Монголбанк — Монгол Улсын Төв БанкМонголбанк
Зорилт 1.5

Алт худалдан авалт ба ESG стандарт

Арга хэмжээТөв банкны алт худалдан авалтын үйл ажиллагаанд байгаль орчин, нийгэм, засаглал (ESG)-ын олон улсын стандартыг уялдуулж, гарал үүсэл нь баталгаажсан, хариуцлагатай уул уурхай, алт олборлолтыг тэргүүн ээлжинд дэмжих бодлого баримталж, алт худалдан авалтаас банк хоорондын захад үүсэх илүүдэл нөөцийн инфляцад үзүүлэх нөлөөг тогтмол үнэлж, шаардлагатай тохиолдолд мөнгөний бодлогын хэрэгслээр шуурхай саармагжуулна.

Одоогийн сорилт

Олон улсын зах зээлийн шаардлага чангарч байна. Монголбанкны худалдан авсан алт олон улсын зах зээлд гарахдаа Лондонгийн үнэт металлын зах зээлийн холбооны итгэмжлэгдсэн цэвэршүүлэх үйлдвэрээр дамждаг бөгөөд эдгээр үйлдвэр “Хариуцлагатай алтны зөвлөмж”-ийн дагуу нийлүүлэгчийнхээ гарал үүслийг шалгах үүрэгтэй. Удирдамжийн сүүлийн хувилбаруудад байгаль орчин, хүний эрх, авлигатай тэмцэх шаардлага өргөжсөн тул төв банкны дотоодын худалдан авалтын хөтөлбөр ч хяналтын хүрээнд орж байна.

Төв банк дотоодоос үнэт металл худалдан авах нь нэг талаас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, экспортын орлогыг албан нөөцөд төвлөрүүлэх ач холбогдолтой боловч нөгөө талаас худалдан авалтын төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тохиолдолд банкны системд төгрөгийн илүүдэл нөөцийг бий болгодог. Ялангуяа, алтны үнэ, олборлолтын хэмжээ өссөн үед уг сувгаар бий болох төгрөгийн хэмжээ нэмэгдэж, банк хоорондын зах дахь төгрөгийн илүүдэл нөөцийг өсгөх замаар богино хугацааны хүүгийн хэлбэлзэл, улмаар инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

Иймд үнэт металл худалдан авалтаас бий болох төгрөгийн илүүдэл нөөцийн нөлөөг цаг тухайд нь тогтмол, зах зээлийн үйл ажиллагаатай уялдуулан саармагжуулах механизм бүрдүүлэх шаардлагатай байна. Одоогийн нөхцөлд уг нөлөөг голчлон уламжлалт нээлттэй захын үйл ажиллагааны хэрэгслээр удирдаж байгаа нь төв банкны төгрөгийн илүүдэл нөөцийг удирдах ачааллыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ банк хоорондын захын богино хугацааны хүү бодлогын хүүгийн орчмоос хэлбэлзэх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй.

Стратегийн уялдаа

Монголбанкны дунд хугацааны стратеги (2026-2030)-д тусгагдсан Төв банкны санхүүгийн чадавхыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжих хүрээнд Монголбанкнаас үнэт металл худалдан авалтыг хялбаршуулах, хариуцлагатай уул уурхайг дэмжиж үнэт металлын худалдан авалтаас шалтгаалан зах зээлд үүсэх төгрөгийн нөөцийн хэлбэлзлийг бууруулах бодлогыг баримтална.

2027 онд хэрэгжүүлэх нарийвчилсан арга хэмжээ

  • Алтны гарал үүсэл тодорхойлох арга хэрэгслийг бэхжүүлнэ. Нийлүүлэгчийг таньж мэдэх, алтны гарал үүслийн баримтыг бүртгэх журмыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилнэ.
  • Олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар дотоодын хариуцлагатай уул уурхайг дэмжинэ. Монголбанк нь 2024 онд Колумб, Эквадор, Филиппин улсын төв банкнуудын хамт “Лондонгийн зарчмууд”-д гарын үсэг зурж, бичил болон жижиг уурхайн хариуцлагатай олборлолтыг дэмжсэн анхны дөрвөн төв банкны нэг болсон. Энэ хүрээнд Швейцарийн Хариуцлагатай Алтны Холбоо болон Аргор-Хераеус үнэт металл цэвэршүүлэх үйлдвэртэй Монгол улсаас хариуцлагатайгаар олборлосон алтыг гарал үүслийг тодорхойлон Швейцарийн зах зээл рүү нийлүүлэх, худалдсан алтны грамм тутмаас тухайн уурхайд урамшуулал олгох төсөл, хөтөлбөр эхлүүлсэн бөгөөд тус хөтөлбөрийг үргэжлүүлэн хэрэгжүүлнэ.
  • Төв банкны худалдан авсан үнэт металлын хэмжээтэй дүйцүүлж гадаад валютыг нийлүүлэх механизмыг судалж, үе шаттайгаар нэвтрүүлнэ. Дотоодын зах зээлээс үнэт металл худалдан авахад шинээр бий болсон төгрөгийн хэмжээнд дүйцэх гадаад валютыг зах зээлийн зарчим, урьдчилан тодорхойлсон дүрэмд үндэслэн дотоодын валютын захад үе шаттайгаар борлуулах боломжийг судална. Ингэхдээ үнэт металл худалдан авалтын хэмжээ, хугацаа, төлбөрийн урсгал болон банкны системийн хөрвөх чадварт үзүүлэх нөлөөг урьдчилан тооцож, түүнд харгалзах валютын борлуулалтын хэмжээг тогтоох, валютын захад үзүүлэх огцом нөлөөллөөс сэргийлэн борлуулалтыг тодорхой хугацаанд жигд хуваарилах зарчмыг судална. Энэ нь валютын ханшийн хэлбэлзлийг удирдахаас илүүтэй алт худалдан авалтаас үүссэн төгрөгийн нөлөөг тэнцвэржүүлэх, мөнгөний бодлогын хэрэгжилтийг зах зээлийн зарчимтай нийцүүлэх зорилгоор боломжит хувилбараар хэрэгжүүлж эхэлнэ.

Хүлээгдэж буй үр дүн

Монголбанкны худалдан авсан алт нь Лондонгийн үнэт металлын зах зээлийн холбооны шаардлагыг бүрэн хангаснаар олон улсын зах зээлд саадгүй борлогдож, гадаад валютын улсын нөөцийг тогтвортой нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ. Швейцарийн Хариуцлагатай Алтны Холбоо болон Аргор-Хераеус үнэт металл цэвэршүүлэх үйлдвэртэй хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээр алтны гарал үүсэлт тодорхойлох журам стандартууд шинэчлэгдэж, хөтөлбөрт хамрагдсан хариуцлагатай уурхайнуудад шууд санхүүгийн урамшуулал бий болно.

Дээр дурьдсан механизмыг хэрэгжүүлснээр үнэт металл худалдан авалтаас банкны системд бий болох нэмэлт төгрөгийн илүүдэл нөөцийн нөлөөг түүнд дүйцэх хэмжээний гадаад валютыг зах зээлийн зарчимд нийцүүлэн борлуулах замаар тэнцвэржүүлж, банк хоорондын захын богино хугацааны хүүгийн хэлбэлзлийг бууруулах, мөнгөний бодлогын шилжих механизмын үр нөлөөг сайжруулах, хөрвөх чадварын удирдлагын уян хатан байдлыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ. Ингэснээр алт худалдан авалтын үйл ажиллагааг гадаад валютын нөөцийн удирдлага болон мөнгөний захын төгрөгийн нөөцийг удирдах үйл ажиллагаатай уялдуулж, мөнгөний нийлүүлэлтээр дамжин инфляцад үзүүлэх дарамтыг сааруулах боломж нэмэгдэнэ.