Одоогийн сорилт
Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх замаар улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжихэд иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсрол чухал үүрэгтэй байдаг. Иргэдийн санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх нь санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн сонгох, зохистой ашиглах замаар орлого, зарлага, зээл, хөрөнгө оруулалт зэргийг зөв удирдах, хуримтлал үүсгэх, санхүүгийн залиланд өртөх эрсдэлээс өөрийгөө хамгаалах, үнэн зөв мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах чадварыг сайжруулахад нь дэмжлэг үзүүлнэ.
Санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ, финтек, цахим банк, төлбөр тооцоо, технологийн дэвшил хурдацтай хөгжиж, иргэд санхүүгийн үйлчилгээг зайнаас, хурдан шуурхай авах боломж нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ иргэдийн санхүүгийн болон цахим аюулгүй байдлын мэдлэг, мэдээллийн дутмаг байдлыг ашиглан фишинг, хуурамч холбоос, хаяг, цахим худалдаа, сугалаа, банк, санхүүгийн байгууллагын нэр, лого бүхий хуурамч мэдээллээр бусдын данс, хувийн мэдээлэл олж авах зэрэг санхүүгийн залилан, луйврын арга хэлбэр нэмэгдэж, иргэд ихээр хохирч байна. Хууль хяналтын байгууллагаас өгсөн мэдээллээр 2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт 27.2 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүнээс 9.4 мянга буюу 34.4 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн. Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 7.2 мянга буюу 76.5 хувь нь “цахим залилах” гэмт хэрэг эзэлж байна.
Иргэдийн цахим залиланд өртсөн дансны гүйлгээ болон сэжигтэй дансыг тогтоох, түр зогсоох, царцаах, хохирогчийн хөрөнгийг буцаан төвлөрүүлэх ажиллагаа нь олон байгууллагын оролцоо, эрх зүйн зохицуулалтаас хамааран хугацаа алдах, төлбөрийн олон суваг, дансаар дамжин бэлэн мөнгөжих, гадаад руу шилжих зэрэг эрсдэл бий болдог.
Иймд залилах гэмт хэргийг богино хугацаанд илрүүлж, шийдвэрлэх хүрээнд байгууллага хоорондын мэдээлэл шуурхай солилцох технологийн шийдэл, санхүүгийн болон мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрх зүйн зохицуулалтыг цогцоор нь хөгжүүлэх шаардлагатай байна.
Стратегийн уялдаа
Монголбанкны дунд хугацааны стратеги (2026-2030)-д санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд дараах стратегийг баримтална.
- Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
- Санхүүгийн боловсролыг тасралтгүй нэмэгдүүлнэ.
2027 онд хэрэгжүүлэх нарийвчилсан арга хэмжээ
Иргэдийн санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх ажлын хүрээнд:
- “Санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх 2024-2030” болон “Иргэдийн эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх” стратегийг хэрэгжүүлж, сургалтын тогтолцоог боловсронгуй болгон зорилтот бүлгүүдэд санхүү, эдийн засгийн суурь ойлголтууд, санхүүгийн залилан, мэдээллийн аюулгүй байдлын талаар сургалтыг технологийн дэвшил, шинэлэг арга зүйг ашиглан мэдээллийн олон сувгаар иргэдийн мэдлэгийг дээшлүүлнэ.
- Санхүүгийн боловсрол олгох сургагч багшийн тогтолцоог хөгжүүлж, чадавхжуулах, сургалтын чанар, хүртээмжийг сайжруулахад олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
Санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэх хүрээнд:
- Санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн санхүү болон хууль эрхзүй, мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх олон нийтэд чиглэсэн арга хэмжээнүүдийг бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.
- Монголбанк, хууль сахиулах байгууллага, банк, банк бус санхүүгийн байгууллага болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчдийн шуурхай мэдээлэл солилцоонд тулгуурлан "Сэжигтэй гүйлгээ, дансыг бүртгэх, мэдээлэх" нэгдсэн системийг үе шаттай нэвтрүүлж, санхүүгийн цахим залиланг шуурхай илрүүлэх, сэжигтэй гүйлгээг түр саатуулах, эрсдэлд өртсөн мөнгөн хөрөнгийг шилжихээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ.
Хүлээгдэж буй үр дүн
- Иргэдийн санхүүгийн мэдлэг, мэдээлэл нэмэгдсэнээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хэрэглэх, орлого, зарлага, хуримтлал, зээл, хөрөнгө оруулалт зэргийг удирдах чадвар нь сайжирснаар санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлж, цахим залиланд өртөх эрсдэлийг бууруулж, санхүүгийн хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална.
- Иргэдийн цахим залиланд өртcөн мөнгөн хөрөнгийг гарахаас нь өмнө шуурхай царцааж, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашиг бодитоор хамгаална.
- Банк болон хууль сахиулах байгууллагуудын мэдээлэл солилцоо шуурхай болж, санхүүгийн цахим залилантай тэмцэх нэгдсэн тогтолцоо бэхжинэ.

