Одоогийн сорилт
Банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ 2026 оны 8 дугаар сарын байдлаар 2.3 их наяд төгрөгт (нийт зээлийн 5.1 хувь) хүрээд байна. Өнөөдрийн байдлаар чанаргүй зээлийг шүүхийн журмаар барагдуулах үйл явцад дунджаар 6.2 жил зарцуулж байгаа нь банкнуудын их хэмжээний эх үүсвэрийг түгжиж, зээлийн хүүнд шингэх эрсдэлийн зардлыг нэмэгдүүлэх, шинээр зээл олгох боломжийг хязгаарлах үндсэн шалтгаан болж байна. Түүнчлэн хуримтлагдсан чанаргүй актив, түүнийг шийдвэрлэх тогтолцоо дутмаг, удаашралтай байдлаас хамаарч төлбөрийн чадваргүй болсон банкнуудын эрх хүлээн авах үйл ажиллагаа олон жил үргэлжилж байна. Манай Улсад банкны балансыг цэвэрлэх, царцсан хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах механизмыг олон улсын жишгийн дагуу бий болгоогүй, чанаргүй активыг мэргэжлийн түвшинд удирддаг “Актив удирдлагын мэргэшсэн институци (AMC)” байхгүй нь эрсдэлийг бууруулахад саад болж байна.
Стратегийн уялдаа
Монголбанкны дунд хугацааны стратеги (2026–2030)-д чанаргүй активыг бууруулах, Актив удирдлагын компанийн эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх зорилтыг тусгасан. Үүнд:
- Актив удирдлагын компанийн загварыг судалгаанд үндэслэн тодорхойлж, эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг боловсруулна.
- Чанаргүй активын шийдвэрлэлтийг актив чанарын үнэлгээтэй уялдуулна. Банкны салбарт хөндлөнгийн Актив чанарын үнэлгээ (AQR) хийлгэж, далд чанаргүй зээлийг ил тод болгосны үндсэн дээр актив удирдлагын компанид шилжүүлэх бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг дунд хугацаанд үе шаттай хэрэгжүүлнэ.
2027 онд хэрэгжүүлэх нарийвчилсан арга хэмжээ
- Олон улсын сайн туршлагад үндэслэн чанаргүй активыг хурдан, шуурхай, ил тод, хараат бусаар удирдах тогтолцооны шинэчлэлийг хийж Актив удирдлагын компанийн тухай анхдагч хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, шүүхийн бус журмаар үүргийн гүйцэтгэл хангуулах холбогдох хуулийн төслийг боловсруулан хууль санаачлагчид уламжилна.
- “Активыг ангилах, эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д шүүхийн шийдвэргүйгээр актив хасах нөхцөлийг тодорхой болгож, банкнуудаас чанаргүй зээлийг бууруулах тоон зорилт бүхий төлөвлөгөө шаардаж, хэрэгжилтэд хатуу хяналт тавина.
- Чанаргүй активыг худалдан авч, бүтцийн өөрчлөлт хийх, үнэ цэнийг нь өсгөж борлуулах чиг үүрэг бүхий хөрөнгийн удирдлагын мэргэшсэн Үндэсний Актив удирдлагын компанийг (AMC) байгуулах, түүний засаглал, тусгай эрх, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон хууль эрх зүйн орчныг Засгийн газартай хамтран бүрдүүлэх чиглэлээр ажиллана.
Хүлээгдэж буй үр дүн
Чанаргүй зээл болон барьцаа хөрөнгийг банкны балансаас тусгаарлаж, мэргэжлийн институцийн оролцоотой эдийн засгийн эргэлтэд оруулснаар банкнууд шинээр зээл олгох орон зай тэлнэ. Улмаар банкны үйл ажиллагааны зардал болон эрсдэлийн сангийн зардал бодитоор буурч, чанаргүй активын хоёрдогч зах зээл үүсэж, цахим платформоор зээл, хөрөнгийн арилжаа ил тод, нээлттэй хийгдэж дунд хугацаанд зээлийн хүү зах зээлийн зарчмаар тууштай буурах макро суурь бүрдэнэ. Бодит секторт зээлийн нийлүүлэлт өсөж, бизнес эрхлэгчдэд эдийн засгийн бодит дэмжлэг, хүртээмж нэмэгдэнэ. Чанаргүй зээлийг шийдвэрлэх тогтолцоо ажиллаж эхэлснээр аливаа хямралын үед гарч болзошгүй зардал, эрсдэлийг бууруулна.

