Одоогийн сорилт
Монгол Улсын эдийн засаг нь эрдэс бүтээгдэхүүний экспортын орлогоос өндөр хамааралтай бөгөөд дэлхийн зах зээл дэх үнийн савлагаа, гадаад орчны өөрчлөлтөд эмзэг хэвээр байна. Ийм нөхцөлд төгрөгийн ханшийг зах зээлийн зарчимд нийцүүлэн уян хатан тогтоох, гадаад валютын улсын нөөцийг хүрэлцээтэй түвшинд хадгалах нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үндсэн нөхцөл болж байна.
2019 оноос төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжүүдийн экспортын валютын орлогыг Монголбанк худалдан авах тогтолцоог хэрэгжүүлснээр валютын ханшийн богино хугацааны савлагаа буурсан боловч төв банкны валютын зах зээл дэх оролцоо нэмэгдэж, зах зээлийн үнэ бүрэлдэх механизмыг тодорхой хэмжээнд хязгаарлах нөхцөл үүссэн байна. Иймд валютын захын хөгжлийг дэмжих, өрсөлдөөнт арилжааг нэмэгдүүлэх, төв банкны шууд оролцоог үе шаттайгаар бууруулах шаардлага үүсээд байна.
ГВУН хүрэлцээт түвшин нь гадаад эдийн засгийн сөрөг шокийн нөлөөг сааруулах, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлээс үүдэх эрсдэлийг бууруулах, улмаар макро эдийн засаг болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн хамгаалалтын хэрэгсэл болдог. ГВУН 2026 оны 8 дугаар сарын байдлаар 8.4 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд хүрсэн хэдий ч уг өсөлт нь банк, санхүүгийн байгууллагуудын гадаад зах зээлээс татсан урт хугацаат санхүүжилт, мөн Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан үнэт металлын хэмжээнээс ихээхэн хамааралтай байна. Нөгөө талаар, тайлант хугацаанд ГВУН нь барааны импортын 7.5 сарын хэрэгцээг санхүүжүүлэх түвшинд байгаа боловч Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан зорилтот түвшинд хараахан хүрээгүй байна. Иймд гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээг төлбөрийн тэнцлийн төлөв, импортын хэрэгцээ, гадаад өрийн үйлчилгээ болон бусад гадаад төлбөрийн үүрэгтэй уялдуулан тогтмол үнэлж, нөөцийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, зохистой түвшинд тогтвортой хадгалах бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Стратегийн уялдаа
Монголбанкны дунд хугацааны стратеги (2026-2030)-д гадаад валютын дуудлага худалдаанд Төв банкны оролцоог үе шаттайгаар бууруулж, ханшийг зах зээлийн зарчимд шилжүүлэхээр тусгасан. Өөрөөр хэлбэл, дунд хугацаанд Монголбанк валютын зах зээлд идэвхтэй оролцогчийн байр сууринаас бодлогын зохицуулагчийн байр сууринд шилжинэ. Мөн олон улсын сайн жишгийн дагуу гадаад валютын нөөцийн удирдлагыг сайжруулан, оновчтой удирдаж, гадаад валютын цэвэр нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого баримтлана.
2027 онд хэрэгжүүлэх нарийвчилсан арга хэмжээ
- Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтооно. Төгрөгийн ханш зах зээлийн эрэлт, нийлүүлэлт болон макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг тусган уян хатан тогтох зарчмыг тууштай баримталж, Монголбанкны валютын дотоодын зах зээл дэх шууд оролцоог үе шаттайгаар бууруулна. Энэ хүрээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоо давамгай уул уурхайн компаниудын экспортын валютын орлогыг Монголбанк шууд худалдан авч буй тогтолцоог үе шаттайгаар зах зээлийн зарчимд шилжүүлж, валютын арилжааг банк хоорондын захын механизмаар зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн ханшийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах зорилгоор валютын форвард, своп болон бусад санхүүгийн үүсмэл хэрэгслийн зах зээлийн хөгжлийг дэмжих эрх зүй, институцийн болон зах зээлийн дэд бүтцийн орчныг боловсронгуй болгоно. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх явцад зах зээлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц, макро эдийн засгийн суурь нөхцөлөөр тайлбарлагдахгүй огцом хэлбэлзэл үүссэн тохиолдолд Монголбанк санхүүгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу зохих арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
- Гадаад валютын арилжааны дэд бүтцийг хөгжүүлэх замаар мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлж, Монголбанкны валютын захын оролцоог бууруулна: Гадаад валютын дотоодын зах зээлд арилжаа, ханшийн мэдээллийг нэгтгэн боловсруулах, түгээх нэгдсэн тогтолцоо бүрэн төлөвшөөгүй байгаа нь мэдээллийн тэгш бус байдлыг бий болгож, зах зээлийн үр ашигт сөргөөр нөлөөлж байна. Иймд валютын зах зээлийн мэдээллийн болон арилжааны дэд бүтцийг хөгжүүлж, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэн, зах зээлийн оролцогчдын шинжилгээ, эрсдэлийн удирдлагын чадавхыг сайжруулна. Ингэснээр ханшийн үнэ бүрэлдэх үйл явц илүү үр ашигтай болж, валютын зах зээлийн хөрвөх чадвар, өрсөлдөөн нэмэгдэн, Монголбанкны шууд оролцооны хэрэгцээ үе шаттайгаар буурах нөхцөл бүрдэнэ.
- ГВУН-ийн хүрэлцээт байдлыг олон улсын жишиг түвшинд тогтвортой хадгалж, нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ: Гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээг эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, гадаад шокийн нөлөөллийг бууруулахад шаардлагатай олон улсын жишиг түвшинд хадгална. Энэ хүрээнд төлбөрийн тэнцлийн төлөв, гадаад өрийн үйлчилгээ, импортын хэрэгцээ болон бусад эрсдэлийн хүчин зүйлтэй уялдуулан нөөцийн оновчтой түвшнийг тогтмол үнэлж, үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Түүнчлэн геополитикийн нөхцөл байдал, олон улсын санхүүгийн зах зээлийн өөрчлөлтийг харгалзан гадаад валютын улсын нөөцийн хөрөнгө оруулалтын бодлого, бүтцийг боловсронгуй болгож, хөрөнгө оруулалтын хэрэгслийн төрөлжилтийг нэмэгдүүлэх замаар хөрвөх чадвар, аюулгүй байдал, өгөөжийн зохистой харьцааг хангасан нөөцийн удирдлагыг хэрэгжүүлнэ.
Хүлээгдэж буй үр дүн
Гадаад валютын зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлж, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх нь зах зээлийн үр ашгийг дээшлүүлж, арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ханшийн үнэ зах зээлийн зарчмаар бүрэлдэх нөхцөлийг бэхжүүлнэ. Гадаад валютын улсын нөөцийн удирдлагыг боловсронгуй болгож, хөрөнгө оруулалтын хэрэгслийн төрөлжилтийг нэмэгдүүлэн нөөцийн хүрэлцээ, аюулгүй байдал, хөрвөх чадварыг олон улсын жишиг түвшинд хадгалах нь эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлж, зах зээлийн оролцогчдын итгэлийг нэмэгдүүлнэ. Төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтох зарчмыг хэрэгжүүлж, гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээг бэхжүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн гадаад шокийг даван туулах чадавхыг нэмэгдүүлж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих замаар улсын зээлжих үнэлгээг сайжруулах, олон улсын санхүүгийн зах зээлээс эх үүсвэр татах өртгийг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоо давамгай аж ахуйн нэгжүүдийн экспортын валютын орлогын арилжааг зах зээлийн зарчимд үе шаттайгаар шилжүүлэх нь мөнгөний нийлүүлэлтийн савлагааг бууруулж, инфляцын дарамтыг хязгаарлахад дэмжлэг үзүүлнэ.

