Одоогийн сорилт
Олон улсын төлбөр тооцооны банк (BIS) болон төв банкнуудын хөгжлийн чиг хандлагаас үзэхэд их өгөгдөл, хиймэл оюун, дэвшилтэт аналитикийн хэрэглээ сүүлийн жилүүдэд Төв банкны үйл ажиллагаанд эрчимтэй нэвтэрч байна. Өнөөгийн гол сорилт нь өгөгдлийн хэмжээ, төрөл, ашиглалтын хэрэгцээ хурдацтай нэмэгдэж буй нөхцөлд байгууллагын хэмжээнд өгөгдлийн нэгдсэн стандарт байхгүй, мэдээлэл солилцох хүрээнд мэдээллийг ашиглах, эзэмшихтэй холбоотой урсгалыг зохицуулах, хянах, хариуцлага, чанарын хяналт, аюулгүй байдлыг хангах зэрэг олон үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах, удирдах шаардлага үүсээд байна. Иймээс эдгээр бүх үйл ажиллагааг агуулсан өгөгдлийн нэгдсэн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх нэн чухал болоод байна. Төв банкны үйл ажиллагаанд өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, дэвшилтэт шинжилгээ, хиймэл оюуны хэрэглээг нэмэгдүүлэхэд өгөгдлийн эх үүсвэрийн зөрүү, давхардал, чанарын асуудал, нэр томьёо болон тодорхойлолтын нэгдмэл бус байдал зэрэг нь өгөгдлийг шуурхай, найдвартай ашиглахад хүндрэл учруулах эрсдэлтэй болж байна. Мөн өгөгдлийг аль нэгж эзэмших, хэн ашиглах эрхтэй байх, чанарыг хэн хариуцах, ямар түвшинд хамгаалах зэрэг асуудлыг байгууллагын хэмжээнд нэг мөр зохицуулах шаардлага улам бүр нэмэгдэж байна. Иймээс технологийн дэд бүтцийг хөгжүүлэхээс гадна өгөгдлийн чанар, стандарт, эзэмшил, хариуцлага, хүртээмж, хамгаалалтыг уялдуулсан нэгдсэн өгөгдлийн засаглалын тогтолцоог төлөвшүүлэх нь тулгамдсан сорилт болж байна.
Стратегийн уялдаа
Монголбанкны дунд хугацааны стратеги (2026-2030)-д өгөгдлийн нэгдсэн засаглалыг болгох, мэдээлэл солилцооны бүтцийг хөгжүүлэх (API), өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэвтрүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар өгөгдлийн нэгдсэн удирдлагын тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөж байна.
- Өгөгдлийн засаглалын суурийг бүрдүүлэх
- Өгөгдөл солилцоо, боловсруулалтыг автоматжуулах
- Өгөгдөл суурилсан шийдвэр гаргалтыг төлөвшүүлэх
2027 онд хэрэгжүүлэх нарийвчилсан арга хэмжээ
- Монголбанкны өгөгдлийн нэгдсэн засаглалыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Өгөгдлийн зөвлөлийг байгуулж, зөвлөлийн ажиллах журмыг батална.
- Өгөгдөл хүлээн авах, дамжуулах нэгдсэн мэдээллийн системийн үйл ажиллагааг боловсронгуй болгож, банк, санхүүгийн салбарын өгөгдлийг нэгдсэн орчинд хүлээн авах, боловсруулах, солилцох API системийг (SupTech & RegTech) нэвтрүүлнэ.
- Өгөгдөл суурилсан хиймэл оюун, дэвшилтэт аналитик арга хэрэгслийг ашиглан санхүүгийн салбарын эрсдэлийн өөрчлөлт, болзошгүй эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэрэмжлүүлэх тогтолцоог хөгжүүлж, холбогдох оролцогчдод шаардлагатай мэдээлэл, сэрэмжлүүлгийг шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Хүлээгдэж буй үр дүн
Өгөгдлийн чанар, эзэмшил, хариуцлага, ашиглалтын нэгдсэн зохицуулалтыг бий болгон, шийдвэр гаргах хурд нэмэгдсэнээр мэдээллийн нэгдмэл байдал, өгөгдөл, мэдээллийн урсгалын хяналт, хариуцлага сайжирч төв банкны институтийн чадавхыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм. Мөн олон улсын төв банкнуудын сайн туршлагыг (SupTech) нэвтрүүлэх замаар мэдээлэл солилцооны стандартыг боловсруулан API сервисээр дамжуулан бодит цагийн горимоор мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлнэ. Мөн уламжлалт байдлаар мэдээллийг хугацааны хоцрогдолтой цуглуулж, өнгөрсөн үйл явдалд дүн шинжилгээ хийдэг арга барилаас татгалзаж, бодлогын зорилт, зохицуулалтын шаардлага, эрсдэлийн шалгуурыг салбар хоорондын мэдээллийн систем, технологийн шийдэлд урьдчилан шингээсэн өгөгдөлд суурилсан удирдлагын тогтолцоонд үе шаттайгаар шилжихэд оршино. Ингэснээр бодлогын хэрэгжилтийг зөвхөн тайлан, дүн шинжилгээгээр үнэлэх бус, шаардлагатай шалгуур, хяналтын механизмыг системийн түвшинд хэрэгжүүлж, эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
- Монголбанкны өгөгдлийн нэгдсэн удирдлага, засаглалын тогтолцоо бүрдэж, банк, санхүүгийн салбарын холбогдох байгууллагуудын мэдээлэл солилцоо нэгдсэн стандарт, технологийн шийдэлд шилжин, өгөгдлийн чанар, хүртээмж, уялдаа холбоо, ашиглалтын үр ашиг дээшилнэ.
- Өгөгдөл боловсруулах, нэгтгэх, хянах үйл явцыг автоматжиж, гар ажиллагаа, хүний оролцоо, мэдээлэл боловсруулах хугацаа болон үйл ажиллагааны ачаалал буурна. Ингэснээр байгууллагын үйл ажиллагааны шуурхай байдал, бүтээмж, институцын чадавх бэхжинэ.
- Өгөгдөлд суурилсан дэвшилтэт аналитик, хиймэл оюуны шийдлийг ашиглан банкны систем, санхүүгийн салбарын эрсдэлийг өндөр давтамжтай болон бодит цагийн мэдээлэлд тулгуурлан эрт илрүүлэх, урьдчилан сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх чадавх бүрдэнэ.

