Монголбанк — Монгол Улсын Төв БанкМонголбанк
Зорилт 2.8

Мөнгө угаахтай тэмцэх (ФАТФ)

Арга хэмжээСанхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын техник хэрэгжилтийн 40 зөвлөмж, үр дүнтэй байдлын 11 шууд хэрэгжилтийн шалгуурт нийцүүлэн банкны салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлж, ФАТФ-ын харилцан үнэлгээнд бэлтгэнэ.

Одоогийн сорилт

Технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ хурдацтай хөгжиж, хил дамнасан хөрөнгийн урсгалын цар хүрээ, хэмжээ нэмэгдэхийн хэрээр олон улсын эрх бүхий байгууллагаас хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ, шаардлага чангарч, арга хэлбэр улам нарийсаж байна. Энэ нь банкны салбарыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх (МУТС/ҮОХЗДС) зорилгоор ашиглах шинэ эрсдэл, сорилт бий болж байна. Эдгээр эрсдэлийг зохих түвшинд удирдаагүй тохиолдолд олон улсын корреспондент харилцаа хязгаарлагдах, хил дамнасан төлбөр тооцоо болон гадаад санхүүжилтийн сувагт хүндрэл үүсэх, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, улмаар улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.

Иймд банкны салбарын МУТС/ҮОХЗДС-тэй тэмцэх тогтолцооны үр нөлөөг нэмэгдүүлэх, эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, чадавхыг бэхжүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг олон улсын стандарт болон эрсдэлийн өөрчлөлттэй уялдуулан боловсронгуй болгох шаардлагатай. Ингэснээр Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төлбөр тооцооны тасралтгүй ажиллагааг дэмжих, олон улсын санхүүгийн тогтолцооны итгэлцлийг хадгалахад чиглэнэ.

Стратегийн уялдаа

Монголбанкны дунд хугацааны стратеги (2026-2030)-ийн санхүүгийн тогтвортой байдал, өгөгдөлд суурилсан хяналт шалгалтыг бэхжүүлэх чиглэлийн хүрээнд банкны салбар дахь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэн, Монгол Улсын Харилцан үнэлгээний үр дүнг сайжруулах, харилцан үнэлгээний бэлэн байдлыг хангахаар тусгасан. Үүнд:

  • Банкны салбар дахь МУТСТ хууль, эрх зүйн орчныг олон улсын стандартад нийцүүлэх, салбарын хүний нөөцийг мэргэшүүлнэ.
  • МУТСТ чиглэлээр банкны хяналт шалгалтын дотоод болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл солилцох, хамтарсан үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлнэ.
  • МУТСТ чиглэлээр хийж буй хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил, дутагдалд тохирсон, үр нөлөөтэй, дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц арга хэмжээ, шийтгэлийг оногдуулах, тогтолцоог боловсронгуй болгоно.
  • Банкны салбар дахь МУТСТ тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэх хүрээнд хяналт шалгалтын технологи, сайн туршлагыг нэвтрүүлнэ.

2027 онд хэрэгжүүлэх нарийвчилсан арга хэмжээ

  • Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын техник хэрэгжилтийн 40 зөвлөмж, үр дүнтэй байдлын 11 шууд хэрэгжилтийн шалгуурын дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын тогтолцоог үнэлж, Үндэсний эрсдэлийн үнэлгээг шинэчилж, илэрсэн эрсдэл, дутагдлыг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, ФАТФ-ын харилцан үнэлгээнд бэлтгэнэ. Энэхүү зорилтын хүрээнд 2027 онд банкны салбарын техник хэрэгжилт болон үр дүнтэй байдлыг үнэлж, дутагдлыг тодорхойлох, залруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Харилцан үнэлгээнд шаардлагатай нотлох баримт, статистик болон хяналт шалгалтын үр дүнгийн бэлтгэлийг хангана. Мөн Үндэсний эрсдэлийн үнэлгээ болон бодлогын баримт бичгийн шинэчлэлтэй уялдуулан банкны салбарын эрсдэл, тэргүүлэх чиглэлийг тодорхойлно. Үүнд:
  • ФАТФ-ын техник хэрэгжилтийн 40 зөвлөмж, үр дүнтэй байдлын 11 шууд хэрэгжилтийн шалгуурын дагуу банкны салбарын техник хэрэгжилт, үр дүнтэй байдалд өөрийн үнэлгээ хийж, илэрсэн дутагдлыг арилгах арга хэмжээг тодорхойлсон төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ.
  • МУТС Үндэсний эрсдэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн Үндэсний хөтөлбөрийг шинэчлэх саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.
  • Харилцан үнэлгээнд шаардагдах банкны салбарын статистик мэдээлэл, хяналт шалгалтын үр дүн, зөрчил дутагдалд авсан арга хэмжээ болон бодит үр нөлөөг нотлох мэдээллийн санг бүрдүүлж, тогтмол шинэчилнэ.
  • Банкны салбар дахь МУТС/ҮОХЗДС-тэй тэмцэх хууль, эрх зүйн орчин, хяналт шалгалтын процессийг шинэчлэх, хянан шалгагчийн чадавхыг бэхжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.
  • МУТС/ҮОХЗДС-тэй тэмцэх чиглэлээр банкны хяналт шалгалтын дотоод болон гадаад хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог өргөжүүлж, харилцан үнэлгээний бэлтгэл, уялдааг хангана.
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлж, үнэлгээний үр дүнд үндэслэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах. Санхүүгийн үйлчилгээ цахимжиж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ өргөжихийн хэрээр харилцагчийг цахимаар таньж мэдэх, улс төрд нөлөө бүхий этгээд, эцсийн өмчлөгч болон хариуцлагын тогтолцоотой холбоотой зохицуулалтыг практик хэрэгжилт, эрсдэлийн түвшинтэй уялдуулан тодорхой болгох сорилтууд үүсээд байна. Иймд хууль тогтоомж, журам, зааврын хэрэгжилтийн үр дагаврыг үнэлж, зөрчил, давхардал, хийдлийг арилгах, үндэсний эрсдэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн олон улсын стандартад нийцүүлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналыг боловсруулан хууль санаачлагчид уламжилна. Үүнд:
  • МУТСТ хууль тогтоомж, холбогдох журам, зааврын банкны салбарт хамаарах зохицуулалтын хэрэгжилтийн үр дагаврыг үнэлж, шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийн багц санал боловсруулж хууль санаачлагчид уламжилна.
  • Харилцагчийг зайнаас таньж мэдэх, цахим баталгаажуулалт хийхэд тавих МУТСТ шаардлагыг тодорхой болгоно.
  • Улс төрд нөлөө бүхий этгээдийн тодорхойлолт, хамрах хүрээ, гэр бүлийн гишүүн болон холбоо хамааралтай этгээдийн зохицуулалтыг тодорхой болгох санал боловсруулж журмын өөрчлөлтийг хийх, хуульд орох нэмэлт өөрчлөлтийн санал боловсруулж хууль санаачлагчид уламжилна.
  • Эцсийн өмчлөгчийг тодорхойлох өмчлөлд суурилсан босгыг 33 хувиас 25 хувь болгон бууруулах, шаардлагатай бол хууль, журамд оруулах өөрчлөлтийн талаар санал боловсруулж, хууль санаачлагчид уламжилна.
  • МУТСТ чиглэлээр хийж буй хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил, дутагдалд тохирсон, үр нөлөөтэй, дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэхүйц арга хэмжээ, шийтгэлийг оногдуулах, тогтолцоог боловсронгуй болгох саналыг боловсруулж, хууль санаачлагчид уламжилна.
  • Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг боловсронгуй болгох. Банк тус бүрийн МУТС/ҮОХЗДС-ийн эрсдэл нь харилцагч, бүтээгдэхүүн, үйлчилгээ, газар зүйн байршил, гүйлгээ, технологи, корреспондент харилцаа болон хориг арга хэмжээний өртөлтөөс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Иймд нөөцийг өндөр эрсдэлтэй банк, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, гүйлгээнд төвлөрүүлэх, зайны болон газар дээрх хяналт шалгалтын уялдааг сайжруулах, өгөгдөлд суурилсан технологийг ашиглах замаар зөрчил, эрсдэлийг эрт илрүүлэх чадавхыг бэхжүүлнэ. Мөн хил дамнасан төлбөр тооцоо, худалдааны санхүүжилт, хоригийг тойрон гарах, сэжигтэй гүйлгээ мэдээлэх үйл ажиллагааг тэргүүлэх чиглэлд тусгана. Үүнд:
  • Банкны салбарт Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх, гуравдагч орны гаргасан хориг арга хэмжээтэй холбоотой эрсдэлийн удирдлагыг үнэлж, хориг арга хэмжээнээс зайлсхийх, өндөр эрсдэлтэй хил дамнасан гүйлгээ, корреспондент харилцаа болон худалдааны санхүүжилтийн эрсдэлийг хяналт шалгалтын тэргүүлэх чиглэлд тусгана;
  • Банк тус бүрийн МУТС эрсдэлийн хувийн хэргийг шинэчлэх, харилцагч, бүтээгдэхүүн, газар зүй, гүйлгээ, технологи болон эрсдэлийг бууруулах арга хэмжээний хэрэгжилтийг үнэлэх арга, хэрэгслийг боловсронгуй болгон, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ;
  • Гадаад худалдааны төлбөр тооцоо, гаалийн болон холбогдох бусад мэдээллийн уялдааг сайжруулах чиглэлээр эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж, санхүүгийн урсгалын эрсдэлийг илрүүлэх, бууруулахад шаардлагатай бодлого, зохицуулалтын дэмжлэг үзүүлнэ;
  • Сэжигтэй гүйлгээг илрүүлэх, мэдээлэх тогтолцоонд цахим залилан, луйвартай холбоотой эрсдэлийг тусгаж, холбогдох байгууллагын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог бэхжүүлнэ;
  • Банкны салбар дахь МУТС/ҮОХЗДС-тэй тэмцэх тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэх хүрээнд хяналт шалгалтын технологи, сайн туршлагыг нэвтрүүлж, хянан шалгагчдын чадавхыг бэхжүүлнэ.
  • Хяналт шалгалтаар нийтлэг болон давтагдсан зөрчил, эрсдэлийн чиг хандлагыг банкны салбарт тогтмол мэдээлж, эрсдэлийн талаарх ойлголт, урьдчилан сэргийлэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлнэ.

Хүлээгдэж буй үр дүн

Банкны салбарын МУТС/ҮОХЗДС-тэй тэмцэх тогтолцооны үр нөлөө, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын хамрах хүрээ, чанарыг нэмэгдүүлж, ФАТФ-ын техник хэрэгжилтийн 40 Зөвлөмж болон Үр дүнтэй байдлын 11 шууд хэрэгжилтийн шалгуурын хэрэгжилтийн үнэлгээ, шинжилгээг бүрэн хийсэн байна. Илэрсэн хууль, эрх зүйн болон хяналт шалгалтын дутагдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж, банкнуудын эрсдэлийн удирдлага, хориг арга хэмжээний хэрэгжилт, дотоод хяналтын үр нөлөөг дээшлүүлсэн байна. ФАТФ-ын Харилцан үнэлгээний бэлтгэл хангагдаж, корреспондент харилцаа өргөжиж, банкны салбарт мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үр дүнтэй бүрдүүлнэ.