Одоогийн сорилт
Гадаад худалдааны ашиг, банкнуудын гадаад эх үүсвэрийн өсөлт нь валютын урсгал болон Монголбанкны гадаад валютын ажиллагаагаар дамжин банкны системийн төгрөгийн нөөцөд нөлөөлж болно. Гэхдээ эдгээр урсгал нь дангаараа бүтцийн илүүдэл нөөцийг шууд бий болгодоггүй бөгөөд төсвийн мөнгөн урсгал, Монголбанкны гадаад валютын интервенц, нээлттэй захын үйл ажиллагаа болон бусад балансын хүчин зүйлээс хамаарна. Илүүдэл нөөц нь богино хугацааны банк хоорондын захын хүүг бодлогын хүүгийн зорилтот түвшнээс зөрүүлэх хэмжээнд хүрвэл мөнгөний бодлогын дамжих механизмыг сулруулах эрсдэлтэй. Үүний зэрэгцээ бодлогын шийдвэрт ашиглаж буй зах зээлийн тоон мэдээлэл хугацааны хоцрогдолтой байгаа нь банкны систем дэх илүүдэл нөөцийн хэмжээ, бүтэц, төвлөрөл, хугацааны өөрчлөлтийг шуурхай үнэлэх боломжийг хязгаарлаж байна. Улмаар зах зээлийн нөхцөлд нийцсэн бодлогын шийдвэрийг цаг тухайд нь гаргахгүй байх, мөнгөний бодлогын хэрэгжилтийн үр нөлөө буурах эрсдэл үүсэж байна.
Стратегийн уялдаа
Монголбанкны дунд хугацааны стратеги (2026-2030)-д тусгагдсан мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд олон улсын сайн туршлагад тулгуурлан мөнгөний бодлогын хэрэгслүүдийг хөгжүүлж, банк хоорондын захын илүүдэл нөөцийн удирдлагыг боловсронгуй болгон, мөнгөний бодлогын шилжих механизмыг сайжруулахаар зорьж байна. Тодруулбал, банк хоорондын зах дахь нөөцийн хэмжээнд нөлөөлж буй бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох үйл ажиллагааг хялбаршуулж, мөнгөний бодлогын шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллийг шуурхай цуглуулах, нэгтгэх, боловсруулах мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, нөхцөл байдалд тохирсон арга хэмжээг шуурхай хэрэгжүүлнэ.
2027 онд хэрэгжүүлэх нарийвчилсан арга хэмжээ
- Төв банкны одоогийн хэрэгслүүдийг олон улсын сайн жишигтэй харьцуулан судалж, мөнгөний бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай өөрчлөлтийг оруулна: Мөнгөний бодлогын үйл ажиллагааны зорилт болох банк хоорондын захын хүү бодлогын хүүгийн орчимд тогтворжуулах нь мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулж, бодлогын хүүгийн дамжих сувгийг үр ашигтай болгоход чухал нөлөөтэй. Үүний тулд төв банкны хэрэгслүүдийн хүү, хугацаа, давтамж, хамрагдах этгээд болон барьцааны нөхцөлийг үйл ажиллагааны зорилттой уялдуулах зайлшгүй шаардлагатай. Иймд, Монголбанкны мөнгөний бодлогын хэрэгслүүдийг олон улсын техник туслалцааны багтай хамтран үнэлж, богино хугацааны захын хүүг бодлогын хүүгийн орчимд тогтворжуулах, банк хоорондын захын үйл ажиллагааг дэмжих, бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сайжруулалт, өөрчлөлтийг үе шаттай хэрэгжүүлнэ.
- Банкны системийн илүүдэл нөөцийн хэмжээ, бүтэц, төвлөрөл болон хугацааны өөрчлөлтийг бодит цагийн горимоор тогтмол хянах, үнэлэх системийг хөгжүүлнэ: Тус системд гүйлгээнд байгаа бэлэн мөнгө, төсвийн нэгдсэн дансны урсгал, гадаад валютын ажиллагаа, төлбөр тооцооны улирлын хэлбэлзэл, заавал байлгах нөөцийн хангалт болон банкнуудын илүүдэл нөөцийн эрэлтийг нэгтгэсэн өдөр тутмын богино хугацааны таамаглалыг ашиглана. Таамаглалын алдаа, бүтцийн өөрчлөлт болон банкнуудын хоорондын нөөцийн төвлөрлийг тогтмол шинжилж, мөнгөний бодлогын үйл ажиллагаа, хэмжээ, хугацаа, давтамжийг уг үнэлгээнд үндэслэн тохируулна. Өөрөөр хэлбэл, банкны системийн төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, нөөцийн урсгал болон түүнд нөлөөлөгч гол хүчин зүйлсийн тоон мэдээллийг холбогдох эх үүсвэрээс цаг тухайд нь шуурхай авч, нэгтгэн боловсруулж, дүн шинжилгээ хийх системийг үе шаттайгаар хөгжүүлнэ.
- Банкны системийн илүүдэл нөөцийг удирдах хэрэгслүүдийн оновчтой хослолыг үйл ажиллагаандаа ашиглана: Банкны систем дэх төгрөгийн илүүдэл нөөцийг шингээхдээ хүүгийн зардлыг оновчтой байлгах, банкнуудын зээлийн хүү өсөх дарамтаас сэргийлэх үүднээс бодлогын хэрэгслүүдийн уян хатан хослолыг ашиглана. Тухайлбал, богино хугацаат ТБҮЦ-нд дангаар түшиглэхээс зайлсхийж үнэт цаасны хугацааг уртасгах, ЗБН-ийн хувь хэмжээг тогтоохдоо эх үүсвэрийн хугацаанаас хамааруулан ЗБН-ийн хувь хэмжээг харилцан адилгүй тогтоох механизмыг хэрэгжүүлнэ. Түүнчлэн банкны систем дэх илүүдэл нөөцийн нөхцөл байдалд тохируулан нээлттэй захын үйл ажиллагаа болон байнгын хэрэгслүүд гэх мэт бодлогын хэрэгслүүдийн оновчтой хослолыг ашиглан нөөцийн илүүдэл, дутагдлыг удирдах арга хэмжээ авч ажиллана.
Хүлээгдэж буй үр дүн
Дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр банкны системийн илүүдэл нөөцийн хэмжээ, бүтэц, төвлөрөл, хугацааны өөрчлөлтийг бодит цагийн горимоор тогтмол хянах, богино хугацааны төлөвийг илүү нарийвчлалтай тооцох, болзошгүй хэлбэлзэл болон эрсдэлийг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр нөөцийн таамаглалын чанар сайжирч, зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн мөнгөний бодлогын хэрэгслийн хэмжээ, хугацаа болон хэрэгжүүлэх давтамжийг оновчтой тодорхойлох, шаардлагатай тохиолдолд богино хугацааны тохируулгын үйл ажиллагааг шуурхай хэрэгжүүлэхэд мэдээлэл, шинжилгээний дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр бодлогын хүүгийн дамжих механизм бэхжиж, илүүдэл нөөцөөс үүдэлтэй инфляц, ханш болон санхүүгийн зах зээлийн хэлбэлзлийн эрсдэлийг буурах нөхцөл бүрдэнэ. Үүний үр дүнд Монголбанк нээлттэй зах зээлийн, байнгын санхүүжилтийн болон бусад хэрэгслүүдийг шаардлагатай цаг тухайд нь, мэдээлэлд суурилсан байдлаар ашиглаж, инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах үндсэн зорилтоо илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг болно.

