Одоогийн сорилт
Финтек болон цахим зээлийн үйлчилгээ хурдацтай хөгжиж, санхүүгийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдал нэмэгдэж байгаа боловч үүний зэрэгцээ нэг зээлдэгчид олон эх үүсвэрээс давхар зээл олгогдож, улмаар өрийн дарамт өсөх, санхүүгийн эмзэг байдал нэмэгдэх эрсдэл бий болж байна. Макро зохистой бодлогын хүрээнд өр, орлогын харьцаанд хязгаар тогтоож, хэрэглээний зээлийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авч байгаа хэдий ч аппликейшнд суурилсан цахим зээлийн үйлчилгээ эрчимжиж, зээлдэгч богино хугацаанд олон эх үүсвэрээс зээл авах боломж нэмэгдсэнээр зээлийн мэдээллийг шуурхай нэгтгэж, зээлдэгчийн нийт өр төлбөр, санхүүгийн үүрэг, өрийн дарамтыг үр дүнтэй хянах шаардлага улам чухлаар тавигдаж байна.
Гэвч одоогийн зээлийн мэдээлэл нийлүүлэлтийн давтамж, хамрах хүрээ, систем хоорондын харилцан ажиллах чадварын хязгаарлалт нь зээлдэгчийн нийт өр төлбөр, орлогын мэдээллийг бодит цагийн горимоор нэгтгэн, өр, орлогын харьцааг тооцож, өрийн дарамтын өөрчлөлтийг тухай бүр хянах боломжийг хязгаарлаж байна. Энэ цоорхойг арилгах нь зээлдэгчийн өрийн дарамтыг эрт илрүүлж, санхүүгийн тогтвортой байдалд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах тогтолцооны суурийг бэхжүүлэх гол урьдач нөхцөл болж байна.
Энэхүү суурийг бүрдүүлэхэд зээлийн мэдээллийн эрх зүй, дэд бүтцийн орчныг цогцоор нь шинэчлэх шаардлагатай. Зээлийн мэдээллийн тухай хууль 2011 онд батлагдсанаас хойш санхүүгийн зах зээл, технологи, зээлийн мэдээллийн үйлчилгээний бүтэц, олон улсын зохицуулалтын шаардлага эрчимтэй өөрчлөгдсөн боловч эрх зүйн орчин үүнтэй уялдан шинэчлэгдээгүй байна. Монголбанкнаас 2021 онд хувийн зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгчдэд тусгай зөвшөөрөл олгож, төр, хувийн хэвшлийн оролцоонд тулгуурласан тогтолцоог бүрдүүлсэн бөгөөд одоо зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл нийлүүлэлтийг шинэчилсэн протоколд шилжүүлэх техникийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, мэдээллийн стандартчилал, систем хоорондын харилцан ажиллах чадварыг сайжруулах суурийг тавьж байна. Гэсэн хэдий ч мэдээллийн чанар, өгөгдлийн засаглал, нууцлал, хэрэглэгчийн эрхийн хамгаалалт, маргаан шийдвэрлэх механизм, зээлжих зэрэглэлийн онооны хэрэглээ, түүнчлэн төр, хувийн хэвшлийн зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгчдийн чиг үүргийн уялдааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн цаашид сайжруулах шаардлагатай хэвээр байна.
Мэдээллийн хүртээмж, ашиглалтыг нэмэгдүүлэх дараагийн чиглэл нь хэрэглэгчийн зөвшөөрөлд үндэслэн санхүүгийн мэдээллийг аюулгүй, стандартчилсан хэлбэрээр солилцох зарчимд суурилсан нээлттэй банкны тогтолцоог судалж, нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах явдал юм. Үүний хүрээнд 2027-2028 онд тус тогтолцоог судалж, Монгол Улсад хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах бол 2029-2030 онд буюу дунд хугацаанд нээлттэй банкны тогтолцоог үе шаттай нэвтрүүлнэ. Үүний зэрэгцээ финтек, цахим зээлийн үйлчилгээний өсөлттэй уялдан мэдээллийн аюулгүй байдал, алгоритмын ил тод байдал, хэрэглэгчийн эрхийн хамгаалалт, мэдээлэл нийлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгчдийн хариуцлагыг тодорхой болгосон, тэдгээрийн үйл ажиллагааны онцлогт нийцсэн зохицуулалт, хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох шаардлага нэмэгдэж байна.
Дүгнэж хэлбэл, зээлийн мэдээллийн эрх зүйн орчин, мэдээллийн дэд бүтэц, систем хоорондын харилцан ажиллах чадвар, нээлттэй банкны мэдээлэл солилцооны орчин, финтек, цахим зээлийн үйлчилгээний зохицуулалт, хяналт шалгалтыг харилцан уялдаатайгаар боловсронгуй болгож, бодит цагийн мэдээлэлд үндэслэн зээлдэгчийн нийт өр төлбөр, санхүүгийн үүрэг, орлогыг тодорхойлж, өр, орлогын харьцаа болон бусад үзүүлэлтээр өрийн дарамтын өөрчлөлтийг хянах эрт сэрэмжлүүлэх тогтолцооны суурийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Түүнчлэн Олон улсын валютын сан (ОУВС)-гийн 2026 оны Дүрмийн IV зүйлийн зөвлөлдөх хэлэлцүүлэг болон Дэлхийн банкны 2026 оны "Mongolia Economic Update: Maintaining Stability and Resilience" тайланд санхүүгийн салбарын эрсдэл даах чадвар, зээлийн мэдээллийн тогтолцоо, эрсдэлд суурилсан хяналт шалгалт, банк болон банк бус санхүүгийн байгууллагын зохицуулалтын уялдаа, өр, орлогын харьцаатай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагыг тус тус онцолсон нь дээрх шинэчлэлийн хэрэгцээг улам бататгаж байна.
Стратегийн уялдаа
Монголбанкны дунд хугацааны стратеги (2026-2030)-ийн баримт бичигт санхүүгийн тогтвортой байдлыг хангахад зээлийн мэдээллийн тогтолцоог сайжруулах, нээлттэй банкны дэд бүтцийн суурийг бүрдүүлэх, финтек суурьтай зээлийн үйлчилгээний зохицуулалт, хэрэглэгчийн мэдээлэл хамгаалалт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох арга хэмжээг тусгасан. Үүнд:
- Зээлийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, хууль санаачлагчид уламжилна.
- Зээлжих зэрэглэлийн оноо, төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан зээлдэгч бүрийн орлогын дүн, өр-орлогын харьцааг тооцох аргачлалыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулна.
- API-д суурилсан нээлттэй банкны дэд бүтцийн суурийг бүрдүүлж, үе шаттайгаар нэвтрүүлнэ.
- Финтек суурьтай зээлийн үйлчилгээний зохицуулалт, хэрэглэгчийн мэдээлэл хамгаалалт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоно.
2027 онд хэрэгжүүлэх нарийвчилсан арга хэмжээ
- Зээлийн мэдээллийн сангийн шинэчлэл: Зээлийн мэдээллийн сангийн технологийн дэд бүтэц, мэдээллийн стандарт, чанар, хамрах хүрээг боловсронгуй болгож, зээлдэгчийн нийт өр төлбөр, орлогын мэдээлэлд үндэслэн өр, орлогын харьцааг тооцож, өрийн дарамтыг хязгаарлах, мэдээллийг бодит цагийн горимоор шуурхай хүлээн авах, боловсруулах, шинэчлэх чадавхыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч болон мэдээлэл нийлүүлэгчид тавих хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлнэ. Үүнд:
- Зээлийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үзэл баримтлал болон шаардлагатай үр нөлөөний үнэлгээг боловсруулж, холбогдох байгууллага, оролцогч талуудаас санал авч эцэслэн боловсруулж хууль санаачлагчид хүргүүлэх;
- Зээлийн мэдээллийн тухай хуультай нийцүүлэн холбогдох хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг боловсруулж, эрх зүйн зохицуулалтын хоорондын уялдааг хангана.
- Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтын шалгуур, аргачлал, давтамжийг нарийвчлан тодорхойлж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлнэ.
- Мэдээлэл нийлүүлэгчийн мэдээлэл нийлүүлэх үүрэг, хариуцлага, нийлүүлэх хугацаа, мэдээллийн чанар, бүрэн бүтэн байдлын шаардлагад тавих хяналтыг тодорхой болгож, зөрчлийн хариуцлагын механизмыг сайжруулна.
- Зээлийн мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг орчин үеийн мэдээлэл солилцооны шаардлагад нийцүүлэн үе шаттайгаар сайжруулж, мэдээлэл хүлээн авах, баталгаажуулах, боловсруулах, хадгалах, шинэчлэх үйл ажиллагааны техникийн шаардлагыг боловсронгуй болгон мөрдүүлнэ.
- Зээлийн мэдээллийн хамрах хүрээг нэмэгдүүлж, мэдээлэл нийлүүлэгч байгууллагуудын системийн бэлэн байдал, мэдээлэл нийлүүлэх техникийн нийцлийг ханган, бодит цагийн мэдээлэл солилцооны хэрэгжилтэд хяналт тавина.
- Төрийн мэдээлэл солилцооны систем болон мэдээлэл хариуцагчийн системтэй мэдээлэл солилцох техникийн боломжийг бүрдүүлж, зээлдэгчийн орлогын мэдээлэл, нийт өр төлбөр болон өр, орлогын харьцааг тооцохтой холбоотой шаардлагыг тодорхойлон хэрэгжүүлнэ.
- Зээлжих зэрэглэлийн оноо тооцох аргачлал, түүнд ашиглах мэдээллийн хүрээ, шалгуур болон холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсруулж, зээлдэгчийн нийт өр төлбөр, өрийн дарамт, төлөлтийн түүх болон төлбөрийн чадвартай холбоотой мэдээллийг зээлийн эрсдэлийн үнэлгээнд ашиглах боломжийг бүрдүүлнэ.
- Зээлийн мэдээллийн ашиглалт, мэдээллийн шинэчлэлт, хэрэглэгчийн эрх, мэдээлэлтэй холбоотой гомдол, маргаан шийдвэрлэх ажиллагаанд тавигдах шаардлагыг боловсронгуй болгож, хэрэгжилтэд хяналт тавина.
- Нээлттэй банкны экосистем: Иргэд өөрийн санхүүгийн мэдээллээ бусад финтек, санхүүгийн байгууллагуудтай аюулгүйгээр хуваалцах боломжийг олгох, банк, санхүүгийн салбарын өгөгдлийг нэгдсэн орчинд хүлээн авах, боловсруулах, солилцох API системд суурилсан нээлттэй банкны тогтолцоог зах зээлд нэвтрүүлэх шаардлага, боломжийг тодорхойлж, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангана. Үүнд:
- Нээлттэй банкны үйл ажиллагаа, оролцогч талуудын эрх, үүрэг, хэрэглэгчийн зөвшөөрөлд суурилсан мэдээлэл солилцоо, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлох эрх зүйн зохицуулалтын хэрэгцээ, хувилбаруудыг судална.
- Нээлттэй API-д суурилсан мэдээлэл солилцооны техникийн стандарт, протоколын хувилбаруудыг судалж, санхүүгийн байгууллагуудын систем хоорондын харилцан ажиллах чадварыг хангах бэлтгэл ажлыг хийнэ.
- Хэрэглэгчийн санхүүгийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах зөвшөөрөл, зөвшөөрлийг цуцлах болон мэдээллийн ашиглалтад хяналт тавих механизмын хувилбаруудыг судална.
- Финтек болон цахим зээлийн зохицуулалт: Технологид суурилсан (Финтек) зээл олголтын үйл ажиллагаанд тавигдах зохистой харьцаа, мэдээллийн аюулгүй байдал, алгоритмын ил тод байдлын журмыг олон улсын жишигт нийцүүлэн баталж, зохицуулалтын гадуурх сүүдрийн эдийн засаг үүсэхээс сэргийлнэ. Үүнд:
- Финтек болон технологид суурилсан цахим зээлийн үйл ажиллагаанд зээлдэгчийн нийт өр төлбөр, орлого, төлбөрийн чадвар болон өр, орлогын харьцааг үнэлэх шалгуур, зохистой харьцааны шаардлагыг боловсруулж, зээлийн мэдээллийг бодит цагийн горимоор ашиглан давхар зээлийн эрсдэлийг үнэлж хянана.
- Цахим зээл олголтод ашиглах алгоритмын ил тод байдал, шийдвэр гаргалтын шалгуур, мэдээллийн аюулгүй байдал болон хэрэглэгчийн мэдээллийн хамгаалалтад тавигдах шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгоно.
- Финтек болон цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгчдийн зээлийн мэдээлэл нийлүүлэлт, мэдээллийн чанар, шинэчлэлтийн давтамжид тавигдах шаардлагыг тодорхой болгож, зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг зээл олголтын шийдвэр гаргалт болон эрсдэлийн үнэлгээнд үр ашигтай ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.
Хүлээгдэж буй үр дүн
Зээлийн мэдээллийн чанар, хамрах хүрээ, шинэчлэлтийн шуурхай байдал болон бодит цагийн мэдээлэл солилцооны чадавх сайжирснаар зээлдэгчийн нийт өр төлбөр, санхүүгийн үүрэг, орлогыг үнэн зөв, шуурхай тодорхойлох, өр, орлогын харьцаа, өрийн дарамт болон давхар зээлийн эрсдэлийг эрт илрүүлэн хянах боломж бүрдэнэ.
Финтек суурьтай зээлийн зохистой харьцаа, мэдээллийн аюулгүй байдал, алгоритмын ил тод байдлын зохицуулалт хэрэгжсэнээр цахим зээл олголтын үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтын үр нөлөө дээшилж, зохицуулалтын гадуурх зээлийн эрсдэл буурна.
Үүний үндсэн дээр зээлийн оноо болон зээлийн мэдээлэлд суурилсан эрсдэлийн үнэлгээ боловсронгуй болж, зээлдэгчийн төлбөрийн чадвар, эрсдэлийг илүү бодитой үнэлэхийн зэрэгцээ санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.
Нээлттэй банкны тогтолцоог нэвтрүүлэх шаардлага, боломж тодорхой болж, хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсанаар хэрэглэгч өөрийн санхүүгийн мэдээллийг хянах, удирдах, зөвшөөрлийн үндсэн дээр аюулгүй хуваалцах боломжтой болж, санхүүгийн үйлчилгээний сонголт нэмэгдэх, зах зээлд технологид суурилсан шударга өрсөлдөөн бэхжих, зээлийн хүү болон үйлчилгээний шимтгэл буурах нөхцөл бүрдэх боломжтой.
Улмаар финтек болон цахим зээлийн үйлчилгээний эрсдэлийг зохистой түвшинд хянах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах тогтолцоо бэхжиж, санхүүгийн салбарын тогтвортой, эрүүл хөгжлийг дэмжих нөхцөл бүрдэнэ.
Шигтгээ 8Хил дамнасан төлбөр тооцооны шинэ бүтэц
mBridge төсөл нь BIS-ийн ХонгКонг инновацын төв, ХонгКонгийн төв банк, АНЭУ-ын төв банк, Хятадын ардын банкны Дижитал валютын хүрээлэн, Тайландын төв банк болон Саудын Арабын төв банкны хамтран хөгжүүлж буй төсөл юм. Энэ төсөл нь нийтлэг тархмал бүртгэлийн технологи (DLT)-д суурилсан платформоор дамжуулан төв банкнууд тус тусын төв банкны цахим мөнгө (ТБЦМ)-ийг гаргах, хил дамнасан төлбөрийг цаг хугацаа, байршлаас үл хамааран бодит цагийн горимд дамжуулах, зардлыг бууруулах, гүйлгээний хурдыг сайжруулах, үйл ажиллагааг илүү хялбарчлах зэргээр үр ашгийг дээшлүүлэх зорилготой юм. mBridge нь ТБЦМ-нд зориулсан олон улсын хамгийн дэвшилтэт бөгөөд амжилттай хэрэгжиж буй төсөл төдийгүй сүлжээнд оролцогч төв банкны зангилаа бүрийн төвлөрлийг сааруулж байршуулсан нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн үе шат (MVP)-нд хүрч байгаа бөгөөд одоогийн байдлаар тус системээр үндсэн гишүүн орнуудын 20 гаруй арилжааны банкнууд оролцсон, 4,000 гаруй хил дамнасан бодит гүйлгээ амжилттай хийгдэж, дамжсан гүйлгээний нийт дүн 69 тэрбум ам.доллар (470 тэрбум юань)-т хүрээд байна. Цаашид төслийг эрчимтэй хөгжүүлэх үүднээс бусад улсын төв банкнууд, олон улсын оролцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар уг төсөлд ОУВС, Дэлхийн банк зэрэг томоохон байгууллагууд, олон улсын төв банкнууд нийт 31 ажиглагч гишүүн элсээд байна. Төслийн ажиглагч гишүүн нь төслийн үйл ажиллагаанд шууд оролцохгүй ч “Нууцлалын гэрээ”-г байгуулж, технологийн хөгжил, эрх зүйн орчин, туршилтын үр дүнг ажиглан гишүүнээр элсэх боломжийг судалж байна.
Монголбанкны хувьд ТБЦМ-ний талаар судлах ажлын хүрээнд 2024 онд mBridge төслийн ажиглагч гишүүнээр элсэх хүсэлтээ анх гаргасан. Төслийн удирдлага BIS-аас Хятадын ардын банкны Дижитал валютын хүрээлэнд шилжсэний дараа тус банктай хийсэн 10 дахь удаагийн дугуй ширээний уулзалтын үеэр “Нууцлалын гэрээ”-г байгуулан төслийн Удирдах зөвлөлд ажиглагч гишүүнээр элсэх хүсэлтийг дахин хүргүүлж албан ёсоор элссэн. mBridge төслийн Удирдах зөвлөлийн гишүүд Монголбанкийг санал нэгтэйгээр гишүүнчилсэн төдийгүй Удирдах зөвлөлийн гишүүн улсаар элсэх боломжийг олгосон. Ингээд 2026 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Монголбанк гэрээнд нэгдэх баримт бичигт гарын үсэг зурснаар үндсэн гишүүнээр элсэж, Удирдах хорооны гишүүнээр нэгдэж, төслийн үүсгэн байгуулагчдын адил үүрэг хүлээж, төслийн шийдвэр гаргалтад хамтран оролцох боломжтой болсон. Цаашид mBridge төсөл нь арилжааны нээлт хийснээр бодит систем болж дэлхийн төлбөр тооцооны салбарт өрсөлдөхүйц гол тоглогчдын нэг болох төлөвтэй байна. мBridge нь блокчейн технологид суурилсан тул төв банкнууд өөрсдийн үндэсний цахим валютаар шууд гүйлгээ хийх боломжийг олгож, SWIFT зэрэг уламжлалт олон улсын төлбөр тооцооны системтэй харьцуулахад гадаад валютын арилжааны хугацааг хэдхэн секунд болгон богиносгохын зэрэгцээ зардал даруй хоёр дахин хямд болж, ам.долларын зуучлалын үүрэг, хамаарлыг бууруулах хүлээлттэй байна.

