновчтой ашиглах, нийлүүлэлтийн санхүүжилтийн тогтолцооны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх болон эдийн засгийн мөчлөг дагасан төсвийн бодлогоос зайлсхийх, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах механизмыг бүрдүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зэрэг ажлыг харилцан уялдаатай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

2027 онд хэрэгжүүлэх нарийвчилсан арга хэмжээ

  • Инфляцыг өдөөх эрсдэлт хүчин зүйлс, гэнэтийг шокийг тодорхойлж, тэдгээрийн эдийн засагт үзүүлэх нөлөөг тооцсон эрсдэлийн шинжилгээг хийж, мөнгөний бодлогын шийдвэр гаргалтад харгалзан үзнэ. Түр зуурын, улирлын шинж чанартай үнийн өсөлтөд бодлогын хариу арга хэмжээ авах нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх, хүлээлтийг буруу удирдах эрсдэлтэй. Тиймээс инфляцад нөлөөлж буй хүчин зүйлсийн цар хүрээ, үргэлжлэх хугацаа, шокийн шалтгаан зэргийг харгалзаж, тооцоо судалгаанд үндэслэн ирээдүйд чиглэсэн шийдвэр гаргана.
  • Мөнгөний бодлого боловсруулж шийдвэр гаргах үйл явцыг сайжруулж, бодлогын шийдвэрийн үндэслэл, холбогдох тооцоо, судалгааны чанарыг сайжруулах ажлыг үргэлжлүүлнэ. Энэ хүрээнд:
  • Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн харилцан хамаарал, мөнгөний бодлогын шилжих сувгийн талаарх судалгааг өргөжүүлнэ;
  • Эдийн засгийн шинжилгээ, төсөөлөл болон учирч болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлоход шаардлагатай тоон болон чанарын мэдээллийн баазыг өргөтгөнө;
  • Төсөөлөл, симуляц хийх шинжилгээний загваруудыг сайжруулж, хөгжүүлнэ;
  • Төсөв, мөнгөний бодлогын “зөв, зохистой хослол”-ын уялдааг хангахын тулд эдийн засгийн мөчлөг дагасан төсвийн бодлогоос зайлсхийх, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах механизмыг бүрдүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай. Төв банкны тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аас батлахдаа дараах 3-н үзүүлэлтээр төсвийн зардлын тэлэлтийг хязгаарлах саналыг боловсруулна. Үүнд: Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд: (1) Инфляцын зорилт, (2) Төсвийн зарлагын хязгаар, (3) Алдагдал нөхөх ЗГҮЦ-ны хэмжээ гэсэн 3 үзүүлэлтийг тусгаж, УИХ-аар батлуулдаг шинэ тогтолцоонд шилжих эрх зүйн орчныг бүрдүүлэх.
  • Төсвийн тэлэлтээс үүдэлтэй эрэлтийн шалтгаантай инфляцын нөлөөг зангидах зорилгоор зөвхөн бодлогын хүү, заавал байлгах нөөцөөр (ЗБН) хязгаарлагдахгүйгээр нээлттэй зах зээлийн үйл ажиллагааны бүхий л хэрэгслийг идэвхтэй ашиглаж, мөнгөний бодлогын төлөвт шаардлагатай тохируулгыг тухай бүр хийнэ. Үүний зэрэгцээ, мөнгөний бодлогын уламжлалт хэрэгслүүдийн хязгаарлагдмал байдлыг нөхөх, мөнгө, зээлийн өсөлт хөөсрөхөөс сэргийлж мөнгөний бодлогыг макро зохистой бодлогын арга хэмжээнүүдтэй нягт уялдуулан хослуулах уян хатан стратегийг баримтална.
  • Мах, шатахуун зэрэг гол нэрийн барааны нийлүүлэлтийн тасалдлаас үүдэлтэй үнийн огцом савлагааг (нийлүүлэлтийн шок) уламжлалт мөнгөний бодлогын хэрэгслээр дангаар шийдвэрлэх боломжгүй байдаг. Иймд урьд өмнө хэрэгжүүлж ирсэн "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" зэрэг төсвийн шинжтэй гажуудлыг давтахгүй, зах зээлийн зарчимд тулгуурласан, Монголбанкны дунд хугацааны стратегид тусгагдсан "Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт" (Факторинг, худалдааны санхүүжилт, агуулахын үлдэгдэл барьцаалсан санхүүжилт)-ийн эрх зүйн орчин, дэд бүтцийн олон улсын жишиг тогтолцоог Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-той хамтран бүрдүүлнэ.
  • Инфляцын хүлээлт тооцох, эдийн засгийн агентуудын санхүүгийн нөхцөл байдлыг тодорхойлох түүвэр судалгааны арга зүйг сайжруулах, тооцооллыг хурдасгаж автоматжуулна.

Хүлээгдэж буй үр дүн

Мөнгөний болон төсвийн бодлогыг ’Зөв-Зохистой хослол’-оор уялуулах механизм хуульчлагдаж, экспортын орлого болон төсвийн тэлэлтээс үүдэлтэй мөнгөний нийлүүлэлтийн өсөлт багасна. Түүнчлэн нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг өргөжүүлснээр үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгчид эргэлтийн хөрөнгийн зээл авах боломж нэмэгдэж, бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн найдвартай байдал сайжрах, мах, бусад хүнсний бүтээгдэхүүний улирлын чанартай нийлүүлэлтийн тасалдал буурна. Эдгээрийн үр дүнд эрэлтийн болон нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын дарамтыг цогцоор нь сааруулж, иргэдийн бодит орлого, худалдан авах чадварыг хамгаалах суурь шинэчлэл хийгдэх болно.